Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01262

 

Б.М нарын 7 хүний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 147/ШШ2018/00051 дүгээр шийдвэр,

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ДЗШ/07 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.М , Н.Э, Д.О, С.Т, Г.Б, Г.Ба, Б.Ш нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ху” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2014 оны 6 дугаар сараас тус компанид Олборлолтын хэлтэст жолоочоор ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэжээ. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах санал тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байсан мөн байнгын ажлын байр гэдгийг нотолж байгаа юм. 

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 189 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2008 оны 3 дугаар сараас тус компанид Засварын хэлтэст хүнд машин механизмын засварчин, ээлжийн ахлагчаар тасралтгүй ажилласан. Дээрх хугацаанд зөрчил дутагдал гаргаж сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Би 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хамт олны хурлаар байгууллагын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдон одоог хүртэл ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалан ажиллаж байгаа. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэж заажээ. Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь байнгын ажлын байранд гэрээний хугацаа сунгагдаж байсныг нотолж байна.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 189 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2011 оны 8 дугаар сараас эхлэн тус компанид Олборлолтын хэлтэст ээлжийн ахлагч, дампын оператороор ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20/17 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй. Жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар болж ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Ажлын байр бол хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь байнгын ажлын байр гэдгийг нотолно. Би 2016 оны 08 дугаар сарын 03-наас байгууллагын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Энэ ажилтай холбоотой намайг ажлаас халсан гэж үзэж байна.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 189 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2008 оны 4 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанид Өрмийн хэлтэст өрөмдөгч, ээлжийн ахлагчаар ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Ажлын байр нь хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь үүнийг нотолж байна. Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэжээ. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. Намайг 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж ирсэн, 2016 оны 08 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 хоног ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл дээрх зөрчлүүдэд тухай бүрт нь зохих шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд тушаалд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулж болохгүй гэсэн байна.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 189 хоногийн цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие 2014 оны 6 дугаар сараас эхлэн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанид Олборлолтын хэлтэст дампын оператороор тасралтгүй ажилласан. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 16/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэжээ. Бид бүгд 6 сарын хугацаатай гэрээ байгуулдаг ба жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай сунгаж ажиллуулдаг тул хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр гэдгийг давхар нотолж байна. Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 31-нд дуусмагц компанид цуцлах санал тавиагүй тул уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан гэж ойлгож байгаа. Намайг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шөнийн ээлжинд ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн, 2016 оны 07 дугаар сард 4 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шөнийн ээлжинд ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн үндэслэлээр надад 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сануулах арга хэмжээ 2016 оны 07 дугаар сард 4 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр 2 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд тушаалд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулж болохгүй гэсэн байна.

Иймд хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан 189 хоногийн цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2014 оны 6 дугаар сараас эхлэн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанид Олборлолтын хэлтэст дампын оператороор тасралтгүй ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 15/17 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халагдсаныг зөвшөөрөхгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэжээ. Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай сунгаж ажиллуулж ирсэн. Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Намайг 2016 оны 6 дугаар сард шөнийн ээлжинд ажиллаж байхдаа подемоо буулгаагүй хөдөлгөөнд оролцсон, 2016 оны 7 дугаар сард 2 өдөр ажил тасалсан, 2016 оны 9 дүгээр сард овоолттой шороо дайрч машины банкийг цоолж 380 л түлш асгасан зэрэг удаа дараа зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл дээрх зөрчлүүдэд тухай бүрт нь зохих шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаас үзэхэд тушаалд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулсан байна. 

Иймд хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 5 дугаар сараас тус компанид Өрмийн хэлтэст туслах өрөмдөгчөөр ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халагдсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрөөс дараа оны 04 дүгээр сарын 26 хүртэл сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай сунгаж ажиллуулж ирсэн. Ийнхүү ажил олгогч нь өөрийн давуу байдлыг ашиглаж бидний удаа дараагийн шаардлагыг хүлээж авалгүй зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж ирсэн нь ажилчдын эрх ашиг болон хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм. Ажлын байр бол хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь байнгын ажлын байр гэдгийг нотолж байна. Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэжээ. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна.

Намайг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж ажилдаа согтуу ирсэн, 2016 оны 10 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 хоног ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл дээрх зөрчлүүдэд тухай бүрт нь зохих шийтгэлийг ногдуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд тушаалд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулж болохгүй гэсэн байна. 

Иймд хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан 189 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нэр бүхий иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал бол ямар нэгэн зөрчилд хариуцлага тооцож ажлаас халсан тушаал биш. Сахилгын арга хэмжээг өөр тушаалаар авсан байгаа. Дээрх ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Өмнөх оны хөдөлмөрийн гэрээнүүдэд сунгагдсан гэсэн тэмдэглэл хийгдсэн гэж байна. Гэрээг ямар байдлаар хэрэгжүүлэх нь талуудын гэрээ байгуулах эрх чөлөө юм. Гэрээ ямар байдлаар хийгдэх нь талуудын асуудал. Нийгмийн даатгал төлөгдсөн нь гэрээ үргэлжилсэн гэсэн үг биш. Хамтын хэлэлцээрт зайлшгүй оролцох, үр дүнд хүрэхийг хууль тогтоогчид хуульчилж өгсөн байгаа. Нэхэмжлэгч талын дурдаж байгаа 3.5 гэсэн заалтыг дурдсан хамтын гэрээ нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон. Иймээс хамтын гэрээний дагуу нийгмийн даатгалыг төлж байсан. Хөдөлмөрийн гэрээг автоматаар сунгагдсан гэж үзэж болохгүй. Хөдөлмөрийн гэрээг ажилтан тус бүртэй байгуулсан байгаа. Энэ ажилчдын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Өвлийн улиралд сул зогсолт гэж ярьж болохгүй. Сул зогсолт гэдэг бол ажилтныг ажлаар хангах үүрэг хүлээсэн үед ажил олдохгүй байгааг хэлнэ. Ажил олдохгүй гэдгээ мэдээд “Ху” ХХК нь хөдөлмөрийн гэрээгээ ажилчидтайгаа 6 сарын хугацаагаар байгуулж байгаа юм. Жилийн жилд хөдөлмөрийн гэрээнүүд сунгагдаж явсан учраас гэрээ сунгагдсан гэж ойлгоно гэж байна. Гэрээ сунгагдаж явсан зүйл байхгүй. Гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээг 6 сараар дахин байгуулж явсан. 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр гэж заасан нь гэрээ байгуулж буй хугацааг хэлж байгаа юм. Энэ нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дахин гэрээ байгуулахгүй гэсэн тушаал юм. Саналаар биш хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахыг заасан. Ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байж гэрээг сунгагдсанд тооцно. Гэтэл энэ хүмүүс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй. Нийгмийн даатгалыг нөхөн төлөх гэдэг нь хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдаад явж байгаа асуудал биш. Хамтын гэрээнд заасны дагуу нийгмийн даатгалыг төлсөн. Одоо энэ хамтын гэрээ дуусгавар болсон байгаа.

...“Ху ХХК” нь “Цайрт минерал” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хөрс хуулалтын болон олборлолтын ажлыг явуулдаг. Энэ ажлыг дулааны улиралд явуулах ёстой. Өвлийн улиралд явуулах боломжгүй учраас хөдөлмөрийн гэрээг богино хугацаагаар байгуулдаг. 6 сараас илүү хугацаагаар гэрээ байгуулбал хүйтний улиралд ил гадаа ажиллах боломжгүй, техник төхөөрөмж ажиллах боломжгүй, зам мөстдөг зэргээс үзэхэд энэ компани өвөл ажиллах боломжгүй. “Ху” ХХК-ийн ажил бол улирлын чанартай ажил юм. Иймээс эдгээр ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Компанийн үйл ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зогссон учраас эдгээр ажилчид ажил гүйцэтгэх боломжгүй байсан. Энэ гэрээ анх заасан хугацаагаар сунгагдсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан байгаа. Компани өвлийн улиралд нийгмийн даатгал төлж байсан нь хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэсэн үйл баримт биш.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 147/ШШ2018/00051 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин тайж овогт Б.М, Боржигин овогт Б.Шнарыг “Ху” ХХК-ийн өрөмдөгчийн ажилд, Гачин овогт Н.Э, Боржигин овогт Г.Б, Боржигон овогт Г.Ба, Орвого овогт С.Т нарыг тус компанийн жолоочийн ажилд, Дорж овогт Д.О-ыг тус компанийн засварчны ажилд тус тус эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ху” ХХК-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжлэгч Б.М т 5 986 644 төгрөг, нэхэмжлэгч Б.Шинэтулгад 5 133 524 төгрөг, Н.Э-д 6 865 108 төгрөг, Г.Б-д 4 020 308 төгрөг, Г.Ба-д 3 893 076 төгрөг, С.Т-т 3 829 332 төгрөг, Д.О-т 11 586 132 төгрөгийг тус тус гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Ху” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ху” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 41 314 124 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 364 521 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ДЗШ/07 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Ху” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 300 000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “...бөгөөд ажилтан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байгаа бол уг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 10 сарын 31-нд дуусмагц үргэлжлүүлэн ажиллаагүй талаар нэхэмжлэгч тал маргаагүй.

Гэтэл анхан шатны шүүх хуулийг үндсэн агуулгаас нь зөрүүтэй хэрэглэн “хөдөлмөрийн гэрээ ...сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй” хэмээн шийдвэрлэх замаар хариуцагчийн эрх зүйн байдлыг хууль зүйн үндэслэлгүйгээр дордуулсанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нар анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний хүртэл хугацаанд ажилдаа эгүүлэн тогтоолгох үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлээ ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй атал дээрх хугацааны болон холбогдох төлбөрийн зөрүүтэй байдлыг нэхэмжлэл гаргагчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж ойлгогдохоор болсон.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М, Н.Э, Д.О, С.Т, Г.Б, Г.Ба, Б.Ш нар нь хариуцагч “Ху” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч тал шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болох нь ажил олгогчоос нэхэмжлэгч тус бүртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдээр тогтоогдсон байна. Ажил олгогч нэхэмжлэгч тус бүртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг “гэрээний хугацаа дууссан”, мөн “ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлүүдээр цуцлажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Ажил олгогч нь нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан байх ба хөдөлмөрийн гэрээнүүдэд заасан хугацаа дуусах үед биш харин энэ хугацаа өнгөрснөөс хойш хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтыг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.-т заасан зохицуулалтын дагуу үндэслэлтэй дүгнэсэн байна. Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцдог тул “гэрээний хугацаа дууссан” гэх шалтгааныг хариуцагч “Ху” ХХК нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдийг цуцлах үндэслэл болгосон нь буруу болжээ. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед гэрээний харилцааг дуусгавар болгох санаачилга гаргаагүйгээс гадна нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлж, баталгаажуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар  ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, түүний гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болох талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах эрхтэй. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээнд ийнхүү гэрээг цуцлах шууд үндэслэл болох “ноцтой зөрчил”-ийг тодорхой тусгаагүй, зарим зөрчилд урьд өмнө арга хэмжээ авагдсан, зөрчил гарсан үйл баримт болон шийтгэл ногдуулах үеийн хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаа өнгөрсөн болох нь тогтоогдсон ба эдгээр нөхцөл байдлыг шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2., 131.3.-т зааснаар ажилтан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах боломжтойгоос гадна сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулахыг хориглосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох ёстой ба шүүх нэхэмжлэгч тус бүрийн дундаж цалин хөлс, ажилгүй байсан хугацааг тогтоож, нөхөх олговрын хэмжээг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо, дугаарыг магадлалын удиртгал болон тогтоох хэсэгт зөв бичсэн боловч тодорхойлох хэсэгт ташаа бичсэн байх ба техникийн шинжтэй уг алдаа нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул анхааруулан тэмдэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 147/ШШ2018/00051 дүгээр шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ДЗШ/07 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН