Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 824

 

 

 

 

 

2020         09         11                                   2020/ШЦТ/824       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ                         

Шүүгдэгч С.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дд холбогдох эрүүгийн 2003003770283 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, Монгол хэлээр уншиж, бичих чадвартай гэх, жолооч мэргэжилтэй, “Дрийм дизайн” ХХК-нд цагийн ажилтан ажилтай, ам бүл 1, ганцаараа, Дундговь аймгийн Сайнцагаан сум 8 дугаар баг Айраг 1-24 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 2-51тоотод оршин суух, урьд:

 

2007 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

 

2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

 

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/689 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.Д нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 23 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Метро Молл” худалдааны төвын баруун талын замд Nissan-АD маркийн 72-98 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 2 дугаар хавсралт 1.3.т заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ 1.3 (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” 1.4-т заасан “1.1-1-3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийн тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсний улмаас Ц.Өлзийнямын жолоодон явсан мопедыг мөргөж жолооч Ц.Өлзийнямын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрх зам тээврийн осол хэргийг үйлдээд хэргийг газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Эрүүгийн 2003003770283 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч С.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн орчимд би дүүгээсээ Nissan AD маркийн 72-98 УНВ улсын дугаартай машиныг нь аваад халтуур хийхээр гарсан. Сүхбаатар дүүргийн нутаг Метро молл худалдааны төвийн баруун талаар урдаасаа хойшоо чиглэлд ганцаараа явж байтал замын эсрэг талд 2 хүн гар өргөхөөр нь тэр хоёр хүнийг авах гээд үргэлжилсэн цагаан шугам даваад зүүн гар тийшээ эргэсэн. Гэтэл нөгөө 2 хүн зам гараад явсан. Тэгэхээр нь би тэр чигтээ эргээд урагшаа яваад гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийшээ буюу МУБИС-ын урдуур яваад 5 дугаар сургуулийн завсраар гараад хойшоо Баянбүрдийн зам руу орсон. Би тухайн үед ямар нэгэн осол болсныг мэдээгүй...Би мопедны мөнгө болон эмчилгээний зардалд нийт 1.500.00 төгрөг өгч хоорондоо эвлэрсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэхдээ би осол болсныг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Өлзийням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “.....Би “Таван Богд Фүүдс Пицца” ХХК-нд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш хүргэлтийн жолоочоор мопедийг барьж хүргэлт хийж ажиллаж байна. 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 23 цаг 50 минутын орчин би “Метро Молл” худалдааны төвийн баруун талын замаар урдаасаа хойшоогоо чиглэлд Пицца хүргэхээр ганцаараа уг мопедтойгоо явж байсан. Тухайн үед би замын 2 дугаар эгнээгээр явж байтал нэгдүгээр эгнээнд явж байсан Ниссан Эдван маркийн нэг машин давхар зураас даваад буцаж эргэсэн. Би тэр машины арын хэсэгт нь гүйцэд түрүүлэх гээд явж байсан. Тэгээд тэр машин гэнэт зураас давхар зураас дагаж эргэх үед миний мопед уг машины зүүн хойд хэсэгтээ мөргөлдөөд би газарт унасан. Гэтэл уг машины жолооч нь зогсохгүй шууд явсан. Хажууд байсан хүмүүс ирээд түргэн болон цагдаад дуудлага өгсөн. Миний хөл шохойтой байгаа бөгөөд би ажилдаа явахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Мөнхдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би уг машиныг 2020 оны 05 дугаар сарын эхээр худалдан авсан бөгөөд “Неткапитал” ББСБ-ын нэр гэрээ хийж би өөрөө зээлээр авсан. Одоогоор зээлээ төлөөд явж байна. Уг машиныг миний төрсөн ах Доржсүрэн оройн цагаар авч явж халтуур хийдэг. Ямар нэгэн эвдрэл гараагүй. Санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102, 104-105 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч О.Батмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 30-ны орой 23 цаг 50 минутанд манай жолооч Өлзийням над руу залгаад “би мопедтойгоо явж байгаад машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очтол жолооч Өлзийням ослын газарт байсан. “Нэг машин мөргөчихөөд яваад өгсөн, 103 дуудсан” гэж хэлсэн. Удалгүй 103-ын эмч нар ирээд Өлзийнямыг аваад явсан. Дараа нь нэг цагдаа мөргөсөн жолоочийг машинтай нь аваад ирж байсан. Манай байгууллагын мопедонд үнэлгээгээр 168.000 төгрөгийн хохирол учирсан. Манай байгууллагад учирсан хохирлыг бүрэн төлсөн. Санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...Advan маркийн 72-98 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан С.Дг драйгер багаж ашиглаж шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэжээ /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7603 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ц.Өлзийнямын биед зүүн хөлний тавхайн завь хэлбэрийн ясны хугарал, шагайн үед зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-Т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

 

“Натур эмнэлэг” компьютерт томографийн оношилгоо /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан  “...Daelim A-Four мопед – 168.000 төгрөг...” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянзүрхтехникийн хяналтын үзлэгийн төв №39161 дугаар шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Уг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд урд болон хойд дугуйн тоормозны хүчний хэмжээ дуут дохио, автомашины хурдны хайрцагны ажиллагаа урд болон хойд дугуйнуудын хээний гүн зогсоолын тоормоз зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажууд гулсалтын хазаалтын хэмжээ алдаатай, баруун хойд тоормозны гэрэл асахгүй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавих стандартын шаардлага хангахгүй байна...” гэжээ /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

 

Мөрдөгчийн №97 дугаартай магадлагаанд “...1. Nissan-АD маркийн 72-98 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Сандуйсүрэн овогтой Доржсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3.т заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ 1.3 (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” 1.4-т заасан “1.1-1-3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийн тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Сузуки маркийн улсын дугааргүй мопедыг жолоодож явсан жолооч Цэнгэл овогтой Өлзийням нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоохгүй байна...” гэжээ /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Түргэн тусламжийн хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

Осол, гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66, 125 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 70-81 дүгээр хуудас/, гэрч А.Зандраагоймийгийн мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар хуудас/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 127 дугаар хуудас/,  хохирол төлсөн баримт /хх-ийн 129-130 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 132 дугаар/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Д нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 23 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Метро Молл” худалдааны төвын баруун талын замд Nissan-АD маркийн 72-98 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 2 дугаар хавсралт 1.3.т заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ 1.3 (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” 1.4-т заасан “1.1-1-3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийн тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсний улмаас Ц.Өлзийнямын жолоодон явсан мопедыг мөргөж жолооч Ц.Өлзийнямын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрх зам тээврийн осол хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

  - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

 

              - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

              - Хохирогч Ц.Өлзийнямын мэдүүлэг,

             

              - Иргэний нэхэмжлэгч С.Мөнхдорж, О.Батмөнх нарын мэдүүлэг,

 

              - Шүүгдэгч С.Дгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг,

 

              - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №7603 дугаартай дүгнэлт /Ц.Өлзийнямын биед шинжилгээ хийсэн талаар/,

 

              - Мөрдөгчийн №97 дугаартай магадлагаа,

 

              - “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

              - Түргэн тусламжийн дуудлагын хуудас зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.

 

  Дээрх нотлох баримтуудаар Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, С.Д “Nissan AD” маркийн 72-98 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчснөөр Ц.Өлзийнямын жолоодон явсан мопедыг мөргөж жолооч Ц.Өлзийнямыг гэмтээсэн, хэргийн газрыг орхин явсан болохыг хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадлагаа болон бусад баримтуудаар, хохирогчид хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр, хохирогчийн жолоодон явсан мопедыг гэмтээсэн болохыг хөрөнгийн үнэлгээнийн тайлангаар тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч С.Дгийн үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Дг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд, мөн  Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс хэргийн зүйлчлэл, гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч С.Д нь хохирогч Ц.Өлзийнямд 1.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч С.Мөнхдоржид төлөх төлбөргүй болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг хохирогч Ц.Өлзийнямын хүсэлт /хх-ийн 132/ мөн иргэний нэхэмжлэгч С.Мөнхдоржоос “...ямар нэгэн гомдол санал, болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 105/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Харин С.Дгээс иргэний нэхэмжлэгч О.Батмөнх /“Таван богд фүүдс пицца” ХХК/-ийн мопедонд учирсан хохирол, түүнтэй холбоотой бусад зардал болох 168.000 /хх-ийн 30 дугаар хуудас/ төгрөгийг төлсөн болох нь тогтоогдоогүй тул шүүгдэгч С.Дгээс уг төлбөрийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Дгээс уг төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч С.Дг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдлаа.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд прокурорын саналын хүрээнд С.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоов. 

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч С.Дгээс замын хөдөлгөөнд хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Дг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

 

Мөн Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг дөрөв сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            5. Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Өлзийням, иргэний нэхэмжлэгч С.Мөнхдорж нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дгээс 168.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Батмөнх /“Таван Богд Фүүд Пицца” ХХК/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН