Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 879

 

 

 

 

 

2020         10         05                                     2020/ЦТ/879

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа, 

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал, А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 2009010310636 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 хороолол, жалханц хутагт Дамдинбазар гудамж 41 байр 193 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 414 дүгээр байрны 89 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлт гаргахдаа хүсэлтийн хамт “2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан тухай” эмнэлгийн магадалгааг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний бие Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажиллаж байна. Эрүүл мэндийн бүх байгууллагыг хариуцаж ажилладаг. Нийслэлийн эрүүл мэндийн газарт дан эмч нар ажилладаг. Би шүүх хуралдаанд байгууллагыг төлөөлж оролцдог. Ө.Батжаргалын маргаан дээр итгэмжлэлээр орсноор энэ хэрэг гарсан. 2019 оны 12 дугаар сарын 26-нд буцааж томилох нь зүйтэй гэсэн захирамж гарсан. 1 дүгээр сард ажилдаа очих боломжгүй байсан бөгөөд энэ тухайгаа хамт ажиллаж байсан эмч Лхагвадуламд хэлж акт бичиж өгөх хүсэлт тавьсан. Энэ талаар эмч надад 5 хоногийн акт бичиж өгсөн. Би Захиргааны хэргийн шүүхэд өвчтэй гэсэн актаа өгсөн...” гэв.

Эрүүгийн 2009010310636 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн үед миний бие өвдөөд байсан учир эмнэлгийн магадалгаа авна гээд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн орлогч дарга ажилтай Лхагвадулам гэдэг хүнд хэлээд магадалгааг гаргуулан авсан. Магадалгаа дээрх гарын үсэг, бичилтийг хэнийг гэдгийг би мэдэхгүй байна. Би ганцхан Лхагвадулам гэдэг хүнд “миний бие өвдөөд байгаа учир эмнэлгийн магадалгаа бичээд өгөөч” гэж хэлээд бичүүлсэн. Миний бөөр, ходоод өвддөг бөгөөд тухайн үед энэ өвчний оношоо хэлээд магадалгаа бичин өгөхийг хүссэн. Хугацаа нь эмнэлгийн магадалгаа дээр байгаа. Лхагвадулам эмчид би биеэ үзүүлээгүй. Би өөрөө эмч учраас өвчнийхөө талаар мэдэж байсан. Өөрийнхөө асуудлаа мэдэж байсан учир утсаар яриад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73, 98-99 дүгээр хуудас/,

Гэрч К.Султанбек мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатар нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн газрын дарга Ө.Батжаргалыг ажлаас нь өөрчилсөн. Энэ шийдвэрийг Ө.Батжаргал нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Ингээд  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр Ө.Батжаргалыг ажилд нь эргүүлэн томилох талаар шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрт гомдол гаргах хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дууссан. Дууссан хугацааг сэргээлгэхийн тулд НЭМГ-ын дарга Төмөрбаатар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Одгэрэл нар нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуурамч нотлох баримт болох эмнэлгийн магадалгаа, НЭМГ-н цагийн бүртгэл зэрэг баримтыг хуурамчаар гарган өгснөөр давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх шүүхийн захирамж гарсан. Ийм учир цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Д.Дэмбэрэлдаваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би тодорхойлолтыг бичиж өгсөн учир Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Батжаргал гэдэг хүн өмгөөлөгчийн хамт ирээд надаас “чи Одгэрэл гэсэн хүнд акт бичиж өгсөн үү” гэж асуусан. Тэгэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. Миний гарын үсэгтэй актыг надад үзүүлсэн. Тэр актыг харахад Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Лхагвадулам гэх хүн эмнэлгийн магадалгаа авч орж ирээд “би тамгаа үлдээсэн байна, чи энэ дээр гарын үсэг зураад тамга дараад өгөөч” гэж хэлсэн. Би тухайн үед юм бодоогүй гарын үсэг зураад тамга дараад явуулсан. Гэтэл энэ баримтыг надад үзүүлж асуусан. Би болсон зүйлийн талаар Ө.Батжаргал даргад тодорхойлолт хийж өгсөн. Б.О гэдэг хүн хэвтэн эмчлүүлээгүй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл нь зөвхөн амбулаторын үзлэг хийдэг, өвчтөнд хэвтэн эмчлүүлэх эмчилгээ хийдэггүй бөгөөд шаардлагатай бол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Харин Б.О гэдэг хүний хувьд Нийгмийн эрүүл мэндийн төвийн орлогч дарга Лхагвасүрэн манай өрөөнд орж ирээд “тамга дараад гарын үсэг зураад өгөөч, би тамгаа орхисон байна” гэсэн тэгээд би гарын үсэг зурж тамга дарж өгсөн. Харин Одгэрэл гэдэг хүний магадалгаа гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Д.Лхагвадулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Одгэрэл дарга над руу утсаар яриад “би халуураад өвдөөд босож чадахгүй, бөөр өвдөөд байна” гэж хэлсэн. “Ажилдаа явахгүй акт хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь би “таныг үзүүлээд өгье” гэж хэлсэн. Тэгээд регистрийн дугаараа мессежээр явуулсан. Тухайн үед нь би хамгийн ойр бөөрний эмч Дэмбэрэлдаваа “акт зохицуулаад өг” гэж хэлсэн. Надад акт бичиж өгөөд гарын үсэг зураад, тамга дарж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Захиргааны хэргийн материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, холбогдох баримтууд /хх-ийн 35-66 дугаар хуудас/,

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2020/1153 дугаартай “Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 59 дугаар хуудас/,

 

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №465 дугаартай “Давж заалдах гомдол гаргаагүйд тооцох тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 62 дугаар хуудас/,

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/9 дугаартай “Б.Оийг албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” болон “Б.Отэй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалууд /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүлтгэлийн лавлагаа /хх-ийн 89 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Оийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 77-87 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг тодорхойлбол:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ө.Батжаргалаас “...Нийслэлийн Эрүүл мэндийн даргын газрын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/34 тоот тушаалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох...” тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

 2019 оны 8 сарын 12-ны өдрийн 1/757 дугаартай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “итгэмжлэл олгох тухай” албан бичгийн дагуу тус газрыг төлөөлж Б.О нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талыг төлөөлж оролцсон бөгөөд тус хуралдаанаар №128/ШШ2020/0002 дугаартай шүүхийн шийдвэр гарсан.

 

Тус шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Батжаргалын нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/34 дүгээр тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрыг төлөөлж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Б.О нь тус шүүхийн шийдвэрийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гардан авч тухайн шийдвэрт гомдол хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дуусахаар байсан ба түүнээс 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр “хугацаа сэргээлгэх тухай”  хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

 

Б.Оээс “...итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал эмнэлгийн магадалгаа өвчтэй байсан учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №128/ШШ2020/0002 дугаар шийдвэрт давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхийг сэргээж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргаж,  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан бичиг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн ажлын цагийн бүртгэл, эмнэлгийн магадалгаа зэргийг хавсарган Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.   

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оээс гаргасан  хүсэлтийг түүнээс ирүүлсэн баримтад үндэслэж 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж шийдвэрлэсэн байна.

 

Энэ дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан хэдий ч 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр уг гомдлоос татгалзсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр №465 дугаар шүүгчийн захирамжаар түүнийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №128/ШШ2020/0002 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдсон байна.

 

Прокуророос Б.Оийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлт гаргахдаа хүсэлтийн хамт “2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан тухай” эмнэлгийн магадалгааг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд ялласан.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл Б.Оээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан тухай” эмнэлгийн магадалгаа нь түүнээс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх зорилгоор давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэхийн тулд гаргаж, шүүх уг баримтанд үндэслэж шийдвэр гаргасан процессын үйл ажиллагаа байсан байна.

 

Түүний Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өвчтэй байсныг тодорхойлсон эмнэлгийн магадалгаа нь хэргийн үйл баримттай холбоогүй, шийдвэрт хамааралгүй бөгөөд хэргийн нотлох баримт биш юм.

 

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрыг төлөөлж хариуцагчын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оээс гаргасан дээрх баримт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №128/ШШ2020/0002 дугаартай шийдвэр гаргахад нөлөөлж болохуйц нотлох баримт гэж үзэхгүй.

 

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрыг төлөөлж хариуцагчын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №128/ШШ2020/0002 дугаар шийдвэр гаргахад нөлөөлж болохуйц хуурамч нотлох баримтыг мэдсээр байж шүүхэд гаргаагүй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж заажээ.

 

Гэтэл прокурорын дүгнэлтээр Б.Оээс гаргаж өгсөн гэх хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн гэх эмнэлгийн магадалгаа бүхий баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлосон, үгүйсгэсэн болон үүнтэй холбоотой бодит нөхцөл байдлыг тогтооход ямар ч хамааралгүй, хуульд зааснаар нотлох баримтын шинжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн үндсэн гол шинж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан нотлох баримтууд хамаарахаас гадна хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх нь гол шалгуур шинж болохыг тодорхой тусгасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэдгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болохуйц баримтат мэдээллийг ойлгоно.

 

Нөгөөтэйгүүр Б.Оийг эмнэлгийн магадалгааг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн гэх ба тухайн баримтыг гаргах эрх бүхий этгээд түүний амаар хэлсэн биеийн зовиурт үндэслэж тус баримтыг гаргасныг хуурамч гэж үзэхгүй, хэлбэр, бичиглэлийн хувьд хуурамч болохыг тогтоогоогүй, харин зохих журмыг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж гэмт хэргийг тодорхойлсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт, тэдгээрээр нотлогдож буй нөхцөл байдлыг уг тодорхойлолтой харьцуулан үзэхэд Б.О нь “2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан тухай” эмнэлгийн магадалгааг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд прокуророос шүүгдэгч Б.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хохирол тогтоогдоогүй, түүнийг төлөх үндэслэл байхгүй болохыг дурьдав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв. 

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН