Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 882

 

  

 

 

 

 

 

     2020         10          08                                   2020/ШЦТ/882

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Н-ын Ад холбогдох эрүүгийн 2005021381251 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Эрдэнэ хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, даампийн оператор мэргэжилтэй, ам бүл 1, СонгиноХ дүүргийн 32 дугаар хороо, Х 1 дүгээр гудамжны 6б тоотод оршин суух, урьд

Булган аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 191 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял шийтгүүлж, 1998  оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 209 дүгээр Хан-Уул дүүргийн шүүхийн Магадлангаар суллагдсан, ФЖ80020838 дугаарын регистртэй, Х овогт Н-ын А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 1-18 тоотод хохирогч Б.Бийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хамгаалж чадахгүй байхад нь зодож, хутгаар зүсэх зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, духанд шарх, зүүн чихний урдаас эрүүний зүүн хэсэг хүрсэн шарх, баруун гуянд шарх, дух, зүүн хөмсөг, хамрын уг, баруун гуя, шилбэнд зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Агийн өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хамт ажилладаг байсан Ч ахын гэрт Ч ахтай хоёулаа хоол хийж идэх гээд мах гэсэхийг хүлээгээд байж байсан юм. Ч ах 1 шил архи авсан байсан учир тэр архинаас нь архины дунд зэргийн аягаар хоёр удаа уусан. Тэгээд би маргааш өглөө ажил хөөцөлдөх юм чинь би унтлаа гэсэн юм. Тэгтэл Ч ах босохоор чинь сайхан хоол хийгээд өгье гэсэн. Би унтаж байтал хамт ажилладаг Б ирсэн байсан. Намайг унтаж байхад хүмүүс чанга чанга яриад байхаар нь би сэрсэн. Юу болсон юм бэ гэтэл Б, Ч ах хоёр нилээн согтсон байсан. Тэр хоёр бие биерүүгээ хараалын үг хэлээд байхаар нь би Бөд чи одоо хөгшин хүнтэй юу яриад байгаа юм гэтэл Б над руу дайраад бид хоёр барьцалдаж аваад би Бийн нүүр лүү 1 удаа цохисон. Мөн цээжин тус газарт нь цохисон. Тэгтэл Б цагаан иштэй хутга гартаа бариад авсан. Тэгэхээр нь би Бөөс хутгыг нь булааж авсан. Гэтэл хутга авах гэж байхад хацар нь зүсэгдсэн юм уу цус гараад унасан. Хөөе юу болов гээд би Бийн утасыг аваад Бийн эхнэр лүү залгаад танай хүний хацраас цус гараад байна хүрээд ир гээд Ч ахын гэрийг зааж өгсөн. Удалгүй Бийн эхнэр орж ирээд эмнэлэг дуудаарай гэсэн. Тэгээд бас цагдаа дуудаад цагдаа ирээд Бийг явж нүүрээ оёул гэсэн. Тэгээд Ч ах бид хоёрыг цагдаа авч явах гэхээр нь би Бөд чи зүгээр байгаа хүнд гай боллоо гээд бухимдаад хэдэн үг хэлсэн. Тэгээд цагдаа Ч ах бид хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 66-68/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бийн өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед хамт ажилладаг Ч гээд ах руу утсаар ярьсан чинь манай гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд Ч ахын гэрт очсон хамт ажилладаг А унтаж байсан. Ч ах бид хоёр тал шил хараа архи хувааж уусан. Архи ууж байгаад би гэрлүүгээ явах гэснээ болиод Ч ахын гэрт Агийн хажууд унтсан. Тэгээд унтаж байгаад нэг мэдсэн чинь миний дээр хүн гарсан өмдөө тайл гэж байх шиг байсан. Тэгээд би босоод ирсэн чинь миний хацарнаас цус гоожоод тогтохгүй байсан. Би цусаа фудволкаараа дарсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна ухаан алдсан. Тэгээд эмнэлэг орж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-28/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Ц-ийн өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 03:25 цагт 95841813 дугаараас үл таних хүн залгаад танай нөхөр чинь цус алдаад байна гэхээр нь сандраад хаягийг нь заалгаж байгаад БГД-н 4-р хороо 1-18 тоотод очсон. Тэгээд гэрт нь 03:43 цагийн үед ортол гал тогооны өрөөнд А гэдэг залуу цагаан иштэй хутга барьчихсан, нөхөр Б хажуу талд нь зогссон, А одоо гүйцээчихнэ шүү гээд байж байсан. Тэгэхэд юун хутга шөвөг бариад байгаа юм, нэгнийгээ аллаа шүү дээ та нар юу болж байгаа юм гээд цагдаа эмнэлэг дуудлаа гэж хэлээд дуудсан. Эмнэлэг ирэх хүртэл нөхрийн зүүн шанааны орчмоос цус гараад байсан. Манай нөхрийн дух хэсэг нь битүү хавдсан, хоёр нүд нь хөхөрсөн, хамар нь хавдсан, зүүн шанаанд зүсүүлсэн шархтай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот:

1. Б.Б-н биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, духанд шарх, зүүн чихний урдаас эрүүний зүүн хэсэг хүрсэн шарх, баруун гуянд шарх, дух, зүүн хөмсөг, хамрын уг, баруун гуя, шилбэнд зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх дух, зүүн чихний урдаас эрүүний зүүн хэсэг хүрсэн шарх, баруун гуянд шарх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 45-46/,

 

- хохирлын баримтууд /хх-н 16-19/,

- хохирогч Б.Бийн “...Н.Ад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 97/,

- Депозит дансны хуулга /хх-н 99/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 70/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 71/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 74/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 1-18 тоотод хохирогч Б.Бийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хамгаалж чадахгүй байхад нь зодож, хутгаар зүсэх зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, духанд шарх, зүүн чихний урдаас эрүүний зүүн хэсэг хүрсэн шарх, баруун гуянд шарх, дух, зүүн хөмсөг, хамрын уг, баруун гуя, шилбэнд зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Агийн “...Б, Ч ах хоёр нилээн согтсон байсан. Тэр хоёр бие биерүүгээ хараалын үг хэлээд байхаар нь би Бөд чи одоо хөгшин хүнтэй юу яриад байгаа юм гэтэл Б над руу дайраад бид хоёр барьцалдаж аваад би Бийн нүүр лүү 1 удаа цохисон. Мөн цээжин тус газарт нь цохисон. Тэгтэл Б цагаан иштэй хутга гартаа бариад авсан. Тэгэхээр нь би Бөөс хутгыг нь булааж авсан. Гэтэл хутга авах гэж байхад хацар нь зүсэгдсэн юм уу цус гараад унасан. Хөөе юу болов гээд би Бийн утсыг аваад Бийн эхнэр лүү залгаад танай хүний хацраас цус гараад байна хүрээд ир гээд Ч ахын гэрийг зааж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Бийн “...унтаж байгаад нэг мэдсэн чинь миний дээр хүн гарсан өмдөө тайл гэж байх шиг байсан. Тэгээд би босоод ирсэн чинь миний хацарнаас цус гоожоод тогтохгүй байсан. Би цусаа фудволкаараа дарсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна ухаан алдсан. Тэгээд эмнэлэг орж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Ц-ийн “...БГД-н 4-р хороо 1-18 тоотод очсон. Тэгээд гэрт нь 03:43 цагийн үед ортол гал тогооны өрөөнд А гээг залуу цагаан иштэй хутга барьчихсан, нөхөр Б хажуу талд нь зогссон, А одоо гүйцээчихнэ шүү гээд байж байсан. Тэгэхэд юун хутга шөвөг бариад байгаа юм, нэгнийгээ аллаа шүү дээ та нар юу болж байгаа юм гээд цагдаа эмнэлэг дуудлаа гэж хэлээд дуудсан. Эмнэлэг ирэх хүртэл нөхрийн зүүн шанааны орчимоос цус гараад байсан. Манай нөхрийн дух хэсэг нь битүү хавдсан, хоёр нүд нь хөхөрсөн, хамар нь хавдсан, зүүн шанаанд зүсүүлсэн шархтай байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6877 тоот дүгнэлт, хохирлын баримтууд дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Аг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

хохирогч Б.Бийн “...Н.Ад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 97/ гэх хүсэлтэд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Ад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Н.Ад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цагаан өнгийн бариултай хутга, “Хараа” гэсэн бичигтэй шилний хагархай 1 ширхэг зэргийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт Н-ын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цагаан өнгийн бариултай хутга, “Хараа” гэсэн бичигтэй шилний хагархай 1 ширхэг зэргийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

   5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ