Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 901

 

  

 

 

 

 

 

     2020          10         14                                   2020/ШЦТ/901

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Х-ийн Бд холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, газар тариалангийн инженер мэргэжилтэй, хувиараа захиалгаар гутал оёдог ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 102 тоотдо оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ЙЕ90080418 дугаарын регистртэй, Б овогт Х-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пирамид” нэртэй пабын ойролцоо хохирогч М.А-ы биед халдан зодож, эрүүл мэндэд нь хоёр зовхи, хүзүү, цээжний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Б-ийн өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн үед ангийнхаа С, Х, Н, Ч, У нарын хамтаар уулзаж Өргөө кино театрын замын урд байдаг нэрийг нь мэдэхгүй пабад уулзаж, хүний 4,4 шил пиво захиалж уусан. Тэгээд орой паб хаах цаг болоод бид нар гараад гадаа юм яриад тамхилаад зогсож байхад хажуугаар 2 залуу 1 танихгүй халамцуу залуу ирээд намайг хүүхэн шиг царайтай юм гээд элдвээр хэлээд байсан. Тэгээд бид нар дуугүй байж байхад хүүхэн шиг царайтай пизта вэ гээд доромжилоод байхаар нь чи яв бид нар ангиараа зогсож байна гэхэд намайг заамдаж аваад бид 2 зууралдсан. Тэгэхэд нь би зөрүүлээд нүүр лүү хальт цохиход гар хүрээгүй. Тэгээд  намайг заамдаад багалзуурдаж аваад машины хамар луу түлхээд цохих гэхэд би доошоо тонгойгоод бултсан. Тэгэхэд манай найз С, Х нар ирээд салгах гэхэд Сг уг залуу цохиод чи бас зайл гэсэн. Тэгээд С, Х нар машиндаа суухад уг залуу машин руу нь орж түлхүүрийг нь авахад Х машинаас татаж буулгаад газар унагасан байх би уг залууг нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд уг залуу босож ирээд над руу дайраад би дахиж нүүр лүү нь гараараа цохиод, надтай барьцалдаад бид 2 дахиад зодолдсон. Тэгэхэд С салгаад бид нар машиндаа суугаад хөдлөөд явсан. Хохирогч М.А-ы биед учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.А-ы өгсөн:

“...Би 2020 оны 9 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед найз С-тай уулзаж биллъяард тоглож 1 шил виски хувааж уугаад шөнө 23 цагийн үед гараад Пирамид паб руу хоол идэхээр гарсан. Тэгээд Парадоксын автобусны буудал дээр байдаг Love баарны гадаа 2,3 залуутай муудалцаад байхаар нь би найзыгаа салгаад нэг залууг нь авч яваад одоо болъё хөгшөөн гээд ярилцаад учраа олоод буцаад Пирамид пабын гадаа ирэхэд хар саарал сорочкон цамцтай, гадуураа цамцтай залуу ирээд шууд зүүн тал руу 1 удаа цохиод бид нар хоорондоо муудалцсан. Тэгээд хажуунаас улаан цамцтай залуу орж ирээд нүүр лүү нилээд хэд цохиод авсан. Тэгээд тэр 3 залуу намайг нийлж зодоод газар унагаагаад өмсөж явсан хувцас урсан.

Тухайн үед уг залуучууд машиндаа суугаад хөдлөх гэж байхад би түлхүүрийг нь сугалж авсан. Тэгэхэд машины арын суудал дээр С гэх эрэгтэй нь сууж байгаад намайг зүүн ард дагз руу 2,3 удаа гараараа цохисон. Тэгээд Х гэх залуу нь намайг машинаас татаж буулгаад газар дарж хэвтүүлсэн. Би ихэвчлэн саравчтай малгайтай Бтэй зууралдаж зодолдсон. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 6-8/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Сн өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн үед ангийнхаа Х, Б, Н, Ч, У нарын хамтаар 3,4-р хороолол нэрийг нь санахгүй байна нэг пабад уулзаж хоол унд идэж хүний 3,3 пиво ууцгаасан. Тэгээд шөнө паб нь хаах болоод бид нар гараад гадаа юм яриад зогсож байхад 2 нилээд согтуу залуу хажуугаар гуйвж дайваад сугадалцаад зөрөөд явсан. Тэгээд нэг залуу нь буцаж ганцаараа ирээд Хг заамдаад авсан. Би дундуур нь ороод салгахад намайг заамдаад Б орж ирээд салгахад Б-ийг барьж аваад тэр 2 зууралдаад байсан. Тэгээд машиндаа суухад уг залуу орж ирээд машины түлхүүр булаагаад авсан. Тэгэхээр нь би уг залуугийн толгойн ардаас нь 2,3 удаа цохисон. Тэгэхэд Х уг залууг машинаас татаж буулгахад залуутай Б зууралдаад бие биенийгээ цохиод байсан. Би улаан ноосон цамц, цагаан судалтай хар өнгийн биеийн тамирын өмд, хар пүүзтэй, Б саравчтай хар малгай, бараан хувцастай, Х дисант эрээн өмд, хар юүдэнтэй цамцтай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Хгийн өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн үед ангийнхаа С, Б, Н, Ч, У нарын хамтаар 3,4-р хороололд Парадоксын автобусны буудлын хойд талын пабад уулзаж хоол идэж хүний 3,3 пиво захиалж уусан. Тэгээд паб нь хаах болоод бид нар шөнө 23 цаг өнгөрөөд гарцгаасан. Гадаа машиндаа суух гээд юм яриад зогсож байхад 2 согтуу хүн хажуугаар зөрөөд өнгөрсөн. Тэгээд нэг мэдсэн эргээд хартал Б уг согтуу залуутай зууралдаад заамдалцсан зогсож байсан. Тэгээд би очиж салгахад Б-ийг тавиад намайг заамдаж аваад С ирээд салгахад С заамдаж аваад бид гурвыг ээлжлээд заамдаад байсан. Тэгээд Бтэй уг залуу зууралдаад байхаар нь С бид 2 машиндаа сууж байсан. Тэгэхэд уг залуу ирээд машины жолооч талд суугаад машины түлхүүр сугалаад авсан. Тэгэхээр нь би уг залууг машинаас татаж буулгаад доошоо дараад баруун мөрлүү нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,   

 

Мөрдөн байцаалтад шинжээч О.Болороогийн өгсөн:

“...Үзүүлэгч М.А-ы биед учирсан хоёр зовхины гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, харин бусад цээж, баруун эгэм, баруун бугалга, зүүн тохойн цус хуралт гэмтэл нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь 1 удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот:

1. М.А--н биед хоёр зовхи, хүзүү, цээж, баруун эгэм, баруун бугалганд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 19-20/,

 

- Хохирогч М.А-ы “...нөхөн төлбөрт 1,000,000 төгрөг авсан, миний бие гомдол саналгүй бөгөөд цаашид иргэний журмаар мөнгө төгрөг нэхэмжилж гомдол гаргахгүй болно...” гэх хүсэлт /хх-н 79/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 35/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 36/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 60/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пирамид” нэртэй пабын ойролцоо хохирогч М.А-ы биед халдан зодож, эрүүл мэндэд нь хоёр зовхи, хүзүү, цээжний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Х.Б-ийн “...С, Х нар машиндаа суухад уг залуу машин руу нь орж түлхүүрийг нь авахад Х машинаас татаж буулгаад газар унагасан байх би уг залууг нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд уг залуу босож ирээд над руу дайраад би дахиж нүүр лүү нь гараараа цохиод, надтай барьцалдаад бид 2 дахиад зодолдсон. Тэгэхэд С салгаад бид нар машиндаа суугаад хөдлөөд явсан. Хохирогч М.А-ы биед учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,   

 

хохирогч М.А-ы “...Би ихэвчлэн саравчтай малгайтай Бтэй зууралдаж зодолдсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Л.Сн “...нэг залуу нь буцаж ганцаараа ирээд Хг заамдаад авсан. Би дундуур нь ороод салгахад намайг заамдаад Б орж ирээд салгахад Б-ийг барьж аваад тэр 2 зууралдаад байсан. Тэгээд машиндаа суухад уг залуу орж ирээд машины түлхүүр булаагаад авсан. Тэгэхээр нь би уг залуугийн толгойн ардаас нь 2,3 удаа цохисон. Тэгэхэд Х уг залууг машинаас татаж буулгахад залуутай Б зууралдаад бие биенийгээ цохиод байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Хгийн “...нэг мэдсэн эргээд хартал Б уг согтуу залуутай зууралдаад заамдалцсан зогсож байсан. Тэгээд би очиж салгахад Б-ийг тавиад намайг заамдаж аваад С ирээд салгахад С заамдаж аваад бид гурвыг ээлжлээд заамдаад байсан. Тэгээд Бтэй уг залуу зууралдаад байхаар нь С бид 2 машиндаа сууж байсан. Тэгэхэд уг залуу ирээд машины жолооч талд суугаад машины түлхүүр сугалаад авсан. Тэгэхээр нь би уг залууг машинаас татаж буулгаад доошоо дараад баруун мөрлүү нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг,   

 

шинжээч О.Болороогийн “...Үзүүлэгч М.А-ы биед учирсан хоёр зовхины гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, харин бусад цээж, баруун эгэм, баруун бугалга, зүүн тохойн цус хуралт гэмтэл нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь 1 удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10347 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Х.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч М.А-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч М.А-ы “...нөхөн төлбөрт 1,000,000 төгрөг авсан, миний бие гомдол саналгүй бөгөөд цаашид иргэний журмаар мөнгө төгрөг нэхэмжилж гомдол гаргахгүй болно...” гэх хүсэлт /хх-н 79/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Х.Бд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Х.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Х-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ