Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 3

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.М

Хариуцагч: А аймгийн Б сумын улсын бүртгэгч

Гуравдагч этгээд: О.С 

Нэхэмжлэлийн шаардлага: Ш овогтой Н-н М-г Б овогт О-н С-тэй гэрлэсэн гэж 6507000001 дугаарт бичсэн бүртгэлийг болон гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч А аймгийн Б сумын улсын бүртгэгч Д.У, гуравдагч этгээд О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.М миний бие О.С-тэй 2016 оноос хойш хамт амьдарч байгаа боловч бид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй юм.

Гэтэл А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд О.С-ийн гэрлэлт цуцалж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох 25.584.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа. Тус хэрэгт О.С гэрлэлтийн 6507000001 тоот бүртгэлийн дугаартай гэрчилгээг нотлох баримт болгон өгсөн байна. Н.М миний бие А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Б сумын улсын бүртгэгчид гэрлэлтээ батлуулахаар хандаагүй, өргөдөл, хүсэлт өгөөгүй, өгч байгаагүй байтал миний санал, хүсэлтгүй оролцоогүйгээр О.С-тэй гэр бүл болсон гэж гэрлэсний бүртгэлд бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон хууль бус үйл ажиллагаа байна. 

Иймд Ш овогт Н-н М намайг Б овогт О-н С-тэй гэрлэсэн гэж иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэсний 6507000001 дугаарт бүртгэсэн бүртгэлийг болон гэрлэлтийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.М, О.С-тэй 2006 оноос хойш хамтран амьдарч байсан боловч гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан. О.С А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн нэхэмжлэлд Н.М О.С нарын гэрлэлтийг баталсан 6507000001 дугаартай гэрчилгээний хуулбарыг хавсаргасан байсан. Гэтэл Н.М О.С нарын гэрлэлтийг батлуулахад би байгаагүй, гэрлэлт батлуулах хүсэлт гаргаагүй, гэрлэлтээ батлуулаагүй гэж маргадаг.

 Иймд Н.М О.С нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэл, гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч танилцаад гаргасан тайлбарт гэрлэлт бүртгэхэд үнэхээр Н.М байгаагүй, гэрлэлтийн гэрчилгээ дээр Н.М-ын гарын үсэг байхгүй, мөн гэрлэлтийг бүртгэх дэвтэрт гарын үсэг байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байдаг. Энэ нь Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудыг зөрчсөн байна, гэрлэгчид хоёулаа хүссэн тохиолдолд гэрлэлтийг баталдаг хуулийн зохицуулалттай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хариуцагч А аймгийн Б сумын улсын бүртгэгч Д.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Н.М гэрлэлтээ батлуулахад ирээгүй, гэрлэлтийг батлахад эхнэр О.С, гэрч болох С.Б нар байсан, О.С ирж гэрлэлтээ батлуулсан нь үнэн. Яагаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл Н.М, О.С нар нь 2011, 2015, 2017 онуудад төрсөн 3 хүүхэдтэй байсан. Тухайн үед М-г байхгүй бол гэрлэлт батлах боломжгүй гэхэд М малд явах хүнгүй ганц гэр морь мал тэжээж байгаа ажил ихтэй ирэх бололцоо байхгүй, сум орон нутгаас шинээр гэр бүл болсон залуучуудад өгөх дэмжлэг тусламжаас авах санаатай байгаа,  та бидний амьдрал ахуйг харгалзан тус болж гэрлэлтийг батлаад өгчих, нялх хүүхэдтэй дахин дахин ирэхэд хүндрэлтэй байна гээд гуйгаад байхаар нь за дахин чирэгдэл болгоод яахав гээд гэрлэлтийг батлаад гэрчилгээ олгосон. Том хүүхэд нь Н.М-р овоглоогүй, эх О.С-р овоглосон байсан. Дараагынхаа хүүхдийн гэрчилгээг авах гээд ирэхэд гэрлэлтийн гэрчилгээ байхгүй байсан учраас хүүхдийг нь Н.М-р овоглож болохгүй байсан. Дээрх шаардлагаар гэрлэлтээ батлуулъя гэж надад хандсан. Хүүхдийн гэрчилгээ дээр эцгээр нь овоглоход гэрлэлтийн гэрчилгээ шаардлагатай болдог учраас Н.М гэрлэлтээ батлуулъя гэж өмнө нь надад хэлж байсан. Би Н.М-г гэрлэлтийг хүлээн зөвшөөрч гэрчилгээ гаргуулж, хүүхдүүдээ өөрөө овоглосон гэж би бодож байгаа. Дараагийнх нь хүүхэд төрөхөд гэрлэлтийн гэрчилгээгүй байсан учраас Н.М-н хүсэлтээр хүүхдийг нь Н.М-н нэрээр овоглож өгсөн. Би Н.М-г гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлт гаргасан гэж үзэж байгаа. Хэрвээ гэрлэлтийн гэрчилгээ байхгүй бол Н.М-н 3 хүүхэд эхээрээ овоглох байсан гэв.

Гуравдагч этгээд О.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай том хүүг төрөхөд Н.М бид хоёр гэрлэлтийн гэрчилгээгүй байсан учраас хүүгээ миний нэрээр овоглосон. Дараагийн хүүхэд төрөхөд мөн л гэрлэлтийн гэрчилгээгүй байсан учраас надаар овоглох гээд байсан учраас хоёулаа сум явж гэрлэлтээ батлуулъя гэхэд Н.М малаа хараад сумруу явах боломжгүй байна, чи өөрөө очоод бүртгүүлчих, би дараа нь очоод гарын үсэг зурчихъя гэсэн. Тэгээд би сумруу ганцаараа яваад улсын бүртгэгч Д.У-с гуйгаад гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтийнхээ гэрчилгээгээ аваад хүүгээ Н.М-н нэр дээр бүртгүүлсэн, гэрлэлтээ бүртгүүлэхэд Н.М байхгүй байсан. Тухайн үед хоёулаа ярилцаж зөвлөлдсөн, 2016 оны 11 сарын 27-ны өдөр хоёр дахь хүүхэд минь төрж гэрчилгээ авах гээд бас бид хоёр малжуулахад орох гээд гэр бүлийн батлахаа авсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н.М-с А аймгийн Б сумын улсын бүртгэгчид холбогдуулан “Ш овогтой Н-н М-г Б овогт О-н С-тэй гэрлэсэн гэж 6507000001 дугаарт бичсэн бүртгэлийг болон гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын иргэн Ш овогт Н-н М, Б овогт О-н нарыг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 6507000001 дугаарт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон байна. 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “ ... Н.М миний бие О.С-тэй 2016 оноос хойш хамт амьдарч байгаа боловч бид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Гэтэл А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд О.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа. Тус хэрэгт О.С гэрлэлтийн 6507000001 тоот бүртгэлийн дугаартай гэрчилгээг нотлох баримт болгон өгсөн байна. Н.М миний бие А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Б сумын улсын бүртгэгчид гэрлэлтээ батлуулахаар хандаагүй, өргөдөл, хүсэлт өгөөгүй өгч байгаагүй байтал миний санал, хүсэлт, оролцоогүйгээр О.С-тэй гэр бүл болсон гэж гэрлэсний бүртгэлд бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон хууль бус үйл ажиллагаа байна. Иймд Ш овогт Н-н М намайг Б овогт О-н С-тэй гэрлэсэн гэж иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэсний 6507000001 дугаарт бүртгэсэн бүртгэлийг болон гэрлэлтийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй ...” гэж

Хариуцагч А аймгийн Б сумын улсын бүртгэгчээс “ ... тухайн үед Н.М гэрлэлтээ батлуулахад ирээгүй, гэрлэлтийг батлахад эхнэр О.С, гэрч болох С.Б нар байсан, яагаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл Н.М, О.С нар нь 2011, 2015, 2017 онуудад төрсөн 3 хүүхэдтэй байсан. Том хүүхэд нь Н.М-р овоглоогүй, эх О.С-р овоглосон байсан. Дараагынхаа хүүхдийн гэрчилгээг авах гээд ирэхэд гэрлэлтийн гэрчилгээ байхгүй байсан учраас хүүхдийг нь Н.М-р овоглож болохгүй байсан. Дээрх шаардлагаар гэрлэлтээ батлуулъя гэж надад хандсан. Хүүхдийн гэрчилгээ дээр эцгээр нь овоглоход гэрлэлтийн гэрчилгээ шаардлагатай болдог учраас Н.М гэрлэлтээ батлуулъя гэж өмнө нь надад хэлж байсан. Би Н.М-г гэрлэлтийг хүлээн зөвшөөрч гэрчилгээ гаргуулж, хүүхдүүдээ өөрөөрөө овоглосон гэж би бодож байгаа. Дараагийнх нь хүүхэд төрөхөд гэрлэлтийн гэрчилгээгүй байсан учраас Н.М-н хүсэлтээр хүүхдийг нь Н.М-н нэрээр овоглож өгсөн. Би Н.М-г гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлт гаргасан гэж үзэж байгаа. Хэрвээ гэрлэлтийн гэрчилгээ байхгүй бол Н.М-н 3 хүүхэд эхээрээ овоглох байсан ...” гэж

Гуравдагч этгээдээс “ ... Манай том хүүг төрөхөд Н.М бид хоёр гэрлэлтийн гэрчилгээгүй байсан учраас хүүгээ миний нэрээр овоглосон. Дараагийн хүүхэд төрөхөд мөн л гэрлэлтийн гэрчилгээгүй байсан учраас надаар овоглох гээд байсан учраас хоёулаа сум явж гэрлэлтээ батлуулъя гэхэд Н.М малаа хараад сумруу явах боломжгүй байна, чи өөрөө очоод бүртгүүлчих, би дараа нь очоод гарын үсэг зурчихъя гэсэн. Тэгээд би сумруу ганцаараа яваад улсын бүртгэгч Д.У-с гуйгаад гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтийнхээ гэрчилгээгээ аваад хүүгээ Н.М-н нэр дээр бүртгүүлсэн, гэрлэлтээ бүртгүүлэхэд Н.М байхгүй байсан. Тухайн үед хоёулаа ярилцаж зөвлөлдсөн ...” гэж тус тус маргажээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11/ ... Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт  “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ” гэж тус тус заасан. 

Уг хэргийн тухайд,  маргаан бүхий захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх үед /Н.М, О.С нарыг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 6507000001 дугаарт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон/ хүчинтөгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомж болох Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009.06.25/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5.-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 5 дугаар зүйлийн 5.2. дахь хэсэгт “Улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтөлнө”, 5.3. дахь хэсэгт Иргэний улсын бүртгэл дараахь төрөлтэй байна: 5.3.2. гэрлэсний;

Иргэний бүртгэлийн тухай хууль /1999.10.14/-ийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт “Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах, иргэний хувийн нууцыг чандлан хамгаалах зарчмыг баримтална” 8 дугаар зүйлийн 8.3. дахь хэсэгт Иргэний бүртгэлийн ажилтан дараахь үүрэг хүлээнэ: 8.3.1.-д “бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах”, 8.3.2.-д “бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв хөтлөх, тайлан мэдээг нэгтгэж гаргах”, 11 дүгээр зүйлийн 11.2. Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл нь дараахь төрөлтэй байна: 11.2.2.-т “гэрлэлтийн”; 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсэгт “Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ”, 13.3. дахь хэсэгт “Иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна. Гэрлэхийг хүсэгчдийн хүсэлтээр насанд хүрсэн гэрч, төрөл садангийн хүнийг оролцуулж болно.”, 13.4. дэх хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хүрэлцэн ирж чадахгүй хүмүүс өөрсдөө хүсвэл тэдний гэрлэснийг иргэний бүртгэлийн ажилтан гэрт нь буюу өөр газар бүртгэж болно” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх заалтын агуулгыг тодруулбал, иргэний гэр бүлийн бүртгэл нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах, иргэний хувийн нууцыг чандлан хамгаалах зарчмын дагуу явагдах ба иргэний бүртгэлийн ажилтан нь бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв хөтлөх үүрэгтэй бөгөөд гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулах, хэрэв хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хүрэлцэн ирж чадахгүй хүмүүс өөрсдөө хүсвэл тэдний гэрлэснийг иргэний бүртгэлийн ажилтан гэрт нь буюу өөр газар бүртгэхээр зохицуулсан заалт юм.

Харин 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.3.-т  “хараат бус байх”, 4.1.4.-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5.-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна: 6.1.2.-т гэрлэсний;

 Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь иргэний улсын бүртгэл хөтлөх болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино”, 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт “Гэрлэхийг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлж, гэрлэсний бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ”, 7.1.1.-д “тус тусдаа гаргасан өргөдөл”, 7.1.2.-д “гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг”, 7.1.3.-т “Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний бичиг”, 7.6. дахь хэсэгт “Гэрлэсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна” гэж тус тус заажээ.

Маргаан бүхий энэ тохиолдолд,  хариуцагч А аймгийн Б сумын улсын бүртгэгч иргэн Н.М, иргэн О.Сг нарын гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгч нэг тал болох иргэн Н.М-г /өөрийн биеэр/ байлцуулалгүй, өргөдөл хүлээн авалгүй гэрлэлийн бүртгэл хийж, гэрчилгээ олгосон нь хууль бус байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... гэрлэлтийг бүртгэхэд нөхөр Н.М нь хөдөө морь уяж байгаа гээд ирээгүй, эхнэр О.С ганцаараа ирсэн ... гэрлэгчид хоёулаа ирж хүсэлт гаргасан тохиолдолд гэрлэлтийг бүртгэдэг ...” гэж мэдүүлсэн байх бөгөөд Ш овогт Н-н М, Б овогт О-н С нарыг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 6507000001 дугаарт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомжийн заалтыг зөрсөн гэж үзлээ. 

Иймд Ш овогтой Н-н М-г Б овогт О-н С-тэй гэрлэсэн гэж 6507000001 дугаарт бичсэн бүртгэлийг болон гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1. 106.3.12. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш овогтой Н-н М-г Б овогт О-н С-тэй гэрлэсэн гэж 6507000001 дугаарт бичсэн бүртгэлийг болон гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Б сумын улсын бүртгэгч /Д.У/-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ