Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 10

 

  Э.Төмөрбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.Төмөрбаатар, хохирогч Э.Золбоо нарын давж заалдах гомдлоор Э.Төмөрбаатарт холбогдох 1728000000091 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг, Мандал-Овоо суманд 1986 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7-р баг, Оюутын 12-24 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сум дундын 15-р шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ганзав овгийн Эрдэнээгийн Төмөрбаатар, регистрийн дугаар КД86122111,

          Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь 2017 оны 02 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад суманд эхнэр Э.Золбоог жирэмсэн байхад нь байнга зодсон, мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр толгойн тус газар нь цохиж зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Э.Төмөрбаатарыг жирэмсэн хүний эсрэг буюу хамтран амьдрагч Э.Золбоог байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.Төмөрбаатарыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Төмөрбаатарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар Э.Төмөрбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д зааснаар Э.Төмөрбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Э.Төмөрбаатар давж заалдах гомдолдоо: Би өөрийн гэм буруутай байдлаа гүнээ ухамсарлан ойлгож гэмшиж гэр бүлийнхэнээс нь болон эхнэрээсээ уучлал гуйж бид эвлэрсэн цаашид ямар нэгэн хэлбэрээр гэр бүлийнхээ эсрэг үйлдэл гаргахгүй байж үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө эвтэй сайхан амьдарч явахаа батлан илэрхийлж амлаж байна.

          Залуу насны хөнгөн зангаас болж бусдын үгээр эхнэртээ буруу үйлдэл хийснээ бид 2 ойлголцож дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ илэрхийлж байгааг минь хүлээн авч анхан шатны шүүхээс оногдуупсан 6 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар хөнгөрүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

          Хохирогч Э.Золбоо давж заалдах гомдолдоо: Нөхөр Э.Төмөрбаатар надаас уучлал гуйж дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ амлан бид хоёр ойлголцсон тул 6 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар хөнгөрүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь ял шийтгэлийн байдлыг хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээ бол давж заалдах шатны шүүхэд байгаа гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч хоёр өөрийн биеэр оролцож бие биенээсээ уучлалт гуйсан байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төмөрбаатар, хохирогч Э.Золбоо нарын 2018 оны 01 дүгээр сарын 12, 19-ний өдөр гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

            Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарчээ.

            Э.Төмөрбаатар нь хамтран амьдрагч Э.Золбоог хардалт болон ахуйн хүрээнд үүссэн үл ялих зүйлээр шалтаглан 2017 оны 02 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд удаа дараа бие эрх чөлөөнд нь халдаж, хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, олон удаагийн давтамжтай зодсон болох нь хохирогч Э.Золбоогийн шүүгдэгчид байнга зодуулж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Төмөрбаатарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

           Э.Төмөрбаатарын “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” “жирэмсэн эмэгтэйн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

         Анхан шатны шүүхээс Э.Төмөрбаатарт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.

          Иймд Э.Төмөрбаатарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн хорих ялыг тэнсэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Э.Төмөрбаатар, хохирогч Э.Золбоо нарын “оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгөхийг” хүссэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Э.Төмөрбаатарын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 73 /далан гурван/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА