| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 102/2016/00197/И |
| Дугаар | 182/шш2017/00197 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 182/шш2017/00197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: "ШТ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: АМГТГ,
Хамтран хариуцагч: ОБЕГт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53 767 476 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, С.Ш, Л.Т, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ШТ” ХХК нэхэмжлэлдээ: Манай компани нь ОБЕГ, Газрын тосны газартай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх” 121-19 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т ”... худалдан авагч нь нийт төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буюу гэрээ хэрэгжих хугацаанд багтаан бүрэн төлж барагдуулна. Худалдан авагчийн худалдан борлуулж ОБЕГын төсвийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансад төвлөрүүлэх дүн нь НӨАТ орсон үнэ байх бөгөөд худалдагч тал НӨАТ төлөгч бус учир худалдан авагчид НӨАТатвараас хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТ-ыг хасаж төвлөрүүлнэ ...” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй байдлаас шалтгаалан манай компани нь 53 767 476 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын өртэй байна. 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх” гэрээний дагуу үүссэн НӨАТ-ын өр болох 53 767 476 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “ШТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай компани нь ОБЕГ болон Газрын тосны газартай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх” 121-19 тоот гэрээ байгуулсан.
Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т ”... худалдан авагч нь нийт төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буюу гэрээ хэрэгжих хугацаанд багтаан бүрэн төлж барагдуулна. Худалдан авагчийн худалдан борлуулж ОБЕГын төвлөрсөн төрийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд төвлөрүүлэх дүн нь НӨАТ орсон үнэ байх бөгөөд худалдагч тал НӨАТ төлөгч бус учир худалдан авагчид НӨАТатвараас хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТ-ыг хасаж төвлөрүүлнэ ...” гэж заасны дагуу худалдагч тал нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт, хөнгөлөлтэй холбоотой баримт, бичгийг худалдагч тал гаргаж өгөхөөр тохирсон. Дээрх гэрээний заалт хэрэгжээгүйгээс 53 767 476 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөө авч чадаагүй ба нэмэгдсэн өртөгийн албан татварт 53 767 476 төгрөгийг төлсөн.
Хариуцагч тад гэрээний 4.2-т заасан заалтыг биелүүлээгүй гэж үзэж байна. “ШТ” ХХК нь гэрээгээр тохиролцсон шатахууныг хүлээн авч, шатахууны төлбөрт 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 582 985 689 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 8 456 543 төгрөг нийт 591 442 241 төгрөг /НӨАТ орсон/-ийг тус тус шилжүүлсэн. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дах заалтаар “Худалдагч НӨАТ төлөгч бус учир худалдан авагчид НӨАТатвараас хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТ-ыг хасаж төвлөрүүлнэ ...” гэж заасны дагуу худалдагч тал нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт, хөнгөлөлтэй холбоотой баримт, бичгийг худалдагч тал гаргаж өгөхөөр тохирсон боловч, ОБЕГ, АМГТГ манайд татварын буцаан олголт хөнгөлөлттэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, улмаар шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх боломжгүй гэсэн хариу удаа дараа өгсөн.
Энэ талаар ОБЕГ, АМГТГ Сангийн яам зэрэг холбогдох газруудтай хандсан боловч дорвитой шийдвэр гаргаагүй тул шүүхэд хандсан. “ШТ” ХХК нь худалдан авсан шатахууны үнэ /НӨАТ орсон үнийн дүн/-д 591 442 241 төгрөг 35 мөнгийг ОБЕГын Төв төрийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын 900031005 тоот дансанд шилжүүлсэн. Иймд хариуцагч ОБЕГаас илүү төлсөн /НӨАТ/ 53 767 476 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч АМГТГ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар тогтоол, 10 дугаар сарын 27-ны өдрийн 111 дүгээр тогтоол, Монгол Улсын шадар сайд, Уул уурхайн сайдын хамтарсан 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34/57 тоот тушаалын дагуу Газрын тосны газар нь ОБЕГ, “ШТ” ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх” гэрээг харилцан тохиролцож байгуулсан.
Гэрээний дагуу “ШТ” ХХК-д 303.4 тн автобензин, дизелийн түлшийг тухайн үеийн жижиглэн худалдаалах үнээр худалдан, борлуулалтын орлого нийт 591 442 241 төгрөг /НӨАТ-тай үнэ/-ийг ОБЕГын Төв төрийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд төвлөрүүлсэн болно. Гэвч тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Газрын тосны газар НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй гэдэг шалтгааны улмаас “ШТ” ХХК нь улсын нөөцийг сэлгэн нөхөн бүрдүүлэх үүрэгтэйгээр 2013 онд хүлээн авсан 700.0 тн АИ-92 авто бензинээс 64,5 тн-ыг нь НӨАТ-ын үнэ болох 53 767 476 төгрөгийн барьцаанд авч, маргаан үүсгэж байсан.
Газрын тосны газар, ОБЕГ нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш тул НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтын талаар Сангийн яам, Уул уурхайн яам, Татварын ерөнхий газар /хуучин нэрээр/ хандсан боловч өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй байна. Харин улсын нөөцөөс худалдаж байгаа шатахууныг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг Засгийн газарт хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн гэжээ.
Хариуцагч АМГТГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Төмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар тогтоол, 10 дугаар сарын 27-ны өдрийн 111 дүгээр тогтоол, Монгол Улсын шадар сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалыг биелүүлсэн. Гэрээнд заасны дагуу “ШТ” ХХК-д улсын нөөцөөс шатахуун нийлүүлэхдээ тухайн үеийн жижиглэн худалдах үнээр борлуулахаар тохиролцсон. Гэрээний НӨАТ-н хувьд ОБЕГын гэрээний загварын дагуу гэрээ хийгдсэн. Манайх НӨАТ төлөгч биш тул төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч АМГТГын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэ-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдагч тал ОБЕГын төв төрийн сангийн дансанд төлбөрийг шилжүүлэхдээ НӨАТ-ын үнэ 53 767 476 төгрөгийг хасаж тооцон шилжүүлэх боломжтой байсан. Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “... Худалдагч нь худалдан авагчид НӨАТ-аас хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТ-ыг хасаж төвлөрүүлнэ ...” гэж заасан байна. АМГТГ нь НӨАТ төлөгч байгууллага биш тул нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч ОБЕГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхээр ОБЕГ, Газрын тосны газар нь “ШТ” ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх гэрээг харилцан тохиролцож байгуулсан. ОБЕГ нь дээрх гэрээнд заасны дагуу худалдагч тал хэдий ч шатахууныг борлуулах ажиллагаанд оролцоогүй, улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд уг мөнгө орж ирээгүй, шатахуун борлуулалтаас нөөц бүрдүүлсэн 1.5 тэрбум төгрөгийн 836 тн шатахууныг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 255 дугаар тогтоолын дагуу ОБЕГаас Газрын тосны газарт бүрэн шилжүүлж өгсөн.
ОБЕГ нь аль нэг аж ахуйн нэгж байгууллагыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, эсвэл хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгдөг эрх бүхий байгууллага биш тул шийдвэр гаргасан хуулийн этгээдийг хариуцагчаар татаж, ОБЕГт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ОБЕГын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Анх Засгийн газрын Эрсдлийн сангийн төсөв хөрөнгөөр Уул уурхайн яам шатахууны нөөц бүрдүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Газрын тосны газар нь ОБЕГт хандаж, уг нөөцөд байгаа шатахууныг зарж борлуулахаар болсон. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 111 дүгээр тогтоол гарсан. Уул уурхайн яамны багцаас зарцуулсан шатахуун байгаа бөгөөд улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан 1,5 тэрбум төгрөгийг тус газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, улсын төсөвт оруулсан. Мөн Газрын тосны газар хариуцаж, тодорхой хэмжээний /8,2 мянган тонн/ шатахуунаа борлуулсан ба энэ борлуулах ажилд ОБЕГ оролцоогүй. Шатахуун борлуулсан орлогоо ОБЕГын дансанд төвлөрүүлж ... уг мөнгөөр буцаан шатахуун авч, шатахуунаа Газрын тосны газарт өгсөн. Тухайн үед газрын тосны газарт шатахуун худалдан борлуулах хууль эрх зүйн орчин байхгүй байсан учраас ОБЕГын худалдан борлуулах эрхийг нь ашиглаж, гэрээ хэлэлцээр хийсэн.
Улсын нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “... Стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх ажлыг Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна” гэж заасан байдаг. Иймд ОБЕГтай хамтарч, Газрын тосны газар улсын нөөцийн шатахуун худалдсан гэв.
Хариуцагч ОБЕГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Газрын тосны газар өөрсдөө бүрдүүлсэн нөөцөө борлуулахын тулд ОБЕГт хүсэлт тавьсаны үндсэн дээр гэрээний нэг тал болж хамтран оролцсон. ОБЕГын гэрээний загварыг гаргасан ба манайхаас гарах боломжгүй. Энэ гэрээний загвар бол Газрын тосны газрын гэрээний загвар юм. Нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөхтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлэн өгөх боломжгүй. Манайх НӨАТ төлөгч байгууллага биш тул энэ төлбөрийг хариуцахгүй. Газрын тосны газар нь улсын нөөцийн бүтээгдэхүүнийг актаар хүлээлгэн өгсөн байдаг. Иймд ОБЕГ нь хариуцагч биш тул тус газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ШТ” ХХК нь хариуцагч АМГТГ, ОБЕГ холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53 767 476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
Хариуцагч АМГТГын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... АМГТГ НӨАТ төлөгч байгууллага биш тул нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж,
Хариуцагч ОБЕГын итгэмжлэгдсэн төлөөлөгч “... манайх НӨАТ төлөгч байгууллага биш тул энэ төлбөрийг хариуцахгүй. Хариуцагч АМГТГ нь улсын нөөцийн бүтээгдэхүүнийг актаар хүлээлгэн өгсөн. ОБЕГ нь хариуцагч биш ...” гэж тус тус маргаж байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.
Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.
Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 121-19 дугаартай “газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулах” тухай гэрээгээр АМГТГ, ОБЕГ нь 106,474,31кг бүхий Аи-92 маркийн авто бензин, 196,905,85 кг бүхий дизел түлш буюу нийт 591 442 241 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах, “Шунхлай трейд” ХХК нь худалдан авсан шатахууны үнэ болох 591 442 241,35 төгрөгийг төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ, улсын нөөцийн бүтээгдэхүүн хүлээлцсэн акт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 8-18, 31-33 тал/
Талууд хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний зүйл нь газрын тосны бүтээгдэхүүний нөөц байх ба үнийг нь 591 442 241 /НӨАТ-ын үнэ орно/ төгрөг байхаар тохиролцжээ. /х.х-ийн 27-30 тал/
Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу “ШТ” ХХК нь нийлүүлсэн шатахууны үнэд 591 442 241 төгрөг /НӨАТ орсон үнэ/-ийг шилжүүлсэн байх бөгөөд энэ шатахууны үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар орсон талаар зохигчид маргаагүй болно.
Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “... худалдан авагч нь нийт төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буюу гэрээ хэрэгжих хугацаан багтаан бүрэн төлж барагдуулна. Худалдан авагчийн худалдан борлуулж ОБЕГын төв төрийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд төвлөрүүлэх дүн нь НӨАТ орсон үнэ байх бөгөөд худалдагч тал НӨАТ төлөгч бус учир худалдан авагчид НӨАТатвараас хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТ-ыг хасаж төвлөрүүлнэ ...” гэж талууд өөрсдөө тохиролцсон байх тул гэрээний зүйлийн үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар буюу 53 767 476 төгрөг нэмэгдэж, худалдагч тал нь төлөх үүрэгт хүлээжээ.
Зохигчид гэрээгээр гэрээний гол нөхцөл болох үнийг тодорхойлсон байх бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу шатахууныг нийлүүлж, нэхэмжлэгч шатахууны үнэд буюу төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 582 985 689 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 8 456 543 төгрөг нийт 591 442 241 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад заасан төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа мэдэгдэж, талууд тооцоо нийлсэн актаар баталгаажуулж байсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 62-63, 138 тал/
Худалдах, худалдан авах гэрээний үнэд шатахууны үнэ болон нэмэгдсэн албан татвар /НӨАТ/ тус тус багтахаар харилцан тохиролцсон байх тул энэ нөхцлийг “гэрээний үнэ буюу худалдан авагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээ” гэж тодорхойлох нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэх бөгөөд талуудын тохиролцоо нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигчид худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох үнийг тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.
Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газар, АМГТГ нь худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “... худалдагч тал нь худалдан авагч талд НӨАТ-с хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүн 591 442 241 төгрөгөөс НӨАТ болох 53 767 476 төгрөгийг хасаж тооцох”-оор тохиролцсон байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “Шунхлхай трейдинг” ХХК нь НӨАТ-д тооцож шилжүүлсэн 53 767 476 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
Хариуцагч ОБЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар нь тухайн гэрээнд гэрээний нэг /худалдагч/ тал болж оролцсон, гэрээнд гарын үсэг зурсан, тэдний хүсэл зоригоос гадуур гэрээ хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.11, 243 дугаар зүйлийн 243.3-д зааснаар хариуцагч ОБЕГ, АМГТГ хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх тул хамтран хүлээх үүргээс хэн алиныг нь чөлөөлөх боломжгүй байна.
Иймд хариуцагч ОБЕГ, АМГТГаас 53 767 476 төгрөгийг /хувь тэнцүүлэн/ гаргуулж “ШТ” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Онцгой байдлын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газраас 53 767 476 /тавин гурван сая долоон зуун жаран долоон мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч “ШТ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ШТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 788 төгрөгийг улсын төсвийн дансад хэвээр үлдээж, хариуцагч АМГТГ, ОБЕГаас 426 788 төгрөг /хувь тэнцүүлэн/-ийг гаргуулж, нэхэмжлэгч “ШТ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ