Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 182/шш2017/00196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХУДЭНДХийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “ТГ” ХХК /-д холбогдох

Ниймгийн дааатгалын шимтгэлийн өр 2 629 000 төгрөг, алданги 1 314 500 төгрөг, нийт 3 943 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХУДЭНДХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Б.А, хариуцагч  “ТГ” ХХК-ийн захирал М.И шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХУДЭНДХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ТГ” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 15.1, 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг зөрчиж 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 2 629 000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн алданги 1 314 500 төгрөг нийт 3 943 500 төгрөгийн өр үүсгээд байна. Иймд “ТГ” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3 943 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. “ТГ” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаагүй, улсын  байцаагчийн  албан шаардлага, мэдэгдэл зэргийг биелүүлэхгүй тул Хаан банкны харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох арга хэмжээ авсан боловч,  өр төлбөрөө төлөхгүй байна.

 Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “... дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу алдангийг тооцсон. Нийт 3 943 500 төгрөгийн төлбөр үүссэн. Тус компани нь 2015 оны 09 дүгээр сараас хойш тайлангаа өгөөгүй. 2 жилийн хугацаанд төлбөрөө төлөөгүй, үүссэн өр нь хэвээрээ байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ТГ” ХХК-ийн захирал М.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “ТГ” ХХК-ийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр болох 2 629 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин алданги болох 1 314 500 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Манай компанид ажиллаж байсан Вьетнам ажилчид 2015 оны 04 дүгээр сараас хойш ажиллахаа больсон. Нэг ажилтан нь зугтаад алга болсон. Эрх бүхий холбогдох байгууллагад хандсан боловч, олоогүй л байна.

2015 оны 06 дугаар сараас хойш компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Одоо хүртэл үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Энэ тухайгаа хариуцсан байцаагчдаа мэдэгдэж, албан бичгээр хариу өгч байсан. Иймд ХУДЭНДХийн нэхэмжилж байгаа 3 943 500 төгрөгийн шаардлагаас алданги болох 1 314 500 төгрөгийг төлөх боломжгүй байна гэв.

 

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХУДЭНДХ нь хариуцагч “ТГ” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр                 2 629 000 төгрөг, алданги 1 314 500 төгрөг, нийт 3 943 500 төгрөг гаргуулах  шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

            Хариуцагч “ТГ” ХХК нь ажил олгогчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д  зааснаар төлөх үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан журмын дагуу алданги тооцогдоно.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар нийгмийн даатгалын заавал даатгуулах хэлбэрт хамаарах бөгөөд заавал даатгуулах нийгмийн даатгалд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан хамаардаг байна.

Мөн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн шимтгэлийг хугацаанд нь төлөх үүргийг хуулиар хүлээсэн субъект юм.

Хариуцагч “ТГ” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөх тайлангаар нийгмийн даатгалын шимтгэлээ тодорхойлсон ба уг тайлангаар 2 629 000 төгрөгийн шимтгэл төлөх нь тогтоогдсон, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн захирал М.Ир, нийгмийн даатгалын улсын байцаагч Б.А нар нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон алданги талаар харилцан тооцоо нийлсэн болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 09 дүгээр сарын тайлан, тооцоо нийлсэн акт зэрэг бусад нотлох баримтуудаар тогтооогдож байна. /х.х-ийн 3-5 тал/

Дээрх тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэл болох 2 629 000 төгрөгийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч, харин алданги болох 1 314 500  төгрөгийг төлөх боломжгүй гэж маргаж байгаа боловч, алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх боломжгүй юм

Хариуцагч “ТГ” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хууль зөрчсөнд хариуцлага тооцож, хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцсон алдангийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах үндэслэлгүй байна.

Иймд “ТГ” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2 629 000 төгрөг, алданги 1 314 500 төгрөг, нийт 3 943 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХУДЭНДХт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хариуцагч “ТГ” ХХК-иас 3 943 500 /гурван сая есөн зуун дөчин гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХУДЭНДХт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т  зааснаар нэхэмжлэгч ХУДЭНДХийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хурааамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ТГ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 78 050 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                            Ж.ЦЭНГЭЛ