| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0887/Э |
| Дугаар | 874 |
| Огноо | 2020-10-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 874
2020 10 02 2020/ШЦТ/874
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
Улсын яллагч Д.Даваадорж,
Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн 2009000001155 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Монгол банк”-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмон 10 дугаар гудамж 17а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ч.Б нь согтуугаар 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 40 минутаас 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзий” гэх нэртэй үйлчилгээний төвийн уулзвар дээр 31-77 УАК улсын дугаартай саарал өнгийн “Тоёота алпард” маркийн автомашинаараа дүрэм зөрчсөн хөдөлгөөн хийсэн бөгөөд уг үйлдлийг таслан зогсоохоор тус уулзвар дээр зохицуулагчийн албан үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Г.Эрхэмболдоос хууль ёсны шаардлага тавихад тэрээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, машинтайгаа чирч явсан,
Мөн 31-77 УАК улсын дугаартай саарал өнгийн “Тоёота алпард” маркийн автомашины хаалганы бариулаас барьж зогсоох үйлдэл гаргасан хууль сахиулагч цагдаа, зохицуулагч Г.Эрхэмболдыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машинтайгаа чирч явж хүч хэрэглэсний улмаар түүний биед “зүүн ядам хуруунд шарх, зүүн ядам, чигчий хурууны завсар сарвууны ар талд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ “...Би өөрийн буруугаас болж ийм асуудал гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009000001155 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5 өдөр байсан. 18 цаг өнгөрөөгөөд ажлаас гараад “Метро мол” худалдааны төв дээрээс машинаа аваад хойшоо “Өлзий” төвийн уулзвар дээр цагдаагийн албан хаагчтай тийм асуудал гарсан. Тээврийн хэрэгслээр чирснийг хараагүй. Миний талаар хүрч ирээд нөгөө талаар явж очоод чирэгдсэн байна лээ. Би хараагүй. “Уулзварын хойд талд гараад зогсъё, миний буруу” гэж хэлсэн. Би өөрийн буруугаас болж ийм асуудал гаргасан. Ийм асуудал гаргасандаа харамсаж гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Хохирогч Г.Эрхэмболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 7 сарын 31-ны өдөр 12:00 цагт Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт “Өлзий” төвийн уулзвар дээр зохицуулагчаар албан үүргээ гүйцэтгэж байсан. Үдээс хойш 18:40 цагийн үед ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийш чиглэлд саарал өнгийн “Тоёота алпард” маркийн 31-77 УАК улсын дугаартай автомашин уулзвар руу нэвтрэн орж ирээд уулзварын голд зогсоод хойшоо эргэх гэхээр нь жолооч талын хаалга руу очиж цонх бага зэрэг онгорхой байхаар нь “яагаад зогс шугам дээр зогсохгүй байгаа юм бэ” гэж асуухад цонхоо хаагаад шулуун хөдөлгөөн орж байсан машинуудын урдуур хөдөлгөөн хааж орох гээд дайрсан. Тэгэхээр нь машины зүүн талаар тойрч очоод хаалганаас нь бариад татахад шууд хөдлөөд явахаар нь бариулаас нь зуураад чирэгдэж уулзвараас хойш 50 метр орчим газар явж зогссон. Намайг чирэгдээд явж байхад тэр машины жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй жолоочид хандаж “чи цагдаа чирээд яваад байна” гэж хэлж байгаа сонсогдсон. Машин зогсохоор нь урдуур нь тойроод жолоочийн хаалга руу очих үед жолооч хаалгаа нээж буугаад арын хаалгаа онгойлгоод орж суугаад “ах нь чамайг машинаараа чирээд явчихсан уу, уучлаарай” гэж хэлсэн. Энэ үед манай бүсийн алба хаагч ирсний дараа жижүүр рүү мэдэгдсэн. Ослын дараа “Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхдээ машинд чирэгдээд явж байхад зүүн гараараа зам руу тулах үед зүүн гарын сарвууны хажуу хэсэгт язарсан оёдол тавиулсан. Мөн айфоне плас загварын гар утасны дэлгэц хагарч өмд чирэгдсэнээс болж урагдсан. Торгуулийн багажны хуудас хэвлэдэг принтер зурагдаж хагарсан, энгэрийн камер зурагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Г.Солонго мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... “Метро мол” худалдааны төвөөс гараад баруун эргээд замын уулзвар дээр ирээд улаан гэрэл ассан байсан. Тэгээд цагдаа дохиод уулзвар руу нэлээн орсон байсан. Уулзвар чөлөөлөөд зогсъё гэж бодоод зам гараад зогсох гэсэн чинь жолоочийн эсрэг талд цагдаа ирээд хаалганаас нь барьсан байсан. Тэрийг мэдээд зогссон. Машиныг Баасанхүү жолоодож байсан. Баасанхүү тэр өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Цагдаагийн албан хаагчийг чирэгдэж байгааг хэлэхэд Баасанхүү зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1960 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
СБДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас “...Дуудлагын утга: Замын цагдаа альфард маркын автомашинд чирэгдсэн гэх...” /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажлын хуваарь /хх-ийн 6 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9, 11-14 дүгээр хуудас/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10 дугаар хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “…Toyota alphard маркийн 31-77 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Чулуундорж овогтой Баасанхүүг драйгер багаж ашиглан шалгахад 2.43% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэжээ /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, “Монгол банк”-ны тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь согтуурсан үедээ 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 40 минутаас 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзий” гэх нэртэй үйлчилгээний төвийн уулзвар дээр 31-77 УАК улсын дугаартай саарал өнгийн “Тоёота алфард” /Toyota Alphard/ маркийн автомашиныг жолоодон явахдаа зохицуулагчийн албан үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Г.Эрхэмболдоос “дүрэм зөрчөөд байгааг анхааруулж зогс” гэсэн хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй хөдөлгөөнийг үргэлжлүүлж, тэрээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, машинтайгаа чирч явсан,
Ийнхүү Ч.Б зохицуулагчийн албан үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Г.Эрхэмболдыг машинтайгаа чирч явж хүч хэрэглэсний улмаас түүний биед “зүүн ядам хуруунд шарх, зүүн ядам, чигчий хурууны засвар сарвууны ар талд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Эрхэмболдын мэдүүлэг, гэрч Г.Солонгогийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1960 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтийн дуудлагын лавлагааны хуудас, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Г.Эрхэмболд нь Цагдаагийн албаны тухай хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд буюу хууль сахиулагч болох нь тогтоогдсон байна.
Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б хууль сахиулагчийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхэд нь саад учруулж, улмаар хууль сахиулагчийн биед халдаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, санаатай хэд хэдэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Ч.Бгээс хохирогч Г.Эрхэмболдын хууль ёсны шаардлага тавьсан болон, түүний автомашиныг зогсоолгохоор арга хэмжээ авч буй үйлдлийг мэдсэн, тэрхүү үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож автомашиныг жолоодон хөдөлгөснөөр хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр атал үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогчийн биед нь гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Ч.Бг согтуурсан үедээ:
- хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Эрхэмболдоос “...хохирлын мөнгө 1 сая төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 55/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ч.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол... хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн...тогтооно” гэснийг баримтлан Ч.Бд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн /2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг+450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг = 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг/ нийт 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 3.150.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоов.
Шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах, нийгэмд биеэ зөв авч явах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч.Бг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Мөн Ч.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Бд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн /2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг+450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг = 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг/ нийт 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 3.150.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН