Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 897

 

  

 

 

 

 

 

     2020          10         14                                   2020/ШЦТ/897

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Д.Үүлэн,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, Т.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт Н-н Ат холбогдох эрүүгийн 2005026181353 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой авто ашиглалтын инженер мэргэжилтэй, __дугаарын регистртэй, А овогт Н-н А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.А нь согтуурсан үедээ 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэнан зочид буудлын гадна хохирогч О.О-ын нүүрэн тус газар цохих, түлхэж унагаах, хоолой боох зэргээр хүч хэрэглэн Сансунг А-7 загварын гар утсыг дээрэмдэн авч, 170,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Аын өгсөн:

“...Би 2020 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 10 жил буюу 81 дүгээр сургуульд хамт сурч байсан А, түүний найз гэх охины хамтаар 3-лаа шөнийн 00 цагийн орчимд орж, тэндээ сууж байгаад гурвуулаа хүний 3 шил Сэнгүр нэртэй пиво уусан. Ингээд пиво ууж суунгаа хоорондоо ойр зуурын юм ярьж байтал цаг хэд болж байсныг хараагүй, бид гурав хоорондоо чанга дуутай ярьж байхад гаднаас хүн хаалга тогшихоор тайлахад хамгаалагч байсан. Хамгаалагч орж ирээд та нар хоорондоо хэрэлдэж зодолдоод байна уу гэхээр нь тийм зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Тэр үед А, найзынхаа хамтаар явахаар болоод заза буудлаас гарцгаая гээд гурвуулаа буудлаас гараад, А найзтайгаа харилаа гээд явсан. Би салаад гэрлүүгээ харихаар Саппоро өнгөрөөд замын хойд талаар алхаж байтал хажуу талаас үл тахих эмэгтэй буюу одоо хохирогч болох эмэгтэй намайг дуудаад тамхи байна уу гэхээр нь тамхи өгөөд бид хоёр тамхилаад хаа хүрэх гэж байгаа талаар нэг нэгнээсээ асууж хоорондоо ярилцаж байгаад хамт буудалд орж пиво уунгаа суухаар тохиролцсон. Саппоро дээрээс яваад би өмнө А, түүний найзтай нь хамт орж байсан 10 хороололд байдаг Хэнан нэртэй зочид буудалд орохоор хохирогч эмэгтэйтэй ортол буудлын хүн чи өмнө хоёр эмэгтэйтэй хамт орж ирсэн, дахиж та хоёрыг оруулахгүй гээд би буудал орохоор жолооны үнэмлэхээ өгсөн байсан учраас түүнийгээ эргүүлж аваад түрийвчинд хийж, өмднийхөө хойд талын халаасанд хийх шиг болоод, хохирогч болох эмэгтэйтэй хамт гарсан. Ингээд гадагшаа гараад өмдний халааснаасаа түрийвчээ авах гэтэл байхгүй болчихсон байсан ба би тэр эмэгтэйг түрийвчээ авсан гэж бодоод миний түрийвчийг өг гэхэд түрийвч чинь надад байхгүй гэхээр нь миний түрийвч маань авчихсан юм чинь гар утсыг авчихаар миний түрийвч эргүүлээд өгчих байх гэж бодоод нэг мэдсэн чинь тэр эмэгтэйгээ ноцолдож зууралдаж байгаад гар утсыг нь өмднийх нь халааснаас булааж аваад шууд таксинд суугаад явчихсан.

Хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн маань миний буруу, хийсэн маш их гэмшиж байна. Хохирогчид гар утсыг бүрэн бүтэн эргүүлж өгсөн. Ийм учир надад холбогдох хэргийг хөнгөн байдлаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-н 40-43/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.О-ын өгсөн:

“...Би 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө үүрээр Саппорогийн замын урд талд зам дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа зам дагаад гэртээ харих гээд алхаад явж байтал араас нэг залуу намайг дуудсан. Тэгээд би тэр дуудаад байсан залуутай уулзсан чинь тохирох уу гэж надаас асуусан. Тэгээд би тэр залуутай хоногийн 90,000 төгрөгөөр тохироод тэр залуу намайг 10-р хорооллын замын урд талд байдаг нэг зочид буудал дагуулж очиж орох гэсэн чинь тэр зочид буудлын ажилтан нь тэр залуу чи сая 2 эмэгтэй хүнтэй байж байгаад гарсан. Одоо буцааж оруулахгүй гээд байхаар нь тэр залуутай зочид буудлаас гарсан чинь нөгөө надтай хамт явсан залуу надаас түрийвч нэхээд байсан. Тэгээд би юун түрийвч би мэдэхгүй гэсэн чинь чи авсан юм бишүү гээд миний хувцасны халаасыг ухаад байсан. Тэгээд надаас түрийвч гарч ирэхгүй миний жинсэн яакны зүүн халаасанд байсан гар утсыг авсан. Тэгээд би гар утсаа авах гэсэн чинь миний үснээс зулгаагаад шууд газар унагаж хүзүүнээс гараараа боогоод битгий орилоод бай дуугүй бай тэгэхгүй бол ална шүү гээд байсан. Тэгээд миний гар утсыг аваад зугтаагаад явчихсан.

Би гар утсаа А гэж хүнээс бүрэн бүтэн хүлээж авсан. Мөн А нь түрийвчээ өөр халаасанд хийснээ мартчихсан байна андуурсан байна лээ уучлаарай гээд уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Э-ын өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 5-р хороо Хэнан зочид буудалд хамгаалагчаар ажиллаж байхад 2020 оны 9 дүгээр сарын 05-ны 00 цагийн үед эрэгтэй, хоёр эмэгтэйн хамт 306 тоот өрөөнд орсон. Тэгээд өрөөндөө нөгөө 2 эмэгтэйтэй маргалдсан 2 эмэгтэй нь хүчиндэх гэж оролдсон гээд чарлаад байсан. Би хаалгыг нь тогшиход онгойлгохгүй болохоор нь чипээр онгойлгоод орсон чинь ноцолдоод байж байхаар нь салгаад гаргаад явуулсан. 1 цаг орчимын дараа нөгөө залуу өөр эмэгтэй дагуулаад ирэхээр нь оруулаагүй, тэгээд тэр залуутайг явсны дараа сүүлд дагуулж ирсэн 20-25 орчим насны хар савхитай, цэнхэр өмдтэй, махлаг шардуу царайтай эмэгтэй нь би түрүүчийн оруулахгүй гэсэн эрэгтэйд зодуулаад дээрэмдүүлчихлээ гэж орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 3-4/,

 

- Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 44/,

- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 45/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 49/,

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 52/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.А нь согтуурсан үедээ 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэнан зочид буудлын гадна хохирогч О.О-ын нүүрэн тус газар цохих, түлхэж унагаах, хоолой боох зэргээр хүч хэрэглэн Сансунг А-7 загварын гар утсыг дээрэмдэн авч, 170,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Аын “...гадагшаа гараад өмдний халааснаасаа түрийвчээ авах гэтэл байхгүй болчихсон байсан ба би тэр эмэгтэйг түрийвчээ авсан гэж бодоод миний түрийвчийг өг гэхэд түрийвч чинь надад байхгүй гэхээр нь миний түрийвч маань авчихсан юм чинь гар утсыг авчихаар миний түрийвч эргүүлээд өгчих байх гэж бодоод нэг мэдсэн чинь тэр эмэгтэйгээ ноцолдож зууралдаж байгаад гар утсыг нь өмднийх нь халааснаас булааж аваад шууд таксинд суугаад явчихсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч О.О-ын “...тэр залуутай зочид буудлаас гарсан чинь нөгөө надтай хамт явсан залуу надаас түрийвч нэхээд байсан. Тэгээд би юун түрийвч би мэдэхгүй гэсэн чинь чи авсан юм бишүү гээд миний хувцасны халаасыг ухаад байсан. Тэгээд надаас түрийвч гарч ирэхгүй миний жинсэн яакны зүүн халаасанд байсан гар утсыг авсан. Тэгээд би гар утсаа авах гэсэн чинь миний үснээс зулгаагаад шууд газар унагаж хүзүүнээс гараараа боогоод битгий орилоод бай дуугүй бай тэгэхгүй бол ална шүү гээд байсан. Тэгээд миний гар утсыг аваад зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Э-ын “...1 цаг орчимын дараа нөгөө залуу өөр эмэгтэй дагуулаад ирэхээр нь оруулаагүй, тэгээд тэр залуутайг явсны дараа сүүлд дагуулж ирсэн 20-25 орчим насны хар савхитай, цэнхэр өмдтэй, махлаг шардуу царайтай эмэгтэй нь би түрүүчийн оруулахгүй гэсэн эрэгтэйд зодуулаад дээрэмдүүлчихлээ гэж орж ирсэн...” гэх мэдүүлэг, Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Аыг бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хохирогч О.О-ын “...Би гар утсаа А гэж хүнээс бүрэн бүтэн хүлээж авсан. Мөн А нь түрийвчээ өөр халаасанд хийснээ мартчихсан байна андуурсан байна лээ уучлаарай гээд уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-16/, Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 45/ зэрэгт үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Ат холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Н.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусг айангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А овогт Н-н Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 1 жил хорих ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

   5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди бичлэгийг хэрэгт хадгалан үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ