Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 201/МА2017/00015

 

Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин

нарын нэхэмжлэлтэй, Ч.Амарболдод

холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Бүжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонтуяа, хариуцагчийн төлөөлөгч Л.Хандсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00285 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн давж заалдах гомдлоор Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нарын нэхэмжлэлтэй, Ч.Амарболдод холбогдох орон сууц албадан чөлөөлүүлэх тухай, нэхэмжлэгч нарт холбогдох орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ч.Амарболдын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхмарт миний бие нөхөр Л.Болдсүрэнтэй 1986 онд гэр бүл болж 1986 онд том охин Б.Энхсүрэн, 1989 онд бага охин Б.Бүжинг төрүүлсэн. 1990 оноос эхлэн 2004 оны 2 сар хүртэл Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоотод хадам эцгийн хамт ам бүл 5 уулаа амьдарсан. Энэ байрыг хадам эцэг С.Лхамсүрэн 1998 онд хувьчилж авахдаа хүү Л.Болдсүрэн болон биднийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авснаар бид 5 уг байрны хууль ёсны өмчлөгч болсон. Нөхрийн минь хадам эгч Л.Хандсүрэн 1992 онд Зүүн хараагаас шилжин ирж бидэнтэй хамт амьдарсан цагаас хойш биднийг байнга хэл амаар доромжлон дарамталж гэрээс маань хөөдөг байсан. Энэ хугацаанд нөхөрт маань улсаас Хэрлэн сумын 5 дугаар багт байх 28 гэдэг газарт байр өгч бид тэнд амьдрахаар явсан боловч уг байр хүйтэн, халаалтгүй, сургууль цэцэрлэг, ажлаас хол байрладаг, хүн амьдрах боломжгүй байр байсан учраас бид удалгүй гэртээ буцан ирж амьдарсан. Тэгээд ч энэ байрны асуудал энэ хэрэгт огт хамааралгүй асуудал юм. Ингээд 2004 оны 2 сард багш нарын баярын үеэр хадам эгч Л.Хандсүрэн согтуу ирж намайг болон охин Б.Энхсүрэнг үсдэж үг хэлээр доромжлон орон гэрээс минь хөөж, улмаар охиныг минь Болдсүрэнгийн хүүхэд биш гэх мэтээр доромжилсон. Энэ үеэс эхлэн Энхмарт миний бие энэ байранд амьдрах аргагүй болж өөрийн эцгийн голомт болох 11 дүгээр байрны 24 тоотод очиж амьдрах болсон бөгөөд хоёр охин маань өвөө болон аавтайгаа хамт амьдарч, миний бие ч ирэн очин амьдарч байсан. Гэтэл нөхөр Болдсүрэн 2004 оны 10 сарын 25-ны өдөр Хөх нуурт хууль бусаар загас агнаж явж байгаад золгүйгээр осолдож амь насаа алдсан. Нөхрийг маань нас барснаас хойш хадам эцэг С.Лхамсүрэн нэг их удалгүй 2005 оны 2 сарын 11-ний өдөр нас барсан. Энэ үеэр миний бие хавдар илэрсний улмаас Улаанбаатар хотод байнга эмчилгээнд явж байсан бөгөөд бага охин маань Улаанбаатараас ирээд гэртээ орох гэтэл цоожийг нь сольчихсон байсан. Охин Бүжин Хандсүрэн эгчтэй уулзаад гэртээ орьё гэхэд та нарын байр биш, миний эцгийн байр гээд гэрт нь оруулаагүй байсан. Хууль ёсоор бол уг байрны жинхэнэ өмчлөгч нар нь бид байтал, ямар ч өмчлөх эрхгүй хүн болох Л.Хандсүрэн байрыг минь булаан авч хүү Ч.Амарболддоо өгсөн бөгөөд Ч.Амарболд нь одоо уг байрыг бусдад түрээслэн ашиг олж байна. Тухайн үед би өвчтэй байсан учраас хэл ам болоод яахав, дараа нь больё гээд өдий болтол байрны асуудлыг хөндөлгүй орхисон. Охин Б.Энхсүрэн, Б.Бүжин нар нь бусдын байр хөлслөн амьдарч байгаа бөгөөд бага охин маань эцгийнхээ гал голомтонд өрх тусгаарлан амьдрах шаардлагатай байна. Охидууд маань 2015 оны өвөл байрандаа очиж Амарболдтой уулзаж байрандаа орох талаар хэлэхэд Амарболд өвлийн хүйтэнд суллаж өгөх боломжгүй байна, зун ирэхээр чинь байрыг чинь суллаж өгнө гэж хэлсэн. 2016 оны 7 сард Б.Бүжин гэрээ ачаад иртэл Амарболд энэ байр өвөөгийн маань байр, та нарын байр биш гээд хөөсөн байсан. Байрны гэрчилгээний хувьд гэрт байсан гэрчилгээ маань алга болсон байсан учраас бид бүх бүрдүүлдэг бичиг баримтыг нь бүрдүүлж хууль ёсоор дахин шинээр гэрчилгээ авсан. Энд хууль бус зүйл юу ч байхгүй, хуурамчаар гэрчилгээ авсан зүйл байхгүй. Иймд бид хууль ёсны өмчлөгч нар учраас бидний байрыг Ч.Амарболдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, уг байрыг бидэнд үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Амарболд шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Энхмарт нь 2000 онд ээжийн дүү болох Болдсүрэнтэй өвөөгийн байр болох 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоотод өвөөгийн хамт амьдарч байгаад салахдаа өвөөгийн гэрийн эд хогшлоос юу ч үлдээлгүй авч явсан. Тухайн үед өвөө маань хоёр ач охиноо бодоод хэл ам хийлгүй, хоёр охиндоо өгсөн гээд бодчихоё гэж яриад өнгөрсөн гэдэг. 2004.10.25-ны өдөр ээжийн минь дүү Болдсүрэн нас барахад Энхмарт хоёр охиныхоо хамт ирээгүй, ажил явдалд нь ч оролцоогүй. Мөн өвөө Лхамсүрэн маань 2005.02.11-ний өдөр нас барсан бөгөөд нас бартлаа ач охид болох Энхсүрэн, Бүжин нарыг их хүлээсэн... Энхмарт, Энхсүрэн, Бүжин нарыг явснаас хойш, Болдсүрэн ахыг өөд болсноос хойш байр нь нэг хэсэг эзэнгүй байсан. 2006 онд Амарболд би охинтой болсноор 1 дүгээр байрны 66 тоотод өрх тусгаарлан 2016 оны 12 сар хүртэл амьдарсан. 2016 оны 7 сарын 31-ний өдөр Энхсүрэн, Бүжин нар ирж байр суллаж өг гэж шаардсан. Миний бие шийдвэр гаргах эрхгүй тул ээж Хандсүрэнтэй ярьж уулзаж учраа ол гэж хэлсэн... Өвөө маань нас барахаасаа өмнө Энхтуяа гэдэг нотариатын хүнийг гэртээ урьж ирүүлэн өөрийнхөө байрыг ээж Хандсүрэн болон миний нэр дээр гэрээслэл бичиж үлдээсэн...Иймд хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ 2 хүүхдийн төрсөн он, сарыг би хэзээ ч мартдаггүй. 1971 онд миний ээж нас барсан. Тэгээд би аавтайгаа, дүүтэйгээ энэ байранд амьдарч байгаад би гэр бүлтэй болоод Зүүн хараа руу шилжсэн. Миний дүүгийн эхнэр Энхмарт бид 2 бие биенээ муухай ч харж байсан удаагүй. Би элдэв дээдээрээ дуудуулж байгаадаа гомдож байна. Би хэдий гомдож байгаа ч энэ хүүхдүүдийг нь хараад тэвэрмээр санагдаж байна. Энэ 2 хүүхдийг эх нь ингэж хүмүүжүүлжээ. Миний дүү хүүхдүүдээ үнэхээр их хайрладаг байсан. Миний аавын насаараа цуглуулсан эд хөрөнгө болох Дарьганга хийцийн мөнгө аяганууд, хивс гээд бүгдийг нь аваад явсан. Өнгөрсөн хугацаанд би амьдралд нь түшиг тулгуур болохыг хичээсэн. 1999 онд аавынхаа байранд засвар хийх гээд очиход гэрийнх нь хаалга онгорхой байсан. Би гэрт нь ороод байж байтал Энхмарт гүйж орж ирээд намайг үсдээд өрөөн дотуураа чирсэн. Удалгүй охин нь бас орж ирээд бас л намайг элдвээр харааж зүхсэн. Энэ хооронд Энхмарт гүйж гараад цагдаа дуудаж авчирсан. Ингээд намайг цагдаагийн газар луу авч яваад шалгуулсан. Тухайн үед Энхмартыг үлээлгэж үзэхэд гүн согтолтын зэрэгтэй гарсан. Намайг цагдаагийн газраас өргөдлөө өгч болно гэхэд нь дүүгийн маань эхнэр юм даа гэж бодоод эргэж цагдаагийн газар очоогүй. Энхмарт БНХАУ-ын Алтан эмээл хот руу наймаа хийдэг байсан юм. Нэг удаа наймаа хийж явахдаа хамаатан садангаа олоод найрлаад дуу дуулж чадахгүй Хандаа эгчийгээ аваад явдаг байж дээ гэж бодож байснаа надад ирээд хэлж байсан. Бид ийм л харьцаатай байсан. Би ямар ч хүнд гэм буруутай үйлдэл гаргаагүй. Би шударга, зарчимч хүн. Манай аав насаараа хуулийн байгууллагад ажилласан. Миний аав бидэнд ийм зан төлөвшил зааж сургаагүй. Гэтэл миний дүүгийн хүүхдүүдийн байгаа байдал нь энэ. Хавтаст хэрэгт миний аав өөрийн гараар бичсэн хүсэлт хавсаргагдсан байгаа. Ингээд дүү маань нас барсан. Тэр үед 2 охин нь байсан. Миний дүү айлын ганц хүү байсан юм. Аав маань тухайн үед үнэхээр шар махтайгаа хатсан. Хүүгийн маань мах цусны тасархай гээд хүүгийнхээ хүүхдүүдийг их хүлээдэг байсан. Бид бие биенээ танихгүй болоод 10 хэдэн жил өнгөрлөө. Яагаад үхсэн хүний байртай барьцалдаж, булаацалдаад байгааг ойлгохгүй байна. Аав маань уушигны хорт хавдраар нас барсан. Надаас өөр хэн нэгэн ийм зүйлийг бүү үзүүсэй гэж боддог. Би өмнө нь дүүгээсээ ямар шалтгааны улмаас эхнэртэйгээ муудалцдаг байсныг асууж тодруулдаг байсан. 2011 оны 1 сард дүүгийн маань охин хуримаа хийсэн, нөгөө охиных нь төрсөн өдөр бас давхцаж байсан болохоор би дугтуйн дотор 500,0 мянган төгрөг хийгээд явуулж байсан. Энэ байрны асуудлаар бид хоорондоо ярилцаад шийдэж болох л байсан. Одоо бол надад эвлэрэх шалтгаан байхгүй.Хууль бусаар гэж хэлж байгааг нь гайхаж байна. Бидэнд байрны ордер байсаар байтал улсын бүртгэлийн газарт очоод байрны гэрчилгээгээ үрэгдүүлсэн гээд шинээр гаргуулж авсан байсан. Бидэнд байр хэрэгтэй гээд үнэнээ хэлээд авна биз дээ. Би сүүлд бэрийнхээ байдлыг маш сайн ойлгосон. Бодоод байхад Энхсүрэн, Бүжин 2 миний дүүгийн хүүхдүүд биш юм шиг санагдсан. Та хоёр дараа нь үнэн мөнийг нь олж аваарай. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ч.Амарболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны 66 тоотын өмчлөгч байх бөгөөд уг байрны өмчлөгч болох Лхамсүрэн, хүү Болдсүрэн нар нас барж, С.Лхамсүрэн нас барахаас өмнө уг орон сууцны өмчлөх эрхийн гэричлгээг бидэнд өгч, нотариатчийг дуудан өөрөө гэрээслэл бичиж байрыг охин Л.Хандсүрэн, зээ хүү Ч.Амарболд нарт өвлүүлсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ өвлөгч тус бүр дээр бичигдсэн байгаа. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны 66 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өвөө болох С.Лхамсүрэн нь 2005 оны эхээр буюу гэрээслэл бичсэн гэх 1 сард хүн танихгүй хэвтэрт орсон байна. Охин Б.Энхсүрэн өвөөгийнхөө биеийг асуухаар 2005 оны 1 сард очиж уулзахад ач охиноо ч танихгүй байсан. Тиймээс гэрээслэл үлдээхдээ бичсэн хүсэлтийг Л.Хандсүрэн гэгч өөрөө зохион бичсэн гэж үзэж байна. Хүн танихгүй, өвчтэй хүн гэрээслэл бичиж, гарын үсэг зурж чадахгүй. Тиймээс энэ гэрээслэл хүчин төгөлдөр гэхэд эргэлзээтэй байхаас гадна өвтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй учир хариуцагч Ч.Амарболдын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00285 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1, 108.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Амарболдын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах, 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж, уг орон сууцыг нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нарт үлдээж, нэхэмжлэгч нарт холбогдох дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ч.Амарболдын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 төгрөг, хариуцагч Ч.Амарболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 төгрөгөөс 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ч.Амарболдоос улсын тэмдэгтийн хураамжид 282950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчийн илүү төлсөн 212750 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ч.Амарболдод олгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00285 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйийн 40.2 ..., 40.3 ...-т заасан заалтуудыг шүүх зөрчиж хэт нэг талыг барьж хөнгөн хуумгай дүгнэлт гаргасан. Талийгаач Лхамсүрэн нь хүү Болдсүрэнг гэрлэж 2 хүүхэдтэй болоход үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт өөрөө хүсэлт гаргаж Энхмарт, Энхсүрэн, Бүжин нарын нэрсийг байрны ордер дээр нэмж бичүүлсэн шигээ нас барахаасаа өмнө нотариатад гаргасан хүсэлтдээ Энхмарт манай гэрийн бүх эд хогшлийг авч явсан нь өөрсдөдөө оногдох хувиа авч хүү бид 2-т байрыг үлдээсэн гэж дурдаад төрсөн охин Хандсүрэн түүний хүү өөрийн өсгөж хүмүүжүүлсэн зээ хүү Амарболддоо талийгаач хүү Болдсүрэнд болон өөрт оногдох хувийг гэрээсэлж өвлүүлэх хүсэлт гаргасан нь байрны ордероос тэр 3-ыг хасах гэсэн санаагаа илэрхийлснийг гэрчилж байна. ...Иймээс уг байрыг чөлөөлж өгөх үндэслэлгүй юм.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэж заасан бөгөөд шүүгч нэхэмжлэгч, хариуцагч 2 талыг байлцуулж байж гэрчийн мэдүүлэг авах ёстой байтал шүүгч өөрөө гэрчийн мэдүүлэг авахад байлцаагүй мөртлөө шүүгч Уртнасан гэсэн гарын үсэгтэй гэрчийн мэдүүлэг авсан. Баримт бүрдүүлж хэрэгт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн процессын алдаа гаргасан. Мөн гэрчүүдийн мэдүүлэг ноцтой зөрүүтэй байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно. ...илт зөрүүтэй гүтгэсэн шинжтэй мэдүүлэг өгсөн байхад нүүрэлдүүлсэн мэдүүлэг аваагүй төдийгүй, шүүхийн эцсийн шийдвэртээ хэрэгт ач холбогдол бүхий гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй нь учир дутагдалтай шийдвэр гаргахад хүргэсэн.

Энхмарт нь үл хөдлөхийн гэрчилгээ эх хувиараа хууль ёсны гэрээслэлээр өвлөсөн өвлөгч нарт байгааг мэдсээр байж өөртөө байсан мэт ордерыг хаяж гээгдүүлсэн гэж худал ярьж хуурамчаар нотлох баримт бүрдүүлж шинэ гэрчилгээ авсан бөгөөд үүний холбоотой нотлох баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2 ..., мөн хуулийн 38.6-д ...заасан хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй, хэрэгт ач холбогдол бүхий баримтыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн газраас гаргуулах гэсэн хүсэлтийг хангаагүй байж шүүхийн шийдвэрт хавтаст хэргийн 20-р талд буй үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 2015 оны 8 сарын 28-ны өдрийн №000388406 тоот гэрчилгээ нь улсын бүртгэгч Ганзоригтой хуйвалдсан хуурамчаар олгогдсон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хариуцагчийн өмгөөлөгч энэ талаарх татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй тул шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно /гээд мөн шүүхийн шийдвэрийн 8-р хуудасны 19-23-р мөр, 9-р хуудасны 3-9-р мөр/ гэж заасан нь хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна. Уг нь шүүх хүсэлтийг минь хангаж хуулийн дагуу Дорнод аймгийн Улсын бүртгэлийн газраас Энхмартын хаяж үрэгдүүлсэн гэх ордерийн хуулбар лавлагаа, өвийн хүсэлт, гэрээслэлийн нэг хувийг нотариатч гэрчилсний дараа нууцлалын зэрэглэлтэй дугтуйлж улсын бүртгэлийн газарт бүртгүүлж өгсөн байх хуулийн заалттай. Түүнийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар үндэслээд хаясан гэж дахин гэрчилгээ авахад нь өвийн гэрээслэлтэй байна гэдгийг Энхмартад хэлж маргаантай эсэхийг магадлан тогтоож, маргаангүй бол гэрчилгээг олгох, маргаантай бол гэрээслэлээр өвлөсөн өвлөгч нарыг дуудаж маргааныг эцэслэн шийдвэрлэж талийгаач нарын нэрсийг шинээр олгосон гэрчилгээн дээр бичих ёсгүй хасах ёстой байтал шинээр олгосон гэрчилгээн дээр талийгаач нарын нэрсийг бичсэн нь хуурамч гэрчилгээ гэж үзэх үндэстэй байна. ...Эцэст нь нотариатчаар баталгаажуулж гэрчилсэн гэрээслэлийг шүүхийн шийдвэртээ үндэслэл болгохгүй байр чөлөөлж өгөх шийдвэр гаргасныг хууль бус шийдвэр гэж үзэж байгаа тул энэ хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Бүжин, Б.Энхсүрэн нар нь хариуцагч Ч.Амарболдыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоотын 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Ч.Амарболд нь 1 дүгээр байрны 66 тоотын 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. / хх-ийн 2, 69 дүгээр талууд /

            Хариуцагч Ч.Амарболдын гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

            Аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 сарын 03-ны өдрийн 16 дугаар хурлаар 1 дүгээр байрны 66 тоотын 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг хувьчилж, С.Лхамсүрэн, Л.Болдсүрэн, Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нарт уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээ олгож,  улсын бүртгэлийн 0611000580 дугаарт бүртгэсэн байна. / хх-ийн 43, 46-51 дүгээр талууд /

            Маргааны зүйл болж байгаа 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч С.Лхамсүрэн 2005 оны 02 сарын 11-нд, Л.Болдсүрэн нь 2004 оны 10 сарын 25-нд тус тус нас барсан бөгөөд өмчлөгч С.Лхамсүрэн нас барахаасаа өмнө  2005 оны 01 сарын 17-ний өдөр орон сууцныхаа өөрт оногдох хэсгийг охин Л.Хандсүрэн, зээ хүү Ч.Амарболд нарт өвлүүлэхээр гэрээслэл үлдээсэн, гэрээслэлийг үндэслэн Ч.Амарболд нь 2010 оны 04 сарын 30-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг авсан байна.  / хх-ийн 162-164, 166-167 дугаар талууд /

Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Амарболдыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцны С.Лхамсүрэнд оногдох хэсгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.

            Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Амарболд нь 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцны С.Лхамсүрэнд оногдох хэсгийн өмчлөгч болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Энхмарт нарын “ Ч.Амарболдыг 1 дүгээр байрны 66 тоотын 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх “ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Мөн анхан шатны шүүх  нэхэмжлэгч Д.Энхмарт нар нэхэмжлэлдээ “ уг орон сууцыг Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нарт үлдээх “ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад уг орон сууцыг нэхэмжлэгч нарт үлдээж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Харин Л.Хандсүрэн нь хариуцагч Ч.Амарболдын сөрөг нэхэмжлэлд “ Л.Хандсүрэн гэж “ хариуцагчтай хамтран сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа мэт ойлгогдохоор бичигдсэнийг анхан шатны шүүх Л.Хандсүрэнг “ ... хамтран хариуцагчаар, эсхүл гуравдагч этгээдийн аль алинаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй ... “ гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, зохигчид энэ талаар гомдол гаргаагүй тул шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

             Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00285 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 515 дугаар зүйлийн 515.3 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоотын 2 өрөө орон сууцнаас хариуцагч Ч.Амарболдыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Амарболдыг 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцны С.Лхамсүрэнд оногдох хэсгийн өмчлөгч болохыг тогтоосугай.

2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ...хариуцагч Ч.Амарболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 төгрөгөөс 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ч.Амарболдоос улсын тэмдэгтийн хураамжид 282950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчийн илүү төлсөн 212750 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ч.Амарболдод олгосугай “ гэснийг “ хариуцагч Ч.Амарболдын  улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 212750 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ч.Амарболдод олгож, нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ч.Амарболдод олгосугай “ гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                       ШҮҮГЧ                                                                   Я.АЛТАННАВЧ

                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ