Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1190

 

   2020        06         19                         2020/ШЦТ/1190

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

Нарын бичгийн дарга: Б.Билэгжаргал

Улсын яллагч : Б.Уранцэцэг

шүүгдэгч:Б.О түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан  тус шүүхийн Ж танхимд нээлттэй эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбаагийн Октябрьт холбогдох эрүүгийн 2006 00000 1370 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                         

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

          1.Шүүгдэгч : Монгол улсын иргэн, Б.О ,1986 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2 эхийн хамт  Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханы 4-61  тоотод оршин суудаг гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Дорнод аймгийн сум дундын шүүхийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,           Холбогдсон хэргийн талаар:

          Яллагдагч М.О нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханы 4-61 тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох төрсөн эх Б.Нямын зүүн мөр, дал руу гурилын модоор цохиж зүүн хавирган тус газар өшиглөж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:                                                                  

          Шүүгдэгч Б.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.    

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Нямаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-6/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Навчдэлгэрээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5582 дугаар дүгнэлт /хх-н 16-17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Октябраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, хохирогчийн хүсэлт /хх-н 43/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.О нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханы 4-61 тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох төрсөн эх Б.Нямын зүүн мөр, дал руу гурилын модоор цохиж зүүн хавирган тус газар өшиглөж хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

          Хохирогч  Б.Нямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...манай хүү манай зээ хүүтэй хамт унтаж байхаар нь би зээ хүүгээ их унтлаа гэж загнатал Октябрь босч ирээд намайг юу гээд байгаа юм би гэртээ байна гэж хэлээд гурил элддэг модоор зүүн мөр лүү дал хавсраад нэг удаа цохиод авсан. Тэгээд охинтойгоо хамт гэртээ орсон чинь манай хүү нэг удаа хөлөөрөө зүүн талын хавирга хэсэгт өшиглөөд авсан.. гэх мэдүүлэг / хх-н 5-11/,

          Гэрч Б.Навчдэлгэрийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... манай ээж гэрт орж ирээд дүү болох Б.Октябрыг гэр цэвэрлэ гэсэн чинь хуц авгай минь гээд гурилын элдүүрээр мөр лүү цохичихлоо гэхээр би ээж болох Б.Нямтай хамт гэрт яваад ортол манай дүү Октябрь орон дээр сууж байгаад ээжтэйгээ маргалдаж байгаад зүүн хавирга руу өшиглөсөн... гэх мэдүүлэг / хх-н 12-13/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5582 дугаар дүгнэлтээр Б.Нямын биед цээжний зүүн талд 9,10,11,12 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэж тогтоогджээ. / хх-н 17-18/,

          Б.Октябрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...би гэртээ унтаж байхад манай ээж гаднаас орж ирээд намайг бос гэж хэлээд уурлаж миний мөрөнд гурил элддэг ганжингаар 3-4 удаа цохиод гараад явсан. Буцаж орж ирээд эгчийг дагуулж ирээд надтай хэрэлдэж байгаад буцаад гарах гэхэд нь би гараараа ээжийн зүүн талын хавирганд нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг / хх-н 14-15, 45-46/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Октябрьд ддэрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

Хохирогч “гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

          Шүүхээс шүүгдэгч Б.О-д ял шийтгэл оногдуулахдаа ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж   хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ хугацаагаар тэнссүгэй

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт заасан тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.Октябрьд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Октябрьт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.Октябрьд анхааруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсыг яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах,гомдол гаргах эрхтэй.

8. Давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.О-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ПҮРЭВСҮРЭН