Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 785

 

 

 

 

 

2020         09         01                                  2020/ШЦТ/785   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр

Улсын яллагч П.Эрдэнэбаатар

            Шүүгдэгч С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 2009017811062 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Харилцааны эдийн засагч мэргэжилтэй, Гоо сайханч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол Ногоон нуур гудамжны 508 дугаар байр 110 тоотот оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхон 131 дүгээр сургуулийн орчин хохирогч Д.Уугантуяатай “таксины мөнгө өгнө, өгөхгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг цохиж, зодон доод уруулын дотор салстад шарх, зүүн нүдний доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, зүүн хацар, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009017811062 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сансарын колонк орчмоос найзын нөхөр Амартүвшины хамт таксинд суусан. Сүхбаатар дүүргийн Хангай хотхонд ирсэн. Найз Амартүвшин миний картыг аваад таксины мөнгөнд яваад ирэх хооронд би таксины жолоочийн эхнэртэй маргалдаж улмаар тухайн эмэгтэйтэй хэрэлдэж хоорондоо маргалдсан асуудал болсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Уугантуяагийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Уугантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн үед Сансарын колонк орчим нөхөртэйгээ явж байтал замд эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гар өргөөд зогсож байхад нь авсан. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхон 131 дүгээр сургуулийн тэр хавьд очсон. Тэгээд “таксиныхаа мөнгийг өг” гэсэн чинь “надад байхгүй” гээд бие бие рүүгээ чихээд байсан. Эмэгтэй нь “131 дүгээр сургуулийн замын эсрэг талд манай ажил байгаа би ажлаасаа аваад өгье” гээд машинаас буусан. Би араас нь дагаад явж байтал тухайн эмэгтэй эргэж хараад “таксины чинь мөнгийг өгч чадахгүй гичий минь” гээд намайг баруун нүүр рүү алгадчихаад зугтаах гэхээр нь би хувцаснаас нь татсан. Миний үснээс зулгаагаад газар унагаж миний нүүр болон хөл рүү өшиглөчихөөд ажил руугаа явчихаар нь араас нь дахиад дагаад явтал “надаас мөнгө авна гэж горьдож байна уу” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд ажлынхаа үүдэнд очоод дахиад миний үснээс зулгааж газар унагааж дээрээс дэвссэн. Цаанаас 2 үл таних эмэгтэй ирээд тухайн эмэгтэйг “чи хүн аллаа шүү дээ, болиоч” гээд цаашаа түлхээд цагдаа дуудсан. Араас манай нөхөр ирээд намайг зодсон хүүхнийг “боль” гээд салгасан. Тэгээд намайг зодсон эмэгтэй зогсож байснаа гэнэт зугтаад алга болсон. Хамт явсан залуу нь надад 60.000 төгрөг өгчихөөд араас нь гүйгээд гудамж руу ороод алга болсон. Тэгээд цагдаа дуудсан чинь юм чинь уулзачихаад явъя гэж бодоод машиндаа сууж байтал намайг зодсон хүүхэн манай машины урдуур явахаар нь араас нь манай нөхөр буугаад дагаж яваад гэрийн хаягийг нь мэдсэн. Тэгээд цагдаа нар ирэхээр намайг зодсон эмэгтэйгийн гэрт очсон. Эмчилгээний зардалд 150.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,  

 

Гэрч Ч.Мангалдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 17-ны орой эхнэр Уугантуяагийн хамт явж байсан. Сансарын колонкын ойролцоо согтуу хүүхэн залуу хоёр гар өргөхөөр нь авсан. Тухайн хоёр хүнийг Хангай хотхонд хүргэж өгсөн. Очоод “таксины мөнгө 3000 төгрөг гарсан” гэхэд тухайн хоёр бие биедээ хандаж “чи өг” гээд байсан. Тэр хүүхэн “ажлаасаа аваад өгье” гээд буухад эхнэр дагаж буугаад хамт явсан. Залуу бас хамт буугаад явсан. Би машин дотор байж байхад эмэгтэй хүний дуу гараад орилсон. Буугаад тухайн зүгт очиход такси барьсан согтуу хүүхэн манай эхнэрийг үсдээд доороо хийгээд дарсан байсан. Би “боль” гээд тэр хоёрыг салгасан. Би машинаа замаас холдуулах гээд машин дээрээ очоод буцаад очиход барьцалдаад авсан хоёр танихгүй эмэгтэй салгаж байсан. Нөгөө хүүхэн зугтааж гүйгээд хамт явсан залуу нь 60.000 төгрөг өгөөд гүйгээд явсан. Машин дотроо цагдаа хүлээгээд байж байтал нөгөө хүүхэн машины урдуур явахаар нь би хойноос нь дагаад гэрийг нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7164 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Д.Уугантуяагийн биед доод уруулын дотор салстанд шарх, зүүн нүдний доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, зүүн хацар, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  3. Дээр гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Уг  гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  5. Учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй.
  6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Болор-Эрдэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Хангай” хотхон 131 дүгээр сургуулийн орчим хохирогч Д.Уугантуяатай “таксины мөнгө өгнө, өгөхгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг цохиж, зодон түүний эрүүл мэндэд “доод уруулын дотор салстанд шарх,зүүн нүдний доод зовхи, баруун шилбэнд цус хуралт,зүүн хацар, зүүн шанаанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Уугантуяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7164 дугаартай дүгнэлт, гэрч Ч.Мангалдоржийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Д.Уугантуяагийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн болон хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч С.Болор-Эрдэний үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Болор-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Уугантуяагаас “...эмчилгээний зардалд 150.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 17 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч С.Болор-Эрдэнийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Болор-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг дөрөв сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН