| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0588/Э |
| Дугаар | 773 |
| Огноо | 2020-08-31 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 773
2020 08 31 2020/ШЦТ/773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч Д.Даваадорж,
Иргэдийн төлөөлөгч М.Тэгшбуян,
Шүүгдэгч Ц.Г түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гд холбогдох эрүүгийн 2009011350581 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 21-806-Б тоотод оршин суух, урьд:
Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж, 2004 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,
Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №297 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 21-806 тоотод иш нь хугарсан, мөнгөлөг өнгийн 181х25 мм-ын урттай хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн С.Оргилбаярын цээжний зүүн ар хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн ар дээд хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн цээжний хөндийд цус хуралдалт, зүүн уушгины авчилт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009011350581 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ахтайгаа, хамтран амьдрагчтайгаа 2 шил Стандарт нэртэй архи уугаад согтоод унтсан байсан. Тэгээд юу болсноо санахгүй байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Хохирогч С.Оргилбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр таньдаг ах Гангаанаагийн гэрт очсон. Гангаанаа ах намайг хорхог ид гэж дуудсан. Би ах Гансүх, найз Энх-Амгалангийн хамт очсон. Биднийг очиход Гангаанаа, Тогоо, Насаа, Заяа, өөр 2 эгч, 2 ах байсан. Гэрийн үүдэнд сууж байхад миний араас нуруу зүүн талд юм хүрэх шиг болсон. Эргээд харахад Гангаанаагийн ах гартаа хутга барьсан байсан. Манай найз Энх-Амгалан тэр ахыг дараад авсан. Тэнд байсан хүмүүс согтуу байсан. Миний бие өвдөөд, амьсгаа эвгүй болоод байсан. Намайг тоохгүй болохоор би гудамжинд гарч Сансар 32-ын урдаас хүн гуйж эмнэлэгт ирсэн. Би уг хүмүүстэй ямар нэгэн маргаан зодоон хийсэн асуудал байхгүй...Ганзориг гэх хүн намайг хутгалсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 89-93 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “...181х22 мм-н хэмжээтэй, ир хэсэг дээрээ “Хортиця” гэсэн бичиглэлтэй, ишгүй мөнгөлөг өнгийн хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч Б.Доржжүгдэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны орой 18 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэр рүүгээ явж байсан. Сансар 32-ын уулзвараар эргэж орох гэж байхад машины цонх нэг эрэгтэй хүүхэд цохиод байсан. Би “яах гэсэн юм” гэхэд “та хүний амь авраач би хүнд хутгалуулчихлаа, эмнэлэг дуудаад өг” гэхээр нь би эмнэлэг дуудаж өгөөд явсан. Тухайн залуу архи уусан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч М.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 18-ны 11 цагийн үед Оргилбаяр, Гансүх бид гурав Гангаанаа ахын гэрт очсон. Гэрт очиход Гангаанаа ах, Тогоо ах, Насаа ах, Заяа ах, зүс таних Овоотой ах, Гангаанаа ахын төрсөн 2 эгч, зүс танихгүй 4 ах, 2 эмэгтэй байсан. Оргилбаярын хутгалдаг хүн буюу одоо мэдсэнээр Ганзориг гэх залуу гэртээ өөр зүс танихгүй нэг эмэгтэй, нэг эрэгтэй унтаж байсан. Бид гурвыг очиход хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Бид нар 0.75 граммтай хараа нэртэй архи 2 шилийг уусан. Бид нар юм яриад сууж байтал Ганзориг гэрээсээ гарч ирээд шууд Оргилбаярын ард талд цохих шиг болсон. Оргилбаяр урагш унасан. Тэгээд би хартал Ганзориг гартаа ишгүй хутга бариад зогсож байсан. Би Ганзориг ахыг дараад авсан. Овоодой ах ирээд Ганзориг ахын гарнаас хутга авсан. Гангаанаа ахыг ирэхээр уулзаж байгаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Э.Гансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 18-ны 11 цагийн үед Оргилбаяр, Энх-Амгалан бид гурав Гангаанаа ахын гэрт очсон. Гэрт очиход Гангаанаа найз, Тогоо найз, Насаа найз, Заяа найз, зүс таних Овоотой ах, Гангаанаа найзын төрсөн 2 эгч, зүс танихгүй 4 ах, 2 эмэгтэй байсан. Оргилбаярын хутгалдаг хүн буюу одоо мэдсэнээр Ганзориг гэх залуу гэртээ өөр зүс танихгүй нэг эмэгтэй, нэг эрэгтэй унтаж байсан. Бид гурвыг очиход хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Бид нар 0.75 граммтай хараа нэртэй архи 2 шилийг уусан. Бид нар юм яриад сууж байтал Ганзориг гэрээсээ гарч ирээд шууд Оргилбаярын ард талд цохих шиг болсон. Оргилбаяр урагш унах шиг болсон. Оргилбаяр Энх-Амгаланд “хутгалчих шиг боллоо” гэсэн. Энх-Амгалан бид хоёр хоёр Оргилбаярын нурууг үзсэн чинь далны зүүн доод хэсэгт хутгалсан цус гарсан байсан. Энэ үед Овоодой ирж Ганзоригийн гарнаас хутга авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Л.Аззаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай хашаанд амьдардаг ах Ганзориг, Сүхбаяр хоёрын гэрт дүү Ганболдын найз нар гээд хүмүүс архи уугаад хорхог хийж байсан. Би тэд нарт “хорхогоо идээд эртхэн тарцгаа, би нялх хүүхэдтэй шүү, одоо болно” гэж хэлээд гэртээ орсон. Би гэртээ хэвтэж байтал манай том хүү Мөнхсайхан орж ирээд “Ганзориг ах хүн хутгалчихлаа” гэсэн. Манай нөхөр Овоодой буюу Энхсайхан бид гэрээс гараад очсон. Хутгалуулсан гэх залуу болох Оргилбаяр сандал дээр суусан найзууд нь куртикыг нь тайлж байсан. Энхсайхан Ганзоригийн гараас хутгыг аваад шидээд “та яаж байгаа юм бэ” гэсэн. Тэр үед би гэр оруулсан. Би гэрээс бент авчираад цусыг нь тогтоосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3794 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1516 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1808 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №1605 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цамц, хар өнгийн хантааз, саарал өнгийн цамцанд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр зүсэгдэлт, мөн саарал өнгийн цамцанд эдэлгээний явцад татаж чангаах хүчний үйлчлэлээр ханзралт гарсан байна.
2.Уг зүсэлтүүдийн зах ирмэг бохирлогдож өнгөө алдаагүй байх тул шинээр ханзралтуудын зах ирмэг гандаж өнгөө алдаж бохирлогдсон байх тул эдэлгээний явцад гарсан байна...” гэжээ /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1932 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /С.Оргилбаярын өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн/, /хх-ийн 95 дугаар хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 98-100 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар /хх-ийн 62-69 дүгээр хуудас/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 21-806 тоотод иш нь хугарсан, мөнгөлөг өнгийн 181х25 мм-ын урттай хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн тодорхой шалтгаангүйгээр иргэн С.Оргилбаярын цээжний зүүн ар хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн ар дээд хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн цээжний хөндийд цус хуралдалт, зүүн уушгины авчилт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
хохирогч С.Оргилбаярын “...Гэрийн үүдэнд сууж байхад миний араас нуруу зүүн талд юм хүрэх шиг болсон. Эргээд харахад Гангаанаагийн ах гартаа хутга барьсан байсан... Ганзориг гэх хүн намайг хутгалсан юм...” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Энх-Амгалангийн “...Бид нар юм яриад сууж байтал Ганзориг гэрээсээ гарч ирээд шууд Оргилбаярын ард талд цохих шиг болсон. Оргилбаяр урагш унасан. Тэгээд би хартал Ганзориг гартаа ишгүй хутга бариад зогсож байсан. Би Ганзориг ахыг дараад авсан. Овоодой ах ирээд Ганзориг ахын гарнаас хутга авсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Э.Гансүх “...Бид нар 0.75 граммтай хараа нэртэй архи 2 шилийг уусан. Бид нар юм яриад сууж байтал Ганзориг гэрээсээ гарч ирээд шууд Оргилбаярын ард талд цохих шиг болсон. Оргилбаяр урагш унах шиг болсон. Оргилбаяр Энх-Амгаланд “хутгалчих шиг боллоо” гэсэн. Энх-Амгалан бид хоёр хоёр Оргилбаярын нурууг үзсэн чинь далны зүүн доод хэсэгт хутгалсан цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Л.Аззаяа “...манай том хүү Мөнхсайхан орж ирээд “Ганзориг ах хүн хутгалчихлаа” гэсэн. Манай нөхөр Овоодой буюу Энхсайхан бид гэрээс гараад очсон. Хутгалуулсан гэх залуу болох Оргилбаяр сандал дээр суусан найзууд нь куртикыг нь тайлж байсан. Энхсайхан Ганзоригийн гараас хутгыг аваад шидээд “та яаж байгаа юм бэ” гэсэн...” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Доржжүгдэрийн “...Сансар 32-ын уулзвараар эргэж орох гэж байхад машины цонх нэг эрэгтэй хүүхэд цохиод байсан. Би “яах гэсэн юм” гэхэд “та хүний амь авраач би хүнд хутгалуулчихлаа, эмнэлэг дуудаад өг” гэхээр нь би эмнэлэг дуудаж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3794 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт: 1. С.Оргилбаярын цээжний зүүн ар дээд хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн цээжний хөндийд цус хуралдалт, зүүн уушгины авчилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1605, №1932 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /С.Оргилбаярын өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн/,
Хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол болон бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Дээрх нотлох баримтын агуулгаар шүүгдэгч Ц.Г нь согтуурхаж хутга авч тодорхой шалтгаангүйгээр С.Оргилбаярын цээжний зүүн ар хэсэгт хутгалж хүч хэрэглэж гэмтэл учруулсан болохыг хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодид ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хүчний үйлчлэлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хэргийн газраас хураан авсан хутгыг эд мөрийн баримтаар хураан авч бэхжүүлсэн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хөдөлбөргүй агуулжээ.
Шүүгдэгч Ц.Г нь зориуд хутга авч хохирогчид хүч хэрэглэж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Гийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирогч С.Оргилбаяраас “...Эмчилгээний зардалд 806.814 төгрөг нэхэмжилж байна. Харин сэтгэл санааны хохирол болон цаашид гадны оронд очиж эмчлүүлэх зорилгоор 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс 390.810 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ц.Гоос уг төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Харин С.Оргилбаяр нь шүүхээс нэхэмжлэлийн хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Ц.Гоос нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Гийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрөл, хэмжээний дотор болох 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаарагаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж шүүгдэгчид оногдуулах хорих ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
Учир нь шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн боловч хохирогчид хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй хор уршгийг арилгах арга хэмжээ аваагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх үндэслэл болохгүй.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 181х22 мм-ийн хэмжээтэй ир хэсэг дээрээ “Хортиця” гэх бичиглэлтэй, ишгүй мөнгөлөг өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 25 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс согтуурсан үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц.Гг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гийн цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ц.Гоос 390.810 /гурван зуун ерэн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Оргилбаярд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 181х22 мм-ийн хэмжээтэй ир хэсэг дээрээ “Хортиця” гэх бичиглэлтэй, ишгүй мөнгөлөг өнгийн хутгыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧИД Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Д.ДАРЬСҮРЭН