Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 793

 

 

 

 

 

 

 

 

 

2020          09          02                                  2020/ШЦТ/793       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Батсайхан, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Иргэдийн төлөөлөгч Р.Отгонбаатар,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Номин-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Алтантүлхүүр, өмгөөлөгч Г.Бат-Отгон,

Гэрч Ц.Найдансүрэн, Б.Жаргалсайхан, Н.Наранзул, Ч.Энхсайхан,

Шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Лд холбогдох эрүүгийн 1909035621257 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “АПУ” ХК-нд орон нутгийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 15 дугаар гудамжны 117 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Т.Л нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1-1463 тоотод 2013 оны 03 дугаар сарын дунд үед бага насны буюу 10 нас, 1 сартай гэр бүлийн хамаарал бүхий охин Ц.Номин-Эрдэний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,

 

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1-1463 тоотод 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 16 нас 4 сар 1 хоногтой гэр бүлийн хамаарал бүхий охин Ц.Номин-Эрдэний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан,

 

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 15 дугаар гудамжны 117 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 16 нас, 7 сар, 3 хоногтой гэр бүлийн хамаарал бүхий охин Ц.Номин-Эрдэний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Л мэдүүлэхдээ “…2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт явсан. 2013 оны 03 дугаар сарын 05-нд Сэлэнгээс ирээд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорнод явсан. Тодорхой цаг хугацаанд хөдөө томилолтоор орон нутагт явж байсан. Тухайн цаг үед тийм үйл явдал болоогүй. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай охин өөрөө гэртээ байгаагүй. “Хамаатны ах эгч хоёрынд эгчийн хүүхэдтэй хичээлээ давтаж байгаад шалгалтандаа орно” гээд байсан. Тэгээд би орой нь 2 дүүтэй нь хамт ах эгч хоёрындоо хүргэж өгсөн. Тэндээсээ шалгалтаа өгөөд Эрдэнэт рүү явсан. Тэгэж яваад наадам өнгөрөөд ирсэн. 2019 оны 09 дугаар сарын 05-ны өдөр би өглөө эхнэрээ ажилд нь хүргэж өгөөд ажил дээрээ очоод жижиг тэрэгтэйгээ машиныхаа сэлбэгийг аваад орой нь 2 хүүхдээ цэцэрлэгээс нь аваад эхнэрээ аваад гэртээ харьсан. Тийм зүйлүүд болоогүй…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ц.Номин-Эрдэнэ мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Гэрч Ц.Найдансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Лхагвасүрэн ахынд 2017 онд очоод  1 жил хамт амьдарч байсан. Тэгээд ажил хийгээд яваад өгсөн.  Тэр зодсон шалтгаан нь миний чихэвчийг авсан байсан учраас “хулгай хийлээ” гэсэн үүднээс зодсон. Намайг хамт амьдарч байх хугацаанд ямар нэг асуудалгүй энгийн аав хүү шиг байдаг байсан. Манай дүү багын тийм нэг ааштай  хүүхэд байсан...” гэв.

 

Гэрч Б.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...хохирогч Ц.Номин-Эрдэнэ нь миний охин тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Гэрч Н.Наранзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Номин-Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр надад юу болсон талаараа хэлж байсан. Өмнө ээждээ хэлсэн байсан. Өглөө гэр рүү яваад ороход Оюун-Эрдэнэ галынхаа урд талд галаа түлэнгээ бээлий барьсан тамхи татсан сууж байсан. Тэгэхээр нь би “чи чинь одоо галзуу өвчин туссан аятай бодолд орсон юу хийж суугаа” юм гэхэд “ямар сонин юм бэ Зулаа эгчээ Номин-Эрдэнэ “Жижгээ намайг хүчиндсэн, аав намайг хүчиндсэн” гээд байх юм гэхээр нь би “худлаа байлгүй дээ, ямар сонин юм бэ” гэсэн. Оюун-Эрдэнэ надаас “одоо би яах ёстой вэ” гэж асуусан. Би “яах юу байхав дээ Жижгээтэй ярьсан юмуу Жижгээ юу гэж байна, хоорондоо ярилцсан юм уу цаадах чинь үнэнээ хэлсэн юм уу” гэсэн чинь “өчигдөр шөнө Номин-Эрдэнэ надад яриад ийм юм боллоо эгчээ” гэсэн. Тэгэхээр нь би “Жижгээ буюу Лхагвасүрэнтэй ярьсан чинь Жижгээ “одоо очиж байна ачаагаа өгчихөөд орой 8, 9 цагийн алдад очих байхаа” гэж байсан. Би “чи юу ч гэсэн 8, 9 цагтай уралдаад ирээ гурвуулаа цагдаагийн хэлтэс оръё” гэж хэлсэн. Лхагвасүрэн ирсэн. Оюун-эрдэнэ намайг “та хамт яваад өгчих” гэхээр нь би “за тэгье” гэж хэлээд хамт явсан. Лхагвасүрэн гаднаас орж ирээд Номин-Эрдэнэ рүү дайраад “чи юу гээд байгаа юм, юу гэсэн юм, чамайг сургууль соёлыг чинь төгсгөөд өгнө гэсэн биз дээ” гээд уурлаад байсан. Би тэр үедээ гайхаад “за юу ч гэсэн энэ асуудлын талаар цагдаа дээр чинь очоод шийдье” гээд Баянзүрхийн цагдаагийн хэлтэс орсон. Тэгсэн “өргөдөл бичээд ороод ир” гээд Номин-Эрдэнэ бичих гээд цонхны өмнө очоод 2013 оны гээд бичсэн чинь Оюун-Эрдэнэ “чи юу хуцаад солиороод байгаа юм, энэ худлаа ярьж байна” гээд ар нуруу руу нь цохиод аваад явсан. “2013 он гэхээр би жирэмсэн байсан. Би төрөх гээд явсан, эмээ чинь байсан” гээд байсан. Бид хэд яваад би Номин-Эрдэнийг замдаа загнаад “үнэн яриад байгаа юм уу худлаа яриад байгаа юм уу, чи худлаа ярьж байвал өөрөө ч гэсэн буруутан болно, хариуцлага хүлээнэ, энэ хүн чинь яасан юм” гэсэн чинь Номин-Эрдэнэ яах аргагүй үнэн гэж хэлсэн. Номин-Эрдэнэ гэр рүүгээ ороод Лхагвасүрэнгийн өмнө очоод “ааваа та үнэнээ хэлчих л дээ, би гуйж байна, та үнэнээ хэлчих” гээд уйлаад Лхагвасүрэнгийн өмнө сөгдөөд гуйж байсан. Бид нар “чи яг үнэнээ хэл, хэзээ хүчиндсэн юм, хаана хүчиндсэн” гэсэн чинь “намайг яагаад ингээд байгаа юм бэ, яаж байгаа юм та” гэж байсан. Тухайн үед тоогоогүй ээж нь ч гэсэн “худлаа ярьж байгаа юм байна Зулаа эгчээ” гэхээр нь би Номин-Эрдэнийг зодсон. Энэ яг худлаа ярьж байгаа юм байна гэж бодоод би бас зодсон. Ээж нь бас зодсон. Найдансүрэн ирсэн. Номин-Эрдэнэ хичээлээсээ ирээд хувцасаа сольж байхад нь зодоод шилэн тирко майктай өвлийн хүйтэнд гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгэхэд нь би “эмэгтэй хүүхдийг хамаагүй ингэж аймар зодож болохгүй, сайн ярилц” гэж тухайн үедээ хэлсэн. Тэгээд дараа нь “эмнэлэг ор, эмэгтэйчүүдийн эмнэлэг ороод үзүүл, тэгээд бүх юм тодорхой болно” гэж ээжид нь хэлсэн. Тэгсэн ээж нь үзүүлээгүй. Тэгээд маргааш нь дагуулаад лам дээр очсон. Номин-эрдэнэд арц хүж өгөөд явуулж байсан. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 5 дахь өдөр байсан. Ээж нь ажлынхаа газрын хүний найранд явсан байсан. Би гэртээ гал түлэх гээд шүдэнз байхгүй. Тэгэхээр нь Лхагвасүрэнгийнд хүн байгаа гэж бодоод гэр рүү нь шүдэнз асуух гээд ороход цээж нүцгэн 2 хөх гарсан орон дээр аавынхаа өөдөөс хараад суучихсан байдалтай байж байсан. Тухайн үед би хүргэнийхээ талд ороод дүү охиноо загнаж, зодож байсан. Удаагүй тийм зүйлийг нүдээр хараад шоконд орсон. Хүчирхийлдэггүй байсан бол юу гэж нүцгэн бие биенийхээ өөдөөс хараад сууж байх юм бэ...” гэв.

 

Гэрч Ч.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Урьд нь би мэдэхгүй байсан. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэт хотод ахындаа наадам үзэх гэж очсон. Оюун-Эрдэнэтэй юм яриад суусан. “Наранзул эгч Номин-Эрдэнийг шалдан нүцгэн байхыг харсан” гэнэ. Үсний найранд явж байхад утсаар ярьж хэлсэн. “Бид нар шүүх цагдаагаар явж байгаад больсон” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “наадах чинь 1 удаа биш 2 удаа болж байгаа юм чинь ямар нэг асуудал байгаа юм биш үү миний дүү нухацтай хандаарай” гэж хэлсэн. Жижгээ юу гэсэн юм, асуусан юм уу гэсэн чинь “үгүй гээд байгаа” гэсэн. “Номин-Эрдэнээс асуусан уу” гэхэд “Номин-Эрдэнэ асуухаар хариулахгүй байгаа гэсэн. 2019 оны 09 дүгээр сард би гэнэт асуумаар санагдаад Номин-Эрдэнийг “Ачтан” эмнэлгийн өмнө дуудаад машиндаа суулгаж байгаад юу болсон талаар асуусан. Номин-Эрдэнэ юу болсон талаар бүгдийг нь ярьсан. “13 настай байхад хүчиндсэн. Тэгээд би бүгдэд нь уйлаад хэлсэн. Надад хэн ч итгээгүй. Үнэнээ хэлэхээр итгэдэггүй юм чинь гэж бодоод би хэлэхгүй явж байгаад өдийг хүрсэн” гэж надад хэлсэн. “Зулаа эгчийн харсан байдал үнэн. Тэр хүн намайг хүчирхийлэх гээд байж байсан нь үнэн” гэж хэлсэн. “Би одоо яах вэ” гэхээр нь би “насанд хүрээгүй хүүхдийг хамгаалдаг хууль, шүүх байдаг миний тэрэнд хандъя” гээд тэгээд энэ асуудал эхэлсэн. Би 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр ийм үйл явдал болсон гэдгийг мэдсэн...” гэв.

Эрүүгийн 1909035621257 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Т.Лгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 133-135, 199-201 дүгээр хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 15-19 дүгээр/,

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2013 оны 03 дугаар сард ээж Оюун-Эрдэнэ бага дүүг төрүүлэхээр Эрдэнэт хот руу явсан. Тэр үед манай эмээ Жаргалсайхан намайг сургууль руу зөөх гээд ирсэн байсан. Би эмээ аавын хамт гэртээ үлдсэн. Тухайн үед эмээ маань ломбарданд юм тавих гээд явсан хойгуур би аавын хамт үлдсэн. Би гэрээ цэвэрлээд байж байхад аав араас ирээд тэвэрч аваад байхаар нь би тоогоогүй. Дахиад хүрч ирээд миний баруун хөлний ард тал руу өшиглөхөөр нь би хөлөө бариад суусан. Миний толгой руу алгадахаар нь би уйлаад сууж байхад аав том өрөө рүү орчихоод буцаж гарч ирээд миний дээр гараад хувцаснуудыг хүчээр тайлах гэхээр нь би урдаас нь эсэргүүцсэн. Миний хоёр гарыг дараад нэг гараараа хувцаснуудыг тайлаад намайг хүчиндсэн. Надаас бөөн цус гараад байсан. Би айсандаа хувцасаа өмсөөд гэрээсээ гараад явсан. 2-3 цагийн дараа ирэхэд манай эмээ Жаргалсайхан ирсэн байсан... 2019 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн гэрт байхад гаднаас Лхагвасүрэн хоёр пиво барьсан орж ирээд утсаар яриад орж гараад байсан. Ээж бас гаднаас орж ирээд хоёр дүүг дагуулаад ажлынхаа газрын хүний үсний найранд явлаа гээд явсан. Аав гаргаж өгч байна гээд нилээд удаж байгаад орж ирснээ намайг дуудахаар нь би очоод “та ууж идсэн юм бол унтаач” гэж хэлээд цаашаа явах гэтэл зүүн гарнаас татахаар нь “яах гээд байгаа юм” гэхэд “би чамайг зүгээр байж бай гээд байгаа юм биш үү” гээд ор руу түлхэж унагаагаад миний өмсөж байсан майкыг тайлсан. Нэг гараараа миний хоёр хөлийг бариад миний хөлөн дээр суусан байдалтай нөгөө гараараа өөрийнхөө шоорт түрсикийг тайлаад миний өөдөөс харж сууж байхад гаднаас Зулаа эгч орж ирсэн. “Жижгээ шидэнз байна уу” гээд орж ирснээ буцаад гараад явахад Лхагвасүрэн нь “ёо цочих гэж” гэснээ миний гарыг тавиад хөнжлөө дээгүүрээ нөмөрсөн. Удаагүй Зулаа эгч гаднаас орж ирснээ “чи яасан ичдэггүй юм бэ” гээд тавчикаар зодож байснаа гараад явсан. Лхагвасүрэн ээж рүү залгаснаа “чи хүрээд ир, Зулаа эгч чинь солиорч өглөө” гээд ярьж байхаар нь би хувцасаа өмсөөд гарах гэсэн чинь “чи хаачих гээд байгаа юм, чамайг явчих юм бол буруугаар ойлгоно, чи дуугай наанаа байж, юм асуугаад байвал утаснаас юм захиалж байсан юм гэж хэлээрэй, хэрвээ чи хэлчих юм бол сургууль соёлгүй болно, хоёр дүүгээ бодоорой, чамд итгэх хүн байхгүй” гээд байсан... 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би хичээлээ тараад өдрийн 14 цагийн үед гэртээ ирэхэд Лхагвасүрэн өрөөндөө утсаа оролдоод хэвтэж байсан. Би хувцасаа солиод байж байхад намайг дуудахаар нь “наанаасаа хэл” гээд дөхөөд очиход миний баруун гарнаас татаад орон дээрээ хэвтүүлээд хоёр гарыг мушгиад толгойны тэнд хоёр гарыг аваачаад нэг гараараа дараад нөгөө гараараа миний түрсикийг тайлах гээд байхаар нь би өшиглөсөн чинь бэлэг эрхтэнээ гаргаж ирээд намайг хүчиндсэн. Тухайн үед тэр хүний бэлэг эрхтэн дээр сонин бондгор юм харагдаж байсан. Намайг хоёр удаа хүчиндэж нэг удаа хүчиндэх гэж байхад нь Зулаа эгч орж ирсэн...Би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-37 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2015 оны өвөл байсан байх ямар ч байсан он солигдох дөхөж байсан санаж байна. Манай нөхөр хөдөө ажилтай явж байсан юм. Номио надад уйлаад “аав намайг хүчиндсэн” гэж хэлэхээр нь би Зулаа эгчийг дуудаад Номио ийм юм яриад байна гэсэн. Тэгээд нөхөр рүүгээ яриад “чи арай тийм юм байдаг юм уу” гээд орилоод хэлээд “цагдаа шүүхээр явна” гэсэн. Тэгсэн манай нөхөр “тэгье, надад тийм юм байхгүй” гэсэн. Маргааш нь нөхрийгөө ирэхээр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү охин Номио, нөхөр, болон Зулаа эгчийн хамт бид 4 очсон. Жижүүр цагдаа нь “байцаагч байхгүй байна. Өргөдлөө бичээд байж бай” гэхээр нь Номиогоор өөрөөр нь өргөдлийг нь бичүүлсэн. Бичиж байгаад болиод баллаж цохлоод тэгснээ “би нэг л сонин байна лам дээр очмоор байна” гээд уйлаад байсан. Номин-Эрдэнэ “би болъё лам дээр очмоор байна” гээд байхаар нь бид нар гараад гэртээ харьсан. Тэр оройдоо өөрийн төрсөн дүү болох Найдансүрэнг дуудахад маргааш нь ирээд Номиотой ярилцаж үзэхэд Номио “би их л сонин байна, лам дээр очмоор байна” гээд яриад байхаар нь дагуулаад лам дээр очсон. Засал ном хийлгэсний дараа сайхан болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 51-54 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Наранзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын эхээр байх гэрээсээ гараад Лхагвасүрэнгийн гэрт нь шүдэнз асуух гээд орсон. Том өрөөндөө Лхагвасүрэн нүцгэн орон дээрээ хөлөө нугалаад цаашаа нуруу бөгс нь гарсан байдалтай цаашаа харчихсан. Охин нь өөдөөс нь хараад нүцгэн хоёр хөх нь сэрвийчихсэн байдалтай нүд нь том болчихсон сууж байсан. Лхагвасүрэн намайг харангуутаа хөнжлөө татаад хажуу тийшээ хэвтээд “ёоо цочлоо шүү дээ” гэсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55-57, 70-71 дүгээр хуудас/,

 

Гэрч Ч.Энхсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэт хотод наадам үзэхээр ах Цэдэндоржийнд очсон. Оюун-Эрдэнэ буюу Лхагвасүрэнгийн эхнэр нь бас очсон байсан. Тэр өдөр Оюун-Эрдэнэ нь надад “Зулаа эгч бид хоёр муудалцсан, Зулаа эгч манайд ороход том өрөөний орон дээр Лхагвасүрэн цаашаа хараад нүцгэн хөлөө нугалаад сууцан, Номин-Эрдэнэ өөдөөс нь хөхөө гаргаад дээгүүрээ нүцгэн уйлсан байдалтай байна гэж над руу утасаар хэлээд замдаа аваар осолд орчихов тайван яваад ирээрэй энэ хоёр иймэрхүү байдалтай байна шүү” гэж хэлсэн гэсэн...Номио уйлж байхдаа тэр хүний бэлэг эрхтэн дээр малгай шиг юмнаас нь жоохон зайтай хатуу бугуйвч шиг бондгор юм байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Сүхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний санаж байгаагаар Лхагвасүрэн, Оюун-Эрдэнэ хоёр хоёулаа гэртээ байж байхыг би хараагүй. Би хэдний өдрийг нь мэдэхгүй ямар ч байсан 9 дүгээр сарын эхээр Лхагвасүрэн шөнө согтуу ирсэн байсан. Бид нарыг унтах үед ирээгүй байж байгаад өглөө босоход шөнө ирсэн бололтой машин нь байж байсан. Тэр өдөр би босоод Цэрэндондовын гэр рүү эрт орсон. Тэр үед гэрт хэн хэн үлдсэнийг би мэдэхгүй. Би Цэрэндондовын хашаанд юм хийж байгаад өдөр 13-14 цагийн үед гэртээ орж ирэхэд Номин-Эрдэнэ гэрээ цэвэрлээд зогсож байсан. Би тэр өдөр тогоонд таг авах гээд Нарантуул зах руу явахдаа Номин-Эрдэнэд хэлчихээд гарсан. Тэр үед Лхагвасүрэн гэртээ байсан эсэхийг анзаарч хараагүй. Мөн өглөө нь ажилдаа явсан эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62-64 дүгээр/,

 

Гэрч Т.Алтанчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “..2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай гэр бүлээс өглөө нөхөр Одхүү, би, манай хүүхдүүд болох Солонго, Төрмөнх нар хичээл болон ажилдаа явахаар гарсан. Гэрт Сондор үлдсэн. Дүү Лхагвасүрэнгийн гэрээс Номин-Эрдэнэ, Оюун-Эрдэнэ, Батхуяг, Лхагвасүрэн нар ажил, сургуульдаа яваад гэрт нь ах Сүхбаатар, Лхагвасүрэнгийн охин Амин-Эрдэнэ, Бямбасүрэн нар үлдсэн. Тэгээд өдөр нь Лхагвасүрэн ирээд Амин-Эрдэнэ, Сондор, Бямбасүрэн нарыг аваад хичээл сургуульд нь хүргэж өгсөн. Тэр үед хашаанд Сүхбаатар ах ганцаараа үлдэнэ. Тэр өдрийн орой нь Лхагвасүрэн эхнэр, хүүхдүүдээ болон манай хүүхдүүдийг хичээл, сургуулиас нь аваад ирж байсан. Номин-Эрдэнэд хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон талаар надад мэдэх зүйл байхгүй. 2015 онд хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэсэн зүйл ярьсан байна гэж бэр Оюун-Эрдэнэ, Лхагвасүрэн нар хэлсэн. Тухайн үед надад энэ талаар мэдэгдсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65-67 дугаар хуудас/,

 

Гэрч О.Лхүндэвдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Лхагвасүрэн бэлэг эрхтэндээ гадны бие хийлгэсэн тухайгаа надад хэлж байгаагүй. Би Лхагвасүрэнг 2007 оноос хойш эхнэр Наранзултай гэр бүл болсноосоо хойш мэддэг болсон. Манайх 2015-2018 он хүртэл хөрш хашаанд амьдарч байсан. Энэ хугацаанд завтай үедээ ганц нэг удаа архи ууж байснаас өөр зүйл байхгүй. Надад бэлэг эрхтэндээ юм хийлгэсэн талаар юу ч хэлж байгаагүй. Би мөн түүний бэлэг эрхтэнг харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Найдансүрэнгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-74 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Батхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны үед байх би өдрийг нь сайн санахгүй байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Нарны зам дээр замын хөдөлгөөний биет зохицуулагчаар ажилласан. Тухайн өдөр ажиллаж байгаад орой 21:30 цагт ажлаа тарсан. Ажлаа тараад ах Лхагвасүрэн рүү залгаад “би ажлаа тарчихлаа, та гэртээ харьсан юм уу” гэж асуусан. Ах “гэртээ очоогүй байна, машиндаа засвар хийж байгаад ажлаасаа гараад явж байна” гэж хэлсэн. Би ахтай “багшийн дээд дээр уулзая” гэж ярилцаад багшийн дээдийн автобусны буудал дээр хүлээгээд байж байхад ах 22 цагийн үед ирсэн. Би ахын машинд суухад ах “чи жолоо барьчих, ах нь жаахан пиво уугаадхая” гэсэн. Би машиныг нь бариад гэр рүүгээ явахад ах замдаа машин дотор 2 лааз Нийслэл пиво уусан. Бид хоёрыг гэртээ очих үед гэрийнхэн унтаж байсан. Номин-Эрдэнэ, бэр эгч Оюун-Эрдэнэ хоёр сэрүүн байж байсан. Тэгээд хоолоо идээд унтсан. Маргааш нь би гэртээ байж байгаад 12 цаг өнгөрөөж сэрэхэд гэрт дүү Амин-Эрдэнэ, Бямбасүрэн, манайд амьдардаг Батсараа хажуу айлын Сондор нар кино үзээд байцгааж байсан. Намайг гэртээ байж байхад ах Лхагвасүрэн 12 цаг өнгөрөөж ирээд Амин-Эрдэнэ, Бямбасүрэн, Сондор нарыг аваад явсан. Би гэрт байж байгаад 13 цаг 30 минутад гэрээ цоожлоод гарсан. Би түлхүүрээ хийж үлдээдэг газраа үлдээчихээд хажуу айлын гадаа очоод Сүхбаатар ахыг дуудаад түлхүүр үлдээчихээд ажил руугаа явсан. Би гэрээсээ гарч яваад 14 цаг 30 минутад Сүхбаатарын талбайн зүүн талд очиж ажлын үүрэг авсан...” гэсэн мэдүүлэг  /1 дүгээр 75-77 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний охин Оюун-Эрдэнэ төрөх гээд Орхон аймагт ирсэн. Би Улаанбаатар хотод Номин-Эрдэнийг сургуульд нь хүргэж өгдөг байсан. Номин-Эрдэнийг хүргэж өгчихөөд эргээд хүргэний гэрт очдог байсан. Тэгээд тарах дөхөхөөр нь Номин-Эрдэнийг очиж авдаг байсан. Би 2013 оны 03 дугаар сард ломбарданд өөрийн бөгжийг Хүнсний 4 гэх газарт байрлах барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж байсан. Лхагвасүрэн, Номин-Эрдэнэ нарыг үлдээгээд би өөрөө гадуур гарч байсан. Гэхдээ яг хэдний өдөр үлдээж байсан талаар сайн санахгүй байна. Надад энэ хэргийн талаар сайн мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр 82 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Цэдэндорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2013 оны 03 дугаар сард Оюун-Эрдэнэ төрөх гээд Орхон аймагт ирсэн. Оюун-Эрдэний том охин Номин-Эрдэнийг харах гээд Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед Жаргалсайхан нь Оюун-Эрдэний гэрт 1 сар орчим амьдарсан. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Оюун-Эрдэнэ миний утас руу залгаад “Номин-Эрдэнэ таньтай ярьсан уу, тийм зүйл болоогүй” гэж хэлсэн. Тэр үед нь Лхагвасүрэн Номин-Эрдэнийг хүчирхийлсэн талаар анх удаа сонссон. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Бат-Орших мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Жолооч Лхагвасүрэн 96-05 УНР улсын дугаартай Hyundai HD250 маркийн автомашиныг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр засварт оруулсан... Авах сэлбэгийг жолооч Лхагвасүрэн 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөө авчирсан. Засварын ажил 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхэлж 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дууссан байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Цогтбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Лхагвасүрэн 2019 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрүүдэд засварын газарт ирсэн үгүйг санахгүй байна. Ихэвчлэн ирчихсэн байдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11357 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ц.Номин-Эрдэнэ нь бэлгийн харьцаанд орсон хуучин гэмтэл байна.
  2. Ц.Номин-Эрдэнийн охин хальс хуучин урагдалтай байгаа бөгөөд хэдийд гэмтсэн хугацааг тогтоох боломжгүй байна.
  3. Үтрээний арчдас наалдцанд үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй байна.
  4. Бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна.
  5. Ц.Номин-Эрдэнийн жирэмсэн эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 91 дүгээр хуудас/,

Шинжээч эмч С.Одончимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Охин хальсны хуучин сорвижилт нь ойролцоогоор 10 хоногт бий болно. Нэг болон түүнээс дээш бэлгийн харилцааны үед үүснэ. Хуучин сорвижилт бүхий охин хальс дахиж гэмтэхгүй. Өмнө нь цочиролгүй бол дахин бэлгийн харилцаанд ороход гэмтэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1181 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ц.Номин-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй байна.
  2. Ц.Номин-Эрдэнэ нь болсон явдлын талаар зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. Ц.Номин-Эрдэнэ нь өөрийн сэтгэцийн хувьд болсон явдлыг үнэн зөв тусган ойлгох чадвартай байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 95-97 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11550 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Т.Л нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
  2. Т.Л нь А /II/ бүлгийн цустай.
  3. Т.Лгийн шодой хэвийн үедээ 7х3.5 см, массаж хийлгэсний дараах 11х4.5 см хэмжээтэй байна. Арьсан доор хатуу тогтоцтой хөдөлгөөнгүй гадны биет байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 99 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1310 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Т.Л нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
  2. Т.Л нь бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж дур ханах эмгэг шинж тэмдэг үгүй байна.
  3. Т.Л нь өөрөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх шинж тэмдэг баримт үгүй байна.
  4. Т.Л нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Т.Л нь хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Т.Лд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 105-106 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /Т.Лгийн биед үзлэг хийсэн тухай/, /1 дүгээр хх-ийн 108 дугаар хуудас/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа “...Боржигон овогт Цэдэндоржийн Номин-Эрдэнэ, төрсөн огноо 2003.02.02...” гэжээ //1 дүгээр хх-ийн 167 дугаар хуудас/,

 

Нас тоолсон тухай тэмдэглэлд “...Цэдэндоржийн Номин-Эрдэнийн насыг хэрэг болсон гэх 2013 оны 03 дугаар сард 10 нас 01 сар, 2019 оны 06 дугаар сард 16 нас 04 сар 10 хоног, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 16 нас 07 сар 03 хоногтой байсан болохыг тоолж тэмдэглэл үйлдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 168 дугаар хуудас/,

 

“АПУ трейдинг” ХХК-ийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 155-158, 2 дугаар хх-ийн 67-69/,

 

Шүүгдэгч Т.Лгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 136 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 137 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 113, 138 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 139 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Лгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 151-153, 219-226, 234-235 дугаар хуудас/, гэрч Т.Лхамаагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 202-203 дугаар хуудас/, гэрч С.Оюунцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 89-90 дүгээр хуудас/ гэрч Т.Хатантунгалагын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 204-205 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагаас шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримт, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогчийн хувийн байдалтай холбоотой 6 хуудас баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч Т.Л нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1-1463 тоотод 2013 оны 03 дугаар сард бага насны буюу 10 нас, 1 сартай гэр бүлийн хамаарал бүхий охин Ц.Номин-Эрдэнийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,

 

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1-1463 тоотод 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 16 нас 4 сар 1 хоногтой гэр бүлийн хамаарал бүхий охин Ц.Номин-Эрдэний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан,

 

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 15 дугаар гудамжны 117 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 16 нас, 7 сар, 3 хоногтой гэр бүлийн хамаарал бүхий охин Ц.Номин-Эрдэний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

- Насанд хүрээгүй хохирогч Ц.Номин-Эрдэний “...миний баруун хөлний ард тал руу өшиглөхөөр нь би хөлөө бариад суусан. Миний толгой руу алгадахаар нь би уйлаад сууж байхад аав том өрөө рүү орчихоод буцаж гарч ирээд миний дээр гараад хувцаснуудыг хүчээр тайлах гэхээр нь би урдаас нь эсэргүүцсэн. Миний хоёр гарыг дараад нэг гараараа хувцаснуудыг тайлаад намайг хүчиндсэн. Надаас бөөн цус гараад байсан... 2019 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн гэрт байхад гаднаас Лхагвасүрэн хоёр пиво барьсан орж ирээд утсаар яриад орж гараад байсан... зүүн гарнаас татахаар нь “яах гээд байгаа юм” гэхэд “би чамайг зүгээр байж бай гээд байгаа юм биш үү” гээд ор руу түлхэж унагаагаад миний өмсөж байсан майкыг тайлсан. Нэг гараараа миний хоёр хөлийг бариад миний хөлөн дээр суусан байдалтай нөгөө гараараа өөрийнхөө шоорт түрсикийг тайлаад миний өөдөөс харж сууж байхад гаднаас Зулаа эгч орж ирсэн... 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би хичээлээ тараад өдрийн 14 цагийн үед гэртээ ирэхэд Лхагвасүрэн өрөөндөө утсаа оролдоод хэвтэж байсан. Би хувцасаа солиод байж байхад намайг дуудахаар нь “наанаасаа хэл” гээд дөхөөд очиход миний баруун гарнаас татаад орон дээрээ хэвтүүлээд хоёр гарыг мушгиад толгойны тэнд хоёр гарыг аваачаад нэг гараараа дараад нөгөө гараараа миний түрсикийг тайлах гээд байхаар нь би өшиглөсөн чинь бэлэг эрхтэнээ гаргаж ирээд намайг хүчиндсэн...” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч Н.Наранзулын “...Номин-Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр надад юу болсон талаараа хэлж байсан. Ээж Оюун-Эрдэнэ нь Номин-Эрдэнэ “Жижгээ намайг хүчиндсэн, аав намайг хүчиндсэн” гээд байх юм гэсэн. Би тэр үедээ гайхаад “за юу ч гэсэн энэ асуудлын талаар цагдаа дээр чинь очоод шийдье” гээд Баянзүрхийн цагдаагийн хэлтэс орсон. Тэгсэн “өргөдөл бичээд ороод ир” гээд Номин-Эрдэнэ бичих гээд цонхны өмнө очоод 2013 оны гээд бичсэн чинь Оюун-Эрдэнэ “чи юу хуцаад солиороод байгаа юм, энэ худлаа ярьж байна” гээд ар нуруу руу нь цохиод аваад явсан...2019 оны 06 дугаар сарын эхээр байх гэрээсээ гараад Лхагвасүрэнгийн гэрт нь шүдэнз асуух гээд орсон. Том өрөөндөө Лхагвасүрэн нүцгэн орон дээрээ хөлөө нугалаад цаашаа нуруу бөгс нь гарсан байдалтай цаашаа харчихсан. Охин нь өөдөөс нь хараад нүцгэн хоёр хөх нь сэрвийчихсэн байдалтай нүд нь том болчихсон сууж байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ч.Энхсайханы “...Номин-Эрдэнэ юу болсон талаар бүгдийг нь ярьсан. “13 настай байхад хүчиндсэн. Тэгээд би бүгдэд нь уйлаад хэлсэн. Надад хэн ч итгээгүй. Үнэнээ хэлэхээр итгэдэггүй юм чинь гэж бодоод би хэлэхгүй явж байгаад өдийг хүрсэн” гэж надад хэлсэн. “Зулаа эгчийн харсан байдал үнэн. Тэр хүн намайг хүчирхийлэх гээд байж байсан нь үнэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Жаргалсайханы “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байхад нөхрийн дүү Энхсайхан утсаар залгаад “Лхагвасүрэн, Номин-Эрдэнийг хүчиндсэн байна, 2013 онд хүчиндсэн байна” гэж хэлсэн... Лхагвасүрэн, Номин-Эрдэнэ нарыг үлдээгээд би өөрөө гадуур гарч байсан...” гэсэн мэдүүлэг, 

 

- Гэрч Ч.Цэдэндоржийн “...2013 оны 03 дугаар сард Оюун-Эрдэнэ төрөх гээд Орхон аймагт ирсэн. Оюун-Эрдэний том охин Номин-Эрдэнийг харах гээд Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед Жаргалсайхан нь Оюун-Эрдэнийн гэрт 1 сар орчим амьдарсан...” гэсэн мэдүүлэг,

 

  • Шинжээч С.Одончимэгийн мэдүүлэг,
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /Ц.Номин-Эрдэнийн/,

 

  • Нас тоолсон тэмдэглэл /Ц.Номин-Эрдэнийн/,

 

  • Т.Лгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №11357 дугаартай дүгнэлт /Ц.Номин-Эрдэнийн биед шинжилгээ хийсэн талаар/,

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №11550 дугаартай дүгнэлт /Т.Лгийн биед шинжилгээ хийсэн талаар/,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын №1181 дугаартай дүгнэлт / Ц.Номин-Эрдэнийн сэтгэцэд шинжилгээ хийсэн талаар/,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын №1181 дугаартай дүгнэлт / Т.Лгийн сэтгэцэд шинжилгээ хийсэн талаар/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд насанд хүрээгүй хохирогч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудтай бүрэн нийцэж Т.Лгийн үйлдэл нь нотлогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл насанд хүрээгүй хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болон хүчиндсэн болохыг дэлгэрэнгүйгээр, тогтвортой, бодит байдлаар тодорхой мэдүүлж, үүнийг гэрч Н.Наранзул, Ч.Энхсайхан нарын мэдүүлгээр давхар нотолж мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжын дагуу биед нь шинжилгээ хийхэд түүнийг бэлгийн харьцаанд орсон хуучин гэмтэл учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, насанд хүрээгүй хохирогч нь хэрэг явдал болсон цаг хугацаанд бага насны болон насанд хүрээгүй хүүхэд болохыг иргэний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл, түүний болон гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Лгийн үйлдэл нь “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Эрүүгийн хуулийн тайлбарт “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж заасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ц.Номин-Эрдэнэ  нь 2003 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн байх ба энэ гэмт хэрэгт өртөх үедээ 10 нас 01 сартай бага насны хүүхэд байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Л бага насны болон насанд хүрээгүй хүүхдийн эсрэг чиглэсэн, нийгэмд аюултай гэм буруутай санаатай үйлдэл хийсэн гэж үзнэ.

Хууль зүйн ойлголтоор 14 хүртэлх насны буюу бага насны хүүхэд нь эмнэл зүйн хувьд бие, физологи, сэтгэл зүй нь хөгжөөгүй, эмзэг, бусдаас хараат байдаг бөгөөд тийнхүү бэлгийн харилцааны үйлдлийг хийснээр тухайн хүүхдийн хувьд сэтгэлзүйн хүчтэй цочролд орж цаашлаад зөв хүн болж төлөвших нөхцлийг алдагдуулж болзошгүй нөхцөл байдал үүсч хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тул ийнхүү Эрүүгийн хуульд тусгайлан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байхаар тусгасан байна. 

Шүүгдэгч Т.Л нь насанд хүрээгүй хохирогч Ц.Номин-Эрдэнийн хойд аав болох гэр бүлийн харилцаа хамааралтай байх ба шүүгдэгчээс гэр бүлээ тэжээн тэтгэх, байнга харилцах, хүч түрэмгий байдлаа илэрхийлэх гэх зэрэг шууд хараат хамаарал, эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан гэмт үйлдлээ удаа дараа үргэлжлүүлсэн нэг гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгчийн 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээс нэг үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан байх боловч бусад үйлдлүүд нь тус бүртээ төгссөн тул Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийг журамлах шаардлагагүй.

Иймд шүүх шүүгдэгч Т.Лг бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэж биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хуульзүйн үндэслэлтэй ба харин шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “... хууль буцаан хэрэглэх журмыг хэрэглэх, насанд хүрээгүй Ц.Номин-Эрдэнээс мэдүүлэг авахдаа Үндсэн хуульд заасан мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг тайлбарлаагүй хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа тодорхойгүй, Ц.Номин-Эрдэнийн тэмдэглэлийн дэвтэрт байгаа зүйлийг тодруулах шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү...” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Лгийн үргэлжилсэн гэмт үйлдэл нь 2013 оны 3 дугаар сард эхэлж 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дуусч төгссөн болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл...төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж, мөн хууль зүйлийн 3-т “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж зааснаар түүний гэмт хэрэг үйлдсэн хугацаа нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөр тодорхойлогдоно.  

Энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаагаар түүний үйлдлийг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Ц.Номин-Эрдэнээс 2019 оны 10 сарын 02-ны өдөр мэдүүлэг авахдаа түүнээс гэр бүлийн гишүүд, эцэг, эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарласан эсэх нь тодорхойгүй зөрчил байх боловч 2019 оны 11 сарын 01, 2019 оны 11 сарын 02-ны өдрүүдэд /1 хх-ийн 30-35/ уг эрхийг тайлбарлаж хуульд заасан үндэслэл, журмын дагуу түүнээс дахин мэдүүлэг авч энэ талаар хэд хэдэн удаагийн шүүх хуралдаанд хэргийн нөхцөл байдлыг тогтвортой, тодорхой мэдүүлж хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон.

Мөн түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 15-17 дугаар хуудсанд авагдсан Ц.Номин-Эрдэнийн тэмдэглэлийн дэвтэрт тусгагдсан зүйлүүд нь түүний хүсэл, сонирхлоор бус албан шахалтаар хийсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Ц.Номин-Эрдэнэ, гэрч Н.Наранзул нарын мэдүүлгээр тогтоогдсон тул энэ талаарх ажиллагаа явуулах нь хэрэгт ач холбогдолгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантүлхүүр, насанд хүрээгүй хохирогч Ц.Номин-Эрдэнэ нараас “...Хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй...” талаар шүүх хуралдаанд хүсэлтээ илэрхийлсэн, нэхэмжилсэн баримтаар гаргасан зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин гэмт хэргийн улмаас өсвөр насны насанд хүрээгүй хүүхэд хохирч, өртсөн шинж байдлыг харгалзан түүнд сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарах гэм хорын хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгчөөс нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч Т.Лгээс жич нэхэмжлэх эрхтэй болох дурьдаж шийдвэрлэлээ. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Т.Лг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

Шүүгдэгч Т.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

 

Шүүх шүүгдэгч Т.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 13 /арван гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шүүгдэгч Т.Л нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 68 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 237 хоног, нийт 305 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.  

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс биеэ зөв авч явах нийгэм, гэр бүлийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчсөн, бага насны, насанд хүрээгүй хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй, бусдаас хамааралтай байдлыг далимдуулсан, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т.Лыг бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд 13 /арван гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан 13 /арван гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Лгийн цагдан хоригдсон 305 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Лд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Лд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДУЛАМСҮРЭН

                   ШҮҮГЧИД                             Б.БАТСАЙХАН

                                                                 Б..МӨНХ-ЭРДЭНЭ