| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0806/Э |
| Дугаар | 898 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 898
2020 10 12 2020/ШЦТ/898
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулуун, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Давхарбаяр, өмгөөлөгч С.Оюунцэцэг,
Хохирогч Ө.Баярсайхан,
Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Я.Баатар,
Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс,
Өсвөр насны шүүгдэгч Э.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Чимгээ, өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж О.Б, Э.А, А.Э нарт холбогдох эрүүгийн 2009013700809 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “АПУ” ХХК-нд түгээгчийн туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, цагаан эрэг 3 гудамж 13 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 1-9Б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто завсарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол гол сумын 1 дүгээр баг Хараа 4 хэсэг гудамж, 7-5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 2-26 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шинэ иргэншил” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогооч мэргэжлээр суралцдаг, ам бүл 4, эх, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 2-29А тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 24-нөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-нд шилжих шөнийн 03 цагийн орчим насанд хүрээгүй иргэн Г.Идэрчулуун, Ө.Баярсайхан нарыг “...О.Быг цохиод зугтаасан” гэх шалтгаанаар хөөн барьж авч, машинд суулган Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дамбын гүүр”-ны доор аваачиж Г.Идэрчулууныг нүүрэн тус газар цохих, машинаас чирч буулган газарт унагааж толгой дээр дэвсэх цээж рүү өшиглөх, машины хаалгаар толгойг нь хавчих, гол руу үүрч шидэх, зүүн гарын шуу руу чулуугаар цохих, зүүн гарын шууны дотор талд асаасан тамхиа дарж унтраах зэрэг үйлдлээр, Ө.Баярсайханыг толгой, нүүрэн тус газар гараар цохих, газарт унагааж нуруу, цээж, толгой, зүүн гар, нүүрэн тус газар хөлөөр дэвсэх зэрэг үйлдлээр тус тус зодож нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдэх явцдаа Г.Идэрчулууны хар өнгийн куртик Айфоне Икс маркийн гар утасны чихэвч, бэлэн 12.000 төгрөг Ө.Баярсайханы бугуйн цаг бэлэн 12.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж хохирогч Г.Идэрчулуунд 101.000 төгрөгийн хохирол, хохирогч Ө.Баярсайханд 33.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-нд шилжих шөнө 2-3 цагийн үед ажлаасаа тараад 7 буудлын автобусны буудал дээрээс гэртээ харьж явсан. 3 хүүхэд хажуугаар явахдаа намайг мөргөж унагаасан. Би “яаж байгаа юм бэ ахын дүү нар” гэсэн чинь “чам шиг ахтай байснаа санахгүй юм байна” гэж хэлээд намайг цохисон. Тэгээд би “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь гурвуулаа зугтсан. Би 102 руу 2-3 удаа залгасан. Би энэ 3 хүүхдийг зугтчихаж магадгүй гэж бодоод араас нь хөөхөд цагаан машинтай 2 залуутай тааралдсан. Тэр 2 залуу “яасан бэ” гэхээр нь “намайг цохичихлоо, би цагдаа дуудчихсан байгаа” гэхэд надаас түрүүлээд машинтайгаа очиж барьж авсан. Барьж аваад машиндаа суулгасны дараа би “цагдаагийн хэлтэс рүү явчих” гэж хэлсэн. Тэгэхэд шууд Дамбын гүүрэн доор очсон. Гүүрэн доор очиход жолооч Энхдолгион, Амарсайхан нар тэднийг 2-3 удаа цохиод буцаад явсан. Миний хувьд бол цохиж зодоогүй...” гэв.
Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-нд шилжих шөнө 2-3 цагийн үед Амарсайхан бид 2 гэртээ харьчихаад буцаж гарч ирээд 7 буудал замын цагдаагийн постын тэнд таксинд явах санаатай зогсож байсан. Гэтэл урдаас учир битүүлэг 4 хүн гарч ирсэн. Гэтэл Батболд ах Идэрчулуун, Баярсайхан хоёрын араас нь хөөцөн явж байсан. Эхлээд Идэрчулуун, Баярсайхан 2 гараа өргөж бид хоёрыг зогсоосон. Дөнгөж зогссон чинь энэ хоёр цаашаа зугтаагаад явсан. Дараа нь Батболд ахаас яасан талаар асуухад “намайг дээрэмдчихлээ гэж хэлсэн. Бид нар араас нь хөөгөөд барьж аваад цагдаагийн байгууллага руу явах гэтэл хохирогч нар согтуу байсан. Эхлээд Батболд ахаас “архи үнэртээд байгаа юм болов уу” гээд Батболд ахыг үнэртэж үзэхэд архи үнэртээгүй. Тэр хоёрыг “наашаа үлээ” гэж хэлэхэд үлээсэн.Тэгэхэд архи үнэртсэн. Дамбын гүүрний доор хашраах гээд Идэрчулууныг цээж хавьцаа нь 2-5 удаа цохисон. Баярсайханд гар хүрээгүй. Энэ хоёроос илүү дутуу юм аваагүй...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Энхдолгион болсон процессыг үнэн зөв ярилаа. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Миний хувьд хэн нэгнийг цохисны хувьд цохисон. Би Идэрчулууныг цохисон байх...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр 2 цаг 50 минут өнгөрөөд 3 болж байсан. Энх-Учрал гэх найзындаа тоглож байгаад нэгж авахаар ТҮЦ явсан. Батболд гэх хүн өөрөө эхэлж өдсөн. Араас дагаж явж байгаад гүйж эхэлсэн. Зам дээр гарч ирэхэд нэг машин байсан. Батболд тэр машинд суугаад бид хоёрыг дагаж барьж аваад хүчээр машинд суулгасан. Дамбадаржаагийн гүүрэн доор очиход машинаас үсдэж чирч буулгаад зодож эхэлсэн. Энхдолгион намайг “голын усанд нүүрээ угаа” гэж хэлээд гол руу түлхэж унагаасан. Өөрсдөө гол руу орж чадахгүй байсан учир “гараад ир” гэж хэлсэн. Гараад очиход “яасан их хүн дээрэмддэг юм” гэж хэлээд намайг зодсон. Машины гэрэл ассан учраас машины дугаарыг харах боломжтой болсон. Би согтуу байгаагүй. Батболд өөрөө согтуу байсан. Миний хувьд тархиндаа асуудалтай байна. 15 хоногт нэг эм уух ёстой болсон. Сэтгэл санааны хохирол, 116.900 төгрөгөөр 4 удаа эм авсан...” гэв.
Хохирогч Ө.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Идэрчулуун Энх-Учрал бид 3 ТҮЦ орохоор явж байсан. Тэр ТҮЦ нь цагдаа нараас нууцаар гэрлээ унтраагаад ажилладаг. 7 буудлаас дээшээ гүйж зугтахад хойноос машинтай ирж хөөсөн. Учрал гэх найз маань зугтаж бид 2 баригдсан. Энхдолгион Идэрчулууныг барьж аваад суусан. Харин намайг Батболд хажуудаа бариад суулгасан. Намайг голчлон Амарсайхан зодсон. Батболд надад гар хүрээгүй. Бугуйн цаг болон түрүүвчнээс 12.000 төгрөгийг Энхдолгион авсан. Дээрээс толгой руу дэвсэлж байгаад “за чи явж бай” гэж хэлсэн. Бид хоёрын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бугуйн цагаа нэхэмжилж байна...” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Давхарбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гомдолтой байна. Хөндлөнгөөс хараад сууж байхад энэ 3 хүн буруутай. Би Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Хэрэг болсон газраар явж байгаа хүмүүс гүүрэн доорхыг хардаггүй. Тиймээс санаатайгаар хүн харахгүй газар буюу гүүрэн доор аваачиж дээрэмдэх санаатай байсан байна. Өнөөдрийг хүртэл уучлалт гуйгаагүй. Өмгөөлөгчтэйгөө нийлж гүжирдэж байгаад гомдож байна...” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чимэгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хүүхдийнхээ гэм бурууд гэмшиж байна...” гэв.
Эрүүгийн 2009013700809 дугаартай хэргээс:
Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би уг хэрэгт оролцсон асуудал байхгүй. Би ямар ч гэм буруугүй. Тэр машины жолооч залуу их хатуу ширүүн авир гаргаад согтуу эрүүл нь мэдэгдэхгүй орилж хашхираад намайг ч гэсэн зодчих гээд байсан. Би тэр хоёр хүүхдээс ялгаа байхгүй. Айгаад зогсож байсан. Тэр хоёр хүүхэд тэднийг зодож цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би найз Амарсайханы хамт халтуур хийхээр явж байхдаа 7-н буудлаас Дамба руу явах замд нэг танихгүй залууг гурван залуу хөөж байгааг харсан. Хөөгдөж байгаа залуу нь такси бариад явсныг хараад өнгөрсөн. Би гэртээ ороод жолооны үнэмлэхээ авангаа хоолоо идчихээд буцаж гараад 7-н буудал руу явж байтал нөгөө хүн хөөж байсан гурван залууг өөр зүс танихгүй хүн хөөж байгааг харсан. Нөгөө гурван залууг хөөж байсан залуу утсаар ярингаа гар өргөхөд бид хоёр зогсож авсан. Тэр залуу суугаад “тэр гурван залуу намайг дээрэмдчихлээ” гэхээр нь хөөсөн. Бид хоёр тэр хүнд тусалж байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-12 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Э.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр найз Энхдолгионтой орой 18 цагийн үед уулзсан. Тэр аавынхаа 03-70 УНН улсын дугаартай Ниссан марч маркийн автомашиныг авчихсан “халтуур хийнэ” гэсэн. Бид хоёр сагс тоглож байгаад шөнө 22 өнгөрч байхад халтуур хийхээр гарсан. Гадуур халтуур хийж яваад 7-н буудлын эцэс дээр ирсэн. Нэг ах гурван залууг хөөгөөд СБД-40 замын цагдаагийн постын орчим зам дагаад явж байсан. Хойноос нь хөөж байсан ахаас юу болсон талаар асуухад “тэнд явж байгаа гурван залуу ахыг нь дээрэмдээд, зодчихлоо, барьж өгч туслаач” гэсэн. Тэр ахыг суулгаад нөгөө гурван залуу дээр очиход тэд нар зугтаасан. Энхдолгион нөгөө ахтай машинаас буугаад тэр гурвын хойноос хөөсөн. Тэд 2 хүүхдийг нь бариад машинд суулгасан. Нэг хүүхэд нь зугтаачихсан гэсэн. Нөгөө ах “Дамбын гүүрний доор очоод зогсчих” гэсэн. Бид нар Дамбын гүүрний доор очиж зогссон. Нөгөө ах тэр хоёр залууг машинаас буулгаад зодсон. Энхдолгион тэр өндөр нуруутай, үсээ боочихсон залууг 2-3 удаа цохисон. Би Энхдолгионыг “чи тэнэг юм уу, болиоч” гээд түүнийг салгаж болиулсан. Нөгөө ах тэр хоёр хүүхдийн туранхай шар царайтайг нь барьж аваад машины хаалгаар 2 удаа толгойг нь хавчсан. Тэд нарыг “одоо ингээд яв” гээд гол дагаад хөөгөөд явуулсан. Энхдолгион бид хоёр тэр ахад тусалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “..Би найз Энх-Учралын гэрт пабжи тоглож хоносон. Тэгээд шөнө дата дуусаад ТҮЦ онгорхой байдаг гэхээр нь ундаа авангаа нэгж авах гэж явсан. Төв рүү явдаг буудлын тэнд зөрөхөд нэг ах “юугаа хараад байгаа юм” гэж хэлэхээр нь тоолгүй ТҮЦ рүү ороод юмаа аваад буцаад нөгөө ахтай зөрөхөд нөгөө ах “юм асуугаад байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь бид нар тоохгүй явж байхад манай найз Баярсайхан “яасан ах” гэсэн чинь нөгөө ах “юм асуугаад байгаа юм биш үү, харин яасан юм” гэж хэлэхээр нь би тулж очоод “ах зүгээр явж байхад зүгээр байгаарай” гэж хэлээд түлхээд явах гэсэн чинь нөгөө ах “ямар овоо бацаанууд вэ” гэж хэлээд ардаас дагаж алхсан. Бид нар цагдаа дуудаж байгаа юм байх гэж бодоод Соёмбо өнгөрөөд алхаад явж байхад нөгөө ах араас “зогсож бай” гээд орилоод гүйж эхлэхээр нь бид нар сандраад зугтаагаад гүйж байхад нөгөө ах бид нарын араас утсаар яриад гүйгээд байсан. Бид нар гүйсээр байгаад худгийн хажуугаар төв зам руу гарч ирэхэд зам дээр Honda fit шиг цагаан өнгийн машин зогсож байсан. Бид нар цаашаа гүйж байхад нөгөө ах тэр машинд суучихсан. Бид нар ядраад алхаж байхад машинаараа харалдаа тулж ирээд хоёр нь бууж ирээд Баярсайхан бид хоёрыг хөөгөөд барьж аваад машиндаа суулгасан. Машиндаа суулгахдаа бас зодсон. Машиндаа суулгасан байхдаа “яасан их хүн дээрэлхдэг юм” гэж хэлээд зодоод байсан. Нүүр таглаад яваад байсан. Тэгээд “буу” гэсэн чинь яг Дамбын гүүрний доор машиныхаа гэрлийг унтрааж байгаад харанхуйд зодоод байсан. Машины дугаарыг харах ямар ч боломжгүй байсан. Баярсайхан бид хоёрыг машины хаалгаар толгойг нь хавчиж байгаад зодоод “та нар яасан их хүн дээрэмддэг юм” гэхээр нь би “юу яриад байгаа юм” гэсэн чинь “хуцаад байгаарай” гэж хэлээд юу ч яриулахгүй зодоод байсан. Намайг “одоо наад гутлаа тайл” гэхээр нь би “чадахгүй” гэсэн чинь намайг гол руу чирээд унагаагаад “наад нойтон юмаа өмсөөд яваарай” гэж хэлсэн. Намайг “наад куртикээ тайл” гэхээр нь “чадахгүй” гэсэн чинь миний куртикийг хүчээр тайлаад багажиндаа хийсэн. Би салахынхаа алдад куртикнийхээ халааснаас банкны картаа аваад бусад юмаа өгөөд явуулсан. Тэгсэн манай найзыг “зугтаа пизда минь” гэж хэлээд машинаа асаагаад хөөхөөр нь машины дугаарыг нь харсан чинь 03-70 гэсэн дугаартай Honda fit шиг машин байсан. Хоёр залуу бууж ирснээ “чи одоо гүй, гүйгээд явахгүй бол араас чинь мөргөж ална шүү” гэж хэлэхээр нь би гүйгээд харсан чинь манай найз намайг авах гээд оччихсон зодуулж байсан. Намайг холоос харж байхыг хараад “найзыгаа ирж ав, хайртай юм бол ирж аваарай, энийг чинь алчихна шүү” гэж хэлэхээр нь би очсон. Бид хоёрыг “одоо зайл” гэж хэлэхээр нь бид 2 төв зам руу ортол араас сигналдаад байсан. Тэгж байгаад зам руу орохгүй хойшоо ухраад явсан. Манай найз надад куртикээ өгөхдөө цаг, бугуйвч, түрүүвчээ өгөөд зодуулсан гэж хэлсэн. Тэгээд бид 2 алхаж явсаар байгаад Энх-Учралын гэр болох замын цагдаагийн постын тэнд гэрт нь очиж хоносон...шууны дотор талд нь тамхи унтраасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-28, 35-38 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Ө.Баярсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Энх-Учралын гэрт том хүн байгаагүй. Энх-Учрал, Идэрчулуун бид гурав тэдний гэрт гар утсаараа павжи тоглоод хоносон. Гэтэл шөнө дунд утасны дата эрх дуусчихсан. Тэгээд бид гурав 7-н буудлын эцэс рүү нэгж ундаанд явсан. Гэтэл 7-н буудлын эцсийн буудлын хотын төв рүү явдаг автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ээс худалдаа хийж байхад тэнд зогсож байсан 30 орчим насны 170 см орчим өндөртэй, бага зэргийн махлаг биетэй, нүүрэндээ цэнхэр өнгийн масктай, хар өнгийн куртик, хар өнгийн өмдтэй ах “нааш ир” гээд дуудсан. Бид “яах гээд байгаа юм” гээд тоогоогүй. Худалдаагаа хийж дуусчхаад буцаад Энх-Учралын гэр рүү явж байхад хойноос дуудаад байхаар нь Идэрчулуун очсон. Тэгээд Идэрчулуун тэр ахыг цээжинд нь гараараа цохчихсон. Тэр ах “та нарыг цагдаад хэлнэ” гэхээр нь бид гурав гэр хорооллын гудамж руу ороод зугтаасан. Нөгөө ах утсаараа яриад хөөгөөд байсан. Тэгээд дагаж хөөхөө больчихоор нь бид тайван алхаад авто зам руу гараад алхаж байхад нөгөө ах хойноос цагаан өнгийн машинтай 2 залуугийн хамт хүрч ирсэн. Бидний урдуур орж ирээд зогсохоор нь Энх-Учрал зугтаачихсан. Харин Идэрчулуун бид хоёрыг тэр машины урд суудал дээр сууж байсан хоёр хүн барьж авсан. Урд сууж байсан халзандуу толгойтой залуу бид хоёрыг машиндаа суулгасны дараа “доошоо суу, нүүрээ тагла” гээд гараараа миний толгой, нүүрэн тус газарт цохисон. Нүүрээ гараараа таглаад явж байгаад нэг газар зогсоод “буугаад ир” гэсэн. Буухад Дамбын гүүрний доор Сэлбэ голын эрэгт ирчихсэн байсан. Машин барьж явсан жолооч нь Идэрчулууныг газарт унагаагаад цохиж зодсон. Намайг тухайн үед машинд дотор халзан толгойтой ах бариад сууж байсан. Идэрчулууныг зодож дууссаны дараа нөгөө машин барьж явсан ах намайг буулгаж ирээд газарт унагаагаад нуруу, цээж, толгой, зүүн гар руу дээрээс хөлөөрөө дэвссэн. Намайг зодож дуусчхаад “одоо эндээс яв” гэж машин жолоодож явсан ах хэлсэн. Би тэднээс холдоод Идэрчулууныг явуулах нь уу гээд хараад зогсож байхад тэр машин барьж явсан жолооч ах Идэрчулууны толгойг машины хаалганд хавчиж байсан. Тэгэхээр нь би Идэрчулууныг авах гээд очсон. Тэгсэн чинь “чамайг яв гэж байхад явж чадахгүй байна уу” гэж хэлээд халзан толгойтой залуу намайг газарт унагаагаад нүүрэн тус газарт хөлөө дэвссэн. Тэр үед Идэрчулуун гол гатлаад цаад талд гарчихсан байсан. Машины жолооч ах Идэрчулууныг “найздаа хайртай юм бол ирж аваарай” гээд орилсон. Идэрчулууныг ирж байхад тэр машины жолооч миний бугуйн цаг хэтэвч хоёрыг авсан. Тэгээд хэтэвчин дотор байсан 12000 төгрөгийг минь аваад миний хэтэвчийг буцааж өгсөн. Тэр машин жолоодож явсан ах Идэрчулууны гаднах куртикийг өмсчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-34 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Энх-Учрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр миний ээж дүүг дагуулаад хөдөө явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн бөгөөд өөрийн хоёр найз Идэрчулуун, Баярсайхан нарыг дуудсан. Бид гурав гар утсаараа пабжи тоглож байхад шөнө бид гурвын утасны дата эрх дууссан. Бид гурав 7-н буудлын эцсийн буудал дээр байрладаг ТҮЦ-рүү нэгж авахаар явсан. Тэгээд хотын төв рүү явдаг талын ТҮЦ-ээс нэгж авч байхад 20 гаруй насны дээгүүрээ хар өнгийн куртикний гадуур улаан өнгийн хантааз шиг юм өмсчихсөн надаас намхан нуруутай нүүрэндээ цэнхэр өнгийн масктай ах биднийг “нааш ир” гээд дуудсан. Тухайн үед миний бие ТҮЦ-ээс нэгж ундаа худалдан авч байсан. Харин Баярсайхан, Идэрчулуун хоёр очсон. Би ТҮЦ-ээс юмаа аваад дуусахад тэр хоёр над дээр ирээд бид гурав хамтдаа манайх руу явсан. Гэтэл нөгөө ах араас дахиад “хөөе, хөөе бацаануудаа” гээд дуудаад байсан. Идэрчулуун, Баярсайхан хоёр тэр ах руу очсон. Тэгээд намайг харж байхад Идэрчулуун тэр ахыг нүүр байна уу, эсвэл цээж орчимд нь гараараа цохчихсон. Би холоос харж байсан болохоор сайн анзаараагүй. Гэтэл нөгөө ах “цагдаа дуудна, ямар овоо бацаанууд вэ” гээд орилсон. Тэгэхээр нь бид гурав гэр хорооллын гудамж руу ороод зугтаасан. Гэтэл нөгөө ах утсаар яриад араас дагаад гүйгээд байсан. Нөгөө ах биднийг хэсэг хөөж байснаа утсаараа яриад зогсчихсон. Бид гүйхээ болиод замын цагдаагийн СБД-40 постын замыг дагаад ертөнцийн зүгээр хойд зүг рүү алхаж байхад гэнэт урдуур цагаан өнгийн машин орж ирээд шахаад зогссон. Бид гурав шууд зугтаасан. Харин Идэрчулуун, Баярсайхан хоёр тэр машинтай хүмүүст баригдчихсан. Би зугтааж байгаад буцаад эргэж харахад Баярсайханыг нэг ах барьчихсан явган хүний зам дээр хөлөөрөө өшиглөж байхыг харсан. Тэр хүмүүс Баярсайхан, Идэрчулуун хоёрыг машиндаа суулгаад аваад яваад өгсөн. Би тэр машинтай хүмүүс манай найз нарыг гэр хорооллын гудамж руу аваад орсон байж магадгүй гэж бодоод шөнөжингөө 7-н буудлын эцсийн бараг бүх гэр хорооллын гудамж руу шагайж үзсэн. Гэтэл үүрээр гэгээ орж байхад Идэрчулуун над руу залгаад “Баярсайхан бид хоёр танай гэрт ирчихсэн байна. Чи хаана байна” гэсэн. Тэгэхээр нь би “та хоёрыг хайгаад 58 дугаар сургууль орчим явж байна” гэсэн. Тэгээд би шууд гэр рүүгээ очсон. Гэрт очиход Баярсайхан, Идэрчулуун хоёр хоёулаа хувцсаа тайлчихсан хувцсаа хатааж байсан. Баярсайханы нүүр, өвдөг гар зэрэг нь халцарчихсан бас цээж, нуруу зэрэг нь хөх өнгийн туяа үүсчихсэн байсан. Идэрчулууны нүдний доод хэсэг нь хөхөрчихсөн. Зүүн гарын дотор шууны хэсэгт нь тамхи унтраачихсан гээд шарх үүсчихсэн байсан. Бас хөлийнх нь өвдөг халзарчихсан. Толгой нь энэ тэндээ хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь I phone X маркийн гар утасны чихэвч, загвар тодорхойгүй куртик болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 89.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5449 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь марк тодорхойгүй бугуйн цаг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 21.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Эы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 97 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123 дугаар хуудас/, шүүгдэгч А.Эы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 99-103 дугаар хуудас/ өсвөр насны шүүгдэгч Э.Аы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 104 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Э.Аы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийнг 105-107 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122 дугаар хуудас/, шүүгдэгч О.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121 дүгээр хуудас/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 96 дугаар хуудас/, гэрч Б.Чимэгээгийн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, гэрч Б.Хүрэлбатын мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч Б.Давхарбаярын мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулууны өмгөөлөгч шинээр гаргаж өгсөн хохирогчийн хувийн байдалтай холбоотой 4 хуудас баримт, насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзоригоос шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 24-нөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-нд шилжих шөнийн 03 цагийн орчим насанд хүрээгүй иргэн Г.Идэрчулуун, иргэн Ө.Баярсайхан нарыг “О.Быг цохиод зугтаасан, дээрэмдсэн” гэх шалтгаанаар араас нь “Ниссан марч” маркын 03-70 УНН улсын дугаартай автомашинаар хөөн барьж авч, уг автомашинд суулган Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дамбын гүүр”-ний доор аваачиж Г.Идэрчулууныг нүүрэн тус газар цохих, машинаас чирч буулган газарт унагааж толгой, цээж рүү өшиглөх, машины хаалгаар толгойг нь хавчих, гол руу үүрч шидэх, зүүн гарын шуу руу чулуугаар цохих, зүүн гарын шууны дотор талд асаасан тамхиа дарж унтраах зэрэг үйлдлээр, Ө.Баярсайханыг толгой, нүүрэн тус газар гараар цохих, газарт унагааж нуруу, цээж, толгой, зүүн гар, нүүрэн тус газар хөлөөр цохих зэрэг үйлдлээр тус тус зодож хүч хэрэглэж, нийтийн хэв журмыг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх гэмт хэргийг үйлдэх явцдаа Г.Идэрчулууны хар өнгийн куртик, “Айфоне Икс” маркийн гар утасны чихэвч, бэлэн 12.000 төгрөг, Ө.Баярсайханы бугуйн цаг, бэлэн 12.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж хохирогч Г.Идэрчулуунд 101.000 төгрөгийн хохирол, хохирогч Ө.Баярсайханд 33.000 төгрөгийн хохирол тус тус учруулан тэдгээрийн эд хөрөнгөө өмчлөх эрхийг зөрчсөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулууны “...Батболд тэр машинд суугаад бид хоёрыг дагаж барьж аваад хүчээр машинд суулгасан. Машин дотор нүүр рүү 4-5 удаа цохисон. Дамбадаржаагийн гүүрэн доор очиход машинаас үсдэж чирч буулгаад зодож эхэлсэн. Энхдолгион намайг “голын усанд нүүрээ угаа” гэж хэлээд гол руу түлхэж унагаасан...толгой машины хаалгаар хавчсан, өшиглөсөн, зүүн бугалга руу чулуугаар цохисон, шуунаас хазаад шууны дотор талд нь тамхи унтраасан, хавирга хөндүүртэй байна. Өөрсдөө гол руу орж чадахгүй байсан учир “гараад ир” гэж хэлсэн. Гараад очиход “яасан их хүн дээрэмддэг юм” гэж хэлээд намайг зодсон.... “та нар яасан их хүн дээрэмддэг юм” гэхээр нь би “юу яриад байгаа юм” гэсэн чинь “хуцаад байгаарай” гэж хэлээд юу ч яриулахгүй зодоод байсан. Намайг “одоо наад гутлаа тайл” гэхээр нь би “чадахгүй” гэсэн чинь намайг гол руу чирээд унагаагаад “наад нойтон юмаа өмсөөд яваарай” гэж хэлсэн. Намайг “наад куртикээ тайл” гэхээр нь “чадахгүй” гэсэн чинь миний куртикийг хүчээр тайлаад багаажиндаа хийсэн....” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ө.Баярсайханы “...Урд сууж байсан халзандуу толгойтой залуу бид хоёрыг машиндаа суулгасны дараа “доошоо суу, нүүрээ тагла” гээд гараараа миний толгой, нүүрэн тус газарт цохисон. Нүүрээ гараараа таглаад явж байгаад нэг газар зогсоод “буугаад ир” гэсэн. Буухад Дамбын гүүрний доор Сэлбэ голын эрэгт ирчихсэн байсан. Машин барьж явсан жолооч нь Идэрчулууныг газарт унагаагаад цохиж зодсон... намайг нуруу, цээж, толгой, зүүн гар руу дээрээс хөлөөрөө дэвссэн. машины жолооч миний бугуйн цаг хэтэвч хоёрыг авсан...” гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч О.Энх-Учралын “...Тэр хүмүүс Баярсайхан, Идэрчулуун хоёрыг машиндаа суулгаад аваад яваад өгсөн...Гэрт очиход Баярсайхан, Идэрчулуун хоёр хоёулаа хувцсаа тайлчихсан хувцсаа хатааж байсан. Баярсайханы нүүр, өвдөг гар зэрэг нь халцарчихсан бас цээж, нуруу зэрэг нь хөх өнгийн туяа үүсчихсэн байсан. Идэрчулууны нүдний доод хэсэг нь хөхөрчихсөн. Зүүн гарын дотор шууны хэсэгт нь тамхи унтраачихсан гээд шарх үүсчихсэн байсан. Бас хөлийнх нь өвдөг халзарчихсан. Толгой нь энэ тэндээ хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч О.Бын “...Тэр машины жолооч залуу их хатуу ширүүн авир гаргаад байсан...Тэр хоёр хүүхэд тэднийг зодож цохиод байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч А.Эы “...Батболд ахаас яасан талаар асуухад “намайг дээрэмдчихлээ гэж хэлсэн. Бид нар араас нь хөөгөөд барьж аваад...Дамбын гүүрний доор хашраах гээд Идэрчулууныг цээж хавьцаа нь 2-5 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч Э.Аы “...Тэд 2 хүүхдийг нь бариад машинд суулгасан. Нөгөө ах “Дамбын гүүрний доор очоод зогсчих” гэсэн. Бид нар Дамбын гүүрний доор очиж зогссон. Нөгөө ах тэр хоёр залууг машинаас буулгаад зодсон. Энхдолгион тэр өндөр нуруутай, үсээ боочихсон залууг 2-3 удаа цохисон. Нөгөө ах тэр хоёр хүүхдийн туранхай шар царайтайг нь барьж аваад машины хаалгаар 2 удаа толгойг нь хавчсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5449 дугаартай дүгнэлт /насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулууны биед хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл учирсан талаар/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлангууд зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тодорхойлбол 2020 оны 4 дүгээр сарын 24-нөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг 7 буудлын автобусны эцсийн буудал орчим О.Б, Г.Идэрчулуун, Ө.Баярсайхан, О.Энх-Учрал нар хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан О.Боос “цагдаад хандана” хэмээн хэлснээр тэдгээр нь зугтааснаар тэрээр “Ниссан марч” маркын 03-70 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон явсан А.Э, хамт байсан Э.А нарт хандаж “...бусдад зодуулж, дээрэмдүүлчихлээ...” гэж ойлгуулан улмаар тухайн автомашинтай араас нь хөөж Г.Идэрчулуун, Ө.Баярсайхан нарыг барьж аван автомашиндаа хүчээр суулгасан байна.
Ийнхүү шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нараас насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулуун, хохирогч Ө.Баярсайхан нарыг өөрсдийн автомашинд суулган тэдгээрийн биед хүч хэрэглэж, улмаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дамбын гүүр”-ний доор зориуд очиж насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулууны толгой, нүүр, цээж хэсэгт хэд хэдэн удаа хүч хэрэглэн цохих, өшиглөх, толгойг нь автомашины хаалгаар хавчих, голын ус руу түлхэх, зүүн гарын шуунд гал асаасан тамхиа унтраах зэргээр, хохирогч Ө.Баярсайханы толгой, нуруу, цээж хэсэг рүү хэд хэдэн удаа хүч хэрэглэн цохиж, өшиглөх зэргээр балмад үйлдлээ удтал үргэлжлүүлэн улмаар хохирогч нарын өмсөж хэрэглэж байсан эд зүйлсийг хүч хэрэглэн авсан үйл баримт тогтоогдсон.
О.Бын эрхэд халдаж бодитой хохирол учраагүй, Г.Идэрчулуун, Ө.Баярсайхан нарыг цагдаагийн байгууллагад хүргэж маргаан үүссэн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байхад олон нийтийн газарт хүн унтаж амрах цаг хугацаанд нууц далд байдлаар тэдгээрийн биед шүүгдэгч нараас олон удаагийн үйлдлээр хүч хэрэглэсэн, хүч хэрэглэсэн үйлдэл нь балмад танхай шинжтэй, тэрхүү үйлдлээ удтал үргэлжлүүлээд зогсохгүй эд хөрөнгийг дээрэмдэн авч буй үйлдэл нь зориуд санаатай, нийгэмд аюултай гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэхээр байна.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт үйлдэлд нийгэмд тогтсон иргэн бүр заавал дагаж мөрдвөл зохих эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэн үзэхгүй байх, хувийн явцуу ашиг сонирхолдоо автаж бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд ичгүүр сонжуургүйгээр халдаж, тэрхүү үйлдлээ тухайн орчиндоо илт мэдэгдэхүйц байхаар нөхцөлд үйлдсэн байх шинжийг уг хэрэгт хангасан байна.
Хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулууны биед гэмтэл учирсан боловч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, хохирогч Ө.Баярсайханы биед гэмтлийн шинж байдлыг тогтоогоогүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдэхдээ тухайн насанд хүрээгүй хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэргийг хууль зүйн ойлголтоор бие махбодын хүчирхийлэл үзүүлэхээс гадна хохирогчийг айлган сүрдүүлэх зорилгоор сэтгэл санааны хүчирхийлэл хийсэн байдаг ба энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нараас насанд хүрээгүй хохирогч нарт биеийн болоод сэтгэл санааны хувьд хүч хэрэглэсэн үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нараас насанд хүрээгүй хохирогч нарт хандаж, тэдгээрийн аливаа зүйлд эмзэг байдал, өөрийгөө бүрэн хамгаалах чадвар сул байдлыг ашиглаж биеийн хүч хэрэглэсэн балмад үйлдлээр айлган гэмт үйлдлээ хийжээ.
Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд авах зорилгоор үйлдлээрээ нэгдэж, олуулаа хүч хэрэглэсэн, цаашид ч хүч хэрэглэх боломжтой нөхцөлийг үүсгэж бусдад сэтгэл санааны хүчирхийлэл, заналхийлэл (айлган сүрдүүлэх) үзүүлэн довтолж шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр насанд хүрээгүй хохирогч нарын эд хөрөнгийг авсан гэж үзэхээр байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нар холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, нотлох ажиллагаа хангагдсан байна.
Иймд шүүх шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Бын өмгөөлөгчөөс “...мөрдөгч шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа тулган шаардсан, хохирогч олон удаа цохьсон гэх ба шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, тамхины галаар түлсэн байдал байхгүй, хэрэг болох үед шүүгдэгч, хохирогч нар байсан өөр хүн байгаагүй тул олон нийт байгаагүй тул олон нийтийн хэв журмыг алдагдуулах, тайван байдлыг алдуулах зүйл болохгүй. Хэргийн байдал нотлогдоогүй тул нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэж, шүүгдэгч А.Эы өмгөөлөгчөөс “...хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй, нотлох баримтгүйгээр буруутгаж байна, хөндлөнгийн гэрч байхгүй, хохирогч нар дээрмийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй байсан. Хохирогч нарын мэдүүлж буйгаар нүүрэндээ дэвсүүлж, толгойгоо өшиглүүлсэн гэх ба тэдгээрийн биед ноцтой гэмтэл учруулаагүй тул шүүгдэгч нарыг ноцтойгоор гүтгэж, хүнд гэмт хэрэгт холбогдуулж байна. О.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг хууль зөрчсөн, камерын бичлэг шалгаагүй, хохирогч нараас алдсан гэх эд зүйл нь байсан эсэх нь тодорхойгүй зүйл дээр эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон нь ойлгомжгүй тул нотлох баримтаар тооцохгүй, шүүгдэгч нараас авсан мэдүүлэг хууль бусаар тулгаж шаардаад хэвлээд гарын үсэг зуруулсан баримт хууль зөрчсөн, О.Бын 102 руу залгасан дуудлагын бичлэгийг шалгах шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэж, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...мэдүүлгүүд зөрүүтэй, хэрэг гарах болсон шалтгаан тодорхой бус тул хэргийг дахин шалгуулах нь зүйтэй...” гэсэн санал тус тус гаргасныг шүүх хүлээн аваагүй.
Учир нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулуун, хохирогч Ө.Баярсайхан нараас шүүгдэгч нарыг хэрхэн эрхийг нь зөрчсөн талаар дэлгэрэнгүй тодорхой тогтвортой мэдүүлж, хохирогч нар ямар байдалтай байсныг насанд хүрээгүй гэрч О.Энх-Учрал давхар нотолж мэдүүлсэн түүнчлэн шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.Ааас харилцан өөрсдийн үйлдлийг давхар нотолж мэдүүлсэн, шинжээчийн №5449 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын гэмт үйлдэл хангалттай нотлогдсон.
Хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж буй хохирогч нар гэмт хэрэг гарах үед насанд хүрээгүй байсан, тэдгээрээс мэдүүлэг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй, тэдгээрт шүүгдэгч нараас хэрхэн хүч хэрэглэсэн талаар тогтвортой мэдүүлж тухайлбал насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулууны “...шууны дотор талд нь тамхи унтраасан...” гэж, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5449 дугаартай дүгнэлтийн “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн шууны дотор дунд хэсэгт 4*1см, 0.6*0.6см тав нь унасан тод ягаан өнгийн зулгаралтын нөсөөтэй...” гэж, насанд хүрээгүй гэрч О.Энх-Учралын “.... Зүүн гарын дотор шууны хэсэгт нь тамхи унтраачихсан гээд шарх үүсчихсэн байсан...” гэж мэдүүлсэн зэргээр тэдгээрийн мэдүүлэг нотлогдсон тул худал ташаа бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн гэж үзэх үндэслэлгүй.
Насанд хүрээгүй хохирогч, хохирогч нарын мэдүүлэгт шүүгдэгч нараас хохирогч нарт биеийн олон хэсэг газарт хүч хэрэглэсэн үйлдэл байсан гэж мэдүүлснээр заавал гэмтлийн зэрэг тогтоогдох ёстой гэсэн урьдчилан дүгнэлт хийх боломжгүй, энэ нөхцөл байдал нь хэзээ үзүүлсэн, тухайн үзүүлэгчийн бие физиологийн нөхцөл, бусад шалтгаанаар тогтоогдоогүйг үгүйсгэхгүй.
Түүнчлэн хохирогч нарын биед гэмтлийн зэрэг тогтоогдох эсэхээс үл хамаарч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нараас яллагдагчаар мэдүүлэг авахдаа тэдгээрийг тулган шаардаж хууль бусаар мэдүүлэг авсан гэж өмгөөлөгч нараас гаргасан санал нь хэрэгт авагдсан ямар баримтанд үндэслэж дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй, таамаг байдлаар хэлсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.
Өсвөр насны шүүгдэгч Э.Аыг яллагдагчаар татаж мэдүүлэг авахад өмгөөлөгч А.Ганзориг байлцаж түүнээс мэдүүлэг авах ажиллагаа хууль ёсны эсэхэд дүгнэлт хийж, санал хүсэлт гаргах боломжтой байсан байна.
Шүүгдэгч О.Б, А.Э нарт өмгөөлөгчтэй байцаалт өгөх эрхийг хангасан боловч өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн, энэ нь хууль зөрчөөгүйгээс гадна шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдвол нотлох баримтаар тооцох үндэслэлтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зохицуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн хууль зүйлийн 2-т “Баримтат мэдээлэл нь хохирогч...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг...шинжээчийн дүгнэлт...мөрдөн шалгах болон шүүх хуралдааны тэмдэглэл...энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно...” гэжээ.
Насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулуун, хохирогч Ө.Баярсайхан нараас эд зүйлээ хэрхэн дээрэмдүүлсэн, эд зүйлийн шинж байдлыг тодорхой мэдүүлж, өсвөр насны шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тухайн эд зүйлийн талаар мэдүүлснээс гадна “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг эрх бүхий этгээдээс үндэслэл бүхий гаргасан гэж шүүх дүгнэсэн.
Энэ хэрэг 2 түүнээс дээш этгээд бүлэглэн бусдын эрх, эрх чөлөөнд халдаж, тухайн газар ойр орчимд хүн байсан эсэхээс үл хамаарч олон нийтийн амгалан тайван байдал алдагдах боломжтой нөхцөлд үйлдэгдсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан хэргийн зүйлчлэл хангагддаг онцлогтой болохыг дурьдах нь зүйтэй.
Мөрдөгч шүүгдэгч О.Боос гэрчээр мэдүүлэг авахад түүний эрх ашиг хөндөгдөхөөр байхад худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар сануулж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-т заасныг зөрчсөн тул түүний болон бусад шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримт гэж үзээгүй болохыг тэмдэглэв.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд 2020 оны 4 дүгээр сарын 24-нөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-нд шилжих шөнийн 03 цагийн орчим, бусдад харагдахгүй байдлаар шүүгдэгч нар гэмт үйлдлээ хийж, хохирогч нараас өөр тухайн нөхцөл байдлыг харсан, үзсэн хүн байсан байдал тогтоогдоогүй, шүүгдэгч О.Боос цагдаагийн байгууллагад ямар агуулгатай дуудлага өгсөн талаар тодруулж мэдүүлснээс гадна камерын бичлэгийн асуудлыг шалгах шаардлагагүй гэж үзсэн тул өмгөөлөгчийн саналыг хүлээж аваагүй болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч, нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулууны эрүүл мэндэд 116.900 төгрөгийн гэм хорын хохирол, дээрмийн гэмт хэргийн улмаас 101.000 төгрөгийн хохирол, хохирогч Ө.Баярсайханд дээрмийн гэмт хэргийн улмаас 33.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь тогтоогдсон тул эдгээр хохирлыг шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн хуралдаанаар шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нараас тус бүр 83.600 төгрөгийн хохирол, гэм хорын хохирлыг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарт олгохоор шийдвэрлэснийг өсвөр насны шүүгдэгч Э.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Чимэгээ, өмгөөлөгч нараас “хохирол төлөхтэй холбоотой” эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасны дагуу завсарлуулсан хугацаанд насанд хүрээгүй шүүгдэгч Э.Ааас тухайн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.Аыг насанд хүрээгүй хохирогч, хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч О.Б, А.Э нараас тус бүр 83.600 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Баярсайхан, насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулуун нарт оногдох хэсгээр тус тус олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч, өсвөр шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Б, А.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүрийг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
О.Б, А.Э нарын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин өсвөр насны шүүгдэгч Э.А 18 насанд хүрээгүй болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, бусад баримтуудаар тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуульд зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.Ад ял оногдуулахыг тэнссэн хугацаанд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгоор түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Аыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлган хүмүүжүүлэхийг эх Б.Чимэгээд даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Батболд, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нарыг бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Б, А.Э нарыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус бүрийг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ад ял оногдуулахыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, А.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Боос 83.600 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Баярсайханд 11.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулуун түүний хууль ёсны төлөөлөгч Б.Давхарбаяр нарт 72.600 төгрөгийг, шүүгдэгч А.Эоос 83.600 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Баярсайханд 11.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Г.Идэрчулуун түүний хууль ёсны төлөөлөгч Б.Давхарбаяр нарт 72.600 төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан Э.Ад “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны өсвөр насны шүүгдэгч Э.Аыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний хууль ёсны төлөөлөгч, эх Б.Чимэгээд даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б, А.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн хохирогч, гэрч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, А.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн хохирогч, гэрч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН