Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 08

 

   Н.Мөнх-Очир, С.Эрдэнэзул нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Н.Мөнх-Очир, С.Эрдэнэзул нарт холбогдох 1728000000090, 1728000000090 /а/ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг, Даланзадгад суманд 1993 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг, Жаал-Уулын 4-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Бараадуузынхан овгийн Наранцэцэгийн Мөнх-Очир, регистрийн дугаар КК93040616,

          Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 1984 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг, Жаал-Уулын 4-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Шилдээд овгийн Сугирхүүгийн Эрдэнэзул, регистрийн дугаар КМ84021961,

          Шүүгдэгч Н.Мөнх-Очир нь 2017 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд хамтран амьдрагч С.Эрдэнэзулын бие эрх чөлөөнд нь халдан толгойн тус газар нь цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

          Шүүгдэгч С.Эрдэнэзул нь 2017 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд хамтран амьдрагч Н.Мөнх-Очирын бие эрх чөлөөнд нь халдан нүүр, гарыг нь самардаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас С.Эрдэнэзулын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг аргагүй хамгаалалт гэж үзэн, тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэх үндэслэлээр С.Эрдэнэзулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Мөнх-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Мөнх-Очирт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Н.Мөнх-Очир нь 450000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Мөнх-Очир нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар Н.Мөнх-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, С.Эрдэнэзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          Прокурор Ц.Ариунжаргал эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

          Хохирогч С.Эрдэнэзул /хх-9-10/, Н.Мөнх-Очир /хх-12-13/, гэрч О.Дэлгэржав /хх-18/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 577 дугаартай дүгнэлт /хх-22/ зэрэг нотлох баримтаас дүгнэлт хийхэд С.Эрдэнэзул нь Н.Мөнх-Очирыг хардсаны улмаас маргааныг эхлүүлэн, зуух хөлөөрөө өшиглөж унаган, Н.Мөнх-Очирыг самардсанаар зодооныг эхлүүлж тэд харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогдож байна.

          Харин С.Эрдэнэзул нь өөрийн үйлдлийг шударгаар мэдүүлэхгүй байхад түүний шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн байр суурьнаас өгсөн “Мөнх-Очир намайг зодоод байхаар нь би биеэ гараараа хамгаалж байсан. Тэгэхдээ л самардсан байх. Эсвэл би зүгээр зогсож байгаад зодуулаад байх ёстой байсан юм уу” гэсэн мэдүүлгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

          С.Эрдэнэзул нь хардалтын улмаас Н.Мөнх-Очирын үйлдэлд хариу үйлдэл хийж  “дух, баруун хацар, эрүү, хүзүү, баруун шуу, зүүн бугуй, 2 гарын сарвуунд” нь самардаж зодож байгаа нь аргагүй хамгаалалтын шинж биш юм.

          Иймд шүүх шүүгдэгч С.Эрдэнэзулыг бусдын хууль бус халдлага эхэлсний дараа аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          Аргагүй хамгаалалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаардаг бөгөөд шүүх С.Эрдэнэзулыг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

          Иймд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Н.Мөнх-Очир. С.Эрдэнэзул нарт холбогдох Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Хавтас хэрэгт цугларсан нотлох баримт буюу С.Эрдэнэзул өмнө нь Н.Мөнх-Очиртой маргалдаад самардсан юм. Хаана нь яаж самардсанаа санахгүй байна гэсэн мэдүүлэг, Н.Мөнх-Очирын С.Эрдэнэзултай хамтран амьдраад 8 сар болж байна. С.Эрдэнэзул намайг өмнө нь олон удаа самардаж байсан. Одоо хуучин самардаж байсан шарх сорви байгаа гэсэн мэдүүлгүүдээр Н.Мөнх-Очир С.Эрдэнэзул нар урьд нь харилцан бие биендээ гэмтэл учруулж, харилцан хоорондоо маргалдаж, зодолдож байсан нөхцөл байдлууд тогтоогддог. С.Эрдэнэзулын хардалтын улмаас 2017 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдөр гэмт хэрэг гарч С.Эрдэнэзул нь Н.Мөнх-Очирын цохиж авсан үйлдэлд нь хариу үйлдэл үзүүлж харилцан зодолдсон байдаг. Ингэхдээ Н.Мөнх-Очирт дух, баруун хацар, эрүү, хүзүү, баруун шуу, зүүн бугуй, хоёр гарын сарвуунд самардаж зодож гэмтэл учруулсан.

С.Эрдэнэзул нь бусдын хууль бус халдлага эхэлсны дараа харилцан зодолдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж алдаа гаргаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримталж С.Эрдэнэзулын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзээд гэмт хэрэгт тооцохгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын бичсэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/02 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэзулын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-9-10/, хохирогч Н.Мөнх-Очирын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгүүд /хх-12-13/ зөрүүтэй байхад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд зааснаар нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй байна.

          Хохирогч нарын зөрүүтэй мэдүүлэгийг нүүрэлдүүлэн байцааж зөрүүг арилгаагүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэм буруугийн хэлбэрийг нотлоогүй учир мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзлээ .

          Мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.10-т заасан яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэхийг прокурор хянах үүргээ биелүүлээгүй байна.

         Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуулийн нэр томьёоны тодорхойлолтонд зааснаас үзэхэд хамтран амьдаргч Н.Мөнх-Очир, С.Эрдэнэзул нар нь хардалтын улмаас бие биенийхээ бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж буй эсэхэд дүгнэлт хийгээгүй гэж дүгнэлээ.

          Анхан шатны шүүх С.Эрдэнэзул нь 2017 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд хамтран амьдрагч Н.Мөнх-Очирын бие эрх чөлөөнд нь халдан нүүр, гаранд нь самардаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлэн шүүх хуралдаанд яллах дүгнэлтээ дэмжиж яллах байр сууринаас оролцсон улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй байна.

          Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Н.Мөнх-Очирын биед учирсан хөнгөн хохирол нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр учирсан эсэх нь тодорхойгүй, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

         Шүүгдэгч С.Эрдэнэзулын 2 удаагийн үйлдэл нь хоёулаа аргагүй хамгаалалт байсан эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж дүгнэж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

         С.Эрдэнэзул нь Н.Мөнх-Очирыг хардсаны улмаас маргааныг эхлүүлэн, зуух хөлөөрөө өшиглөж унаган, Н.Мөнх-Очирыг самардсанаар зодооныг эхлүүлсэн гэж прокурорын гаргасан эсэргүүцлийн зарим үндэслэлийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

         Учир нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй буюу анхан шатны шүүх хуралдаанаар мэдүүлгийн зөрүүг хэрхэн гаргасан нь тодорхойгүй байхад зөвхөн хохирогч Н.Мөнх-Очирын өгсөн мэдүүлгийг прокурор үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

         Иймд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Н.Мөнх-Очир С.Эрдэнэзул нарт холбогдох Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүссэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

                     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

           2. Н.Мөнх-Очир, С.Эрдэнэзул нарт холбогдох 1728000000090, 1728000000090 /а/ дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

           3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Н.Мөнх-Очир, С.Эрдэнэзул нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА