Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2017/00338

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “СО” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭТЦЖ” ХХК -д холбогдох

 Гэрээний үүрэг болох 7 262 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл оролцов.  

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “СО ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. “СО” ХХК нь “ЭТЦЖ” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2015/31 тоот “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Үүнээс хойш 3000 литр газрын тосны бүтээгдэхүүн 1700 төгрөгөөр тооцон авч, шатахууны төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулна гэж заасан юм.

Гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр   тооцоо нийлэхэд “НХ” ХХК 10 000 000 төгрөгийн өр төлбөртэй.

“ЭТЦЖ” ХХК нь 3000 литр дизель түлшний үнэ 5 100 000 төгрөг, цагаан тугалганы ордын дүгнэлт гаргуулах ажлын хөлсний урьдчилгаанд авсан 1 000 000 төгрөгийн төлбөрийг тус тус 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон юм. Манай компанийн зүгээс “ЭТЦЖ” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2015/31 тоот “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлсэн шатахууны төлбөр 5 100 000 төгрөг, 76 хоногийн алданги 1 162 800 төгрөг, цагаан тугалганы ордын дүгнэлт гаргуулах ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 1 000 000 төгрөг, нийт 7 262 800 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч “ЭТЦЖ” ХХК хариу тайлбартаа:

... Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах цагаан тугалгын ордыг худалдах ба худалдан борлуулах санхүүгийн зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу авсан урьдчилгаа 1 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Шатахуун дизель түлшний үнэ 5 100 000 төгрөг, алданги 1 162 800 төгрөгийг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Манай компанийн нэрийн өмнөөс “НХ” ХХК нь энэхүү дизель түлшийг хүлээн авсан. Энэ нь дизель түлш хүлээн авсан бараа материалын зарлагын падаанаар  бүрэн нотлогдоно. Иймд дизель түлшний үнийг “НХ” ХХК хариуцан төлөх болно гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “СО” ХХК нь хариуцагч “ЭТЦЖ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 7 262 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч “ЭТЦЖ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас “... санхүүгийн зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу урьдчилгаанд авсан 1 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин шатахууны үнэ 5 100 000 төгрөг, алданги 1 162 800 төгрөгийг “НХ” ХХК хариуцан төлнө ...” гэж маргаж байгаа боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтуудыг  гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.

Хариуцагч “ЭТЦЖ” ХХК нь “СО” ХХК-иас 5 100 000 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авсан болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн протокол №01 гэх баримт, тооцоо нийлсэн акт зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 9-12, 14-15, 17 тал/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний агуулгаас үзэхэд зохигчид худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзнэ.

Хариуцагчийн гэрээгээр тохирсон төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүрэг нь  нийлүүлэгдсэн дизел түлшний үнийг бүрэн төлөх ба нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон тоо хэмжээний газрын тосны бүтээгдэхүүнийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн байна.

Дээрх гэрээгээр хариуцагч “ЭТЦЖ” ХХК нь тохиролцсон 3000 литр дизелийн түлшийг хүлээн авч, төлбөрт 5 100 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тооцоо нийлсэн акт зэрэг бусад нотлох баримтуудааар нотлогдож байна. /х.х-ийн 13-17 тал/

Нэхэмжлэгч “СО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ “...“ЭТЦЖ” ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлбөр болох 5 100 000 төгрөгийг төлөөгүй, гэрээний 3.1-т зааснаар борлуулсан бүтээгдэхүүний төлбөрийг тохирсон хугацаанд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд, ... хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон тул гэрээний 3.2-т зааснаар алдангид 1 162 800 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй ...” гэж тайлбарлаж байгаа болно.

Худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд гэрээний төлбөрийг дараа төлөхөөр тохиролцсон тохиролцоо бүр зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл тухайн гэрээний шинж нь зөвхөн хөрөнгийн үнийг төлөх хугацаагаар тодорхойлогдохгүй юм.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага хангасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч “СО” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн материалыг нийлүүлэх, “ЭТЦЖ” ХХК нь борлуулсан бүтээгдэхүүний төлбөрийг тохирсон хугацаанд шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

Гэрээний 3.2-т “... төлбөрийг шилжүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцно” гэжээ.

Алданги нь хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиас хэтрэхгүй хэмжээгээр  төлөхөөр тогтоосон мөнгөн дүн юм.

Гэрээний дээрх заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар тайлбарлавал хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч “ЭТЦЖ” ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа үүргээ бүрэн биелүүлээгүй байх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5 100 000 төгрөг, 76 хоногийн алданги /2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-нийг хүртэл/ 1 162 800 төгрөг, ажлын хөлсний  урьдчилгаанд авсан 1 000 000 төгрөг нийт 7 262 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “СО” ХХК-д олгох нь зүйтэй.

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5-д “Энэхүү гэрээгээр үүссэн маргааныг ... нийлүүлэгчийн оршин байгаа газрын шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж зохигчид харъяаллын талаар харилцан тохиролцсоны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1600 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч “ЭТЦЖ” ХХК-ийн захирал Н.Эрдэмманлайд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 40-41 тал/

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч “ЭТЦЖ” ХХК-иас           7 262 800 /долоон сая хоёр зуун жаран хоёр найман зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “СО” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “СО” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 155 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “ЭТЦЖ” ХХК-иас 131 155 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “СО” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ                           Ж.ЦЭНГЭЛ