Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01578

 

Д.О, Д.Бнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00897 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1308 дугаар магадлалтай,

Д.О, Д.Бнарын нэхэмжлэлтэй

С.О, Т.Снарт холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.С-ынгаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О, Д.Бнар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бминий бие 2014 оны 12 дугаар сард эгч Д.Од байр авах гэж хайж байгаад Я.Б, Т.Снартай уулзсан. Тэгэхэд Т.Снь ашиглалтанд ороогүй, карказ нь боссон байр байна, би 2 машин өгөөд уг байрыг бартераар сольж авч байгаа, энэ байрыг хямд авах уу гэхээр нь би эгчтэйгээ очиж байрыг үзэхэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд баригдаж байгаа 12 давхар орон сууц байсан. Барилгын ажлыг гүйцэтгэж байсан хүнийг С.О гэж байсан бөгөөд түүнтэй уулзаад та надтай бартераар гэрээ хийх үү гэхэд зөвшөөрсөн. Тухайн барилгын захиалагч Блю драгон ХХК-ийн нягтлан бодогч, менежертэй уулзаж асуухад С.Оийн нэр дээр байр байгаа нь үнэн гэж баталсан. Компаний нэрээр гэрээ хийх гэсэн боловч захирал нь гадаад явсан байсан. Хариуцагч С.О Баянзүрх дүүрэгт миний нэг таньдаг нотариат байгаа, тэнд гэрээ хийгээд нэрээ шилжүүлье гэсэн. Тэгээд С.О, Т.С, Я.Б, Д.О бид нар нотариат орж хүн бүр дээр хэлцэл хийж, Т.С, Я.Бнарт 80 000 000 төгрөг өгсөн. Эхлээд 15 900 ам.доллар, дараа нь Капитрон банкнаас эгчийнхээ байрыг тавиад 40 000 000 төгрөг авч өгсөн. Уг байр 2016 оны 03 дугаар улиралд ашиглалтанд орно гэсэн боловч 2016 оны 04 дүгээр сард очиход бидний авах гэж байсанбайранд айл орсон байсан. Залилангийн шинжтэй учраас эрүүгийн журмаар шалгуулсан. Блю драгон ХХК-ийн нягтлантай уулзаад, С.О ажлаа гүйцэд хийгээгүй, 7 000 000 төгрөгийн өртэй учраас зарим байранд өөрчлөлт орсон, энэ таллаар Т.С, Я.Бнарт хэлсэн. Иймд Т.С, С.О нараас 80 000 000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Я.Боос татгалзсан байгаа гэжээ.

Хариуцагч Т.Сшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн найз Я.Боор дамжуулан С.О, Д.Бнартай автомашин, орон сууцны наймаа хийсэн. Би өөрийн мэдлийн өгөх мөнгө, автомашинаа С.Од бүрэн хүлээлгэн өгсөн болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан хохирлыг С.Оээс гаргуулж өгнө үү. 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С.Оийн дүү Ц.Мөнхбаатар нь найзтайгаа барьж байгаа байшингаас Я.Бод өгнө гэж хэлээд мөнгө авсан боловч тэр байр нь баригдахаа больсон. Тэгээд уулзахад Ц.Мөнхбаатар нь манай ах С.О машин оролцуулж байр авч болно гэж хэлсэн гэсэн. Тэгээд Ц.Мөнхбаатар бид гурав Халдвартын эмнэлгийн хойно баригдаж байгаа барилга дээр очиж С.Отэй анх уулзсан. Миний 41-42 УБЯ улсын дугаартай Форд экспедейшн /Ford expedition/ авто машиныг үзье, байрны гүйцэтгэл хийж байгаад байр авна, машин оролцуулж зарж болно гээд миний машиныг авч үлдсэн. Мөн орой нь манай гэрийн гаднаас суудлын 20-17 УНТ улсын дугаартай суудлын Мерседес бенз /Mercedes Benz/ маркийн автомашиныг үзээд С.О нь 2 жижиг байр байна, зөрүүг тооцоод ав гээд авч явсан. Тэгээд Д.Бтай таарч, авахаар тохирсон байрыг үзүүлсэн. Анх Д.Баас 3 500 ам.долларыг хүлээж аваад Ц.Мөнхбаатар өгсөн бөгөөд С.Отэй утсаар ярихад Ц.Мөнхбаатарт өгчих гэсэн. Хэд хоногийн дараа Д.Б, Д.О нарт байрыг шилжүүлж өгсөн. Би өөрт байсан хоёр машинаа С.Од өгөөд, машиныхаа мөнгийг Д.Б, Д.О нараас авсан. Би өөрийн эзэмшлийн хоёр машинаа С.Од хүлээлгэж өгч төлбөр тооцоо дууссан. Нэхэмжлэгч нарт төлбөр төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд Д.Б, Д.О нар энэ асуудлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч намайг 3 шатны шүүхээс ямар нэгэн мөнгө төгрөг төлөх ёсгүй, энэ хэрэгт холбогдолгүй гэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би хуурай дүү н.Мөнхбаатарт ...надад машин хэрэгтэй байна, ажлын хөлсөнд байр авахаар болсон гэдгээ хэлэхэд Т.С, Я.Бхоёрыг танилцуулсан. Тухайн үед Форд экспедейшн /Ford expedition/, Мерседес бенз /Mercedes Benz/ маркийн автомашиныг Т.Сос авахдаа үнэ хөлсөө тохироогүй, 2 машин авахгүй, надад Ланд 100 маркийн машин өгчих, үлдэх 6 000 000 төгрөгийг байр ашиглалтанд орохоор өгөөрэй гэж хэлсэн. Ланд 100 маркийн машиныг 45 000 000 төгрөгөөр тооцсон. Т.С2 машинаа үлдээчихье, би таньд Ланд-100 маркийн машин өгнө, та Д.Б, Д.О нартай гэрээ хийчих гэхээр нь гэрээ хийсэн. Би 2015 оны 01 дүгээр сард Форд экспедейшн /Ford expedition/ маркийн автомашиныг хөдөө унаж явахад эвдэрсэн, Т.Сянзалж өгнө гэсэн. Тэгээд 2015 оны 07 дугаар сард Форд экспедейшн /Ford expedition/ маркийн машинаа янзлана гэж аваад хүнээр эвдүүлсэн. Одоо Мерседес бенз /Mercedes Benz/ авто машин надад байгаа. Би Т.Сос авсан Мерседес бенз /Mercedes Benz/ маркийн автомашин болон 9 000 000 төгрөгийг өгнө. Миний бие Д.О, Д.Бнараас нэг ч төгрөг аваагүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00897 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Санжийн С.Оээс 74 258 600 /далан дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж Дашцэрэнгийн Д.О, Дашдуламын Д.Бнарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5 741 400 төгрөгийн нэхэмжлэл, хариуцагч Т.Сд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нар нь хариуцагч Я.Бод холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.Оээс 529 243 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1308 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00897 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч С.Оээс 9 000 000 төгрөг, хариуцагч Т.Сос 65 258 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Д.Бнарт олгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 742 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтад 529 243 төгрөг гэснийг 158 950 төгрөг, хариуцагч Т.Сос 484 240 төгрөгийг тус тус гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Оээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Схяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Магадлалын хянах хэсэгт “...Харин Т.С, нэхэмжлэгч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.Сталуудын тохиролцооны дагуу орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрх үүсчээ.” Хэмээн дүгнэж Т.Снадаас 65 258 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ. Миний бие Т.Снь өөрийн өмчлөлд байхгүй маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч Д.О, Д.Бнарт худалдахаар тэдэнтэй гэрээ хэлцэл байгуулаагүй болно. Харин хариуцагч С.О нь нэхэмжлэгч Д.О, Д.Бнартай хэлцэл байгуулсан ба уг нотлох баримт хавтаст хэрэгт байсаар байтал давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр Д.О, Д.Бнартай гэрээ байгуулсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Д.О, Д.Бнартай С.О нь хэлцэл байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүнийг тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотолгооны хэрэгсэл тул уг үйл баримтыг шүүх үнэлэх ёстой боловч үнэлээгүй байна. Маргаан гол зүйл нь С.О нь төлбөр тооцоондоо өөрийн хүссэнээр өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч миний эзэмшилд байсан Форд болон Мерседес Бенз автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авсан болохыг давж заалдах шатны шүүх бүрэн гүйцэт үнэлээгүй байна. Нотлох баримтыг буруу үнэлснээс шалтгаалан давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан зарим эрх зүйн дүгнэлтийг зөвтгөж, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч Д.О, Д.Бнар нь хариуцагч С.О, Т.С, Я.Бнарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 80 000 000 төгрөгийг гаргуулах  нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “...С.О нь 2014 оны 11 сарын 21-ний өдрийн худалдах-худалдан авах хэлцлийн дагуу 1 өрөө, 2 өрөө орон сууцыг шилжүүлээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн 80 000 000 төгрөгийг буцааж гаргуулах...” гэж тодорхойлсон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Бод холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч нар татгалзжээ.

Хариуцагч С.О нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “ажлын хөлсөд тооцож  бусдаас 2 орон сууцыг авах байсан ба уг орон сууцыг нэхэмжлэгч нарт худалдах талаар хэлцэл хийсэн боловч орон сууцны үнэд өгөх ёстой Ланд-100 маркийн машин, 6 000 000 төгрөгийг өгөөгүй, би нэхэмжлэгч нараас мөнгө аваагүй, харин Т.Сос 2 машин авсан боловч нэг машиныг нь буцааж өгсөн, одоо байгаа Мерседес бенз /Mercedes Benz/ маркийн 20-17 УНТ дугаарын машин, авсан 9 000 000 төгрөгийг буцааж өгнө...” гэсэн байна.  Хариуцагч Т.Снэхэмжлэлийг эс зөвшөөрч, орон сууцны үнэд 2 машин, зөрүү мөнгийг өгсөн тул С.О нэхэмжлэлийг хариуцах ёстой гэж мэтгэлцжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Д.О, Д.Бболон С.О нар 2014 оны 11 сарын 21-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нар нь орон сууцны үнэд 3500 ам.доллар, 15 900 ам.доллар, 38 000 000 төгрөгийг худалдагч С.Од бус Т.С, Я.Бнарт өгсөн, Т.Снь уг мөнгөний оронд Форд экспедейшн /Ford expedition/ маркийн 41-42 УБЯ автомашин, Мерседес бенз /Mercedes Benz/ маркийн 20-17 УНТ автомашин, 9 000 000 төгргийг С.Од өгсөн байна.

Хариуцагч С.О нь Форд экспедейшн автомашиныг буцааж өгсөн, орон сууцны үнэд Ланд-100 маркийн машин өгнө гэсэн үүргээ Т.Сбиелүүлээгүй гэж үзэж, Мерседес бенз маркийн машин, 9 000 000 төгрөгийг буцааж өгнө, орон сууцыг шилжүүлэх үндэслэлгүй гэж маргаснаас үзэхэд орон сууцны үнэ төлөгдсөн эсэх асуудал маргаантай болсон байна.

Д.О, Д.Бнар С.О холбогдуулж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/01148 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1491 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Тэдгээрийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг хариуцагч С.О, Т.Снараас шаарджээ. 

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

Хариуцагч Т.Снь нэхэмжлэгч нараас авсан мөнгөний оронд 2 машиныг тооцон С.Од тооцон өгсөн гэдгээ нотлоогүй тул давж заалдах шатны шүүх хариуцагч С.Оээс 9 000 000 төгрөг, Т.Сос 65 285 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуульд нийцсэн байна.  Нэхэмжлэлийг хариуцахгүй гэх хариуцагч Т.С-ынхяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн, давж заалдах шатны шүүх  хариуцагч нарын хуулиар хүлээсэн үүргийг үндэслэлтэй тогтоосон тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1308 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.С-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 485 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА