Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 201/МА2017/00014

 

  “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Ц.Төмөртогоод холбогдох

иргэний хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалан, шүүгч Я.Алтаннавч, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан давж заалдах шатны  шүүх хуралдаанаар  Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 138/ШШ2017/00235 дугаар шийдвэртэй, “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Төмөртогоод холбогдох зээлийн гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 276,965,966.55 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулгын давж заалдах гомдлоор  2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд оролцсон:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул

Хариуцагч Ц.Төмөртогоо

Нэхэмжлэгч “Кредит Монгол ББСБ” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Төмөртогоо нь 2013.11.21-ний өдөр нэхэмжлэгч “Кредит Монгол” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан, барилгын хөрөнгө оруулалтын зорилгоор, 51350 ам долларыг 30 хоногт 4 %-ийн хүүтэй, 10 сарын хугацаатай, эхний 5 сар үндсэн зээл төлөхөөс чөлөөлөгдөх, хугацаа хэтэрвэл 30 хоногт 0.8%-ийн нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр зээлдэн авсан. Улмаар 5 сарын дараа зээлийн үндсэн төлбөр төлөгдөж эхлэх хугацаа болох үеэр 2014.05.13-нд нэмэлт гэрээ байгуулан, зээл буцаан төлөх нийт хугацааг 8 сараар, түүний дотор зээлийн үндсэн төлбөр төлж эхлэх хугацааг 2014.10.10-ны өдрийг хүртэл хойшлуулан  сунгасан байна. Гэвч Ц.Төмөртогоо нь 2014.10.24-ний өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул  зээлийн гэрээний үүргийн тооцоог 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөр тасалбар болгон тооцож дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 49,476.86 ам доллар, зээлийн хүүгийн төлбөр 52,083.25 ам доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10,225.22 ам доллар буюу нийт 111,785.34 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ханшаар 1 ам долларыг 2474.86 төгрөгөөр тооцон, 276,653,066.55 төгрөг,

2. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын зардал  29600 төгрөг, Дорнод аймагт ажилласан ажилтны томилолтын зардал 90000 төгрөг, автомашины бензин 196000 төгрөг, буюу нийт 276,965,966.55 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Ц.Төмөртогоо хариу тайлбартаа: Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.  Үүнд:

1. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт “мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасны дагуу зээл авах үеийн нэг ам долларын ханш буюу 1559 төгрөгөөр тооцох,

2. Зээлийг хугацаандаа төлөөгүй явдал нь эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн алба, баригдсан орон сууцны гэрчилгээг айл бүрээр гаргаж өгөхгүй байгаатай холбоотой, надаас шалтгаалаагүй, миний буруу байхгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэх заалтын дагуу гэрээний хугацаа дууссан үе буюу 2015.01.12-ноос хойш бодсон хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй.

Иймд зээлийн үндсэн өр 77.134.424 төгрөг, гэрээний хугацаанд төлөөгүй хүү 19.229.311 төгрөг, гэрээний хугацаанд төлөөгүй нэмэгдүүлсэн хүү 3.845.862 төгрөг буюу нийт 100.209.600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02  сарын 16-ны өдрийн 138/ШШ2017/00235 дугаар шийдвэрээр:  

- Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр дууссан бөгөөд түүнээс хойш зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байтал нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 12 дугаар сарын 7-ныг хүртэл хүү тооцож нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, зээлийн гэрээг бичгээр байгуулан гэрээнд хүүтэй болон хүүгүй олгож болохоор хуульчилсан байгаа нь гэрээний хугацаанд хүү авах эрхтэй гэсэн үг юм.

- Хариуцагч гэрээний хугацаанд тодорхой хэмжээгээр хүү төлсөн, гэхдээ үндсэн зээл 49,476.86 ам доллар болон хүү 11.386 ам долларыг нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул дээрх төлбөрийг үүрэг үүсэх үеийн буюу 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол банкны долларын ханш 1926.44 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

- Хариуцагч Ц.Төмөртогоо нь тайлбартаа: “давагдашгүй хүчин зүйл төлбөр төлөхөд нөлөөлсөн” гэж тайлбарлаж байгаа боловч давагдашгүй хүчин зүйл нь “байгалийн гамшиг, газар хөдлөлт, хорио цээр...” гэх мэт хүнээс үл хамаарах зүйлийг багтаасан байдаг бөгөөд түүний гаргасан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын гэрчилгээ гаргаагүй байдал нь давагдашгүй хүчин зүйлд хамаарагдахгүй гэж үзэн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

- Иймээс хариуцагч Ц.Төмөртогоогоос нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 49,476.86 ам доллар 95,314,202 төгрөг, хүү 11,386 ам доллар буюу 21,934,446 төгрөг, нэмэгдүүлсэн хүү /үндсэн хүүгийн 20 хувиар тооцож/ 2,277 ам доллар буюу 4,386,889 төгрөг, нотариатын зардал 29,600 төгрөг, томилолтын зардал 90,000 төгрөг, автомашины бензины зардал 196,000 төгрөг, нийт 121,951,137 төгрөгийг гаргуулан 155,014,829 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн бөгөөд  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Төмөртогоогоос 121.951.137 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Кредит Монгол ББСБ” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 155.014.829 төгрөгийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болох...зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган,

2017 оны 02 сарын 01-ний өдрийн 138/ШЗ2017/00373 дугаартай “хүсэлт хангаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаар оролцсон С.Эрдэнэчулуунд холбогдуулан эд хөрөнгийг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.542.850 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ц.Төмөртогоогоос 767706 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Кредит Монгол ББСБ” ХХК-д олгон, ...шийдвэрлэжээ.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулга давж заалдах гомдолдоо:

- Шүүх гэрээний хугацаа дууссан гэдгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийн “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх заалт, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасантай нийцэхгүй байна. Дээрх хуулийн зохицуулалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 53 дугаар тогтоолд: -“...үндсэн хүү” гэж зээлийн ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. ”...нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэлх хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Мөн зүйл, заалтын “гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ хэмээн тайлбарласан. Дээрх бүгдээс үзвэл зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлэх хүртлээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хууль өөрөө шаардсан байна. Мөн зээлийн гэрээний 2.6-д “Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ” гэж, 3.1.4-т “зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүүг ...хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй” гэж, зээлийн нэмэлт гэрээний 4-д “гэрээ нь зээлдэгчээс зээлийн бүх төлбөрийг бүрэн гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж тус тус заасан байна. Зээлдэгч авсан зээлээ ямар нэгэн шалтгаанаар төлөлгүй гэрээний хугацаагаа дуусгаад хүүгүй хэрэглэж болно гэсэн хуулийн ямар ч заалт байхгүй гэдгийг шүүх харгалзан үзсэнгүй. Харин Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан ч гэрээнд заасан зүйл, заалтууд гэрээний талууд үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх учиртай байгааг харгалзан үзнэ үү.

- Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсгийн “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийн “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар,...тооцно” гэх заалт, зээлийн гэрээний 2.3-ийн “Зээлдэгч авсан валютын зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төгрөгөөр төлөх тохиолдолд Зээлдүүлэгчийн тухайн өдрийн валют худалдах ханшаар тооцно,...” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас нэхэмжилж буй ам долларыг тухайн өдрийн Монгол банкны албан ханшаар тооцож нэхэмжилсэн байтал, шүүх 2015 оны 01 сарын 10-ны өдрийн Монгол банкны албан ханшаар тооцож шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн үед “Кредит Монгол ББСБ” ХХК нь гадаадын болон АНУ-ын Кива төслөөс ам доллараар тодорхой хувийн хүүтэй  зээл авч одоо ч бүрэн төлж дуусаагүй байгаа бөгөөд валютын зах зээл дээрх тогтворгүй байдлаас шалтгаалан ам доллараар буцаан төлөгдөх санхүүжилтээр орж ирсэн ам долларыг харилцагч, зээлдэгч нарт ам доллараар зээл олгох санал тавьж зээлдэгчийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээний талуудын чөлөөт байдлыг ханган зээлдэгчийн хүсэл сонирхол болон зохих хуулиудыг үндэслэн зээлийн гэрээ байгуулан зээлдэгчид ам доллараар зээл олгосон болно.Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Ц.Төмөртогоогоос 121,951,137 төгрөгийг гаргуулан “Кредит Монгол ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэл гаргах үеийн ам долларын Монгол банкны албан ханшаар тооцвол 49,275 орчим ам доллар болж байгаа нь хариуцагчийн авсан зээлийн үндсэн өрийн үлдэгдэл болох 49,476.86 ам долларт ч хүрэхгүй байгаа нь “Кредит Монгол ББСБ” ХХК-д маш их хохиролтой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 155,789,973 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэлд дурдсан шаардлагуудын хэмжээг дүгнэн үзэхэд 276,968,666.55 төгрөг болж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, нэхэмжлэлийн үнийг тодорхойлох эрх нь гагцхүү нэхэмжлэгчид хадгалагдах тул нэхэмжлэлд дурдсан 276,965,966.55 төгрөгийн хүрээнд нэхэмжлэлийг хэлэлцэхийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар давж заалдах

шатны шүүхийн дүгнэлт:

Хариуцагч Ц.Төмөртогоо нь 2013.11.21-ний өдөр нэхэмжлэгч “Кредит Монгол” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан, барилгын хөрөнгө оруулалтын зорилгоор, 51350 ам долларыг 30 хоногт 4 %-ийн хүүтэй, 10 сарын хугацаатай, эхний 5 сар үндсэн зээл төлөхөөс чөлөөлөгдөх, хугацаа хэтэрвэл 30 хоногт 0.8%-ийн нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр зээлдэн авчээ. Улмаар 5 сарын дараа зээлийн үндсэн төлбөр төлөгдөж эхлэх хугацаа болох үеэр 2014.05.13-нд нэмэлт гэрээ байгуулан, зээл буцаан төлөх нийт хугацааг 8 сараар, түүний дотор зээлийн үндсэн төлбөр төлж эхлэх хугацааг 2014.10.10-ны өдрийг хүртэл хойшлуулан сунгасан байна.

Гэвч Ц.Төмөртогоо нь 2014.10.24-ний өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул нэхэмжлэгч “Кредит Монгол” ББСБ-аас түүний зээлийн гэрээний үүргийн тооцоог 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөр тасалбар болгон тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч хэргийн үйл баримтын талаар маргаагүй байна.

Хоёр. Хууль хэрэглээний талаар давж заалдах

шатны шүүхийн дүгнэлт:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна. Үүнд:

1. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох эсэх тухайд:

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж заасан нь “хүүтэй олгосон зээлийн хугацаа дуусмагц зээлийн хүү тооцохыг зогсоох” агуулгатай бус, харин “зээл олгохдоо хүүгүй олгож болох”-ыг хуулиар зөвшөөрсөн агуулгатай юм.

 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгчийн хариуцлагын талаар заахдаа: “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэжээ. Хуулийн энэ хэсэгт дурдсан “хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү” гэх ойлголт нь өөрөө зээлдэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлагын хэлбэр байтал, “зээлийн гэрээний хугацаа дуусмагц зээлээ хугацаандаа төлөөгүй зээлдэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөх ёстой” гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлт нь логикийн хувьд илэрхий алдаатай, “хэтэрсэн хугацааны хүү ба нэмэгдүүлсэн хүү”-гийн ойлголтоос эсрэг утгатай тайлбар болжээ. Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6, 3.1.4-т заасан “зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамаараад зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох” агуулга бүхий нөхцөлүүд хуульд харшлаагүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байна.

Иймд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон шаардлага нь  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5,  453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3,  мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, зээлийн гэрээний 2.6, 3.1.4-т зааснаар хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Ам долларын зээлийг буцаан төгрөгөөр төлөхдөө “зээл авах, зээлийн гэрээний хугацаа дуусах, нэхэмжлэл гаргах үе”-ийн ханшийн алинаар тооцох тухайд:

Талууд ам доллараар зээл олгох, зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг ам доллараар буцаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй байна. Тухайлбал Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” гэж заасан боловч мөн зүйлийн 217.2 дахь хэсгийн “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэж заажээ. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэг нь ерөнхий зохицуулалт, харин энэхүү ерөнхий зохицуулалтыг хэрэглэхэд саад болох тусгай зохицуулалт мөн зүйлийн  217.2 дахь хэсэгт тусгагдсан байна. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох, буцаан төлүүлэхдээ ам доллараар тооцохыг хориглосон хууль байгаа эсэхийг судлан үзвэл Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэж заасан байна.

Зээлдэгч ам доллараар төлөх үүргээ төгрөгт шилжүүлэн тооцож төлөх тохиолдолд ханшийг хэрхэн тооцох тухайд талууд маргажээ. Тухайлбал, хариуцагч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-ийг иш татан  зээл авах үеийн нэг ам долларын ханш буюу 1559 төгрөгөөр тооцно гэж, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг, зээлийн гэрээний 2.3-ийг үндэслэн нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны албан ханш 2474.86 төгрөгөөр тооцно гэж маргасан. Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан 2015.01.10-ний өдрийн ханшийг үүрэг үүсэх үеийн ханш гэж тодорхойлон энэ өдрийн Монгол банкны албан ханш 1926.44 төгрөгөөр тооцсон байна.

Анхан шатны шүүх үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож буй үндэслэлээ тодорхойлоогүй бөгөөд үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох нь буруу юм.

Учир нь, Иргэний хуулийн 217 дугаар зүйлд үндэсний ба гадаадын мөнгөн тэмдэгтээр үүрэг гүйцэтгэх асуудлыг зохицуулсан ба ингэхдээ хөрвүүлэх ханшийг зохицуулаагүй байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн зохицуулалт нь үндэсний ба гадаадын мөнгөн тэмдэгт хоорондын хөрвөх ханшид хамааралгүй бөгөөд зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үндэсний мөнгөн тэмдэгтийн хуваарь, масштаб өөрчлөгдөхтэй холбоотой харилцааг зохицуулсан юм. Жишээлбэл, БНМАУ-ын бага хурлын 1991 оны 14 дүгээр тогтоол, Засгийн газрын 1991 оны 20-р тогтоолоор мөнгө, төгрөгийн ханшийг 1991.01.16-наас эхлэн 2 дахин нэмэгдүүлж байжээ.

Иймд, юуны өмнө, аль үеийн хөрвөх ханшийг баримтлах талаар гэрээний талуудын тохиролцоо байгаа эсэхийг тогтоох ба талуудын хоорондын гэрээний 2.3-т “Зээлдэгч авсан валютын зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төгрөгөөр төлөх тохиолдолд Зээлдүүлэгчийн тухайн өдрийн валют худалдах ханшаар тооцно” гэж “төлбөр төлөх өдрийн” ханшаар тооцохоор заасан нь хуульд харшлаагүй, төлбөр тооцооны тогтсон заншилд нийцсэн байна. Тухайлбал банк, эрх бүхий хуулийн этгээд гадаад валютаар хийгдэх төлбөр тооцоог хүлээн авахдаа уг гадаад валютаар нь эсхүл тэр өдөр тухайн банк, эрх бүхий хуулийн этгээдэд дагаж мөрдөж буй валют худалдах ханшаар хөрвүүлж төгрөгөөр хүлээн авдаг билээ. Шүүхэд нэхэмжлэл гаргах нь хугацаандаа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа агуулгатай тул нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэн шаардаж байгаа нь талуудын гэрээгээр тохирсон “тухайн өдрийн...ханшаар” тооцох тохиролцоонд харшлаагүй юм. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасан шаардлагыг хангах үүднээс “Монгол Банкнаас зарласан” ханшаар тооцож нэхэмжилсэн ба талууд “Монгол банкнаас зарласан ханш” баримтлах тал дээр маргаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, зээлийн гэрээний 2.3-т заасны дагуу “нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан ханш” болох 1 ам долларыг 2474.86 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

3. Улсын бүртгэлийн албанаас гэрчилгээ гаргаагүй явдлыг “хариуцагчийг гэм буруугүй” гэж үзэх үндэслэл хэмээн үзэх эсэх тухайд:

Мөнгөн төлбөрийн үүргийн тухайд үүрэг гүйцэтгэгч нь өөрийн санхүүгийн чадварыг бүрэн хариуцах нь эдийн засаг, эрх зүйн нийтлэг зарчим юм. Иймд “улсын бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаагүйгээс болоод худалдан авагч нараас мөнгөө авах боломжгүй байсан” гэх шалтгааныг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсгийн “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй...” гэх нөхцөлд хамаатуулан үзэх нь буруу юм.

Гурав. Давж заалдах гомдлын тухайд:

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан нотариатын үйлчилгээний хөлс, ажилтны томилолт, тээврийн зардлыг нөхөн төлүүлэх шаардлагыг хариуцагч татгалзаагүй тул нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулгын давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02  сарын 16-ны өдрийн 138/ШШ2017/00235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг  “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасныг баримтлан хариуцагч Ц.Төмөртогоогоос зээлийн гэрээний үүрэг болон үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй учирсан хохиролд 276,965,966.55 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Кредит Монгол ББСБ” ХХК-д олгон, хариуцагч С.Эрдэнэчулуунд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж; тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад ”767706 төгрөг” гэснийг “1,542,780 төгрөг” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 936900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ЭНХЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                              Я.АЛТАННАВЧ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР