Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 596

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б

Хариуцагч: НСХ , БЗДСХ

Нэхэмжлэлийн анх гаргасан шаардлага: “БЗДСХ ны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01, 02 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан БЗДСХ  нь дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоолгох, НСХ ны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох”

Тодруулсан нэхэмжлэлийн шаардлага: “БЗДСХ ны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01, 02 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, БЗДСХ  нь дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоолгох, НСХ ны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Н.Н, хариуцагч БЗДСХ ны дарга И.Б,  хариуцагч БЗДСХ ны нарийн бичгийн дарга Э.Э, өмгөөлөгч Б.Х, З.С, хариуцагч НСХ ны дарга Ү.Г, хариуцагчийн НСХ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Булганмаа, С.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Б.Бат-Өлзий даргатай БЗДСХ  гэгч байгууллага нь өөрийн чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарахгүй асуудлыг шийдвэрлэж, 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01, 02 дугаар тогтоолуудыг гаргаж “...БЗД-ийн ИТХ-ын сонгуулийн 10, 19 дүгээр тойрогт явагдах дахин сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Бямба гаригт" гэж зарласан нь илтэд хууль бус тогтоол болжээ.

Учир нь БЗД-ийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах дүүргийн Сонгуулийн хороог НСХ ны 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 9 гишүүний бүрэлдэхүүнтэй Б.Бат-Өлзий даргатай байгуулсан. Б.Бат-Өлзий даргатай сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан байнгын бус ажиллагаатай захиргааны байгууллага бөгөөд зөвхөн орон нутгийн 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий дүүргийн сонгуулийн хороо нэртэй байгууллага байсан юм.

Баянзүрх дүүрэгт орон нутгийн сонгууль явагдаж, олонхын санал авсан төлөөлөгчдийн нэрсийг ИТХ-д өргөн барьснаар, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны тогтоол батлагдаж, иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрх баталгаажсанаар уг байнгын бус ажиллагаатай сонгуулийн хорооны эрх, үүрэг нь бүрэн дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, уг дүүргийн сонгуулийн хорооны гол зорилго нь орон нутгийн сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг хариуцан явуулж тухайн орон нутгийн хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэх үндсэн чиг үүргээ биелүүлснээр ийнхүү дуусгавар болж байгаа юм.

1. Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн орон нутгийн хурлын Тэргүүлэгчид товлон зарлана”, 33 дугаар зүйлийн 33.5-т “Сум, дүүргийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь аймаг, нийслэлийн хурал, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэж заасны дагуу дүүрэгт явагдах дахин болон нөхөн сонгуулийг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид товлон зарлах, Сонгуулийн хороог байгуулах эрхтэй тул Б.Бат-Өлзий даргатай дүүргийн Сонгуулийн хороо дахин, нөхөн сонгуулийг зарлах, зохион байгуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Энэхүү дахин сонгууль зарласан шийдвэр нь хуульд нийцэхгүй байгаа талаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/100 тоот албан бичгээр дүүргийн Сонгуулийн хороонд албан ёсны дагуу мэдэгдэж, Сонгуулийн Ерөнхий хороо, НСХ , БЗДСХ ны илт хууль бус албан бичгүүдээр шийдвэр гаргаж байгаа хууль зөрчсөн үйл ажиллагаатай өнөөдрийг хүртэл тасралтгүй маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул танай шүүхэд хандаж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Сонгуулийн хорооны шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.” мөн зүйлийн 27.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 27.2-д заасан хуралдаанаас гарсан шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.” гэж заасан төдийгүй энэ хуулийн 27.11, 27.12 дах хэсэгт заасны дагуу энэ хуулийн 27.5-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргад торгуулийн арга хэмжээ ногдуулах, төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.” гэж тус тус заасан хуулийн шаардлагыг Нийслэлийн болон БЗДСХ  биелүүлэхгүй, зөрчсөөр байгаа юм. Харин ч Баянзүрх дүүргийн ИТХ-ын зүгээс орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох хурлын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй, саадгүй явуулах зорилгын үүднээс эрх бүхий байгууллага болох СЕХ, НСХ нд дүүргийн сонгуулийн хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдох илтэд хууль бус үйлдлүүдийг харилцан ойлголцох, засахын төлөө ажилласан боловч Нийслэлийн болон дүүргийн сонгуулийн байгууллагын хувьд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахаас үндэслэлгүйгээр татгалзсаар байгаа төдийгүй шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх тухай, албан ёсны хүчин төгөлдөр шийдвэрийг гаргаж ирүүлэхгүй байгаа зэрэг нь манай ИТХ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй юм.

 Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан БЗДСХ  нь дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоолгох тухай Нэхэмжлэлийн 2-р
шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар:

1. БЗД-ийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 41 тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 41 нэр дэвшигчийн төлөөлөгчийн бүрэн эрхийг БЗД-ийн ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай анхдугаар хуралдааны тогтоолоор хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байна. Энэхүү анхдугаар хуралдааны А/01 дугаартай тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Иймд бүрэн эрх бүхий дүүргийн ИТХ-аас Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасагдсан төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай шийдвэр гаргах хүртэл тухайн төлөөлөгчийн сонгогдсон тойрогт нөхөн болон дахин сонгууль явуулах хууль, эрх зүйн боломж үүсэхгүй байгаа юм.

2. Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Сум, дүүргийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь аймаг, нийслэлийн хурал, Улсын Их Хурал,Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас  бусад тохиолдолд сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна" гэж зохицуулснаас үзэхэд Дүүргийн Хурлын тэргүүлэгчдийн дүүргийн сонгуулийн хороог байгуулах эрхийг"... аймаг, нийслэлийн хурал, Улсын их хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд...” гэж тодорхой зохицуулсан тул Дүүргийн Хурлын Тэргүүлэгчид нь шүүхийн шийдвэрт үндэслэн орон нутгийн сонгуулийн тойрогт нөхөн сонгууль явуулах сонгуулийн хороог байгуулах, зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй байна.

3. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаар тогтоолоор дахин сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороог тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс байгуулах эрхтэй болохыг Орхон аймгийн ИТХ-ын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн практик тогтоосон байна.

4. БЗДСХ нд болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дахин болон нөхөн сонгууль явуулахыг даалгасан Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн заалт, үг үсэг төдийгүй энэ тухай ойлголт огт байхгүй байгаа төдийгүй шүүхээс орон нутгийн сонгуулийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудас материал огт байхгүй байна.

Хэрвээ сонгууль явагдах тохиолдолд нөхөн болон дахин сонгуулийн аль нь явагдах эсэхийг тодруулж өгөхийг үүгээр шүүхэд хүсэлт болгож байна.

НСХ ны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн 3-р шаардлагын тухайд:

1. НСХ ноос 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот албан бичгээр "... Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 163 дугаар зүйлийн 163.2-т заасны дагуу уг сонгуулийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж, явуулсан БЗДСХ  товлон зарлаж, зохион байгуулж явуулах эрхтэй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариу ирүүлсэн нь БЗД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд зориуд халдсан шууд сонгууль явуулахыг даалгасан хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэсэн илт хууль бус захиргааны үйл ажиллагаа гэж үзэж байгаа юм.

1. БЗД-ийн ИТХ болон Тэргүүлэгчдээс орон нутгийн 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан дүүргийн сонгуулийн хороо нь БЗД-ийн 10, 19 дүгээр тойрогт явагдах дахин сонгуулийг зарлах, зохион байгуулах эрхгүй талаар Сонгуулийн ерөнхий хороо, НСХ нд удаа дараа хандсан боловч тодорхой хариу өгөхгүй, албан ёсны шийдвэрээ гаргахгүй өнөөдрийг хүртэл маргаж байгаа албан бичгүүд болон бусад холбогдох нотлох баримтууд байдаг юм. Тухайлбал, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 4/302 тоот, ИТХ-ын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах боломжоор хангуулах тухай” 1/335 тоот албан бичгээр дүүргийн Сонгуулийн хороог зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэх, ИТХТ-ийн бүрэн эрхэд халдахгүй байх, хууль бус үйлдлээ зогсоохыг хүсэж, хууль хэрэгжүүлэх боломжоор хангаж ажиллахыг удаа дараа хүссэн боловч уг үйлдлээ улам баталгаажуулж НСХ ны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот хууль бус албан бичгийг гаргаж байгаа нь өөрөө хууль бус юм.

2. Нийслэлийн болон дүүргийн сонгуулийн хороо гэх байнгын бус ажиллагаатай байгууллагууд нь өөр намын эрх, ашгийн төлөө улайран ажиллаж, хуулийг мушгин гуйвуулж байгаа, улмаар шүүхэд хандах журмаар маргааныг хурдан шуурхай шийдвэрлүүлэх, төрийн байгууллагууд харилцан ойлголцох, хуулийг зөв хэрэглэхийн оронд нөхөн сонгуулийг дахин сонгууль гэж мушгих замаар хууль буруу тайлбарлаж, түүнийгээ нийтэд зарлаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сонгууль явуулах тухай шийдвэр гаргаж байгаа мэтээр НСХ ны дарга Ү.Г нь ярилцлага түгээж, нийгэмд үл ойлголцол, талцал үүсгэх замаар эмх замбараагүй байдлыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явуулахаар өдөөн хатгаж, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаа нь ИТХ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бодитоор хөндөж хууль зөрчсөөр өнөөдрийг хүрлээ. Дашрамд дурдахад Үндсэн хуулийн албан ёсны тайлбарыг Үндсэн хуулийн цэц, бусад хууль тогтоомжийн албан ёсны тайлбарыг Улсын Дээд Шүүх гаргадаг гэдгийг хариуцагч талд хандаж хэлмээр байна.

2. БЗДСХ ны зүгээс дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “нөхөн сонгуулийг зохион байгуулж явуулах дүүргийн Сонгуулийн хороог байгуулах хуулиар олгогдсон бүрэн эрх”-ээ хэрэгжүүлэхэд саад учруулаад байгаа тул энэхүү маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж, хуулийн хэрэгжилтийг хангах боломж олгохыг хүсэж байна.” гэжээ.

      Хариуцагч БЗДСХ  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 1. “БЗДСХ ны 2018 оны 02 дугаар сарын 09- ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01, 02 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

  • Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаа тухайд:

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь “БЗДСХ ны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01, 02 дугаар тогтоолуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн аль шаардлагыг гаргаж байгаа нь тодорхойгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан ямар шийдвэрийг шүүхээс гаргуулахыг хүсэж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна.

Гэтэл шүүх уг асуудлаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах боломжтой атал уг асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан шүүх аль нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэсэн, хариуцагчаас аль нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариу тайлбар өгөх нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна.

  • Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин  төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тухайд:
  • БЗДСХ ны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаар тогтоолоор “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр магадлалаар нэр дэвшигч А.Эрдэнэсайхан, түүний штабын ажилтан С.Түмэннасан нар нь Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон тул АЭрдэнэсайханыг нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч А.Эрдэнэсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож" шийдвэрлэсэн.

Мөн БЗДСХ ны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор “...Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон А.Эрдэнэсайхан нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдож нэрийн жагсаалтаас хасагдсан, төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болсон тул Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэж, дахин сонгуулийн санал авах өдрийг 2017 оны 10 дугаар сарын 3 дахь 7 хоногийн бямба гарагт зохион байгуулахаар" товлосон.

Гэтэл дээрх тогтоолуудыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн А.Эрдэнэсайханаас “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20, 21 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/415 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч А.Эрдэнэсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0493 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 273 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

Улмаар А.Эрдэнэсайханаас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, уг гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6/3171 дүгээр албан бичгээр “...Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэр дэвшигч А.Эрдэнэсайхан ... нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10-т заасныг зөрчсөн зөрчил гаргасан болохыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 49 дүгээр магадлалаар тогтоосон, энэхүү хүчин төгөлдер магадлалыг үндэслэн Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасны дагуу нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага А.Эрдэнэсайхан Таны нэрийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй, ...Иймд гурван шатны шүүхийн
шийдвэрийг хууль зөрчсөн гэж буруутгах, Таны гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй гэж шийдвэрлэснийг Танд мэдэгдье” гэх хариуг өгчээ.

Мөн А.Эрдэнэсайханаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/415 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0493 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 273 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор Нэхэмжлэгч А.Эрдэнэсайхан Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь дээрх байдлаар тогтоогдсоныг үндэслэн түүнийг нэрийн жагсаалтаас хасч дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн БЗДСХ ны шийдвэр Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 160 дугаар зүйлийн 160.4-д /Төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ хувьд нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явагдана/-д нийцжээ” гэж дүгнэсэн байна.

Ингээд БЗДСХ ны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20, 21 дүгээр тогтоолуудыг шүүхээс ямар нэгэн байдлаар хүчингүй болгоогүй, эрх зүйн үйлчлэл нь хэвээр үлдсэн боловч шүүхийн маргаантай байсан, уг маргаантай асуудал шүүхээр 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсний улмаас “...дахин сонгуулийн санал авах өдрийг 2017 оны 10 дугаар сарын 3 дахь 7 хоногийн бямба гарагт зохион байгуулах” боломжгүй болсон юм.

• БЗДСХ ны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар магадлалаар
нэр дэвшигч Х.Өлзийхорол нь Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон тул Х.Өлзийхоролыг нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч Х.Өлзийхоролд холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

Мөн БЗДСХ ны 2017 оны 04 дүгззр сарын 10- ны өдрийн 23 дугаар тогтоолоор “...Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Х.Өлзийхорол нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн нь
шүүхээр тогтоогдож нэрийн жагсаалтаас хасагдсан, төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болсон тул Баянзурх дүүргийн 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэж, дахин сонгуулийн санал авах өдрийг 2017 оны 10 дугаар сарын 3 дахь 7 хоногийн бямба гарагт зохион байгуулахаар” товлосон.

Гэтэл дээрх тогтоолуудыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Х.Өлзийхоролоос “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/400 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Өлзийхоролын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0451 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор
хэвээр үлдээсэн байна.

Улмаар Х.Өлзийхоролоос Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, уг гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6/3328 дугаар албан бичгээр “...Сонгуулийн хорооны шийдвэрийг шүүх урьд нь хянаж шийдвэрлэхдээ “хууль бус шийдвэр байна” гэж шийдвэрлэж байсан боловч дараа нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 56 дугаар магадлалаар “Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Өлзийхорол нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн зөрчил гаргасан байна”

гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. ...Иймд Таны гомдолд дурьдсан үндэслэлээр Хяналтын шатны шүүхийн 2017 оны 301 дүгээр тогтоол хуулийг ноцтой зөрчиж гарсан байна гэж уг тогтоолын хүчингүй болгохын тулд холбогдох хэргийг Захиргааны хэргийн шүүхийн Шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхгүй гэж Ерөнхий шүүгч шийдвэрлэснийг Танд мэдэгдье” гэх хариуг өгчээ.

Мөн Х.Өлзийхоролоос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/400 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0451 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 301 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор “...Хариуцагч тус тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Нэр дэвшигч нэрийн жагсаалтаас хасагдсан тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13-д зааснаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн хариуцагч БЗДСХ ны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй” гэж дүгнэсэн байна.

Уг маргаантай асуудал шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй байсны улмаас “... дахин сонгуулийн санал авах өдрийг 2017 оны 10 дугаар сарын 3 дахь 7 хоногийн бямба гарагт зохион байгуулах” боломжгүй болсон юм.

БЗДСХ ноос дахин сонгуулийн санал авах өдрийг зайлшгүй дахин тогтоох шаардлага гарсан тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэж, санал авах өдрийг 2018 оны 10 дугаар сарын 4 дэх 7 хоногийн бямба гарагт зохион байгуулахаар товлосон.

Иймд БЗДСХ ны дахин сонгууль явуулахтай холбоотой үйл баримтуудыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд нэхэмжлэгч нь уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг мэдэгдэлгүйгээр шүүхэд захиргааны хэрэг үүсгэх нөхцөл байдлыг бий болгосон байна.

  • Нийтийн ашиг сонирхлыг хөндөж байгаа тухайд:

Монгол улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ", 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж тус тус заажээ.

Гэтэл Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойргийн оршин суугчид нь уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар Монгол улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ эдэлж чадахгүй, сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа болно.

2. “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан БЗДСХ  нь дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:                                   

• БЗДСХ  нь дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрх бүхий этгээд мөн эсэх тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Сонгуулийн төв байгууллагаас бусад сонгуулийн байгууллага нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол байгуулсан этгээд татан буулгах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагаа нь дуусгавар болно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Сум, дүүргийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гээд, 34.1.1-д “Сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах" гэж заасан байна.

БЗДСХ г татан буулгасан шийдвэр гараагүй бөгөөд НСХ ны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтын дагуу уг Сонгуулийн хороо татан буугдаагүй, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Сонгуулийг ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин гэсэн 4 төрөлд хуваасан бөгөөд мөн зүйлийн 8.5-д “Ээлжит бус сонгууль дараахь тохиолдолд явагдана:” гээд, 8.5.3-т “орон нутгийн хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон”, 8.6-д “Дахин сонгууль гэж дараах тохиолдолд явагдах сонгуулийг хэлнэ” гээд, 8.6.3-д "орон нутгийн хурлын сонгуулийн хувьд ээлжит, ээлжит бус болон нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг” хэлнэ гэж хуульчилжээ.

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Орон нутгийн хурлын дахин сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн байгууллага 30 хоногийн дотор зарлана”, 160 дугаар зүйлийн 160.4-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ хувьд нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явагдана”, 163 дугаар зүйлийн 163.2-т “Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна”, 163.3-д “Дахин сонгууль нь хүчингүй болсон хэмжээгээр явагдана” гэж тус тус заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 10, 19 дугаар тойрогт дахин сонгууль зарласан болно.

Нэхэмжлэгчээс “Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасны дагуу орон нутгийн тойрогт нөхөн сонгууль явуулах сонгуулийн хороо байгуулах, зохион байгуулах эрхтэй” гэж маргаж байх бөгөөд Сонгуулийн хороо татан буугдсан тохиолдолд уг хуулийн зохицуулалт хамаарах юм.

Иймд БЗДСХ  нь тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг зарлах, зохион байгуулах эрх бүхий этгээд мөн болно.

Түүнчлэн нэр дэвшигчдээс болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан нэхэмжлэл бүрт Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь захиргааны байгууллага буюу хариуцагчаар тодорхойлогдон оролцож байгаа атал сонгуулийг зарлах, зохион байгуулах асуудлын тухайд эрх бүхий
этгээд гэж үзэхгүй байгаа нь ойлгомжгүй, зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд тулгуурлаж байгаа нь учир дутагдалтай байна.

  • Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх тухайд:

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж зааснаас үзэхэд тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй шууд шалтгаант холбоотой этгээд өөрийн эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

БЗДСХ  нь дахин сонгууль зарлах, зохион байгуулснаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байх бөгөөд уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй байна.

  • Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг тус дүүргийн Ардчилсан намын нэр дэвшигчид саад учруулж хүлээлгэж өгөхгүй байгаатай холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 дугаар албан бичгээр тамга шинээр хийлгэх зөвшөөрөл олгож, хуучин тамгыг хүчингүйд тооцуулж, өдөр тутмын хэвлэлд тамга хүчингүй болсон талаар нийтэлсэн байна.

Үүнээс үзвэл одоо нэхэмжлэлд дарсан тамга нь хүчинтэй тамга эсэх нь эргэлзээтэй байна.

3. “НСХ ны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхи хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1-д “захиргааны акт”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны акттай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.

НСХ ны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай” 08 дугаар албан бичгээр нөхөн болон дахин сонгуулийн агуулгын талаар тайлбарласан. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Тодруулга хүсэх тухай” 1/341 дүгээр албан бичигт хариу өгсөн байх бөгөөд уг албан бичиг нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар шууд бий болгоогүй, захирамжилсан шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт гэж үзэх боломжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 54.1.6-д заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн БЗДСХ , НСХ нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч НСХ  шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч НСХ ны 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот албан бичигтэй холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлийг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасны дагуу сонгууль зохион байгуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж тайлбарлаж байна гэж ойлгож байна. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасан сонгууль зохион байгуулах эрхтэй гэдгээ нотолсон баримт, тайлбаруудыг хэрэгт өгөөгүй байна. Сонгуулийн Ерөнхий хорооны 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 68 тоот албан бичиг манайд ирсэн бөгөөд тус албан бичигт тухайн дүүрэгт дахин сонгууль явагдах болсон тул тухайн дахин сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг тусгасан. 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд НСХ ноос Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн албан бичгийг хавсралтаар хүргүүлээд 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан БЗДСХ  нь шүүхийн шийдвэрээр танай дүүргийн 10, 19 дүгээр тойрогт явагдах дахин сонгуулийг зохион байгуулах тул холбогдох бэлтгэл ажлыг хангаж ажиллана уу гэсэн гэсэн албан бичгийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн байдаг. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас танай ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Сонгуулийн тухай хуулийн 8.4-т заасантай холбогдуулаад хугацаанаас өмнө явах сонгуультай холбоотойгоор тухай дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус ажлыг зохион байгуулах эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж өгнө үү гээд 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулийг зохион байгуулсан дүүргийн сонгуулийн хороо нь татан буугдсан тухай шийдвэрийг бидэнд ирүүлнэ үү гэсэн албан бичгийг ирүүлсэн. 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэг Ганчимэгээс НСХ ноос тодруулга хүссэн байдаг.  Үүний дагуу тодруулга өгч 2018 оны 8 сарын 08-ны өдрийн 08 тоот албан бичгээр нөхөн сонгууль, дахин сонгуулийн талаар тайлбарлаад, тухайн тойрогт дахин сонгууль явагдах болохыг тайлбарлаж дүүргийн сонгуулийн хороо сонгуулийг зохион байгуулахыг мэдэгдсэн хариуг хүргүүлсэн. Энэ албан бичгийн яагаад хууль бус болохыг нэхэмжлэгч нотолж, тайлбарлаж чадахгүй байна. 08 тоот албан бичиг нь Сонгуулийн тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дахин сонгууль болох тухай тайлбарласан албан бичиг. Энэ албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн төрлийг тайлбарласан. Одоо  зарласан сонгууль бол Сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 8.6.3, 163 зүйлийн 163.2 дах хэсэгт заанаар дахин сонгууль юм.  Иймээс НСХ ны албан бичгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 163 дугаар зүйлийн 163.4-т нөхөн сонгуулийн талаар зохицуулсан байгаа. Дахин болон нөхөн сонгууль  нь өөр бөгөөд түүнийг зохион байгуулах субъектийг хуулиар нарийн зохицуулсан. Хэрвээ нөхөн сонгууль байсан тохиолдолд НСХ ноос дүүргийн сонгуулийн хороог сонгуулийг зохион байгуулна гэсэн тайлбарыг хүргүүлсэн бол Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх ашиг хөндөгдөх магадлалтай. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. НСХ ны 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот албан бичиг нь хууль зөрчөөгүй.” гэжээ.

 ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “БЗДСХ ны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01, 02 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, БЗДСХ  нь дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоолгох, НСХ ны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу “БЗДСХ  нь Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр тойргуудад дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоолгох, БЗДСХ ны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01 болон мөн өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 02 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, харин үлдэх “НСХ ны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“БЗДСХ  нь Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр тойргуудад дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Сум, дүүргийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь аймаг, нийслэлийн хурал, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд дүүргийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь нийслэлийн хурал, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдах сонгуулиас бусад дүүргийн хурлын сонгуулийг удирдан зохион байгуулах сонгуулийн хороог тухайн дүүргийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулна гэж шууд ойлгогдохоор хуульчилсан байна.

 Мөн Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Сум, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн сум, дүүргийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна” гэж заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээд шатны засаг захиргааны нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үл хамааран тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Хороо аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 7.5.1-д “аймаг, НСХ , түүний бүрэлдэхүүний талаар тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвлөмж өгөх” гэж заасан ба үүнээс үзэхэд Сонгуулийн ерөнхий хороо нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах НСХ г байгуулах эрхгүй, зөвхөн аймаг, НСХ , түүний бүрэлдэхүүний талаар тухайн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвлөмж өгөх эрхтэй байна.

Харин Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд Сонгуулийн ерөнхий хороо нь Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймаг, НСХ г байгуулах эрхтэй байна.

Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Аймаг, НСХ  харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 32.1.3-д “харьяалах сум, дүүргийн сонгуулийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах” гэж заасан ба уг 32 дугаар зүйлийн 32.1-д тоочиж заасан НСХ ны эрх, үүргүүдээс үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зохион байгуулах дүүргийн Сонгуулийн хороог байгуулах эрхийг НСХ нд хуулиар олгоогүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй” гэж заасан.

Иймд дээрх Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн болон Сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын агуулга, үзэл санаанд үндэслэн дүгнэж үзэхэд сонгуулийн төв байгууллагад орон нутгийн хурлыг зохион байгуулах сонгуулийн хороог байгуулах эрх байдаггүйтэй адил НСХ нд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах дүүргийн Сонгуулийн хороог байгуулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, НСХ  сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулна” гэж заасан ба уг заалтын дагуу дүүргийн хурлын сонгуулийг зохион байгуулах дүүргийн Сонгуулийн хороог НСХ ноос байгуулсан нь хуульд нийцсэн гэсэн агуулгаар хариуцагчид болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Сум, дүүргийн сонгуулийн хороо нь Улсын Их Хурал, түүний гишүүний, Ерөнхийлөгчийн, аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт сонгуулийн төв байгууллага, аймаг, НСХ ны шууд удирдлагын дагуу зохион байгуулна” гэж заасан ба тус заалт нь 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалттай шууд хамааралтай зохицуулалт байна.

Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн, нийслэлийн хурлын сонгуулийг зохион байгуулах дүүргийн Сонгуулийн хороог тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасны дагуу НСХ ноос байгуулна гэж ойлгогдохоор хуульчилсан байна гэж шүүх үзлээ.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн сум, дүүргийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх бүхий Үндсэн хуулиар хуульчлагдсан, Үндсэн Хуулийн байгууллага бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь төрийн захиргааны байгууллагатай адил дээд шатны байгууллагадаа захирагддаг босоо тогтолцоогүй, төрийн захиргааны байгууллагатай адил дээд шатны байгууллагадаа ажлаа хариуцан тайлагнадаггүй эрх зүйн статусын хувьд онцлог бүхий байгууллага тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороог байгуулах асуудал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэнтэй ч хуваалцахгүй үндсэн, онцгой бүрэн эрх гэж үзэхээр байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтууд, үзэл санаанд үндэслэн дүгнэж үзэхэд тухайн нутаг дэвсгэрийн буюу тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороог тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас /Тэргүүлэгчдээс/ байгуулах нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийн харилцааг эрх зүйн харилцаа гэж үзэх ба дүүргийн хурлын сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороог хаанаас байгуулах эрх хэмжээг тогтоосон эрх зүйн харилцаанд оролцож, уг харилцаанд хамаарах эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж шийдвэр гаргах эрх НСХ нд байхгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэж заасан ба уг зохицуулалтын дагуу шүүхээс БЗДСХ  нь Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр тойргуудад дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл дүүргийн хурлын сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороог байгуулах эрхгүй НСХ ны шийдвэрээр байгуулагдсан дүүргийн Сонгуулийн хороо нь Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр тойргуудад дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

“БЗДСХ ны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01 болон мөн өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 02 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан үндэслэлээр БЗДСХ ны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01 болон мөн өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 02 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоох ёстой” гэсэн агуулгаар маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд хууль тогтоогч илт гэж тодотгон хуульчилсан ба тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол тус захиргааны акт илт хууль бус болохоор заасан байна.

Шүүх одоо үйл ажиллагаа явуулж байгаа БЗДСХ  нь Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр тойргуудад дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн тул дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй сонгуулийн хорооноос гаргасан 01, 02 дугаар тогтоолууд нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.

Өөрөөр хэлбэл дүүргийн хурлын сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороог байгуулах эрхгүй НСХ ны шийдвэрээр байгуулагдсан дүүргийн Сонгуулийн хорооноос гарсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэсэн үндэслэлд хамаарч байх бөгөөд үүнээс үзэхэд дүүргийн БЗДСХ ны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01 болон мөн өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 02 дугаар тогтоолууд нь илт, илэрхий хууль бус захиргааны акт юм.

Иймд тус шаардлагыг хангаж БЗДСХ ны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01 болон мөн өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 02 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн “НСХ ны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

НСХ ноос Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” № 08 тоот албан бичигт “......Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 163 дугаар зүйлийн 163.2-т заасны дагуу уг сонгуулийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулсан БЗДСХ  товлон зарлаж, зохион байгуулж явуулах болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Сум, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн сум, дүүргийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна” гэж заасан байна.

Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д “харьяалах сум, дүүргийн сонгуулийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах” гэж аймаг, НСХ ны эрх, үүргийг хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд НСХ нд дүүргийн хурлын дахин сонгуулийг зарлах, зохион байгуулах эрх хуулиар олгогдоогүй, НСХ  нь дүүргийн сонгуулийн хорооны үйл ажиллагааг зөвхөн зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй тул НСХ ны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй буюу эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шийдвэр биш байна.

Өөрөөр хэлбэл НСХ ны 2018 оны 08 тоот албан бичиг нь заавал биелүүлэх эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн захиргааны акт биш  тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд “НСХ ны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энд тэмдэглэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж болохгүй ба энэхүү шүүхийн шийдвэр нь зөвхөн Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр тойрогт дахин зохион байгуулахтай холбоотой маргаанд хамааралтай шийдвэр болохыг тэмдэглэж байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.5, 106.3.9, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “одоо үйл ажиллагаа явуулж байгаа БЗДСХ  нь Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр тойргуудад дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоож”, “БЗДСХ ны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01 болон мөн өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 02 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож”, үлдэх “НСХ ны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БЗДСХ ноос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.БАТЗОРИГ