Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 26

 

 

 

Б.Г-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Нямсүрэн,  

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Б.Г-д холбогдох, эрүүгийн 1719001160105 дугаартай, 1 хавтас, 173 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын ....сумын хэсгийн цагдаа ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагдаагийн байранд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бууралшагай овогт Бын Г /ЕЮ85050512/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.Г 2017 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ....  сумын цагдаагийн байранд иргэн Ц.Дийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Бууралшагай овогт Боргилын Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугүйд тооцож цагаатгаж,

хохирогч Ц.Д хохирлоо холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ө.Мөнхнавч бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хохирогч Ц.Д 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим цагдаагийн байранд хэсгийн төлөөлөгчийг асуугаад гарч ирэхэд араас гарч ирж шууд зодсон гэх үйл баримтын талаар “...Би тухайн үед төлөөлөгч Ганбаатарыг асуучихаад гараад явтал миний араас эхлээд Г гарч ирсэнээ хөөе чи согтуу юм уу, амралтын цагаар гэрээр ирлээ гээд араас ирээд зүүн чамархай руу цохиод авсан. Миний толгой эргээд чих шуугиад аманд цус амтагдаад унах гээд байхаар нь Г-ийг бариад авсан. Гэтэл дотор байсан Лхагвасүрэн гарч ирээд миний зүүн хөлийн гуяруу өшиглөөд намайг хамтдаа гэр лүүгээ чирээд орсон... Г дотор оруулаад газар хэвтүүлээд өшиглөөд цохиод байсан. Тэгснээ намайг гаргаад машинаас гавласан...” гэсэн мэдүүлэг, мөн хохирогч Ц.Дийн “...Г.Г цаад өрөөнөөсөө яасан овоо пизданууд вэ гэж орилж бахираад гарч ирснээ миний гавтай гарнаас дугтраад хавирга руу өшиглөж унагаад унасан дараа толгой дээр дэвсээд нүд рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг нь гэрч Ц.Баянчулууны “... Цагдаагийн байранд очтол цагдаа нь яах гэж ирж байгаа юм гэснээ шууд ахыг гавтай гарнаас нь гэдэс рүү нь өшиглөөд татаж унагаад цээж рүү нь өшиглөөд зодсон. ...Намайг ахыг зодуулахгүй гээд хорьтол та нар цагдаагийн байраар харанхуй шөнө ирлээ намайг зодох уу гэснээ намайг өшиглөөд цохиод авсан. ...Төлөөлөгч Ганбаатар гаднаас орж ирснээ цагдаагаа боль яасан юу болов гэтэл цагдаа нь болихгүй ахыг зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, гэрч М.Улаанбаатарын “...цагдаа Г нь амгалан тайван байдал алдагдууллаа та нар бөөнөөрөө ирж зодох гэлээ гэснээ Дийн гавнаас нь чирээд дахиж гавлах гээд намайг нэг цохиж Баянааг хэд хэд цохиод авсан Г бөөнөөр ирлээ амгалан тайван байдал алдагдууллаа гээд л зодоод цохиод байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12915 дугаартай шижээчийн дүгнэлтэнд “1.Дийн биед баруун доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга гуя, дээд, доод уруулын цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, доод үүдэн баруун 1 дүгээр шүд унасан, зүүн 8 дугаар хавирга хугарсан гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдгүй болсон нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол 5% нөлөөлнө” гэсэн дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байхад шүүх хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах нөхцлийг бүрдүүлж өгсөн. 2. Гэрч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: "... намайг анх ороход Д гэх хүн гавлуулсан байдалтай байсан... Д хэлэхдээ танай цагдаа намайг 2 цаг зодсон. Би чамтай уулзахаар л ирсэн гэсэн... Д ахын нэг нүд хөхөрсөн байхаар нь наад нүд чинь яагаад хөхөрчихсөн юм бэ гэхэд танай цагдаа намайг зодсон л гэж хэлээд байсан...” гэсэн хэрэгт авагдсан мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлсэн, хэрхэн яаж үгүйсгэсэн талаар цагаатгах тогтоолд огт дурдаагүй байж гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ойлгомжгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12915 дугаар дүгнэлтээр хохирогч Дийн биед дээр дурдсан гэмтэл тогтоогдсон байхад шүүхийн цагаатгах тогтоолд ...шүүгдэгч Б.Г-ийн үйлдлээс болж хохирогч Ц.Д-д эрүүл мэндэд тархи доргилт, эрүүний үеийн зөөлөн эдийн гэмтэл учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул хохирогчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй гэжээ. Гэтэл хохирогч Ц.Д-ийн биед уг гэмтэл учраагүй, шинжээчийн дүгнэлтээр дээрх гэмтэл тогтоогдоогүй байхад хэний биед учирсан гэмтлийг бичиж үнэлэхгүй гэж бичсэн нь ойлгомжгүй байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчиж хэргийн бодит байдалд нийцсэн үнэлэлт дүгнэлт өгөлгүй “тархи доргилт, эрүүний үеийн зөөлөн эдийн гэмтэл”-ийг хийсвэр байдлаар гаргаж дүгнэлт хийсэн, шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаж дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын зүгээс хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Г-ийг хохирогч Дийн биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хохирогч Д-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй. Шүүгдэгчийн үйлдлээс хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан гэж үзэхэд эргэлзээтэй байдаг учраас шүүхээс хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Хохирогч Д 2 удаа зодуулсан байдаг. .... сумын Цагдаагийн байранд 2017.09.23-ны шөнө 23 цагийн орчимд очоод зодуулсан байдаг. Мөн дараа нь 2017.09.24-ний шөнө 03 цагийн орчимд гаваа салгах гэж очоод дахиад зодуулсан байдаг. Г-д хоёр удаа зодуулсан гэж мэдүүлдэг. Тухайн үед хамт байсан гэрчүүд болон Лхагвасүрэн, Ганбаатар, Улаанбаатар нарын мэдүүлгээр шүүгдэгч Г хохирогчийн шанаа руу цохиж, өшиглөж, цохисон гэдэг талаар огт мэдүүлдэггүй. Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн мэдүүлгүүд нь зөрүүтэй, өмнө нь өгсөн мэдүүлгүүдээсээ буцсан байдаг. Энэ нь юу вэ гэхээр эхлээд 23 цагийн үед хонь алдсан гэж гомдол мэдээллийг мэдээллэхээр очихдоо ганцаараа очсон гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч буюу дүү Баянчулуунтай очсон гэж мэдүүлдэг. Баянчулуун гадаа нь удаан хүлээгээд, гарч ирэхгүй болохоор нь орхиод явсан гэдэг мэдүүлгийг ярьдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр эхлээд намайг очиход зүүн шанаа хавдартай байсан. Өшиглүүлж авсан гэмтлийг би сүүлд авсан гэмтэл байгаа гэж анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа. Гэтэл даргалагч үүнээс нь үүдээд таны зодуулсан процесс чинь өмнө нь болсон юм уу, сүүлд болсон явдлууд юм уу гэж асуухад эхлээд болсон асуудал биш, сүүлд гаваа салгуулах гэж очоод зодуулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт өөрөөр хэлсэн байдаг. 20 гаран насны залуучуудад 2 цаг гаран зодуулсан. Надад ярих ч тэнхэл байгаагүй, босох ч тэнхэл байгаагүй гэж ингэж зөрүүтэй мэдүүлэг өгөөд байдаг. Эдгээр зөрүүтэй мэдүүлгүүд болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хохирогчийн мэдүүлэг үгүйсгэгдэж няцаагдаад байгаа. Иймд хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Г-ийн  үйлдэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх заалтыг баримтлан цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Гд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Мөрдөн байцаалтын явцад цугларсан, хэрэгт авагдсан баримтыг хянаж үзэхэд энэхүү эрүүгийн хэрэгт хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, тэдгээрийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлж, бэхжүүлсэн гэрэл зураг, бусад нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл байх төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан хуулийн шаардлагад нийцжээ.

 

Эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн байх ба тэдгээрийг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

 Гэтэл анхан шатны шүүх “...хохирогч Ц.Д бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр тогтоогдож байна, харин уг гэмтлийг шүүгдэгч Б.Г учруулсан гэж хохирогч, гэрчийн мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй байна, гэрч Б.Лхагвасүрэн, Б.Ганбаатар, шүүгдэгч Б.Г нарын мэдүүлгээр  хохирогчийг зодсон гэх үйл баримт үгүйсгэгдэж байна” гэсэн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх дээр дурдсанаас бусад гэрч, хохирогчийн өгсөн мэдүүлэг энэ хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх ямар хууль зүйн үндэслэл байгааг, тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй талаар болон шүүгдэгчийг яллах бусад нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолд тодорхой, ойлгомжтой, тодруулж бичээгүй байна.  

 

Мөн анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлээгүй буюу хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад баримттай харьцуулах, баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзээгүй, шалгаж, үнэлээгүй байна.

 

Иймээс цагаатгах тогтоолд дурдсан “...шүүгдэгч Б.Г-ийн үйлдлээс болж хохирогч Ц.Д-ийн эрүүл мэндэд тархи доргилт, эрүүний үеийн зөөлөн эдийн гэмтэл учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул хохирогчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй” гэсэн дүгнэлтийг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, уг дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэсэн үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч хангаж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1,1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                              ШҮҮГЧИД                                  А.САЙНТӨГС

 

                                                                                 Н.БОЛОРМАА