Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 110/2022/0003/З |
Дугаар | 221/МА2022/0418 |
Огноо | 2022-06-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2022/0418
“Б” ҮЭБ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Ж
Нэхэмжлэгч: “Б” ҮЭБ
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 дугаар албан бичгийг хүчингүй болгох, “Б” ҮЭБ-ын эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай 455 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг “Л” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Ж нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 110/2022/0003/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ҮЭБ нь “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 дугаар албан бичгийг хүчингүй болгох, “Б” ҮЭБ-ын эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай 455 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг “Л” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дах хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн “Б” ҮЭБ-ын эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай 445 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг “Л” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. Шүүх уг асуудлыг авч үзэхдээ орон сууцанд амьдардаг иргэдийн эрх ашгаас илүү төрийн бус байгууллагын эрх ашгийг илүүтэй үзэж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Энэ утгаараа “Б” ҮЭБ, “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зургийг 1387 м.кв газарт үйлчилгээтэй орон сууцны барилга барих зөвшөөрөл олгохдоо, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэсэн заалтыг баримтлан 445 м.кв газрыг тухайн орон сууцны барилгын гадна тохижилтын ажил хийх зориулалтаар ашиглуулах эскиз зургийг аймгийн ерөнхий архитектур баталгаажуулж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байдаг. Үүнийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч дүгнэлт хийгээгүй байна.
3.2. “К” ХХК-ийн барьсан орон сууцны оршин суугчид нь 2021 оны 10 дугаар сард “Уг барилга нь зургийн дагуу баригдаагүй ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, орц гарц байхгүй оршин суугчдынхаа тав тухтай амьдрах нөхцөлийг хангаж чадахгүй байгаа” тул аймгийн “Б” ҮЭБ-ын эзэмшилд байгаа 445 м.кв газрыг хүчингүй болгож өгөх талаар гаргасан хүсэлтийг судалж үзэх үед аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тайлбар, холбогдох баримтуудыг гаргуулж авах үед аймгийн холбооны эзэмшилд байгаа 445 м.кв газар нь “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол, ногоон байгууламж хийхээр тусгагдсан талбайтай давхцалтай байгаа зураг ирүүлсэн.
3.3. Энэ талаар өнөө хүртэл уг орон сууцны орчин суугчид маргаж хууль хяналтын байгууллагуудад гомдол гаргаад явж байгаа. Авто машины зогсоолгүй орж гарах гарцгүй байгаа. Үүнийг бодолцож барилга барих эскиз зурагт тусгаж өгсөн болно.
3.4. Нөгөө талаар “Б” ҮЭБ тухайн 445 м.кв газарт ““Б” ҮЭБ, “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зураг”-ийн дагуу тохижуулалтын ажил хийх ёстой боловч, үүнийгээ хийгээгүй. Харин үйлдвэрчний эвлэлийн холбоо тус 445 м.кв газрын эрхийг “Л” ХХК-д шилжүүлж зориулалтаар бусаар 8 давхар нийтийн орон сууц бариулах сонирхолтой байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Эрх шилжүүлж орон сууц барих нь Үйлдвэрчний эвлэлийн холбоо, “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны оршин суугчдын орц, гарц болон ая тухтай амьдрах эрх ашгийг ноцтой зөрчих, мөн ажлын зурагт заасан тохижилтын ажил хийхээс өөр зорилго агуулж байгаа учир газрын эрх шилжүүлэх боломжгүй байгааг үнэлээгүй.
3.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр гаргасан тайлбартаа
4.1. Манай байгууллага Монгол улсын Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг олон нийтийн иргэний нийгмийн байгууллага юм.
4.2. Одоогийн ашиглагдаж байгаа 7 давхар 20 айлын орон сууцтай барилгын анхны зураг гаргах, улаан шугам татах, баригдах явцад холбогдох эрх бүхий байгууллагууд хяналт тавих үед дараа нь үүсэж болох иргэдийн асуудал яригдах болохоос өөр нэг байгууллага эзэмшил газраа шилжүүлэх үед хэлэлцэгдэх, яригдах асуудал биш бөгөөд тухайн үед барилга баригдах газраа төрийн байгууллагуудын хяналтын доор Хот байгуулалтын хуульд нийцүүлэн нөхцөл, шаардлагыг хангаж эрх бүхий албан тушаалтан болох аймгийн засаг даргын шийдвэрээр 742 м.кв газрыг шилжүүлсэн.
4.3. Тухайн газарт баригдсан бүтээн байгуулалтыг улсын комисс зөрчилгүй гэдэг дүгнэлтээр хүлээж авч олон хүн, үйлчилгээ, орон сууцаар өнөөдөр ашиглаж өдөр тутмын хэрэгцээг хангаж байгаа тул “Б” ҮЭБ өөрийн эзэмшил газраа бусдад шилжүүлэх асуудалд ямар ч хамаагүй болно.
4.4. Оршин суугчдын машины орж гарах зам шинэ бүтээн байгуулалт хийж байгаа аймгийн төлөвлөгөөтэй холбоотой ба зогсоол багассан асуудал нийтийн эзэмшлийн талбайд хууль бус өргөтгөл хийсэн түр барилгыг эрх бүхий төрийн байгууллагууд нураалгахгүй байгаатай холбоотой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
3.1. Нэхэмжлэгч “Б” ҮЭБ болон “К” ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшил газар дээрх хуучин барилгыг нурааж шнээр барилга байгууламж барих, “Б” ҮЭБ нь газрыг “К” ХХК-ийн эзэмшилд хэсэгчлэн шилжүүлэх, холбооны гишүүд болон тус аймгийн иргэдийн эрэлтэд нийцсэн орон сууцны захиалга авах, холбооны болон “К” ХХК-ийн үйлчилгээний зориулалтай байрыг барих асуудлыг төлөвлөж хэрэгжүүлэхээр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулжээ.
3.2. Улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/453 дугаар захирамжаар ”Б” ҮЭБ-ын Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, олон нийтийн байгууллагын зориулалттай, 1387 м.кв эзэмшил газрын хэмжээг кадастрын шинэ зургийн дагуу 1187 м.кв гэж тогтоож, 445 м.кв газрыг өөрт нь үлдээж, 742 м.кв газрын эрхийн гэрчилгээг “К” ХХК-д үйлчилгээтэй нийтийн орон сууцны зориулалтаар, барилгын ажлыг бүрэн хийж дуусах хүртэлх хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмшигч “Б” ҮЭБ болон “К” ХХК-д шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг зөвшөөрснөөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Б” ҮЭБ-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 445 м.кв газрыг 40 жилийн хугацаатай, олон нийтийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлэхээр 000322292 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
3.3. Анхан шатны шүүх “Үйлдвэрчний эвлэлийн холбоо, “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зурагт 1387 м.кв газарт үйлчилгээтэй орон сууцны барилга барих болон гадна тохижилтын ажил хийхээр төлөвлөж тусгасан байгаа боловч эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргаас үйлчилгээтэй нийтийн орон сууцны барилгын зориулалтаар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны эзэмшлийн 1187 м.кв газраас 742 м.кв газрыг “К” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргаж, улмаар Үйлдвэрчний эвлэлийн холбоо, “К” ХХК-ийн үйлчилгээтэй, 20 айлын 7 давхар орон сууцны барилга, гадна тохижилтын ажлыг 742 м.кв талбай бүхий газарт хийхээр барилгын ажлын зөвшөөрөл олгосноос гадна аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны эзэмшилд үлдсэн 445 м.кв газрыг тухайн орон сууцны барилгын гадна тохижилтын ажил хийх зориулалтаар ашиглуулах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй болох нь тус тус тогтоогдсон тул Үйлдвэрчний эвлэлийн холбооны эзэмшлийн 445 м.кв газрыг бусдын хуульд заасан журмаар эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
3.4. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:”, 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх;”, 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;” гэж хуульчилсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/453 дугаар захирамжаар Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркит, А.Жамила-1, 108/А тоот 445 м.кв газрыг “олон нийтийн байгууллагын зориулалтаар” 40 жилийн хугацаатай “Б” ҮЭБ-д эзэмшүүлсэн бөгөөд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 2.1 дэх хэсэгт холбооны эрхэм зорилго нь үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх замаар гишүүд, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэхэд оршино” гэж тодорхойлсноос үзэхэд үйлдвэрчний эвлэлийн холбоо нь өөрт эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг холбооны дүрмийн зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулахад ашиглахаар байхад орон сууцны барилга бариулах зориулалтаар арилжааны хэлбэрээр холбооны эзэмшилд байх газраа “К” ХХК-д шилжүүлэхийг шаардаж байгаа нь Газрын тухай хуульд заасан төрөөс газрын талаар баримтлах зарчим болоод Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн зорилгод нийцээгүй байна.
3.5. Гэтэл анхан шатны шүүх “хариуцагч аймгийн Засаг даргын нэхэмжлэгч аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 445 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээс татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4 дэх заалтуудтай тус тус нийцээгүй” гэх дүгнэлт хийж 455 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг “Л” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчжээ.
3.6. Өөрөөр хэлбэл, “Б” ҮЭБ нь гишүүд, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэх зорилготой бөгөөд Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна” гэж зааснаас үзвэл ашгийн бус холбоонд эзэмшүүлсэн газрыг бусдад шилжүүлэх эсхүл ашиг олох зорилгоор бусдад шилжүүлэх нь холбооны дүрэмд нийцэхгүй байхаас гадна газрын зориулалтад хамаарахааргүй байна.
3.7. Дээр дурдсан үндэслэлийг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл маргаан бүхий албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх бодит байдал дээр сэргээхээргүй ба шилжүүлэхийг хүсч буй газарт “Б” ҮЭБ болон “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын тоглоомын талбай, авто машины зогсоол, ногоон байгууламж хийгдэхээр төлөвлөгдсөн байх тул хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
3.8. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Эрх шилжүүлж орон сууц барих нь Үйлдвэрчний эвлэлийн холбоо, “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны оршин суугчдын орц, гарц болон ая тухтай амьдрах эрх ашгийг ноцтой зөрчих, мөн ажлын зурагт заасан тохижилтын ажил хийхээс өөр зорилго агуулж байгаа учир газрын эрх шилжүүлэх боломжгүй” гэсэн гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ҮЭБ-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 дугаар албан бичгийг хүчингүй болгох, “Б” ҮЭБ-ын эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай 455 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг “Л” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ