Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0423

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Урантуул, Б.Сувд-Эрдэнэ, Б.Лувсандорж нар

Нэхэмжлэгч: “О” ХХК

Хариуцагч: Гаалийн төв лаборатори

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн төв лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0120003682 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 244

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчйн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В, Г, Д нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0805/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК-аас Гаалийн төв лабораторит холбогдуулан “Гаалийн төв лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0120003682 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр: Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн (а), 3 дугаар зүйлийн 1-ийн (а), (ii), Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн төв лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02120003682 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

3.1. Шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 1.1-д “Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/300 дугаар тушаалаар батлагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ын 22 дугаар бүлэг нь “Согтууруулах болон согтууруулах бус ундаа, цуу” нэртэй, 2207 дугаартай зүйл нь “80 хувь эсвэл түүнээс дээш хатуулагтай этилийн хувилаагүй спирт” нэртэй, 2207.20 дугаартай мөр нь “Ямар ч хатуулагтай байж болох этилийн хувилсан спирт болон хувилсан бусад спирт” нэртэй, 2207.20.10 дугаартай үндэсний код нь “Судалгаа шинжилгээний зориулалттай этилийн спирт” нэртэй, 2207.20.20 дугаартай код нь “бусад” гэсэн нэртэй байна” гэжээ.

3.2. Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/300 дугаар тушаалаар батлагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ын 22.07 дугаар зүйл нь “80 хувь эсвэл түүнээс дээш хатуулагтай байж болох этилийн хувилаагүй спирт; ямар ч хатуулагтай байж болох хувилсан спирт болон бусад спирт” гэсэн гарчигтай байгааг орхигдуулан шийдвэрийг гаргасан нь Уялдуулсан системийн 1 дүгээр тайлбар дүрмийн заалтыг зөрчсөн дүгнэлт болжээ.

3.3. Шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 1.2-т “Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэм”-ийн 2 зүйлийн (Ь)-д “Аливаа зүйлд дурдагдах материал, бодистой холбоотой заалт нь тухайн бодисыг өөр материал, бодистой хольсон хольц, нэгдэл мөн адил хамаарна. Тодорхой нэг материал буюу бодисоор бүхэлдээ буюу хэсэгчлэн хийгдсэн бараа бүтээгдэхүүнд нэгэн адил хамаарна. Нэгээс дээш тооны материал буюу бодисоор хийгдсэн бараа, бүтээгдэхүүнийг 3 дугаар дүрмийн зарчмыг баримтлан ангилна” гэжээ.

-“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” Олон Улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн (а)-д “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан

-“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” Олон Улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн (а)-д “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (цаашид Уялдуулсан систем гэх) гэж энэхүү конвенцид хавсаргасан зүйл болон мөр, мөн тэдгээрийн тоон код, хэсэг, бүлэг, мөрийн тайлбар бүхий жагсаалт болон Уялдуулсан системийн тайлбар дүрмийг хэлнэ” гэж заасан байдаг.

3.4. Монгол улс нь конвенцийн хэлэлцэн тохирогч талын хувьд барааг ангилахдаа Уялдуулсан системийн тайлбар дүрмийг баримтлах үүрэгтэй. Тайлбар дүрмийн 1-д “Хэсэг, бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа баримжаа болно. Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурдах дүрмийн заалтыг баримтална” гэж заасан байдаг.

3.5. Гэтэл шийдвэрийн үндэслэлд хууль ёсны ангилал болох зүйл 22.07-гийн гарчигт “80 хувь эсвэл түүнээс дээш хатуулагтай байж болох этилийн хувилаагүй спирт; ямар ч хатуулагтай байж болох этилийн хувилсан спирт болон бусад спирт” гэж тодорхой заасан байхад Уялдуулсан системийн 2 дугаар тайлбар дүрмийн (Ь) заалтын дагуу ангилна гэж шийдвэрлэсэн нь 1 дүгээр тайлбар дүрмийн “эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурдах дүрмийн заалтыг баримтална” гэсэн заалтыг зөрчиж байна.

3.6. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.а-д “Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурдах дүрмийн заалтыг баримтална” гэсэн хэсгийн “болон” гэсэн холбоос нь маргааны тохиолдолд 2207 зүйлийн гарчиг нь хүнсний бэлэн бүтээгдэхүүн гэсэн IV хэсэг болон согтууруулах ундаа гэсэн 22 дугаар бүлгийн тайлбартай хамтдаа буюу уялдсан байдлаар тайлбарлагдаж барааны ангиллыг тодорхойлохоор байх тул нэхэмжлэгч талын “...химийн бодис байхад хүнсний бүтээгдэхүүн ангилалд оруулахаар дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна” гэжээ.

3.7. Олон Улсын худалдаанд нийлүүлэгдэж байгаа барааг энэхүү жагсаалтын дагуу системчлэн ангилдаг. Жагсаалт нь бараа бүтээгдэхүүнийг төрөл, зүйлээр нь товчхон нэрлэсэн хэсэг, бүлэг, дэд бүлгүүдэд хувааж бүлэглэсэн.

3.8. Гэхдээ хэсэг, бүлгийн гарчигт тэр бүр тодорхойлон тусгах боломжгүй нэлээд олон төрөл, тооны бараа бүтээгдэхүүн ангилагдсан байдаг. Ийм учраас хэсэг, бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа, баримжаа болох тухай 1 дүгээр дүрэмд зааж байна. Энэ нь хууль ёсны ангилал биш юм. Хууль ёсны ангиллын тухай дүрмийн хоёр дахь хэсэгт заасан. Үүнд: зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбар зүйлийн гарчиг болон тайлбарт өөрөөр заагаагүй бол 2, 3, 4 болон 5 дугаар дүрмийн аль тохирох заалтыг баримтална. “Зүйлийн гарчиг болон тайлбаруудад өөрөөр заагаагүй бол” гэсэн илэрхийлэл нь аливаа бараа бүтээгдэхүүнийг ангилахад зүйлийн гарчиг болон хэсэг бүлгийн тайлбар нь тэргүүн зэргийн ач холбогдолтойг тодорхойлж, эдгээрийг юуны түрүүнд анхаарч үзэх ёстойг тодруулсан заалт юм.

3.9. Гэтэл дээр дурдсан шийдвэрийн үндэслэлд “маргааны тохиолдолд 2207 зүйлийн гарчиг нь хүнсний бэлэн бүтээгдэхүүн гэсэн IV хэсэг болон согтууруулах ундаа гэсэн 22 дугаар бүлгийн тайлбартай хамтдаа буюу уялдсан байдлаар тайлбарлагдаж барааны ангиллыг тодорхойлохоор байх” гэсэн нь IV хэсэг болон 22 дугаар бүлгийн гарчгийг “тайлбар" гэж буруу дүгнэлт гаргажээ. IV хэсэг нь “Хүнсний бэлэн бүтээгдэхүүн; согтууруулах болон согтууруулах бус ундаа, цуу; тамхи болон тамхи орлуулагч”, 22 дугаар бүлэг нь “Согтууруулах болон согтууруулах бус ундаа” гэсэн гарчигтай буюу 1 дүгээр дүрмийн дагуу хэсэг, бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа, баримжаа юм. Харин 1 дүгээр дүрэмд заасан “холбогдох хэсэг, бүлгийн тайлбар” гэдэг нь 22 дугаар бүлгийн ерөнхий тайлбарын “Энэ бүлэгт хамаарах бүтээгдэхүүнүүд нь жагсаалтын өмнөх бүлгүүдэд заасан хүнсний бүтээгдэхүүнүүдээс нэлээд ялгаатай. Эдгээр бүтээгдэхүүнийг 4 үндсэн бүлэг болгон хуваадаг.

(А) Ус болон бусад төрлийн согтууруулах бус ундаа, мөс;

(В) Исгэх аргаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаа (шар айраг, дарс, алимны иссэн шүүс г.м);

(С) Архи, спиртлэг ундаа (ликёр, спирт г.м), тэдгээрт үндэслэн бэлдсэн нийлмэл найрлагатай спиртлэг бүтээгдэхүүн, этилийн спирт;

(О) “Цуу, цуу орлуулагч” гэсний (С) тайлбарт “этилийн спирт” энэ бүлэгт хамаарах талаар тодорхой заасан байна.

3.10. Мөн “О” ХХК-ийн бараагаа мэдүүлсэн зүйл 38.14-ийн гарчигт “бусад газар заагдаагүй эсвэл, ороогүй, органик нийлмэл уусгагч болон шингэрүүлэгч; будаг буюу лак арилгагч”, зүйл 38.14-ийн хамаарахгүй тайлбарын (а)-д “Химийн хувьд тодорхойлогдсон, цэвэр дан уусгагч буюу шингэрүүлэгч нэгдлүүд, хэдийгээр уусгагч, шингэрүүлэгч болгон хэрэглэдэг, нийлмэл найрлагатай ч жагсаалтын өөр бусад зүйлүүдэд заасан бүтээгдэхүүнүүд” гэсэн тайлбар,

29 дүгээр бүлгийн хамаарахгүй тайлбарын 2 (Ь) заалтад “Этилийн спирт (Зүйл 22.07 эсвэл 22 08)” гэж заасан нь тус компанийн мэдүүлсэн бараа нь зүйл 38.14-д ангилагдахгүй болохыг нотолж байна.

3.11. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д “...гэж тус тус зааснаас үзвэл, маргаан бүхий акт нь эрх зүйн үйлчлэлгүй буюу хэм хэмжээний актын хэвлэгдээгүй зохицуулалтыг үндэслэж гарсан байх тул захиргааны илт хууль бус актын шинжтэй, утга агуулгын илэрхий алдаатай акт болжээ” гэжээ.

3.12. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/226 дугаар тушаалаар “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам” Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн нэгдсэн санд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4514 дүгээрт бүртгэгдсэн байхад эрх зүйн үйлчлэлгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

3.13. Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:, захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох”, мөн зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасныг зөрчсөн.

3.14. Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батална” гэж заасны дагуу Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 68 дугаар тогтоолоор “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт”-ын 2 дахь заалтын “Бүх төрлийн спирт” гэснийг “Судалгаа, шинжилгээний зориулалттайгаас бусад этилийн спирт” гэж, Засгийн газрын 2001 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодолсон жагсаалт, журам батлах тухай” 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад

“Судалгаа, шинжилгээний зориулалттайгаас бусад, 80 хувь эсвэл түүнээс дээш хатуулагтай этилийн хувилаагүй спирт

Судалгаа, шинжилгээний зориулалттайгаас бусад, 80 хувиас бага хатуулагтай этилийн хувилаагүй спирт

Судалгаа, шинжилгээний зориулалттайгаас бусад, ямар ч хатуулагтай байж болох этилийн хувилсан спирт”-ийг Монгол Улсын хилээр оруулахыг хориглосон байдаг.

3.15. Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3582 дугаарт бүртгэгдсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэндийн, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын 854 дүгээр багананд “этанол, этилийн спирт” нь химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан байдаг.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, “Орд констракшн" ХХК- ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.

2. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтээр “О” ХХК-ийн БНСУ-аас импортолсон будаг шингэлэгч шингэн болох “THINNER 002” гэх бүтээгдэхүүнийг 99 хувийн хатуулагтай, этилийн спиртийн найрлагатай, 2207.20.90 /”9” тоо гараар засварлаж бичсэн/ БТКУС-ийн ангиллын кодод хамаарахаар байна гэж дүгнэснийг нэхэмжлэгч “О” ХХК-аас эс зөвшөөрч уг дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгчээс – Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн жагсаалтад байхгүй 2207.20.00, 2207.20.90 кодоор кодолсон 2 дүгнэлт гаргасан,

- дээж авах журамд заасныг зөрчиж, 5 л-ээс бага савлагаатай бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулсан,

-  Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай конвенцын 1 бараа, 1 кодтой байх зарчмыг алдагдуулж, олон улсын худалдааны стандарт ангилалд органик химийн бүтээгдэхүүний ангилалд хамаардаг будаг шингэрүүлэгчийг хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамааруулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргажээ.

4. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “О” ХХК нь БНСУ-ын “S” компанийн албан ёсны борлуулагч байх бөгөөд 2002 оноос тус компанийн бүтээгдэхүүнийг импортолж ирсэн байна. Тус компаниас 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 022101006-201036966R тоот гаалийн мэдүүлгээр 90 лааз буюу 90 л будаг шингэлэгч “THINNER 002” гэх бүтээгдэхүүнийг өмнө мэдүүлж байсан 3814.00.00 кодоор мэдүүлжээ.

5. Гэтэл гаалийн улсын байцаагч Б.Ариунсайхан уг бүтээгдэхүүнийг магадлан шинжилгээнд явуулж, 0120003682 дугаар дүгнэлтээр “этилийн спирт тул барааны кодыг 2207.20.90” гэж тодорхойлж, улмаар хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүтээгдэхүүнд хамруулах үр дагавар үүсгэжээ.

6. Нэхэмжлэгчээс бүтээгдэхүүний орц болон найрлагын хувьд маргаагүй, харин тус бүтээгдэхүүнийг нано технологиор үйлдвэрлэсэн, ундны усны хэрэглээний аюулгүй байдлыг хангах эко будгийн эко шингэлэгч юм. Уг шингэлэгч нь байгаль орчинд ээлтэй, уусгагчгүй будаг болох Superpoxy 500, Nanopoxy 500 будгийн шингэлэгч бөгөөд ундны усны төмөр болон бетон сав нөөцлүүр, зэрэг ахуйн савны дотор ханын будгийн шингэлэгч, этанол суурьтай шингэлэгчийг уусдаггүй суурьтай будганд зориулан тусгайлан бүтээсэн, өөр зүйлд ашиглах боломжгүй, зөвхөн будаг шингэлэх зориулалтаар ашиглах талаар баталгаа ирүүлсэн баримтууд байхад хориглосон барааны жагсаалт руу оруулсан дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байна.

7. Нэхэмжлэгчийн импортоор оруулж ирсэн “THINNER 002” хэмээх будаг шингэлэгчийг “Superpoxy 500” сайжруулсан эпокси түрхлэгийн техникийн үзүүлэлтэд шингэлэгч болгон ашиглахаар заасан, мөн үйлдвэрлэгчээс “Хор аюулын лавлах мэдээлэл”-д 91-100 хувийн этанолын найрлагатай CAS 64-17-5 дугаараар бүртгэгдсэн, Монгол Улсад уг химийн бодисыг олон улсын ангилалд нийцүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 854-т олон улсын нэршил нь “ethanol” нэрээр CAS 64-17-5 дугаартай бүртгэгдсэн,

мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06/7838 дугаар албан бичгээр Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн мэдээлэлд “...”О” ХХК-д олгосон 0001613 тоот химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөлд будаг шингэлэх зориулалтаар ашиглах “Этилийн спирт /ethanol CAS 64-17-5/-ийн үндсэн агуулгатай, шингэлэгч ТН 002” гэх химийн бодисыг импортлон худалдахыг зөвшөөрсөн.

8. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2016 онд батлагдсан тус компанийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд энэхүү бодисыг барилгын будаг, цавуу, лак, эмульс шингэлэгчүүдийн жагсаалтад оруулсан, мөн тус химийн бодисын хор аюулын лавлах мэдээллээс харахад БНСУ-ын Samhua paints хэмээх будаг үйлдвэрлэдэг компанид үйлдвэрлэгдсэн, үндсэн химийн найрлага нь 91-100 хувьтай этилийн спирт агуулж болох будаг шингэлэгч нэртэй бүтээгдэхүүн байсан тул холбогдох хууль журмын дагуу будаг шингэлэгчийн зориулалтаар импортлох худалдах тусгай зөвшөөрөл олгосон.” гэж дурдсанаас үзэхэд Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай конвенцын 1 бараа, 1 кодтой байх зарчимтай нийцээгүй, олон улсын худалдааны стандарт ангилалд органик химийн бүтээгдэхүүний ангилалд хамаардаг будаг шингэрүүлэгчийг хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамааруулсан нь үндэслэлгүй, мөн анхан шатны шүүхийн “хариуцагч захиргааны байгууллага нь магадлан шинжилгээний дүгнэлтээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн БНСУ-аас импортолсон “ТН002” бүтээгдэхүүний гол найрлагыг үндэслэж уялдуулсан системийн 22 дугаар бүлгийн 2207 зүйлийн 20 дугаар мөрний “бусад” гэсэн 90 дэх ангилалд хамаарах этилийн спирт байх тул мэдүүлсэн барааны ангиллын код зөрүүтэй гэж дүгнэсэн нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцоор хүлээсэн “уялдуулсан системийн тайлбар дүрэм, бүх хэсэг, зүйл, мөрийн тайлбарыг хэрэглэх бөгөөд уялдуулсан системийн хэсэг, бүлэг, зүйл, эсхүл мөрний үйлчлэх хүрээг өөрчлөхгүй байх гэсэнд нийцээгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

9. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/226 дугаар тушаалаар батлагдсан “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын Тавдугаар бүлэгт “Магадлан шинжилгээг хийж, дүгнэлт гаргах дэс дараалал”-ыг нарийвчлан журамласан байх бөгөөд уг журмын 5.3-т “нэг магадлан шинжилгээ хийх тухай шийдвэрт 2 буюу түүнээс дээш шинжээч-гаалийн улсын байцаагчийг томилох тохиолдолд лабораторийн дарга нэмэлтээр томилно.”, 5.6-д “Шинжээч-гаалийн улсын байцаагчийн лабораторийн CAIS программаар илгээсэн магадлан шинжилгээний үр дүн болон барааны ангиллын код тодорхойлсон урьдчилсан дүгнэлтийг ахлах шинжээч-гаалийн улсын ахлах байцаагч лабораторийн дүгнэлтийн CAIS программаар хянаж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гаалийн лабораторийн даргад баталгаажуулахаар илгээнэ. Энэ тохиолдолд лабораторийн дүгнэлт CAIS программын “хянагдсан төлөв”-т шилжинэ.”, 5.9-д “...Магадлан шинжилгээний дүгнэлтийг хувийн тэмдгээр баталгаажуулж, ахлах шинжээч-гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн лабораторийн даргаар гарын үсэг зуруулж, лабораторийн тэмдгээр баталгаажуулна” гэж заасан байх бөгөөд маргааны тохиолдолд ахлах шинжээч-гаалийн улсын байцаагч нь 5.6-д зааснаар урьдчилсан дүгнэлтийг хянаж, хүлээн зөвшөөрсөн нөхцөлд баталгаажуулахаар байхад ахлах шинжээч дүгнэлт гаргахад оролцоогүй буюу барааны ангиллын код тодорхойлсон урьдчилсан дүгнэлтийг хянаагүй, 5.9-д зааснаар мөн ахлах шинжээч дүгнэлтэд гарын үсэг зураагүй нь маргаан бүхий дүгнэлтийг дээрх журмын дагуу гаргаагүй, хянаж, шалгагдсан гэж үзэхээргүй, мөн маргаан бүхий дүгнэлтэд бичигдсэн ангиллын кодыг гараар зассан байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

10. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 252 дугаар зүйлийн 252.1, 252.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Гаалийн төв лабораторийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0120003682 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т  заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР          

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ