Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 828

 

 

 

 

 

2020        09         15                                  2020/ШЦТ/828       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч И.Мөнхцэцэг

Иргэдийн төлөөлөгч М.Намуун                       

Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гд холбогдох эрүүгийн 2009016000936 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг 10-9 тоотод оршин суух, урьд:

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүилийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны №647 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №659 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төргөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Т.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ахмадын 902 дугаар байрны 74 тоотод хохирогч М.Ариунбаяртай маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл болох отвёрткаар хатгаж, эрүүл мэндэд нь нарийн гэдэсний хананд хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009016000936 дугаартай хэргээс:

 

Хохирогч М.Ариунбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг орчим найз Батхишигийнд найз Ганзүрхийн хамт очсон. Гэрт нь 1 шил архи уусан. Найз Ганзүрх нь надад хандаж “архи их бага хийлээ” гэж надтай маргалдсан. Ганзүрх нь намайг шалан дээр унагааж миний дээр гарч суугаад 3-4 удаа баруун зүүн гараараа цохиод байсан. Би уурандаа балконы тавиур дээр байсан тамхины савыг авч хагалаад найз Ганзүрх рүү дайрах гэхэд найз Батхишиг нь миний байсан хагалсан шилийг булаан авсан. Би дахин гал тогооны шургуулганд байсан жижиг хайчийг авахад найз Ганзүрх болон Батхишиг нар нь миний гарнаас хайчийг булаан авсан. Тэр үед найз Батхишиг найз Ганзүрх болон бид хоёрыг “гэрээс гар” хэмээн хаалгаар түлхэж гаргасан. Хаалгаар гарахад миний хэвлийн тус газраас цус гарч байсан. Би найз Ганзүрх рүү баруун гарт нь отвёртка байсан. Миний хэвлий хэсгээс цус гараад байсан учир би хаалга гаднаас нүдэхэд найз Батхишиг “яах гээд байгаа юм бэ” гээд хаалга тайлж өгсөн. Би найз Батхишигт хандаж “миний гэдэс рүү хатгачихлаа, эмч цагдаа дууд” гэж хэлсэн. Тэр үед Ганзүрх коридороос буцаж цуг орж ирсэн. Ганзүрх нь хохирлыг төлж барагдуулсан тул надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-27 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг болж байхад Ариунбаяр нь надтай холбогдож миний байгаа газар ирсэн. Бид хоёр ярилцаад Батхишигийн гэрт очихоор явцгаасан. Батхишигийн гэрт очихоосоо өмнө хүнсний дэлгүүрээс Хараа нэртэй 0.75 литрийн архи аваад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын 902 дугаар байрны 74 тоотод Ариунбаярын хамт орсон. Батхишиг гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид гурав нөгөө хараа нэртэй архиа хувааж ууцгаасан. Ариунбаяртай юм ярьж байхдаа Ариунбаярыг “хуц, пизда” гэх мэтээр харааж хэрүүл хийсэн. Ариунбаяр сууж байсан газраасаа босоод ширээн дээр байсан улаан иштэй маслын хутга баруун гартаа авч “ална шүү” гэж хэлээд над руу дайрахаар нь би хутгыг нь булаан авч зүүн хацар руу нь гараараа алгадаж байхдаа “одоо чи боль, сэрээч” гэж хэлсэн. Удахгүй Батхишиг бид хоёрыг гэрээсээ гар хэмээн гэрийн үүд хэсэгт авчраад хаалгаар түлхээд байсан. Би гартаа барьж байсан отвёрткаар Ариунбаярын хэвлий хэсэгт нэг удаа хатгасан. Намайг хатгах үед Ариунбаяр мэдээгүй байх. Ариунбаяртай хоёулаа коридорт гараад ноцолдож байхад миний өмсөж байсан шорт цус болсон байсан. Ариубаярын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар үйлдсэн гар схем зураг, Гэрэл зургийн үзүүлтүүд  /хх-ийн 15-19 дугаар хуудас/,

 

Гэрч С.Батхишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Намайг гэртээ байхад орой 17 цагт хаалга тогшсон. Хаалгаа тайлтал цэргийн найз Ганзүрх, өнгөрсөн жил танилцсан зүс таних Ариука нар уучихсан байдалтай ирсэн. Манай байж байснаа Ариунбаяр “надад 10000 төгрөг байгаа дэлгүүр гарчихаад ирье” гэхээр нь “пиво аваарай” гэтэл “үгүй би 0.5 литрийн ерөөл авна” гээд гарсан. Буцаж орж ирэхдээ 0,75 ерөөл аваад орж ирсэн. Тэгсэн Ганзүрх “чамд илүү мөнгө байсан байна” гэж байсан. Авсан архиа бид 3 хувааж уусан. Архиа ууж байхдаа хоорондоо тоглоом шоглоом хийж бие биенээ өдөөд байсан. Ганзүрх буйдангийн доор хэвтэж байтал Ариунбаяр нь балкон руу тамхи татах гээд гарахдаа Ганзүрхийг “хөлөө ав” гэсэн. Гэнэт хоорондоо ноцолдоод эхэлсэн. Ганзүрх Ариунбаярын дээр гарсан алгадаад байсан. Тэгсэн гэнэт Ариунбаяр шаралхаад “би чамайг хутгална” гээд муудалцаж байснаа босоод гал тогооны хэсгээс Ганзүрх отверик авсан. Ариунбаяр хайч авчихсан хоорондоо ноцолдоод байхаар нь тэр хоёрыг түлхсээр байгаад гэрийнхээ хаалгаар гаргаад араас нь гутал түлхүүр зэргийг нь аваад шидчихсэн. Тэгээд шууд хаалгаа түгжсэн. Гадаа гараад хоорондоо муудалцаад байсан. Хаалга чанга тогшоод байхаар нь тоохгүй байсан чинь Ариунбаяр “цамцаа авъя, пизда минь” гээд байхаар нь цамцыг нь аваад хаалгаа тайлтал Ариунбаяр “намайг отверикдчихлаа” гээд хартал гэдэснээс нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5944 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. М.Ариунбаярын биед хэвлийн зүүн дээд хэсгээр хэвлийн хөндийрүү нэвтэрч, нарийн гэдэсний хананд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь бие аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Өвчний түүх /М.Ариунбаярын/, /хх-ийн 40-49 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2534  дугаартай дүгнэлт “Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн отвёртканы бариул хэсгээс 1 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлэв. Шинжилгээнд ирүүлсэн хайчин дээрээс гарын мөр илрээгүй.
  2. Шинжилгээнд ирүүлсэн отвёртканы бариул хэсгээс илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцсэнгүй...” гэжээ /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2895 дугаартай дүгнэлт “Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр хураан авсан гэх 21см урттай хөх цэнхэр өнгийн иштэй, 21см урттай саарал өнгийн оруулгатай улбар шар өнгийн иштэй хайчин дээр биологийн гаралтай цусны ул мөр илрээгүй...” гэжээ /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...ажлын хэсэг нь 10 см урттай, хөх цэнхэр өнгийн иштэй 21 см урттай овтёркийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 117 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67, 78 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 70-77 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 122-123 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 2 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ахмадын 902 дугаар байрны 74 тоотод хохирогч М.Ариунбаяртай архидан согтуурч хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдаж, улмаар М.Ариунбаярын хэвлийн тус газар зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл болох отвёрткаар хатгаж, эрүүл мэндэд нь “хэвлийн зүүн дээд хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч, нарийн гэдэсний хананд хатгагдаж, зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч М.Ариунбаярын “...Батхишиг найз Ганзүрх болон бид хоёрыг “гэрээс гар” хэмээн хаалгаар түлхэж гаргасан. Хаалгаар гарахад миний хэвлийн тус газраас цус гарч байсан. Ганзүрхийн баруун гарт нь отвёртка байсан...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч С.Батхишигийн “...Ганзүрх отвёртка авсан. Ариунбаяр хайч авчихсан хоорондоо ноцолдоод байхаар нь тэр хоёрыг түлхсээр байгаад гэрийнхээ хаалгаар гаргаад араас нь гутал түлхүүр зэргийг нь шидчихсэн...Ариунбаяр “намайг отвёрткадчихлаа” гээд хартал гэдэснээс нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

шүүгдэгч Т.Гийн “... Би гартаа барьж байсан отвёрткаар Ариунбаярын хэвлий хэсэгт нэг удаа хатгасан...” гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5944 дугаартай дүгнэлт /хохирогч М.Ариунбаярын биед хүнд хохирол учирсан талаар/,  

 

Өвчний түүх,

 

Отвёрткыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол болон бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтын агуулгаар шүүгдэгч, хохирогч нар хоорондоо согтуурхаж маргалдан Т.Г нь отвёрткаар М.Ариунбаярын хэвлийн тус газар хатгаж хүч хэрэглэж гэмтэл учруулсан болохыг хохирогч, гэрч, шүүгдэгч нараас тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодид хүнд хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хэргийн газраас отвёртка хураан авч, эд мөрийн баримтаар бэхжүүлсэн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хөдөлбөргүй агуулжээ.

 

Шүүгдэгч Т.Г нь зориуд отвёртка авч хохирогчид хүч хэрэглэж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн хохирогчид хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн отвёртка нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх эрсдэл учруулж болох эд зүйл тул түүнийг Эрүүгийн хуульд заасан хууль зүйн ойлголтоор “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж үзнэ. 

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Ганзоригийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ариунбаяраас “...Т.Г миний эмчилгээний зардал болох 1.800.000 төгрөг өгч барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 122-123 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Т.Гийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг төлж хор уршгийг арилгасан болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрөл, хэмжээний дотор болох 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 см урттай ажлын хэсэг нь 10 см хөх цэнхэр өнгийн отвёрткыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс согтуурсан үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Т.Гг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Гэд оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 181х22 мм-ийн хэмжээтэй ир хэсэг дээрээ “Хортиця” гэх бичиглэлтэй, ишгүй мөнгөлөг өнгийн 21 см урттай ажлын хэсэг нь 10 см хөх цэнхэр өнгийн отвёрткыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН

                    ШҮҮГЧИД                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                   Д.ДАРЬСҮРЭН