Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 881

 

  

 

 

 

 

 

     2020         10          08                                   2020/ШЦТ/881

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Ч-ын Ад холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот, ___ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ___ дугаарын регистртэй, Ц овогт Ч-ын А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц овогт Ч-ын А нь 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 45 дугаар байрны 4-15 тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж хохирогч П.З-ийн хөл, толгойн тус газарт гараараа цохиж, түүний биед тархи доргилт, умайн доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн сарвуу, долоовор, чигчий хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Ан өгсөн:

“...Би 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байхад цагийг нь  санахгүй байна өглөөгүүр миний ээж М миний гар утас руу залгаж З- намайг загнаад байна ээж нь даралт ихсээд унах гээд байна гэж хэлээд утасны цаана уйлаад байсан. Би тэр даруйдаа өөрийн гэрээс гарч Баянгол дүүргийн 5 дугаар хороо 45 байр 4-15 тоотод очсон. Гэрт орох үед З- гэртээ орилсон байдалтай манай ээж айсан байдалтай байсан. Манай эмэгтэй дүү М над руу залгаж би сая цагдаа, түргэн дуудсан байгаа шүү гэж хэлээд утсаа салгасан. Би З- дээр очиж чи боль ээжийг минь тайван байлга байж чадахгүй бол энэ гэрээс яв гэж хэлсэн чинь З- над руу орилоод хэл амаараа доромжилж над руу хувцас авч шидсэн. Тэгээд над руу дайраад ирэхээр нь би болиулах гэж З-ийг хойш нь түлхсэн З- хойшоо ухраад надаас холдох үед нь би түүний үснээс зулгааж орон дээр дарж хэвтүүлээд босгоогүй. З- жирэмсэн байсан талаар би мэдээгүй. З-ийн биед халдсан үйлдэлдээ би маш их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.З-ийн өгсөн:

“...2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо 45-4-15 тоотод хүү Б-ийн хамт байж байхад Б- надад хандаж ээж би гар утсаа зараад өөртөө пүүз авч болох уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр манай хүү Б- гар утсаа 135,000 төгрөгөөр зарчихлаа би Х-ий хамт хорооллын дэлгүүр орж гутал аваад ирнэ гэж хэлээд яваад өгсөн. 21 цагийн үед хүү Б- гутлаа аваад ирлээ гэж хэлээд ирсэн. Авсан гутлыг нь харсан чинь хар өнгийн хямд гутал харагдсан. Х-э цагаан өнгийн шинэ гутал авсан байсан. Би Б-эс чи Х-эд гутал авч өгсөн юм уу гэж асуусан чинь үгүй гэж хэлсэн. 2020 оны 8 дугаар сарын 09-ний өглөө босоод би Х-ээс чи миний хүүгээр гутал авхуулсан юм уу гэж асуусан чинь үгүй гэж хэлсэн. Чи тэгвэл тэр авсан газраа зааж өг гэсэн чинь зааж өгөхгүй байсан. Тэгсэн хадам ээж М надад хандаж би мөнгө өгч Х-эд гутал авч өгсөн юм гэж хэлээд намайг хэл амаар доромжлоод, даралт ихсээд байна гээд бүх хүүхдүүдээ гэртээ дуудсан. 2020 оны 8 дугаар сарын 09-ний өглөө 11 цагийн үед Баянгол дүүргийн 5-р хороо 45-4-15 тоотод хадам ээж Мгийн төрсөн охин А нь орж ирээд “чи одоо яв зайл” гэхээр нь би үгүй гэж хэлээд сандал дээр суусан чинь А миний үснээс зулгааж, миний хөл рүү цохиж, нүүр гар хэсгийг хумсаараа маажиж цамц урсан. Би ямар нэг зүйл нэхэмжлэхгүй би гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Мгийн өгсөн:

“...А ирээд манай бэр З-тэй хэрүүл хийгээд байх шиг байсан би өрөөнөөсөө гараагүй...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.О-ий өгсөн:

“...А, З- хоёр хэрүүл хийгээд байхаар нь нөгөө өрөө рүү орсон. Би нөгөө өрөөнд байхад З-, Алтанзул хоёр хэрүүл хийх нь сонсогдоод байсан. Тэгээд удалгүй цагдаа орж ирээд хэрүүл намжим болсон...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот:

1. П.З-ийн биед тархи доргилт, умайн доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн сарвуу, долоовор, чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх хүсэлт /хх-н 23-24/,

 

- хохирогч П.З-ийн “...миний бие гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 56/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 46/,

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 47/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц овогт Ч-ын А нь 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 45 дугаар байрны 4-15 тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж хохирогч П.З-ийн хөл, толгойн тус газарт гараараа цохиж, түүний биед тархи доргилт, умайн доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн сарвуу, долоовор, чигчий хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ч.Ан “...над руу дайраад ирэхээр нь би болиулах гэж З-ийг хойш нь түлхсэн З- хойшоо ухраад надаас холдох үед нь би түүний үснээс зулгааж орон дээр дарж хэвтүүлээд босгоогүй...” гэх мэдүүлэг,

 

хохирогч П.З-ийн “...А нь орж ирээд “чи одоо яв зайл” гэхээр нь би үгүй гэж хэлээд сандал дээр суусан чинь А миний үснээс зулгааж, миний хөл рүү цохиж, нүүр гар хэсгийг хумсаараа маажиж цамц урсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Мгийн “...А ирээд манай бэр З-тэй хэрүүл хийгээд байх шиг байсан би өрөөнөөсөө гараагүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.О-ий “...А, З- хоёр хэрүүл хийгээд байхаар нь нөгөө өрөө рүү орсон. Би нөгөө өрөөнд байхад З-, Алтанзул хоёр хэрүүл хийх нь сонсогдоод байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9189 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ч.Аг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч П.З-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

- хохирогч П.З-ийн “...миний бие гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 56/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Ад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Ч.Ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц овогт Ч-ын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ