| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1175/Э |
| Дугаар | 1194 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 1194
2020 06 29 2020/ШЦТ/1194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,
улсын яллагч:Л.Галав,
шүүгдэгч: Д,Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нэлгэр овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 2006 00000 1615 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б ,1975 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Зайсан скай ХХК-д машинист ажилтай, ам бүл 8 , эхнэр, 6 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 56 гудамжны 1742 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Б нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Галбадрахтай маргалдаж улмаар түүний цээжний ар хэсэгт нэг удаа хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургин үзүүлэлтүүд /хх-н 3-6/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 8/, гар утсанд хийсэн тэмдэглэл /хх-н 9-15/, хохирогч Ч.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хх-н 16-19/, хохирогч Д.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хх-н 20-24/, гэрч Ц.Очирдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 44/, гэрч Э.Төрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: /хх-н 45/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 25/, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 6403 тоот шинжээчийн дүгнэлт / хх-н 26-27/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 28-29/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 30/, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 6402 тоот шинжээчийн дүгнэлт / хх-н 31-32/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 33-34/, шинжээч эмчээс авсан мэдүүлэг /хх-35/, яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: / хх-н 41/, Ч.Галбадрах, Д.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн саналууд /хх-н 71-72/, прокурорын 445 тогтоол / хх-н 74/,
Д.Баттулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 56-57/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 49/,з ахиргааны зөрчлийн талаарх баримт/ хх-н 51-54/
Д.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 36/, прокурорын тогтоол /хх-н 37-38/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 39-41/,шийтгэх тогтоолын хуулбарууд/ хх-н 59-68/, Д.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 42-43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Галбадрахтай маргалдаж улмаар түүний цээжний ар хэсэгт нэг удаа хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Ч.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн…Баттулга Баярмагнайг өмөөрөөд усанд суулгалаа, хувцас нь норсон байна гэж хэлээд маргалдсан. Маргалдаж байгаад Баттулга гэр руугаа орсон. Баттулга гэрээсээ хутга бариад гарч ирсэн. Тэгээд барьцалдаж аваад Баттулга миний баруун талын суга орчим хутгаар зүссэн. Тэнд байсан Очирдорж салгасан” гэх мэдүүлэг / хх-н 16-19/,
Гэрч Ц.Очирдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...тэнд маргаан болоогүй. Бие биенээ цохиж зодсон асуудал болоогүй. Баттулга Баярмагнайг гаргаж ирэхдээ усанд хамт халитарч унаад байсан. Баттулга хашаа руугаа орж гараад байсан нэг мэдэхэд хоорондоо ноцолдоод байсан. Ноцолдож байгаад Галбадрахын нуруунд зүсэгдсэн байсан. Баттулга гартаа хутга барьсан байсан. Ноцолдоод байхаар нь Галбадрахын гар утсаар зураг дарсан. Тэгээд Галбадрах, Баттулга нарыг салгасан. Салгаад гэр руугаа орцгоосон. /хх-н 44/
Гэрч Э.Төрбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Би Баттулгын хамаатны дүү байгаа юм. Баттулга нь дөлгөөн, тайван, тогтуун, хүлээцтэй, үг дуу цөөнтэй, шударга зантай, хүнд тусархаг, уян зөөлөн зантай, ямар нэгэн элдэв муу зуршилгүй хүн байгаа юм гэх мэдүүлэг /хх-н 45/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6403 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ч.Галбадрахыг биед цээжний ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна гэж тогтоогдсон байна. / хх-н 26-27/
Шүүгдэгч Д.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...Тэгээд Галбадрах яасан ч яадаг юм гээд орилоод байсан. Бид хоёр маргалдаж байгаад хашаанаас гарсан. Би хашаа руу гүйж ороод нүүрсний ам задалдаг хутга байхаар нь ер нь ингэж дээрэлхүүлнэ гэж юу байдаг юм гэж бодоод Галбадрахын баруун талын дал орчим хутгалсан. Тэгээд Галбадрах намайг үүрч унагаасан. Салаад Галбадрах намайг амыг чинь заана гэж аманд гараа хийгээд хоёр тийшээ татсан. Би ч Галбадрахыг хутгалсан гэдгээ мэдсэн гэх мэдүүлэг /хх-н 20-24, хх-н 41/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянаад Д.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 72/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Баттулгын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг билелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН