Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 890

 

 

 

 

 

2020          10          06                                 2020/ШЦТ/890    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч И.Мөнхцэцэг, 

Хохирогч Б.Ундрал, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1909035931038 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 39 настай, дээд боловсролтой, Банк санхүүгийн удирдлагын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун 207 дугаар байрны 32 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кроун” караокед 2019 оны 09 дүгээр сарын 13-наас 2019 оны 09 дүгээр сарын 14-нд шилжих шөнө иргэн Б.Ундралын биед халдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-нд шилжих шөнө 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Кроун” караокед Өнөрхүү, Мөнхжаргал, Болортуяа, Батцэцэг, Сэргэлэн, Ундрал, Баяржаргал, Намуундарь болон миний бие гээд 9 хүн орсон. Караокед ороод бүгд ууж, идэх юмаа захиалсны дараа дуулж байхад Ундрал миний микрофоныг удаа дараа булааж авч удалгүй дууг албаар 2 удаа зогсоосон. Тэрнээс болж маргаан үүссэн. Караоке дотор маргалдаан үүсэж бие биеэ түлхэх, бие бие рүүгээ дайрсан асуудал байсан ч дотор ямар нэгэн зодоон болоогүй. Тэгээд хүмүүсийн уур амьсгал сонин болоод гараад явцгаасан. Гараад зогсож байхад араас “чи зайл, яв мангар бацаан минь” гэж хойноос хэлсэн. Тэгээд хоёулаа маргалдаж, үсдэлцэж бие биеэ өшиглөсөн. Ундрал намайг огцом үснээс татаж би газар унасан. Тэгээд босож ирээд хоёулаа буцаж үсдэлцэж өшиглөсөн. Бичлэг дээр тодорхой харагдана...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ундрал мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 13-нд би найз Өөжийгийн төрсөн өдөрт уригдсан бөгөөд нэлээн хоцорч 18 цаг өнгөрч байх үед Дүнжингаравын тэнд очсон. Тэнд очиход Өөжий болон түүний гэр бүлээс өөр миний таньдаг хүн байхгүй байсан. Баярмаа гэх эмэгтэйг огт таньж мэдэхгүй... Миний бие тухайн үед архи пиво уугаагүй. Маргааш өглөө нь тодорхой ажил төлөвлөсөн байсан учир архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхгүй гэсэн байр суурьтай байсан. 22 цагийн орчимд бид нар Гурван гал худалдааны төвийн подвалд байрлах Кроун караокед орсон. Миний бие цагаан архи хэрэглээгүй эрүүл байсан. Архи уугаагүй нэг эмэгтэй надтай хамт сууж байсан. Караоке дотор маргалдах зүйл гараагүй. Баярмаагийн хувьд тухайн үед маш их согтолттой, гуйвсан байдалтай байсан. Бид нар хоорондоо гар гараа мөрөн дээрээ тавиад дэлгэц рүү хараад дуулж байсан. Тэр дунд миний бие байсан. Ширээн дээр очиж суухад Баярмаа миний эсрэг талд сууж байснаа “над руу муухай хараад байна уу” гэж хэлсэн. Миний эргэн тойронд олон хүн байсан учраас би гайхаад “би юу” гэж асуусан. Тэгэхэд над руу “чи намайг өдөөд байна” гэж уурлан над руу агсам тавьж ууж байсан архиа цацсан. Баярмаа гэх эмэгтэйг найзууд нь авч гарсан. Би өмнө нь хүний төрсөн өдөрт оройн цагаар очдоггүй, архи согтууруулах удааны зүйл хэрэглэх хэмжээгээ туйлын сайн мэддэг. Тэгээд намайг гараад ирэхэд Баярмаа үсдэж нүүр нүдгүй зодсон. Би маргааш өглөө ажилтай чи наад өсгийтэй гутлаараа болиоч” гээд орилсон. Тэр үед Өөжийгийн нөхөр тооцоогоо хийгээд гарч ирээд салгасан. Тэгээд байж байтал миний нүүр амнаас цус гараад би шууд цагдаа дуудсан. Миний тархи доргисон байсан. Гэмтэл дээр тавьсан оёдол маш муухай тавигдсан байсан. Би өөртөө маш их гутралтай байсан. Эмнэлэгт хэвтэж тодорхой үе шаттай эмчилгээ хийлгэсэн. Нийт эмчилгээний төлбөр 3.542.000 төгрөг гарсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Цаашид гарах зардал байхгүй. Гомдолтой байна...” гэв.  

 

Эрүүгийн 1909035931098 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн найз Өнөрхүүгийн төрсөн өдөрт очсон. Тухайн үед Ундрал гэдэг эмэгтэйтэй танилцсан. Бид нар төрсөн өдөр тэмдэглээд үргэлжлүүлээд караоке орсон. Караокед дуулж байсан чинь Ундрал  миний микрофоныг удаа дараа аваад байсан. Би дуулж байсан чинь Ундрал миний дуулж байсан дууг шууд зогсоохоор нь би бухимдаад Ундралд хандаж “чи түрүүнээс хойш яагаад өдөөд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “мангар бацаан минь зайл, чи согтуу байна” гээд байсан. Тэгээд караокены өрөөнд маргалдсан. Би караокеноос гартал араас олон юм яриад байхаар нь эргэж очоод “чи яах гээд юм бэ” гээд үсдээд авсан чинь намайг үстээд авсан. Би Ундралын хөл рүү өшиглөсөн. Миний хөл рүү бас өшиглөсөн тэгээд тэнд байсан хүмүүс салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар/,

 

Хохирогч Б.Ундрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн найз Өөжийгийн төрсөн өдөрт уригдаж очсон. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” төвийн Б1 давхарт байрлах “Кроун” гэх нэртэй караокед орж сууцгаасан. Бид тухайн төрсөн өдөр дээр байсан хүмүүсийг өмнө нь таньдаггүй хүмүүс байсан. Тэгээд караокед бид нар уух юмаа захиалаад дуулцгаасан. Би тухайн караокены өрөөнд тухайн хүмүүсийг танихгүй мөн сайн танилцаагүй байсан учир нэлээн зайтай сууж байсан. Тэр үед би Тука гэдэг эмэгтэйтэй юм яриад сууж байсан чинь Баярмаа гэх эмэгтэй нэлээн согтолттой юу хэлж байгаагаа ойлгохгүй “муухай хараад байна уу, яагаад хараад байгаа юм бэ,  түрүүнээс хойш өдөөд байдаг шүү” гээд байсан. Тэр үед  Тука бид 2 “хэнтэй яриад байгаа юм бол” гэж бодсон чинь “та хоёртой яриад байна” гэж хэлсэн. Тухайн үед Баярмаагийн хажууд Өөжийгийн найз гээд Японд цуг байсан нэг эмэгтэй босож ирээд “наадах чинь угаасаа ингэдэг юм, би аваад гарчихъя, чи болиоч” гээд Баярмаад хандаж хэлж хэлсэн. Тухайн эмэгтэй Баярмааг аваад гарах гэсэн чинь Өөжий “нэгэнт ирчихсэн юм чинь энэ байдлаа дуусгаад хамтдаа гарцгаая одоо гайгүй байлгүй дээ” гэсэн. Тэр үед Баярмаа дайрсаар байсан. Тэгээд над руу стокан авч шидсэн. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ гарцгаая гээд гарцгаасан. Караокены өрөөний хаалгаар гарч байтал Баярмаа намайг үстээд авсан. Тэр үед Өөжийгийн нөхөр Мөөгий Тукагийн нөхөр Сээгий 2 салгаад “чи боль ууж идсэнээ шингээж сур” гэж хэлсэн. Баярмаа намайг үсдээд газар унагаж байгаад миний хөл гар нүүр хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Тэр үед миний толгойноос цус гарсан. Би “чи болиоч, нүүр ам муухай болголоо” гэсэн чинь ухаан байхгүй юу хийж байгаагаа мэдэхгүй үйлдлээ хянах чадваргүй байсан. Өөжий салгах гээд дийлэхгүй байсан. Би шууд өөрийн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 68-69 дүгээр хуудас/,

 

Гэрч В.Мөнхжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр Өнөрхүүгийн төрсөн өдөр болсон. Баярмаа нэг юм аваад шидсэн, юу шидсэнийг мэдэхгүй байна, ямар ч байсан юм хагараад үсэрсэн. Арга хэмжээ болсон газраас бид нар гарцгаасан. Би тооцоо хийгээд гараад ирэхэд манай эхнэрийн төрсөн өдөр дээр ирсэн байсан Баярмаа гэх эмэгтэй Ундралыг үсдээд авсан байсан. Салгах үед нь би очиж хамт салгалцсан. Гадаа яг юу болоод, үсдэх болсон талаар мэдэхгүй байна. Тухайн газраас гарах үед жаахан маргаан болоод байсан. Тэр асуудлаас болоод ийм зүйл болсон байна. Салгасны дараа Ундралыг машинд суулгасан чинь нүүр нь хавдаад толгойноос нь цус гарчихсан байсан. Цагдаа дээр ирээд харсан чинь зүүн нүд нь хөхөрч шалбарсан, хацар хэсэгт хумсны бүдэг маажуулсан, толгой духны дээд хэсэгт хавдаад. ГССҮТ-д үзүүлсэн чинь толгой нь хагараад оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 73-74 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Болортуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны орой манай найз Өөжийгийн төрсөн өдөр болоод найз нарын хамт төрсөн өдрийг нь тэмдэглээд “Кроун” гэх нэртэй караокед орж үйлчлүүлсэн. Тухайн караокед сууж байтал Өөжийгийн төрсөн өдөр дээр ирсэн Баярмаа, Ундрал гэх эмэгтэй рүү караокены удирдлагаар цохих гэж далайсан. Хэсэг хугацааны дараа Баярмаа Ундрал 2 барилцаад авчихсан байсан. Бөөн юм болж байж салгасан. Бид нар караокеноос гарцгаасан. Караокены гадаа гарч ирээд тэр 2 хоорондоо маргалдаад байсан. Караокены гадаа Баярмаа гэх эмэгтэй Ундралын толгой хэсэг рүү нь цохиж, бие хэсэг рүү нь удаа дараа өшиглөсөн. Тэнд байсан хүмүүс салгацгаасан. Ундралыг машиндаа суулгаад харсан чинь нүд нь хавдсан, хаанаас нь мэдэхгүй цус гарчихсан байсан. Бид нар ГССҮТ рүү очиж үзүүлэхэд “толгой нь хагарсан байна, нүд нь гэмтэл авсан байна” гэж эмч хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Өнөрхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр миний төрсөн өдөр болоод найз нартайгаа уулзсан. Төрсөн өдөр тэмдэглээд караокед орсон. Караокены өрөөнд бид нар уулзацгааж байсан чинь гэнэт Ундрал Баярмаа 2 хоорондоо өшиглөлцөөд байсан. Тэнд байсан манай найз нар салгасан. Тухайн үед ямар шалтгааны улмаас муудалцсан талаар нь би мэдэхгүй байна. Ундралын нүүр нь хөхөрсөн, нүдний хажууд нь урагдчихсан. Өмсөж явсан ноолууран бор өнгөтэй майк нь урагдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-72 дугаар хуудас/,

 

Гэрч С.Номуундарь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-нд шилжих шөнө өөрийн найз Өнөрхүүгийн төрсөн өдрийн тэмдэглээд бид нар найз нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кроун гэх нэртэй караокед орсон. Бид нар караокед дуулж хуурдаад сууцгааж байсан чинь Ундрал караокены төхөөрөмжийг унтраасан. Дахиж асаагаад дуулж байсан чинь Баярмаа Ундрал 2 хоорондоо хэрэлдээд байхаар нь Баярмаагаас юу болсон талаар асуусан чинь Баярмаа надад “Ундрал хүн дуулж байхад дууг зогсоогоод, микрофон булаагаад байна” гэж хэлсэн. Тэгээд би төрсөн өдрийн арга хэмжээнээс яваад өгсөн. Намайг явсны дараа юу болсон талаар мэдэхгүй байна...Ундрал бор эрээн өнгийн цамцтай, гадуур нь ноосон бордуу өнгөтэй ханцуйгүй майк өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Сэргэлэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Он сар өдрийг санахгүй байна. Тэр өдөр би өөрийн найз Өнөрхүүгийн төрсөн өдөрт очсон. Караокед Баярмаа, Ундрал гэх эмэгтэйчүүд хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед тэр 2 микрофон булаацалдаад байсан. Баярмаа нь Ундрал руу караокены удирдлагаар далайж, пивоны стоканыг шидээд хоорондоо үсдэлцээд байсан. Караокены гадаа Баярмаа Ундралыг ахиад цохиод хэрэлдээд байсан. Баярмаа Ундралыг үсдэж доошоо дарчихаад цохиод өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Батсэцэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн найз Өнөрхүүгийн төрсөн өдөрт очсон. Бид нар найз нараараа Сүхбаатар дүүгийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурван гол худалдааны төвийн В1 давхарт байрлах  караокед орж үйлчлүүлсэн. Ундрал тухайн караокед сууж байгаад Баярмаагаас микрофон шүүрч аваад таарамжгүй байгаад байсан. Баярмаа Ундрал 2 караокены өрөөнд маргалдаад түлхэлцсэн. Караокед байсан хүмүүс салгасан. Бид нар караокеноос гарцгаахад Ундрал Баярмаа 2 бас үсдэлцээд авсан. Тэгээд салцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Тулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр найзынхаа төрсөн өдөрт явсан. Тэгээд 22 цагийн үед над руу залгаад “төрсөн өдөр нь тарчихлаа, ирээд ав” гэж хэлсэн. Караоке руу явж очоод эхнэр рүүгээ залгахад утсаа авахгүй байхаар нь “ирчихлээ” гэж мессеж бичээд 10 орчим минут машиндаа хүлээж суусан. Тэгсэн чинь Баярмаа, Ундрал гэх 2 эмэгтэй маргалдаад нэг нэгнийхээ хувцаснаас барилцаад зодолдох гээд байсан. Тэгэхээр нь дундуур нь ороод салгасан. Тэгээд маргаан намжаад сууж байсан чинь дахиад Ундрал Баярмаа 2 хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Юунаас болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/,

 

Гэрч И.Баяржаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн найз Өнөрхүүгийн төрсөн өдөрт очсон. Бид нар тухайн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороон нутаг дэвсгэрт байрлах Гурван гал худалдааны төвийн доод давхарт байрлах караокед орцгоосон. Тухайн газар үйлчлүүлж байсан чинь Ундрал Баярмаа нар хоорондоо хэрэлдээд байсан. Би яг болсон асуудлыг дэлгэрэнгүй санахгүй байна. Гэхдээ караоке дотор зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130 дугаар хуудас/,

 

Гэрч М.Золбоотын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 131  дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Баттулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Манай байгууллага гадна талдаа 7 хяналтын камертай уг хяналтын камерын чиглэлүүд нь барилгыг тойрсон чиглэлтэй хүмүүсийн орж гарч байгаа хөдөлгөөн аваарын хаалга, орж ирэх хаалга зэрэг зүг рүү туссан байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 147-148 дугаар хуудас/,

 

Шинжээч Ө.Сарангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Б.Ундралын биед зулайн хуйх, зүүн хацарт шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлд үүссэн байх боломжтой. Ирмэгтэй ээмэг, бөгж, бугуйвч зэрэгт цохигдох үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 145-146 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 136-137 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11181 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Б.Ундралын биед зулайн хуйх, зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх шинэ гэмтлүүд байна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Говь брендийн эмэгтэй цамц, 995 сорьцтой эмэгтэй хүний гинж, 995 сорьцтой эмэгтэй хүний ээмэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.923.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

            ГССҮТ, Компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

            “Эй Ар Юу Ди” ХХК “Болд овогтой Ундралд үзүүлэх үйлчилгээний зардал /хх-ийн 53 дугаар хуудас/,

 

            Бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...цайвар өнгийн өмдтэй бараан өнгийн дээгүүрээ юм өмссөн хүн доошоо тонгойсон харагдах ба хажууд байсан хүмүүс нь тухайн хүнийг нэг хүнээс салгаж байгаа харагдаж байв. Цайвар өнгийн өмд дээгүүрээ бараан өнгийн хувцастай эмэгтэйг нэг эмэгтэй түлхээд хяналтын камерын бичлэгээс гарч байгаа харагдах ба тэр үед хэсэг бүлэг хүмүүс мөн бужигналдаж байгаа харагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Д.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/,  гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81-82 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Урамчимэгээс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 13 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кроун” караоке дотор болон гадна Б.Ундралтай зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “зулайн хуйх, зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б.Ундралын “...над руу стокан авч шидсэн. Караокены өрөөний хаалгаар гарч байтал Баярмаа намайг үсдээд авсан. Баярмаа намайг үсдээд газар унагаж байгаад миний хөл, гар, нүүр хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Тэр үед миний толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Сэргэлэнгийн “...Баярмаа нь Ундрал руу караокены удирдлагаар далайж, пивоны стаканыг шидээд хоорондоо үсдэлцээд байсан. Караокены гадаа Баярмаа Ундралыг ахиад цохиод хэрэлдээд байсан. Баярмаа Ундралыг үсдэж доошоо дарчихаад цохиод өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Батсэцэний “...Ундрал тухайн караокед сууж байгаад Баярмаагаас микрофон шүүрч аваад таарамжгүй байгаад байсан. Баярмаа Ундрал 2 караокены өрөөнд маргалдаад түлхэлцсэн. Бид нар караокеноос гарцгаахад Ундрал Баярмаа 2 бас үсдэлцээд авсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч В.Мөнхжаргалын “...Баярмаа гэх эмэгтэй Ундралыг үсдээд авсан байсан. Салгах үед нь би очиж хамт салгалцсан. Салгасны дараа Ундралыг машинд суулгасан чинь нүүр нь хавдаад толгойноос нь цус гарчихсан байсан. Цагдаа дээр ирээд харсан чинь зүүн нүд нь хөхөрч шалбарсан, хацар хэсэгт хумсны бүдэг маажуулсан, толгой духны дээд хэсэгт хавдаад. ГССҮТ-д үзүүлсэн чинь толгой нь хагараад оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Болортуяагийн “...Баярмаа гэх эмэгтэй Ундралын толгой хэсэг рүү нь цохиж, бие хэсэг рүү нь удаа дараа өшиглөсөн. Тэнд байсан хүмүүс салгацгаасан. Ундралыг машиндаа суулгаад харсан чинь нүд нь хавдсан, хаанаас нь мэдэхгүй цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Өнөрхүүгийн “...гэнэт Ундрал Баярмаа 2 хоорондоо өшиглөлцөөд байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Тулгын “...Баярмаа, Ундрал гэх 2 эмэгтэй маргалдаад нэг нэгнийхээ хувцаснаас барилцаад зодолдох гээд байсан. Тэгээд маргаан намжаад сууж байсан чинь дахиад Ундрал Баярмаа 2 хоорондоо хэрэлдээд эхэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч И.Баяржаргалын “...Ундрал Баярмаа нар хоорондоо хэрэлдээд байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11181 дугаартай дүгнэлт /Б.Ундралын биед мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, шинэ, хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон/,

 

Шинжээч Ө.Саранцэцэгийн “...Б.Ундралын биед зулайн хуйх, зүүн хацарт шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Бгийн “...караокеноос гартал араас олон юм яриад байхаар нь эргэж очоод “чи яах гээд байгаа юм бэ” гээд үсдээд авсан чинь намайг үсдээд авсан. Би Ундралын хөл рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаар 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кроун” караокед шүүгдэгч Д.Б, хохирогч Б.Ундрал болон бусад хүмүүс цугларч найз Э.Өнөрхүүгийн төрсөн өдрийг тэмдэглэх явцад шүүгдэгч, хохирогч нар хоорондоо маргалдан улмаар Д.Бгаас Б.Ундралын толгойн тус газарт стакан шидэж, “Кроун” караокен ойролцоох гадаа хохирогчийн биед үргэлжлүүлэн хүч хэрэглэн зодсон үйлдлийг тухайн орчинд байсан байсан гэрч нараас таслан зогсоожээ.

 

Тухайн үйл явдал болсон даруйд хохирогч Б.Ундралын биед ил харагдах гэмтэл учирсан болохыг гэрч В.Мөнхжаргал, Г.Болортуяа, Э.Өнөрхүү, Ж.Сэргэлэн нараас мэдүүлсэн.

 

Тэрхүү Д.Бгийн үйлдлийн улмаас Б.Ундралын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.      

 

Шүүгдэгч Д.Б нь хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож хохирогчид хүч хэрэглэх үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Б.Ундралын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийж, хохирогч Б.Ундралд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос Д.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, нотлох ажиллагаа хангагдсан байна. 

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс “...хохирогчийн өмсөж явсан хувцасыг тодруулаагүй, ээмэгний үнэлгээ ойлгомжгүй, хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, Д.Б Б.Ундралд санаатай гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй тул түүнийг гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэсэн санал гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл баримтуудаар шүүгдэгч Д.Бгаас хохирогч Б.Ундрал руу зохисгүй харьцаж,  хүч хэрэглэхээр идэвхитэй довтолж улмаар түүний биеийн олон хэсэгт хүч хэрэглэсэн үйлдэлд шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн саналыг хангах боломжгүй.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хохирогч Б.Ундрал нь бор өнгийн ноолууран жилетка өмсөж явсаныг гэрч С.Номуундарь, тэрхүү жилетка урагдсан болохыг гэрч Э.Өнөрхүү нар мэдүүлсэн тул энэ талаарх хохирогчоос гаргасан нэхэмжлэлийг хангах үндэстэй.

 

Харин хохирогч Б.Ундралын ээмэг, гинж хэрхэн алдагдсан болох нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдоогүй гэж үзэхээр байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ундралаас “...Нийт эмчилгээний төлбөр 3.542.000 төгрөг гарсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна....” гэсэн хүсэлтээ илэрхийлжээ.

 

Хавтаст хэргийн 50-54 дүгээр хуудсанд авагдсан эмчилгээний төлбөр тооцоо гэсэн баримтууд нь ямар эмчилгээ хийлгэснийг тодорхойлоогүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, харин эмчийн үзлэгийн 9000 төгрөг, шинжилгээ хийлгэсэн 213.800 төгрөг, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн 2.460.000 төгрөгөөс 660.000 төгрөгийн баримтгүй хэсгийг хэлэлцэхгүй орхиж, баримттай 1.800.000 төгрөгийг буюу нийт 2.022.800 /9.000+213.800+1.800.000=2.022.800/ төгрөгийг шүүгдэгч Д.Бгаас гаргуулж хохирогч Б.Ундралд олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Ундралаас хөнгөн гэмтэл учирсантай холбоотой /нэхэмжлэлийн хэлэлцэхгүй орхисон хэсгийг/ гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Д.Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураан авсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Дээрх гэмт хэрэг гаргахад шүүгдэгчээс олон нийтийн газар биеэ зөв авч явах, бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг дөрөв сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураан авсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Бгаас 2.130.800 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ундралд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээс хэлэлцэхгүй орхисон уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН