Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 146

 

“Даймонд Файнанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/00929 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Наранчимэг, Б.Хадбаатар нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 187 376 133 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар болон хариуцагч Б.Хадбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                      Б.Энх-Амгалан

                                                                                            Т.Пүрэвбазар

Хариуцагч Б.Хадбаатарын өмгөөлөгч                             Д.Онон 

Хариуцагч Б.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Б.Наранчимэг болон Б.Хадбаатар нарт манай байгууллага 2014 оны 9 сарын 24 өдрийн гэрээгээр 93 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 0,4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж орон сууцыг барьцаалсан байдаг. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэгтгээд нийт 187 376 133 төгрөг болж байгаа энэ төлбөрийг гаргуулж өнгө үү гэв.

 

            Хариуцагч Б.Хадбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй талуудын хооронд 2014 оны 9 сарын 24-ний өдөр гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч нэхэмжлэгч талаас 156 000 000 төгрөгийг аваагүй, авсан гэх нотолгоо байхгүй. Б.Хадбаатарын хувьд авсан зээлээ бүрэн төлж дуусгасан, зээл авсан эсэх талаараа маргаагүй зээлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд заасан 156 000 000 төгрөгийг өгсөн үү гэдэг асуудлыг ярьж байгаа. Б.Наранчимэг нь шүүхэд хариу тайлбараа тодорхой өгсөн байдаг. Иймд нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эрх бүхий этгээд эсэхийг зайлшгүй тодорхойлох шаардлагатай байна, нэхэмжлэгчийн шаардлага нь тодорхойгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

          

            Хариуцагч Б.Наранчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Миний бие зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан хэдий ч зээлийн хэмжээ болон хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад буй зээлийн төлбөрийн үнийн дүнг хариуцагч нар нь хэрхэн хариуцах талаар нэхэмжлэгч тодорхойлоогүй бөгөөд миний бие зээлийн төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар Б.Хадбаатар, Б.Наранчимэг нараас 146 555 333 төгрөгийг гаргуулж “Даймонд Файнанс” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40 820 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 890 727 төгрөг гаргуулж “Даймонд Файнанс” ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 252 781 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 21а байрны 62 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206009687 тоот дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Шүүх талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т "нэмэгдүүлсэн хүүг 30 хоногийн 0.8 хувь" гэж заасныг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заана" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн дагуу нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр нийт 93 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 30 хоногийн 4 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувь болох 0.8 хувиар тооцсон. Ийнхүү нэмэгдүүлсэн хүүд нийт 10 168 000+5 108 800=15 276 800 төгрөгийг шаардсан. Гэвч шүүхээс нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан хэмжээнээс давсан гэж тооцсон нь үндэслэлгүй байна. Шүүхээс "нэхэмжлэгч тал шүүхэд хандсанаар талуудын хоорондын зээлийн гэрээ дуусгавар болох тул нэмж тооцсон зээлийн хүү 25 544 000 төгрөгийг ... гаргуулах үндэслэлгүй" гэж дүгнэсэн. Үүрэг дуусгавар болох үндэслэлийг Иргэний хуулийн 236-аас 240 дүгээр зүйлд тусгасан бөгөөд эдгээрт шүүхийн тайлбарлаж байгаачлан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үүрэг дуусгавар болох заалт байхгүй. Эсрэгээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, ... эрхтэй. Үүний дагуу бид 2016 оны 3 дугаар сарын 15-ны  өдөр  шүүхэд 156 723 333 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны  өдөр      нэхэмжлэлийн шаардлагыг 30 652 800 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 187 376 133 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлсөн. Гэтэл шүүхээс ийнхүү хуулийг буруу тайлбарлаж нэмэгдүүлсэн шаардлагыг хангахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн явдал юм.  Ийнхүү Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18З/ШШ/2016/00929 тоот шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ

 

            Хариуцагч Б.Хадбаатар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгчээс Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэхэмжлэлд хавсарган шүүхэд ирүүлсэн байдаг. Ийнхүү хавсарган ирүүлсэн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь уг тусгай зөвшөөрлийн хавсралтын хамт хүчинтэй байх бөгөөд тусгай зөвшөөрөлд "Энэхүү гэрчилгээ нь хавсралтын хамт хүчинтэй" хэмээн маш тодорхой бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийг олгодог бөгөөд уг тусгай зөвшөөрлийн хавсралтад тухайн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл /Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үйлчилгээний төрөл/-ийг тусгадаг ба мөн тусгай зөвшөөрөл нь хүчинтэй эсэх, ямар өөрчлөлт орсон эсэх талаар тодорхой тэмдэглэгээ хийдэг эрх зүйн ач холбогдолтой баримт юм. Гэтэл хариуцагч нь Санхүүгийн зохицуулах хорооны "тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгох тухай" тогтоол зэрэг хэрэгт ач холбогдолгүй мэдэгдлийг үндэслэн ББСБ-ын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь хавсралтгүйгээр хүчинтэй хэмээн маргадаг ба шүүх ч мөн нотлох баримт болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн авч шийдвэрлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрт энэ тухай огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл шүүх дээрх маргаанд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгчээс 2014 оны ЗБГ/14/09/114 тоот зээлийн барьцааны гэрээг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг зээлийн барьцааны гэрээг үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч хоёр этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн үүргийн гүйцэтгэлийг хэн, хэрхэн хариуцах талаар тодорхойлоогүй байтал шүүх тэнцүү хэмжээгээр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн зээлийн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлал нь хууль зөрчсөн байх тул өнөөдрийг  хүртэлх хугацаанд Б.Хадбаатар миний төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутгагдсан дүн нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах байтал шүүх хасч тооцоогүй. Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй ба нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, маргааны үйл баримтыг бүрэн дүгнээгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00929 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                          

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хуулийн хүрээнд үнэлээгүй, хуулийн зүйл заалтыг зөв баримтлаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Даймондфайнанс ББСБ” ХХК нь хариуцагч Б.Наранчимэг, Б.Хадбаатар нарт холбогдуулан үндсэн зээлд 93 000 000 төгрөг, хүү 53 555 333+25 544 000=79 099 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 168 000+5 108 800=15 276 800 төгрөг, нийт 187 376 133 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Даймондфайнанс” ХХК нь хариуцагч Б.Наранчимэг, Б.Хадбаатар нартай нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгч нарт 93 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн байх тул талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагааны хүрээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн нь зөв байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс үзэхэд хариуцагч буюу зээлдэгч нь зээлдүүлэгчээс 93 000 000 төгрөгийг зээлж авсан үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Хэргийн 7 дугаар талд зээлийн гэрээний үүргийг эргэн төлөх хуваарь нотлох баримтаар авагдсан байгаа бөгөөд уг хуваариас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд 37 405 155 төгрөг төлөх үүрэг хүлээж уг гэрээний дагуу төлсөн мөнгөн дүнгийн талаарх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бөгөөд хариуцагч тал энэ үнийн дүнгийн талаар маргаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх бөгөөд дээрх мөнгөнөөс хариуцагч талаас төлсөн 13 900 667 төгрөгийг хасч тооцох юм.

 

Иймд гэрээт хугацааны буюу 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацааны төлөх ёстой байсан хүүгийн үлдэгдэл 23 504 488 төгрөг болж байна. Зээлийн гэрээний үндсэн зээл төлөх хуваарийг зөрчсөн буюу үндсэн зээлийн гүйцэтгэх үүргийг зөрчсөн үеэс нэмэгдүүлсэн хүү тооцно. Зээлийг эргүүлэн төлөх хуваариар тохирсон 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс эхлээд 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хэсэгчлэн төлөх ёстой байсан үндсэн зээлийг хариуцагч хуваарийн дагуу төлөөдөөгүй байх бөгөөд нэмэгдүүлсэн хүү тооцох бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төлөх ёстой байсан 13 956 000 төгрөгийн хүүд 6 сарын хугацааны нэмэгдүүлсэн хүү тооцоход 2 426 903 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хуваарь зөрчиж, үндсэн зээлийг төлөөгүй байх хугацаанд ногдуулах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцжээ.

 

“Даймондфайнанс ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу 9 дүгээр сарын 28-ны өдөр шаардлагаа нэмэгдүүлсэн учраас зээлийн гэрээний хугацаа дууссан 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцох учиртай.

Хэргийн 7 дугаар талд авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлийн эргэн төлөлтийн баримтаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээт хугацааны үндсэн хүүгийн үлдэгдэл 23 504 488 /37 405 155-13 900 667=23504488/ төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний графикт хугацаанд төлөх ёстой байсан төлбөрийг төлөөгүй үүргийн гүйцэтгэл тус бүрт хэтэрсэн хугацааны хүү тооцвол 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлөх ёстой байсан 13 956 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд 669 888 /13956000 * 0.8% * 6 сар = 669 888/ төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр төлөх ёстой байсан 14 638 240 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд 585 530 /14 638 240 * 0.8% * 5 сар = 585 530/ төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр төлөх ёстой байсан 15 223 769.6 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд 487 164 /15 223 769.6 * 0.8% * 4 сар = 487 164/ төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр төлөх ёстой байсан 15 767 144 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд 421 614 /15 767 144*0.8%*100 хоног=421 614/ төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр төлөх ёстой байсан 16 418 853 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд 262 702 /16 418 853*0.8%*2 сар = 262 702/ төгрөгийн хүү төлөх буюу нийт 2 426 903 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч “Даймонд Файнонс ББСБ” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх тул 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар хэтэрсэн хугацааны хүү бодоход 43 772 000 /93 000 000 * 4%* 11 сар 23 хоног/ төгрөг болж байна.

 

Хариуцагч нарын зээлийн үндсэн төлбөр 93 000 000 төгрөгийг төлөөгүй байсан. Үндсэн зээлийн дүнгээс тооцоход 43 772 000 төгрөгийн хэтэрсэн хугацааны хүү 8 754 400 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдох бөгөөд нийт 171 457 791 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нараас гаргуулах үнийн дүнд өөрчлөгдөж байгаатай холбоотой Улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийн зүйл заалт баримтлаагүй орхигдуулсан байх тул хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн барьцаалагч нь үүргээ гүйцэтгээгүй барьцаалуулагчийн эд хөрөнгийг худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй.

 

Зохигчид анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл уг асуудлаар маргаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн зээлийн барьцааны гэрээний талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн нотлох баримт нь “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны баримт бичиг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан бөгөөд хариуцагч Б.Наранчимэг, Б.Хадбаатар нарын анхан шатны шүүхэд гаргасан мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн нь зөв болсон.

 

Хариуцагч Б.Наранчимэг нь өөрөө болон насанд хүрээгүй хүүхдүүдээ төлөөлөн зээлийн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд насанд хүрээгүй хүүхдээ төлөөлөн гарын үсгээ зурж, гэрээг зохих ёсоор байгуулсан үйл баримтын талаар маргаагүй. Иймд давж заалдах шатны шүүхээс Б.Наранчимэг зээлийн барьцааны гэрээнд гарын үсгээ зураагүй гэж шинээр гаргаж байгаа тайлбарыг үндэслэн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхэд маргаагүй асуудлаар давж заалдах шатны шүүхэд шинээр тайлбар гаргаж байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар үнэлэхгүй юм.

 

Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулаагүй гэсэн үндэслэл заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан 4 удаа хойшлогдож байсан байх бөгөөд нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлийн хувьд анх гаргасан  тухайд бол нэхэмжлэлийн агуулгатай адил байх бөгөөд эрс өөр байдлаар нэмэгдүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй бөгөөд “Даймонд Файнонс ББСБ” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээ ихэсгэснийг анхан шатны шүүх хариуцагчид гардуулж, хэргийн баримтыг танилцуулсан, зохигчид уг асуудлаар мэтгэлцсэн байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

“Даймонд Файнонс ББСБ” ХХК-д олгосон Улсын бүртгэлийн гэрчилгээнд зээлийн болон гадаад валютын үйл ажиллагаа эрхлэхийг нь 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Ажиллах хугацааг нь хугацаагүй сунгав” гэж бүртгэсэн байх тул хариуцагчийн “...нэхэмжлэгч дээрх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй...” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, харин хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/00929 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 451 дүгээр 451.1 гэсний дараа 453 дугаар зүйлийн 453.1 гэж нэмж,

“…146 555 333 …” төгрөг гэснийг “…171 457 791 төгрөг...” гэж,

“…40 820 800 төгрөг…” гэснийг “15 918 342 төгрөг… гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтын “…890 727 төгрөг…” гэснийг “…1 015 238 төгрөг” гэж тус тус өөрчлөн,

Шийдвэрийн 3 дахь заалтын барьцааны зүйл болох гэсэн үгийн өмнө Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар …” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Даймондфайнанс ББСБ” ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 055 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Хадбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 890 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

       ШҮҮГЧ                             А.МӨНХЗУЛ

       Ц.ИЧИНХОРЛОО