Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 870

 

 

 

2020        10         01                                  2020/ШЦТ/870       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч М.Отгонбаатар,

Шүүгдэгч Ө.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ст холбогдох эрүүгийн 2009000001208 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухар гудамжны 16 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 11-16д тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ө.С нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухар зусланд үйл ажиллагаа эрхлэх хүнсний дэлгүүр дотор Д.Өлзийсайханыг “хүнсний тор үнэтэй зарлаа” гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг толгойгоороо мөргөж бие махбодид нь хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009000001208 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ө.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хуурай мухар нэртэй хүнсний дэлгүүрээс хүнсний тор, ундаа авах гэж орсон. Тэгтэл дэлгүүрийн худалдагч нь нэг ширхэг торыг 200 төгрөгийн үнэтэй гэхээр нь би “торны үнээ нэмж зараад байна” гэж хэлтэл худалдагч эмэгтэй “тэгвэл танд зарахгүй, та өөр газраас очиж ав” гэсэн. Тэгээд би уурлаж байгаад гараад явах гэтэл араас нэг залуу “дуугүй зайл” гэж хэлсэн. Би эргэж ороод тэр залуу руу дөхөөд “энэ хүндээ хэл шаардлага тавь, энэ хүн торныхоо үнийг нэмж зарж байна” гэж хэлээд дөхөж очиход миний 2 гарнаас бариад авсан. Тэгэхээр нь би хамар руу нь мөргөчихөөд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Өлзийсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Хуурай мухар” нэртэй хүнсний дэлгүүрт найз охин Эгшиглэнтэйгээ хамт худалдагч хийж байсан. 17 цаг 20 минут орчимд нэг танихгүй эрэгтэй хүн орж ирээд тор авсан. Торны үнэ асуухаар нь “200 төгрөг” гэсэн чинь тэр хүн “ямар үнэтэй юм, нэг тор 200 төгрөг байхдаа яадаг юм” гэхээр нь “цаанаасаа байдаг үнэ нь 200 төгрөг” гэсэн чинь тэр хүн манай найз охиныг харааж загнаж эхэлсэн. Би тэр хүнийг “хэрүүл хийхээ болиод зүгээр гарчих” гэсэн чинь тэр хүн “намайг хөөдөг хэн юм” гээд миний хамар руу мөргөсөн. Тэгээд гараад явчихсан. Тухайн үед миний хамарнаас цус гарч хавдаад үлдсэн. Шөнөжин хамар өвдөж унтаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Эгшиглэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 09 дүгээр 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хуурай мухар зусланд үйл ажиллагаа эрхэлдэг хүнсний дэлгүүрт 17 цагийн үед ажиллаж байхад нэг хүн орж ирээд тор, ундаа авсан. “Торны үнэ 200 төгрөг” гэж хэлсэн. Тэр 3500 төгрөг өгсөн.  Тэгэхээр нь би “3700 болсон” гэж хэлэхэд “яахаараа тэгдэг юм” гэхээр нь би “тор 200 төгрөг” гэж хэлэхэд “чи үнэ нэмж зарлаа” гээд уурлаад намайг хараагаад байсан. Тэгээд гарч явж байгаад эргэж орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь манай найз залуу “та одоо гарчихаа хэрүүл хийгээд яах вэ” гэж хэлэхэд гарч явж байгаад эргэж орж ирээд манай найз залуу руу дайрсан. Манай найз 2 гарнаас нь барихад толгойгоорой хамар руу нь мөргөсөн. Манай найз залуу түлхээд гарахад гараад явсан. Тэгтэл манай найз залуугийн хамарнаас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10530 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Д.Өлзийсайханы биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндэд түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн хамаарна.          

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь өөрийнх нь гараар болон унахад үүсэх боломж муутай ...” гэжээ /хх-ийн 20-21 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ө.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ө.С нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухар зусланд үйл ажиллагаа эрхлэх хүнсний дэлгүүр дотор Д.Өлзийсайханыг “хүнсний тор үнэтэй зарлаа” гэх зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, зүй зохисгүй харьцаж улмаар түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Өлзийсайханы мэдүүлэг, гэрч Л.Эгшиглэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10530 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ө.С нь хохирогч Д.Өлзийсайханы биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Сийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ө.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Өлзийсайханаас “... хохирлоо бүрэн барагдуулсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 59 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ө.Сийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ө.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Өндгөөгийн Сүндэвийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Сийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ст оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ө.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН