Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 120/2021/0020/З |
Дугаар | 221/МА2022/0400 |
Огноо | 2022-06-08 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2022/0400
Б.У-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж
Нэхэмжлэгч: Б.У
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад нэхэмжлэгчийг оролцуулахаар бүртгэхийг хариуцагчид даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин
Хэргийн индекс: 120/2021/0020/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.У нь “Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад нэхэмжлэгчийг оролцуулахаар бүртгэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, 23 дугаар зүйлийн 23.2.3, 33 дугаар зүйлийн 33.3, 33.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс /шинэ нэршлээр Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс/-ийн даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад нэхэмжлэгчийг оролцуулахаар бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч Б.У /Төрийн албанд 8-аас дээш жил, үүнээс Хөдөлмөрийн хэлтэст мэргэжилтнээр 3 жил 6 сар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 9 сар 18 хоног, нийт 4 жил 3 сар 18 хоног буюу дэс түшмэлийн албан тушаалд ажилласан/ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад заасан төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/264 дүгээр тушаалаар батлагдсан Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын туршлага хэсэгт бичигдсэн шаардлагыг хангасан байх ба бүтэц, орон тооны өөрчлөлтийн улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн хүрээнд төрийн албан хаагчийн нөөцийн жагсаалтад нэгэнт бүртгэгдсэн, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн нэхэмжлэгчийг хариуцагч сүүлд батлагдсан хуульд заасан шаардлагыг хангаагүй, нөөцөд байхгүй гэж үзэн удирдах албан тушаалын тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан нь хууль бус, дээрх хууль, журамд нийцээгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны зарчмаас гадна 7.4.1-т заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчим болон төрийн албан хаагчийн хувьд шалгалтад орж өрсөлдөх эрх тус тус зөрчигдсөн гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ.
3.2. Хариуцагчаас нэхэмжлэгч Б.У-ыг төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй талаар маргаагүй бөгөөд харин Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2 /гөрийн захиргааны албан тушаал/, 10.1.4 /төрийн үйлчилгээний албан тушаал/-т заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна” гэж, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж тус тус заасны дагуу Б.У нь удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлгүй болно.
3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төрийн захиргааны албан тушаал, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд ажилласан жилийг тооцохдоо 4 жил 3 сар 18 хоног “Дэс түшмэл”-ийн албан тушаалд ажилласан тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад заасан төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан “Албан тушаалд тавигдах шаардлага”-ын туршлага хэсэгт бичигдсэн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
3.4. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Б.Уянгыг Хөдөлмөрийн харилцааны ажилтнаар түр томилон ТҮ-6-1 шатлалаар цалинжуулсан байдаг. Улмаар тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн харилцааны албан тушаалд туршилтын хугацаагаар томилж, ТЗ-5-2 шатлалаар цалинжуулсан байдаг.
3.5. Тодруулбал төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан 8 сар 15 хоногийг төрийн захиргааны, дэс түшмэлийн албан тушаалд ажилласнаар тооцож, улмаар тус түшмэлийн албан тушаалд 4 жил 3 сар 18 хоног ажилласнаар тооцсон бөгөөд ахлах түшмэлийн албан тушаалд тавигдах туршлагын тусгай шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Б.У нь даргын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 2 жил 9 сар 20 хоног, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 9 сар , нийт 3 жил 7 сар 20 хоног төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалд ажилласан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад “дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх" туршлагын тусгай шаардлагыг хангахгүй байгаа нь шийдвэр хууль ёсны байх зарчимтай нийцэхгүй байна.
3.6. Шүүх “Нэхэмжлэгчийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, уг шийдвэрийг эрх бүхий этгээдээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ хариуцагчаас тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 323 дугаар “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоол /1 дүгээр хавсралтын хамт/, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/2302 тоот а^.бан бичиг зэрэг нь цаг хугацааны хувьд Төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулах шалгалтын комиссын 2021 о»ы 10 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд хуралдсан хуралдаанаас хойш хариуцагчид хүргүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэжээ.
3.7. Төрийн албаны тухай /2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн/ хуулийн 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох болон 33 дугаар зүйлд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх талаар тус тус зохицуулсан.
3.8. Тодруулбал, Төрийн жинхэнэ албан тушаалд тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ын үндсэн дээр томилогдох зохицуулалттай.
3.9. Харин нэхэмжлэгчийн тухайд Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр ажиллаж байгаад бүтэц, орон тооны өөрчлөлтөөр уг албан тушаалаас чөлөөлөгдөж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 2.1.5-д “Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасан ... төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөц”-д бүртгэгдэж 2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтад “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс", 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт “...тусгай шалгалт/тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2- т заасан төрийн албан хаагчаас...тус тус авна” гэж тус тус заасныг зөрчин томилогдсон бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 323 дугаар тогтоол нь нэхэмжлэгч Б.Уянгыг дээрх албан тушаалд анх томилогдохдоо л хууль, тогтоомж зөрчсөнийг тогтоосон нотлох баримт атал шүүхээс цаг хугацааны хувьд тусгай шалгалтын бүртгэлээс хойш гарсан гэж дүгнэсэн нь өрөөсгөл байна.
3.10. Иймд Б.У нь тухайн албан тушаалд анх томилогдохдоо хууль бус томилгоотой буюу төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнийг мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно" гэсэн заалтад хамааруулах боломжгүй юм.
3.11. Түүнчлэн Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 4.6-д “Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчид тавих шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан хүнийг бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан тушаалд томилно” гэж, 4.6.1- т “хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухай салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай” гэж, 4.3.2-т“хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх” гэж, 4.6.3-т “баримт бичигт дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх” гэж тус тус заасан шаардлагыг нэхэмжлэгч Б.У нь хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.
3.12. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай'хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг хэвээр үлдээн, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад Б.У-ыг бүртгээгүй нь Төрийн албаны тухай хууль, тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Б.У-аас “Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад нэхэмжлэгчийг оролцуулахаар бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт ...тусгай шалгалт /тухайн албан тушаалыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна" гэж заасныг болон Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 4 дүгээр зүйлд заасан болзлыг хангаж байгаа бөгөөд хууль, журамд зааснаар тусгай шалгалтад оролцуулахаас татгалзах үндэслэлгүй байхад салбар зөвлөл хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.
4. Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар мэдэгдлээр Б.У нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2.1-д заасан “Шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас сул орон тоог нөхнө” гэсэн шаардлагыг хангаагүй бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, мөн журмын 2.2 дахь хэсэгт заасан “Удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сул орон тоог нөхнө” гэсэн шаардлагуудыг тус тус хангахгүй байгаа тул сул орон тооны тусгай шалгалтад орох боломжгүйг мэдэгджээ.
5. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч /Төрийн албанд 8-аас дээш жил, үүнээс Хөдөлмөрийн хэлтэст мэргэжилтнээр 3 жил 6 сар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 9 сар 18 хоног, нийт 4 жил 3 сар 18 хоног буюу дэс түшмэлийн албан тушаалд ажилласан/ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/264 дүгээр тушаалаар батлагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын туршлага хэсэгт бичигдсэн шаардлагыг хангасан байх ба бүтэц, орон тооны өөрчлөлтийн улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн хүрээнд төрийн албан хаагчийн нөөцийн жагсаалтад нэгэнт бүртгэгдсэн төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн нэхэмжлэгчийг хариуцагч сүүлд батлагдсан хуульд заасан шаардлагыг хангаагүй, нөөцөд байхгүй гэж үзэн тухайн удирдах албан тушаалын тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан нь хууль бус, дээрх хууль, журамд нийцээгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны зарчмаас гадна 7.1.4-т заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчим болон төрийн албан хаагчийн хувьд шалгалтад орж өрсөлдөх эрх тус тус зөрчигдсөн гэж үзэхээр байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
6. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 2007-2011 онд Ерөнхий боловсролын дунд сургуульд багшаар буюу төрийн үйлчилгээний ангилалд, 2011-2013 онд Даланзадгад сумын Засаг даргын орлогчоор буюу төрийн улс төрийн ангилалд, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөрийн харилцааны ажилтан, мэргэжилтнээр буюу төрийн үйлчилгээний ангилалд ажиллаж байгаад бүтэц, орон тооны өөрчлөлтөөр мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн, 2014 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу төрийн захиргааны ангилалд тус тус ажилласан байна.
7. Хариуцагчаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс татан буугдаж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн Б.Уянгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарсан байдаг. Үүний дагуу Б.Уянгыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 3.3-т зааснаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчийг бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нөөцөд бүртгэнэ гэсний дагуу өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөцөд бүртгэгдсэнээс удирдах албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмын 2.1.3-т зааснаар удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй.
8. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-ын 2.2-т “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар нөхнө:”, 2.2.1-д “шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас;”, 2.2.2-т “удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ын 2.1-д “төрийн жинхэнэ албан хаагч шатлан дэвшүүлэх тусгай шалгалтад оролцох эрхтэй”, 2.5.1-д “төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр сүүлийн 3 жил хамгийн дээд үнэлгээ авсан байж шатлан дэвшүүлэх шалгалтад оролцох эрхтэй” гэж тус тус зааснаас үзэхэд шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж 3 жил хамгийн дээд үнэлгээ авсан байх эсхүл удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс төрийн удирдах албан тушаалтны сул орон тоог нөхөх бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.У нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ч дээрх шаардлагуудыг хангаагүй байх тул төрийн албаны тусгай шалгалтад нэхэмжлэгчийг бүртгэхийг даалгах үндэслэлгүй.
9. Нөгөөтэйгүүр хариуцагчаас давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Б.У нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;”, 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас;” гэж заасныг зөрчин томилогдсон гэж дурджээ.
10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 323 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Уянгыг Төрийн албаны тухай хууль зөрчиж томилсон, ийнхүү хууль зөрчиж томилсон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгохыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон, тогтоосон хугацаанд томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгохыг мэдэгджээ.
11. Хэдийгээр Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоол маргаан бүхий бүртгэлээс цаг хугацааны хувьд хойно гарсан хэдий ч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох урьдчилсан шаардлага нь тухайн төрийн байгууллагад ажиллаж байх эсхүл удирдах албан тушаалтны нөөцөд байх бөгөөд нэхэмжлэгч Б.У-ын хувьд Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс татан буугдаж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөцөд бүртгэгдсэн, түүнээс хойш сонгон шалгаруулалтгүйгээр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байх тул түүнийг төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж тусгай шалгалтад бүртгэх үндэслэлгүй байна.
12. Дээрх нөхцөл байдлыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгч Б.У нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хууль зөрчин томилогдсон талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдсэн, түүнчлэн нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад нэхэмжлэгчийг бүртгэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй.
13. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У-аас Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад нэхэмжлэгчийг оролцуулахаар бүртгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ