Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 879

 

  

 

 

 

 

 

     2020          10         08                                   2020/ШЦТ/879

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Х-,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И овогт Б-ын Эт холбогдох эрүүгийн 2005000001439 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт __ дугаарын регистртэй, И овогт Б-ын Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Э нь “2020 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Баркод нэртэй пабын гадна иргэн Д.Х-ын нүүр тус газар нь гараараа нэг удаа цохиж дээд уруулын дотор салстад шарх, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эын өгсөн:

“...Би 2020 оны 9 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн үед манай найз М, бас 1 эмэгтэйгийн хамт намайг Гранд Плазагийн зүүн талын “Баркод” нэртэй пабад дуудсан. Тэгээд бид 3 пабад хүний 100 грамм виски, хүний 5 шил пиво, өвсний хандтай 0,75 литрийн 1 шил архи хувааж уусан. Тэгээд баар хаах болоод шөнө 00 цаг өнгөрөөд гарцгаасан. Тухайн үед би нилээд муудсан, хөл дээрээ тогтож чадахгүй байсан болохоор түрүүлээд гараад үүдэнд сууж байсан. Тэгэхэд араас танихгүй нилээд олон эрэгтэй, эмэгтэй хүмүүс гарч ирээд над руу чи баарны ажилчидтай зүй бус харьцлаа гээд дайраад байсан. Тэгээд биерхүү эмэгтэй ирээд миний нүүрийг маажиж, цээж рүү цохисон. Тэгээд би биеэ хамгаалах гэж тэр эмэгтэйг түлхсэн, цохисон байж магадгүй, туханй үед нилээд согтуу байсан болохоор би зарим юмаа санаж санахгүй байна. Би өөрийн буруугаа хүлээж, эмэгтэй хүн цохисондоо харамсаж, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Х-ын өгсөн:

“...Би 2020 оны 9 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед ажлаа тараад ажлынхаа 10-аад хүнтэй хамт баруун 4 замын Рамада зочид буудлын хажуу талын Баркод нэртэй пабад орсон. Тэндээ би ундаа уугаад, манай нөгөө ажлын хэд пиво ууцгааж байгаад шөнө 23 цаг өнгөрөөд гарцгаасан. Тэгээд шатан дээр нилээд согтуу эрэгтэй хүн ганцаараа орилж чарлаад сууж байсан. Тэгээд миний хажууд зогсож байсан Ш- эмчийг үгийн зөрүүгүй шууд нүүр лүү нь 1 удаа цохиод авсан. Тухайн үед би дэргэд нь зогсож байхад намайг хавсраад хамт цохисон. Тэгээд миний амнаас цус гараад тогтохгүй байсан. Миний үүдэн шүд цохиулснаас болж суларсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ш-ийн өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 05-ны орой 23:50 цаг орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо Рамада зочид буудлын Баркод гэх нэртэй ресторанаас гараад үүдний шатны хэсэгт тамхи татаад зогсож байхад хажуугаар нэг залуу өнгөрч байхдаа шатан дээр хальтираад унасан. Тухайн залуу босож ирээд “та нар намайг хараачихсан уу” гэж хэлээд шууд гараараа миний зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохисон. Намайг унахад миний ард байсан манай дүү Х-ын нүүр хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот:

1. Д.Х--н биед дээд уруулын дотор салстад шарх, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 33-34/,

 

- Хохирогчийн “...Миний бие Б.Этой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн бөгөөд миний биеэс гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 69/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 44/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 46/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 61/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Э нь “2020 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Баркод нэртэй пабын гадна иргэн Д.Х-ын нүүр тус газар нь гараараа нэг удаа цохиж дээд уруулын дотор салстад шарх, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Эын “...Би өөрийн буруугаа хүлээж, эмэгтэй хүн цохисондоо харамсаж, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Х-ын “...шатан дээр нилээд согтуу эрэгтэй хүн ганцаараа орилж чарлаад сууж байсан. Тэгээд миний хажууд зогсож байсан Ш- эмчийг үгийн зөрүүгүй шууд нүүр лүү нь 1 удаа цохиод авсан. Тухайн үед би дэргэд нь зогсож байхад намайг хавсраад хамт цохисон. Тэгээд миний амнаас цус гараад тогтохгүй байсан. Миний үүдэн шүд цохиулснаас болж суларсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Ш-ийн “...2020 оны 9 дүгээр сарын 05-ны орой 23:50 цаг орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо Рамада зочид буудлын Баркод гэх нэртэй ресторанаас гараад үүдний шатны хэсэгт тамхи татаад зогсож байхад хажуугаар нэг залуу өнгөрч байхдаа шатан дээр хальтираад унасан. Тухайн залуу босож ирээд “та нар намайг хараачихсан уу” гэж хэлээд шууд гараараа миний зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохисон. Намайг унахад миний ард байсан манай дүү Х-ын нүүр хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

- Хохирогчийн “...Миний бие Б.Этой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн бөгөөд миний биеэс гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 69/-ийг  үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Эт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч И овогт Б-ын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ