Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 880

 

  

 

 

 

 

 

     2020          10         08                                   2020/ШЦТ/880

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г-гийн Ээд холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Артиллер команд офицер мэргэжилтэй, ... дугаарын регистртэй, Б овогт Г-гийн Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Ц-ыг эхнэр Атай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ:

“...2020 оны 9 дүгээр сард эхнэрийгээ хороололд хүргэж өгсөн. Манай эхнэр залгаад ирээд авчих гэсэн. Хороололд очоод байж байтал манай эхнэр нэг танихгүй залуутай юм яриад ТҮЦ-ний дэргэд зогсож байсан. Манайх лагерийн байшинтай тийшээ энэ амралтын өдөр очъё гэж ярьж байсан. Би эхнэрийгээ араас нь дуудахад нөгөө залуу нь явуулахгүй татаад байсан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Эийн өгсөн:

“...Би 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 11-р байрны 15 тоот гэртээ байж байхад миний эхнэр А над руу яриад би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байна такси бариад очлоо гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би одоо очлоо гэж хэлээд гэрээсээ гараад автомашинаа унаад Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадоксын автобусны буудал дээр очсон. Тэгтэл эхнэр А үл таних хүнтэй ТҮЦ-ийн хажууд юм яриад зогсож байсан юм. Тэгэхээр нь би машинаасаа буухаасаа өмнө нь хэсэг хугацаанд тэр хоёрыг хараад ажиглаад зогсоход тэр залуу манай эхнэрт хандаж амралтын газар байгаа хоёулаа амралтын газар явж амарч байгаад хүрээд ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө эхнэрийг нэрээр нь дуудахад манай эхнэр над руу эргэж хараад над руу явах гэтэл тэр залуу гараас нь барьчихаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би чи миний эхнэрийг явуулаач гэж хэлсэн. Тэгтэл чи юу яриад байгаа юм бэ буугаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад эхнэрийнхээ гараас татах далимдаа тэр залууг өшиглөхөд тэр залуу уначихсан юм. Тэгэхээр нь би явж очоод нүүрэн дээр нь тулаад чи яасан их хүний эхнэрийг амралтанд авч явдаг юм бэ гэж хэлээд өөрийнхөө баруун гараар нэг удаа хүчтэй дарах /мангасдах/ үйлдэл хийтэл шорлог зарж байсан хүмүүсийн орчмоос тэр залуутай цуг ажилладаг хүмүүс гэх хүмүүс ирээд маргалдаад би эхнэрээ аваад тэндээс явсан юм. Би учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Ц-ын өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 09-ний орой миний бие ажлынхаа хэсэг хүмүүсийн хамт БГД-т байрлах Винсвей нэртэй пабд үйлчлүүлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад оройн 22 цагийн орчимд бид нар тухайн газраас гараад Д, Н, А, А бид тав замын урд талд гараад байж байтал Н, Д, А гурав шорлог иднэ гээд А бид хоёрыг үлдээгээд явсан. Бид хоёр CU нэртэй дэлгүүрийн урд зогсож байтал гэнэт нэг танихгүй эрэгтэй хүн миний цээж рүү нэг удаа өшиглөж газар унагааж байгаад миний баруун талын хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон. Би газраас өндийгөөд босох хооронд тухайн эрэгтэй хүн Аг аваад машинд суугаад яваад өгсөн. Намайг зодсон эрэгтэй хүн манай ажлын Агийн нөхөр Э гэдэг хүн байсныг би дараа нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 6-7/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Агийн өгсөн:

“...Би 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өөрийнхөө цуг ажилладаг хүмүүстэйгээ уулзалдахаар болоод 19 цагийн орчимд өөрийн нөхөр Эээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хороолол орчимд хүргүүлсэн юм. Тэгээд ууж идэж дуусчихаад 23 цаг 40 миунтын орчимд өөрийн нөхөр Эээр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадоксын автобусны буудал дээр ажлынхаа залуутай юм яриад зогсож байтал манай нөхөр автобусны буудалд ирчихсэн байсан. Тэгэхээр нь би явах гэтэл надтай цуг зогсож байсан Ц- намайг явуулахгүй гарнаас минь татаж чангайгаад манай нөхөр намайг явуулаач гэж орилтол чамд ямар хамаатай юм, буугаад ир гэж манай нөхрийг хэлсэн. Тэгтэл манай нөхөр автомашинааса бууж ирээд намайг татах шиг болсон. Тэгтэл манай ажлын газрын залуу унаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот:

1. Т.Ц-ын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 18-19/,

 

- Хохирогч Т.Ц-ын “...Этэй тохиролцон эвлэрсэн тул гомдол саналгүй, хохирлыг барагдуулсан шүүх хуралд суух боломжгүй...” гэх хүсэлт /хх-н 53/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 33/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40/,

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 41/,

- ажлын газрын тодорхойлолт /хх-н 42/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Ц-ыг эхнэр Атай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний шарх бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Эийн “...би өөрийнхөө эхнэрийг нэрээр нь дуудахад манай эхнэр над руу эргэж хараад над руу явах гэтэл тэр залуу гараас нь барьчихаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би чи миний эхнэрийг явуулаач гэж хэлсэн. Тэгтэл чи юу яриад байгаа юм бэ буугаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад эхнэрийнхээ гараас татах далимдаа тэр залууг өшиглөхөд тэр залуу уначихсан юм. Тэгэхээр нь би явж очоод нүүрэн дээр нь тулаад чи яасан их хүний эхнэрийг амралтанд авч явдаг юм бэ гэж хэлээд өөрийнхөө баруун гараар нэг удаа хүчтэй дарах /мангасдах/ үйлдэл хийсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Т.Ц-ын “...Н, Д, А гурав шорлог иднэ гээд А бид хоёрыг үлдээгээд явсан. Бид хоёр CU нэртэй дэлгүүрийн урд зогсож байтал гэнэт нэг танихгүй эрэгтэй хүн миний цээж рүү нэг удаа өшиглөж газар унагааж байгаад миний баруун талын хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон. Би газраас өндийгөөд босох хооронд тухайн эрэгтэй хүн Аг аваад машинд суугаад яваад өгсөн. Намайг зодсон эрэгтэй хүн манай ажлын Агийн нөхөр Э гэдэг хүн байсныг би дараа нь мэдсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Агийн “...би явах гэтэл надтай цуг зогсож байсан Ц- намайг явуулахгүй гарнаас минь татаж чангайгаад манай нөхөр намайг явуулаач гэж орилтол чамд ямар хамаатай юм, буугаад ир гэж манай нөхрийг хэлсэн. Тэгтэл манай нөхөр автомашинааса бууж ирээд намайг татах шиг болсон. Тэгтэл манай ажлын газрын залуу унаж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10658 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ээд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Т.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Т.Ц-ын “...Этэй тохиролцон эвлэрсэн тул гомдол саналгүй, хохирлыг барагдуулсан шүүх хуралд суух боломжгүй...” гэх хүсэлт /хх-н 53/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Ээд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Г.Ээд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-гийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ