Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 163

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Т

Хариуцагч: БОАЖС, БУДЦГХЗ

Гуравдагч этгээд: “О” ХХК

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БУДЦГХЗ наас надад захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “О” ХХК-ийн давхцалгүй хэсэгт эсхүл дэргэдэх “Н” ХХК, “Ц” ХХК-ийн хүчингүй болгосон газрын ашиглах эрхийг олгохыг хариуцагчдад даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ч, хариуцагч БОАЖСын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд иргэнд газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн гаргах тухай заасан байдаг. Харин энэ хуулийн 35 дугаар зүйлд зааснаар газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаанд гаргахаар заасан байна.

Миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан боловч газар ашиглах хүсэлтээ БУДЦГХЗ нд гарга гэсэн юм. Ийнхүү энэ 2 байууллага нь 2007 оноос хойш миний гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг хүлээж аваагүй, шийдвэрлээгүй атлаа 2008 оноос хотын хэд хэдэн иргэн, аж нэгжид газар ашиглуулж байгаа учир дээрх 2 байгууллагыг хариуцагчаар татсан болно. Энэ нь иргэн аж ахуйн нэгжийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд ялгавартай хандаж, миний газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Тухайлбал:

1. Би 2007 оны 07 дугаар сараас хойш 2016 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газар “Зайсангийн ам” нэртэй газрын 100 модны хэсгийн сүйтгэгдсэн мод, хөрс ургамлыг сэргээн, арчилгаа хийж орчин тойрны хог, хаягдлыг цэвэрлэх, байгалийн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор газар эзэмших тухай өргөдлийг нийт 5 удаа гаргасан.

Анх 2007 оны 07 дугаар сард өргөдөл гаргахдаа “Угсаатны хүрээлэн” нэртэй төслийг өргөдлийг хамт БУДЦГХЗ нд өгч байсан.

Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын алба, Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь “О” ХХК, “Р” ХХК, “У” ХХК, иргэн Ц, хуучин Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч О, Хан-Уул дүүргийн 11 дүгээр Засаг дарга Т нарт аялал жуулчлалын зорилгоор газар эзэмших эрх бичиж, орон сууцны хороолол барих зөвшөөрөл бичигдсэн байдаг.

“О” ХХК-д 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр улсын тусгай хамгаалалтын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ бичиж 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр улсын тусгай, хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тусгай гэрээ Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дээр “Загасчины амны” хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулжээ.

Гэтэл “О” ХХК нь 2008 оны 09 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл уг газар ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй, өөрийн эзэмшлийн газрын заагийн тогтоогоогүй, хашаа саравч бариагүй, бүтэн 6 жилийн хугацаанд газраа зориулалтаар нь ашиглаагүй, газрын төлбөрийн цаг хугацаанд нь хийгээгүй зэргээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 42 дахь заалтуудыг зөрчсөөр байхад миний кадастрын зураг хийсэн газарт давхцуулан газрын гэрчилгээ гаргуулан улмаар газар ашиглах эрхээ 5 жилээр сунгуулж миний эрх ашгийг хохироосон.

1. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газар нь надад огт хариу өгдөггүй байсан бөгөөд харин уг газрын мэргэжилтэн Г.Г-т таны хүсэж буй газар зарим хэсгээрээ “О” ХХК-ийн эзэмшиж буй газартай давхцалтай байна гэсэн хариуг анх удаа амаар 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн ч албан бичгээр өгөхгүй байсан тул би Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б-тай 2015 оны 10 дугаар сард цаг авч биечлэн уулзсан. Тэрээр хамт байсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргын байцаагч Г.Г-оос асуудлыг тодруулахад тэрээр “О” ХХК-ийн эзэмшлийн газартай зарим хэсгээр давхцалтай байгаа гэсэн. Ч.Б дарга намайг “бусад аж ахуйн нэгжийн эзэмшлийн газартай давхцалгүй хэсэгт газар ашиглах зөвшөөрөл олгоно уу” гэж хүсэлт гаргаад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газарт өг гэж шийдээд гаргасан.

Тиймээс би 2015 оны 10 дугаар сард “О” ХХК-ийн эзэмшиж буй газартай солбицол давхцалгүй кадастрын зураглал үйлдүүлж дахин өргөдлөө гаргахад Байгаль орчны яамны эрх хэмжээнд хамаарах асуудал тул манайхаас олгох боломжгүй гэсэн хариуг 2015 оны 11 дүгээр сард амаар хэлсэн. Харин Байгаль орчны яамны кадастрын мэргэжилтэн нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газраас зөвшөөрөл авч ир гэдэг ба Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас манай Х төв ТББ-ын нэр дээр 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10/6964 дугаартай албан бичгээр “газар ашиглахаар ирүүлсэн бичиг баримтын бүрдэл дутуу тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу ирүүлсний дагуу дахин өргөдлөө гаргасан.

Гэтэл БУДЦГХЗ наас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаартай албан бичгээр Д.Т надад хүсэлтэд дурдагдсан хязгаарлалтын бүсэд орсон газар нь Төрийн захиргааны төв байгууллагаас олгогдсон 2 иргэн аж ахуй нэгж байгууллагатай давхцалтай байна мөн үлдсэн талбай нь манай Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орсон тул газар ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэх хариуг ирүүлсэн нь илт хууль бус акт байна.

1. Гэтэл иргэн Д.Т миний явуулах үйл ажиллагаа нь “О” ХХК шиг Газрын тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчөөгүй болно. Учир нь би Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд заасан үйл ажиллагаа болох “ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, байгалийн гамшгаас учирсан хор уршгийг арилгах, ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу орон байр барих, ашиглах, уул, овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх” үйл ажиллагаа явуулахын тулд зөвшөөрөл хүсэж байгаа болно.

Би дээр дурдсан үйл ажиллагааг 2008 оноос эхлэн эрхлэхээр зорилго тавьж, хэрэгжүүлж эхэлснээс хойш тус газарт монгол гэр барьж 2008-2017 оноос өдийг хүртэл уул овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх үйл ажиллагааг тасралтгүй эрхэлсээр байгаа бөгөөд орчин тойрны газрын хогийг цэвэрлэж, ойд арчилгаа цэвэрлэгээ хийсээр ирсэн.

Ийнхүү хууль зөрчөөгүй үйл ажиллагааг Монгол улсын иргэн тодорхой хугацаа, болзолтойгоор ашиглаж болохоор хуульд заасан боловч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын алба, Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь зөвхөн надад дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд дээрх зориулалтаар газар ашиглах эрх олгохгүй иргэн миний эрх ашгийг зөрчиж байна.

БУДЦГХЗ манай гэрээс хэдхэн метрийн зайд төрийн өмчийн газар болохыг дурдаж, Газрын тухай хуулийг сануулсан хөх өнгийн самбарыг байршуулсан тул бид уг газрыг төрийн өмчийн газар учраас хуульд заасан журмын дагуу иргэн, хуулийн этгээдэд ашиглах эрх олгогдоно гэж ойлгож дээрх байдлаар цэвэрлэгээ хийж, үйл ажиллагаа явуулж, ашиглах эрх хүссэн өргөдөл, хүсэлтийг эрх бүхий газарт гаргасаар байсан” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг албан ёсны газар ашиглах эрхгүй гэж байна. Би албан ёсоор эрх авахын тулд Үндсэн хуульд заасан иргэн хүний эрх, үүргээ эдлээд явж байхад намайг хүний тооноос хасч байна. Иргэн хүн газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй. Надад газар олгох боломжтой, боломжгүй эсэх тайлбараа өгөөгүй байж албан ёсны бус гээд байна. Албан ёсны гэж үзэж байгаа компанийн бичиг баримт гэрчилгээ асуудалтай байна. Энэ удаагийн нэхэмжлэлтэй хамааралгүй учраас тус компанийн асуудлыг тусад нь ярья гэж байгаа. “О” ХХК-ийн газар ашиглах зөвшөөрлийг хууль ёсны гэж үзэхгүй . Намайг хүний тооноос хасч газар эзэмших эрхгүй гэж үзэж байна. Би бусад этгээдүүдтэй адил газар ашиглах эрхээ авах л ёстой. Энэ газраа л авах хүсэлттэй байна” гэжээ.

Хариуцагч БУДЦГХЗ наас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль бусад хууль тогтоомжид нийцүүлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу БОАЖС Газрын тухай хуульд нийцүүлэн үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 36.1 “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасны дагуу тушаал, шийдвэр гарч газар ашиглах эрх олгогддог.

Иргэн Д.Т-гийн хувьд газар ашиглахыг хүссэн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж байсан тул газар ашиглуулах хүсэлтийг дараагийн шатны байгууллагад шилжүүлэх боломжгүй байсан байна.

Иймд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргадаг байгууллага нь Төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин аялал жуулчлалын яам байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч БОАЖСаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... БУДЦГХЗ наас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаар албан бичгээр иргэн Д.Тд хариу хүргүүлсэн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэснийг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу газар ашиглах хүсэлтээ “...Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэж заасан.

БУДЦГХЗ  иргэн Д.Т-гийн хүсэлтийг хянаж үзэж, хүссэн газар нь бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагын ашиглах эрхийн газартай давхцаж байгаа мөн хамгаалалтын бүсэд орж байгаа тохиолдолд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2008 онд хүсэлтээ өгсөн гэж байна. Хэрэв хариуцагч байгууллага хариуцлагагүй хандаж хүсэлт холбогдох баримтууд үрэгдүүлж, гээгдүүлсэн бол нэхэмжлэгч холбогдох байгууллагад хандаж шалгуулах эрх нь нээлттэй байсан. Гэтэл одоо 2018 онд 2008 оны баримтыг гээгдүүлсэн байна гэж ярьж байгаа нь нотлогдохгүй. Үүнд хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Шүүх нотлох баримт, нэхэмжлэлийн шаар хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Хэрэв төрийн байгууллага танд хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байсан бол шүүхэд хандах хугацааг зааж өгсөн байгаа. Одоо хамаг бурууг хариуцагч байгууллагад холбогдуулан тайлбарлаж байна. Үүнийг нотлох баримттайгаар ярих хэрэгтэй” гэжээ.

Гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус компани нь 2008 оны 09 дүгээр сард Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас олгосон 778 тоот дугаар бүхий газар ашиглах  гэрчилгээ  (2014 онд 2018 оны 09 дүгээ сарын 10-ны өдрийг хүртэл сунгуулсан)-ний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд 2,5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд тухайн газарт “Зайсан клуб” нэртэй цэцэрлэгт хүрээлэн бүхий амралт үйлчилгээний төв байгуулахаар ажиллаж байгаа болно. Уг төвийн ажлын хүрээнд 780 м.кв талбай бүхий амралт үйлчилгээний барилга барих, газрын нийт талбайн 70 орчим хувьд нь мод, зүлэг тарьж цэцэрлэгжүүлэх, 40 тонны багтаамж бүхий усалгааны зориулалт бүхий усан сан барих, мод таригдах нийт талбайг хамарсан усалгааны систем суурилуулах, амарч зугаалах, зам талбай, сүүдрэвч, урсгал горхи, усан цөөрөм байгуулах, авто зам барих ажлуудыг хийж байгаа бөгөөд нийт 2,5 тэрбум төгрөг төсөвлөснөөс өнөөдрийн байдлаар 1,5 тэрбум төгрөгийг ажил гүйцэтгээд байгаа болно.

Зураг төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг асуудлыг шийдвэрлэх ажилд багагүй хугацаа зарцуулж, газар дээр хийгдэх гүйцэтгэлийн ажлыг хожуу эхэлсэн боловч зураг төслийн ажлын талаар БУДЦГХЗ нд тогтмол мэдээллэж, газрын төлбөр болон байгаль хамгаалах санд төвлөрүүлэх төлбөрийг цаг тухайд хийсээр ирсэн.

Манай компанийн хувьд холбогдох хууль журмын дагуу хүсэлт гаргасны дагуу газар ашиглах эрхийг авсан бөгөөд ямар нэгэн хууль дүрэм зөрчсөн, тэр тусмаа иргэн Д.Т-г хохироосон, эрх ашигт нь сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргаагүй. Харин иргэн Д.Т-г болон түүний гэр бүлийн хүн болох Б.Х нар манай компанийн ашиглах эрх бүхий газарт ямар нэгэн зөвшөөрөлгүй буун хууль бусаар эзэмшиж, бидний эрхэд халдсан төдийгүй, ажил гүйцэтгэхээр очсон ажилчид, машин техникийг нэвтрүүлэхгүй хориг саад хийн, хэл амаар дарамтлан үйл ажиллагаа явуулахад саад хийж, цаг хугацааны болоод хөрөнгө мөнгөний ихээхэн хохирол учруулсан.

Иймээс бид 2016 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр газар албадан чөлөөлөх 183/ШШ2016/0.... тоот дугаар бүхий шийдвэр гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 78 тоот дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсний дагуу 2017 оны 02 дугаар сарын 02ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/ШЗ2017/0... дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай захирамж гарч, 137 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 137 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.М газрыг албадан чөлөөлөх шүүхийн гүйцэтгэх ажиллагааг хийсэн болно.

Гэвч иргэн Б.Х, Д.Т нар нь шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үл тоомсорлон хуулийг уландаа гишгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэл хийгдсэнээс 4 хоногийн дараа “Б Х М” ТББ-ийн гишүүд гэх залуучуудаар хүч түрэн талбай дээр ажиллаж байсан ажилчдыг айлган сүрдүүлж, гэрээ буцааж буулган бидний эзэмшилд халдсан үйлдлийг хийсэн. Манай компанийн зүгээс асуудалд хүлээцтэй хандаж, иргэн Д.Т-г өөрийн иргэнийхээ үүргийг ухамсарлан хуулийг дээдэлж, хууль бус үйл ажиллагаагаа зогсоон сайн дураар нүүхийг хүлээж, удаа дараа мэдэгдсэн боловч бидний шаардлага болон хуулийг үл тоомсорлосон тул 2017 оны 09 дүгээр сард иргэн Б.Х, Д.Т нарын гэр, эд хогшлоо авахыг шаардаж байгаа боловч өнөөдрийг болтол авахгүй байгаагаас бид хадгалалтын хөлс төлж тохирсоор байна.

Манай компани нь тусгай  хамгаалалт бүхий газарт газар ашиглахад шаардлагатай хуулиар заасан бүх зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагуудаас зохих журмын дагуу авсан бөгөөд Байгаль орчны яам, БУДЦГХЗ , Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай гурвалсан гэрээг байгуулж үйл ажиллагаа явуулах эрхээ баталгаажуулсан тул манай ашиглаж буй газраас иргэн Д.Т-д газар ашиглах эрх олгох үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““О” ХХК-ийг ямар нэгэн хүсэлтгүйгээр газар ашиглах эрх авсан гэж ярьж байна. Бичиг баримт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хадгалагдаагүй нь бидэнтэй огт хамааралгүй асуудал юм. Ямар ч байсан өргөдөл хүсэлтээ өгч байж тушаал шийдвэр гарна. Өргөдөл хүсэлтгүйгээр тушаал гарна гэдэг нь байх боломжгүй асуудал. Мөн БУДЦГХЗ наас санал аваагүй гэж байна. Гэтэл санал авсан нь алга болчихсон уу, эсхүл санал аваагүй гэдэг нь маргаантай асуудал юм. БУДЦГХЗ наас авсан санал алга болсон байх магадлалтай байна. Тэгэхээр санал аваагүй гэж үзэх боломжгүй юм” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Д.Т нь анх “БУДЦГХЗ  нь иргэн Д.Т миний хүсэлтийг 2007 оны 07 дугаар сараас хойш хүлээн авахгүй байсан, авахгүй байсан үндэслэлээ бичгээр мэдэгдэхгүй байсан болон цаг хугацаанд нь Төрийн захиргааны төв байгууллагад уламжилж шийдвэрлүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Д.Т надад Богдхан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгохыг Байгаль орчин, аялал жуучлалын сайдад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага  гаргасан ба 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, газрын зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, БУДЦГХЗ нд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Улмаар нэхэмжлэгч Д.Т нь шүүх хуралдаанд “Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БУДЦГХЗ наас надад захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “О” ХХК-ийн давхцалгүй хэсэгт эсхүл дэргэдэх “Н” ХХК, “Ц” ХХК-ийн хүчингүй болгосон газрын ашиглах эрхийг олгохыг хариуцагчдад даалгуулах” гэж нэмэгдүүлж, тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр “Д.Т-гийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны болон БУДЦГХЗ ны шийдвэр, эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ““О” ХХК-ийн давхцалгүй хэсэгт, эсхүл дэргэдэх “Н” ХХК, “Ц” ХХК-ийн хүчингүй болгосон газарт ашиглах эрхийг олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

“Д.Т-гийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны болон БУДЦГХЗ ны шийдвэр, эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Байгаль орчны сайдын 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” дугаар 216 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд “О” ХХК-д 2.5 га талбайтай газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” дугаар 1/12 тоот гэрээгээр Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор 2,5 га талбайд аялал жуулчлал эрхлэх зорилгоор  Хан-Уул дүүргийн Засаг дарга, БУДЦГХЗ ны дарга, “О” ХХК-ийн захирал нар гурвалсан гэрээг байгуулсан байна.

Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн “Зайсангийн ам” нэртэй газрын 2,5 га талбайд Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дугаар 778 тоот гэрчилгээг олгосон байна.

/Жич тус хэрэгт Байгаль орчны сайдын 2008 оны 216, 2009 оны 326 гэсэн 2 тушаал байгаа ба нэхэмжлэгч нь сайдын 216 дугаар тушаалаар олгогдсон газартай холбогдуулан маргаж байгаа болно./

Нэхэмжлэгч Д.Т-гийн үүсгэн байгуулсан “Хос Уянга” ТББ-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 11 дүгээр сарын 13 өдрийн “Хариу хүргүүлэх тухай” № 10/6964 тоот албан бичгээр “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахаар ирүүлсэн бичиг баримтын бүрдэл дутуу байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Мөн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс шинээр мөрдөгдөж эхэлсэн “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь, эко аялал жуулчлалын зориулалттай байр, сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013 стандартыг баримтлан ажиллаж байна. Уг стандартад “эдэлбэр газар, бусад цогцолбор, амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын хоорондын харагдах зай 1 км-ээс багагүй байна, мөн байр орон сууц, байгууламж нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний үндсэн шинж чанарыг хадгалсан, тухайн орчны байгаль ландшафтын дүр төрхөд нийцсэн, түүхийн соёлын өвийг хүндэтгэсэн хийц загвартай байх ба барилгын газар дээрх давхар хоёр давхраас өндөргүй байна” гэж заасан болно гэсэн хариуг өгсөн байна.

Дээрх 2015 оны № 10/6964 тоот албан бичгээс үзэхэд Д.Тгийн газар ашиглахыг хүссэн хүсэлтэд бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа, эсхүл холбогдох стандартад нийцэхгүй буюу стандартын шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа мэтээр хоёрдмол салаа утгатай, ойлгомжгүй, тодорхойгүй хариуг өгч байсан байна.

Харин БУДЦГХЗ наас Д.Т-д хүргүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №336 тоот албан бичгээр “..Тус дархан цаазат газрын Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах хүсэлтийг хянаж үзээд тухайн хязгаарлалтын бүсэд орсон газар нь Төрийн захиргааны төв байгууллагаас олгогдсон 2 иргэн аж ахуйн нэгж байгууллагатай давхцалтай байна. Мөн танай үлдсэн талбай нь манай дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орсон байгаа тул газар ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болно” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

Дээрх нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэсэн хариу албан бичгүүдээс үзэхэд яам болон БУДЦГХЗ наас “бичиг баримтын бүрдэл дутуу, стандартын шаардлагыг хангахгүй, бусад иргэн, хуулийн этгээдийн газартай давхцалтай, дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орсон” гэх мэтээр хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй, тодорхойгүй хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” гэж Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны нийтлэг үүргийг хуульчилсан ба иргэн, хуулийн этгээдийн хүсэлтэд захиргааны байгууллага, албан тушаалтан нь үндэслэл бүхий тодорхой хариуг өгөх үүрэгтэй.

Дээрх хуулийн зохицуулалт болон үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхдөө хариуцагчид хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй, тодорхойгүй хариуг өгсөн нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул яам болон БУДЦГХЗ ны татгалзсан хариуг буюу үйлдлийг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь 2007 оноос эхлэн газар ашиглах хүсэлтээ удаа дараа яаманд гаргаж байсан боловч хариу огт өгч байгаагүй эс үйлдэхүйг гаргасан гэсэн агуулгаар тайлбарладаг ба Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шүүхээс очиж холбогдох бичиг баримтуудад үзлэг хийхэд нэхэмжлэгчийн 2007 оноос эхлэн хүсэлт гаргасныг нотлох баримт байхгүй байсан болно.

““О” ХХК-ийн давхцалгүй хэсэгт, эсхүл дэргэдэх “Н” ХХК, “Ц” ХХК-ийн хүчингүй болгосон газарт ашиглах эрхийг олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгох, эс олгох асуудал нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бүрэн эрх байна.

Газар ашиглах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хуульд заасан журмын дагуу шалган үзсэний үндсэн дээр газар ашиглах эрх олгох, эсхүл эс олгох нь яамны бүрэн эрх байх тул О” ХХК-ийн давхцалгүй хэсэгт, эсхүл дэргэдэх “Н” ХХК, “Ц” ХХК-ийн хүчингүй болгосон газарт ашиглах эрхийг олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн даалгах шаардлага болох “О” ХХК-ийн давхцалгүй хэсэгт, эсхүл дэргэдэх “Н” ХХК, “Ц” ХХК-ийн хүчингүй болгосон газарт ашиглах эрхийг олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлагыг шүүхээс хангах боломжгүй ба нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд нь хуульд заасан үндэслэл, шаардлага, шалгуурыг хангаж байгаа эсэхийг шалган, үнэлэн үзсэний үндсэн дээр ашиглах эрх олгох, эсхүл эс олгох нь хариуцагчийн бүрэн эрх юм.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийхээс цаг хугацааны хувьд өмнө “О” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулж, ашиглах гэрчилгээ олгосон нь хууль, холбогдох журмуудыг зөрчсөн, “О” ХХК-ийн анх гаргасан газар ашиглах хүсэлт, түүнд хавсаргавал зохих баримтууд яаманд байхгүй, хадгалагдаагүй, хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг даргын саналыг авалгүйгээр “О” ХХК-д газар ашиглах эрх олгосон зэрэг нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлаж маргадаг ба эдгээр маргаж буй үндэслэлүүд нь шүүхийн үзлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогддог хэдий ч дээрх маргаж буй үндэслэлүүд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Д.Т-гийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны болон БУДЦГХЗ ны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх ““О” ХХК-ийн газрын давхцалгүй хэсэгт, эсхүл дэргэдэх “Н” ХХК, “Ц” ХХК-ийн хүчингүй болгосон газарт газар ашиглах эрхийг олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.Б