| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2016/01567/И |
| Дугаар | 182/ШШ2017/00329 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2017/00329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “САФС” ХХК /РД:5865336/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.С-д холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 11 920 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “САФС” ХХК нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Б.С 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2016/28, 2016/20 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2-40 мянгат 16 дугаар байрны 33 тоот 19 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалуулсан.
Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуусах байсан боловч, зээлдэгч Б.С нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.3, 7.2.5 дах заалтуудыг зөрчиж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, зээлийг зориулалтын бусаар ашиглаж, бусдад дамжуулж зээлдүүлсэн зэрэг зөрчлийг гаргасан.
Манай байгууллагын зүгээс Б.Сыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж олгож, биечлэн уулзаж, хамтран зээл төлөх боломжийг хайж, нэмэлт хугацаа тогтоон өгч байсан боловч ямар нэгэн үр дүн гараагүй. Иймд тус банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хорооны хурлын шийдвэрээр Б.Стай байгуулсан зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлахаар шийдвэрлэсэн. Энэ тухай Б.Сд бичгээр мэдэгдсэн. Б.С нь зээлийн гэрээгээ зөрчин, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу огт төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлаж, үндсэн зээл 10 000 000 төгрөг, 4 сарын зээлийн хүү 1 600 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 320 000 төгрөг нийт 11 920 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.С шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Б.С миний бие нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “САФС” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөгийг өөрийн дансаар авсан нь үнэн билээ.
Уг 10 000 000 төгрөгийн зээлээр тухайн үед ажиллуулж байсан пабын ширээ сандалыг солих, жижиг засвар үйлчилгээ хийх төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл тохирсон хугацаандаа мөнгө нь орж ирээгүйгээс шалтгаалж, хамт явах байсан хүмүүсээс хоцорсон. Тухайн үед би ... уг зээлээс 4 000 000 төгрөгийн өртэй байснаа төлж, үлдэх 5 000 000 төгрөгийг найздаа түр өгсөн байсан юм.
.... Миний нэр дээр улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг ба уг машиныг 2013 оны 06 дугаар сард 9 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Дээрх автомашиныг зээлийн төлбөрт тооцуулахыг хүсч байна. Үлдсэн мөнгийг төлж барагдуулах болно гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “САФС” нь хариуцагч Б.Сд холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2016/28 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 11 920 000 төгрөг гаргуулах х тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
Хариуцагч Б.С нь нэхэмжлэгч “САФС” ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 11-28 тал/
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг тул хариуцагч Б.С зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөр болон хүүг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна. /х.х-ийн 11-18 тал/
Хариуцагч Б.С нь нэхэмжлэгч “САФС” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ төлбөр төлөх хуваарьт заасан хугацаанд огт төлөлт хийгээгүй, зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай удаа дараагийн мэдэгдлийг хүлээн авч, үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоон өгч байсан талаар маргахгүй байгаа болно. /х.х-ийн 18, 25 тал/
Иймд Б.С нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх хуваарийг зөрчиж, зээлийн төлбөр төлөөгүй, зээлийг зориулалтын бусаар ашигласан, бусдад дамжуулан зээлдүүлсэн зэрэг нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.1, 7.2.2, 7.2.3-д заасан гэрээг цуцлах үндэслэлийг бий болгож байх тул зээлдүүлэгч нь гэрээ болон хуульд нийцүүлэн зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлаж, үүргийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас зээлийн үүргийн биелэлтэд үндсэн зээл 10 000 000 төгрөг 4 сарын зээлийн хүү /2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ныг хүртэл хугацааны/ 1 600 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 320 000 төгрөг нийт 11 920 000 төгрөгийг шаардаж байгаагаас үндсэн үүрэг болох 11 600 000 төгрөгийн шаардлагагы хангаж, нэхэмжлэлээс 320 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлаж байх тул зээлдэгчийн хариуцлага /хэтэрсэн хугацааны хүү/ тооцох боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1000 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч Б.Сд хүргүүлсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 52, 56 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2016/28 тоот зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлаж, хариуцагч Б.Саас 11 600 000 /арван нэгэн сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “САФС”-д олгож, нэхэмжлэлээс 320 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Б.Сын өмчлөлийн талбайтай нэг өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж болохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “САФС” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 670 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Б.Саас 200 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “САФС” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ