Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 115

 

 

 

          

  2020         02         04                                     2020/ШЦТ/115

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Аззаяа,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Б.Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх саналтай ирүүлсэн Б.Б.өд холбогдох 2009000350082 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Авзага Трейд” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, Өнгөт пассат байр 11-1103 тоотод оршин суух хаягтай, урьд 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоно хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан З овогт Б-н Б. /РД:ЗЮ86081414/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Б.Б. нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнгөт пассат байрны 1103 тоотод 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Ч.ийг хичээлдээ явсангүй гэх шалтгаанаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүгдэгч Б.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, өөр нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Насанд хүрээгүй хохирогч Б.Ч. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “... 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гурван дүүтэйгээ хамт гэртээ байж байтал 13 цагийн үед манай аав Б. гаднаас согтуу орж ирээд дүү Б.Мэндсайханыг гэрээ цэвэрлэж байхад нь яагаад хичээлдээ яваагүй юм гэж хэлээд хогийн шүүрийг нь булааж аваад баруун гар, хөлрүү шүүрний ишээр цохьсон. Тэгэхэд нь манай дүү аавын өөдөөс өнөөдөр хичээл бага цагаар орох учраас хичээлдээ яваагүй гэдгээ хэлсэн. Харин надаас яагаад хичээлдээ яваагүй талаар асуухаар нь би чөлөөтэй байгаа гэдгээ хэлсэн. Энэ хооронд аав Б.Мэндсайхан дээр очоод баруун гар хөлрүү нь дахиад шүүрний ишээр хэд хэдэн удаа мөн толгойн тус газарлуу нь нэг удаа цохиод надруу ирсэн. Тэгээд над дээр хүрж ирээд ээжийгээ хурдан дууд гээд зүүн гар, хөл хэсэгрүү шүүрний ишээр олон удаа цохьсон. Тэгээд би ээжрүүгээ залгах гэсэн боловч миний утасны цэнэг дуусчихсан ба утсаа цэнэглэх гээд өрөөндөө орсны дараа аав Б.Мэндсайхныг зодоод байх шиг байсан. Миний зүүн гар, хөл хөхөрч няцарсан, зүүн дал, нуруу хөхөрсөн, зүүн хөл өвдөг шилбэ хавиар өвдөж хөндүүрлэсэн. Манай аав хогийн шүүрний ишээр хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/,
  2. Насанд хүрээгүй хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “... Тухайн үед би ээжрүү залгахад ээж утсаа авахгүй байсан бөгөөд эхлээд аав намайг хичээлдээ яваагүй байна гээд миний баруун хөлийн шилбэрүү хогийн шүүрний төмрөөр 1-2 удаа, дараа нь баруун гарын шуу хэсэгрүү 2 удаа, зүүн хөлийн шилбэрүү 3-4 удаа, баруун гарын булчин хэсэгрүү 1 удаа, толгойруу маань 2 удаа тус тус цохьсон бөгөөд ахыг яг яаж цохиж зодож байсныг сайн хараагүй, ямартай ч гар хөлрүү нь олон удаа шүүрний төмрөөр цохиж зодсон. Дараа нь цагдаа нар ирээд аавыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,
  3. Гэрч М.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Миний хүү надруу залгахаар нь би яасан юм юу болсон талаар асуухад таныг 1 цагийн дотор хурдан ир гээд байна гэхээр нь хөөцөлдөж байсан ажлаа хаяад гэрлүүгээ явж байх замдаа шууд цагдааруу залгаад гэрийнхээ хаягаар дуудлага өгсөн. Ингээд гэртээ 15 цаг 30 минутын үед ирэхэд хүүхдүүд маань гэртээ байсан. Хүүхдүүдээсээ аавыг нь яасан гэхэд 2 цагдаа ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгээд хүү Ч.оос юу болсон талаар асуухад аав гаднаас орж ирээд хувцсаа тайлаад сууж байгаад дүү бид хоёроос ээж чинь хаачсан юм гэж асуугаад хичээл сургуулиа тасаллаа гэснээ охин дүүг хог шүүрдэж байхад наад хогоо хурдан цэвэрлээч гэж загнаад шууд босч ирээд дүүгээс хогийн шүүрийг нь булааж аваад бид 2-ыг зодсон. Бид 2-ыг олон удаа одсон ба таньруу залга гэж хэлээд дахин дахин зодсон тухай ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
  4. Шүүх шинжилгнээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №529 дугаартай дүгнэлтэд “... Б.Ч.ийн биед бугалга, дал, бүсэлхийн нуруу, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд Б.Б.өд холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Б.Б.өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгийн торгох ялыг санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. 

Иймд шүүгдэгч Б.Б.ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Б.Б.өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б.ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б.өд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ч. болон түүний хууль ёсны төлөөлөгч төрсөн эх М.Х нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гомдол, санал байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр хүсэлт гаргасан /хх-ийн 70 дугаар тал/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б.ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Б-н Б.ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б.өд сануулсугай.

4. Б.Б. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                             Х.ИДЭР