Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0419

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/279 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 123/2022/008/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/279 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/279 дүгээр захирамжийг хүчингүй  болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга захиргааны акт гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоосон. Уг нөхцөл байдлыг тогтоохдоо Борнуур сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/240 дугаар захирамжаар тариалангийн талбайн газар эзэмших, ашиглалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар “Н” ХХК-ийн эзэмшлийн талбайд үзлэг шалгалт хийсэн ба дээрх шалгалтаар Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээг удаа дараа зөрчсөн нөхцөл байдлыг тогтоосон. Ийм учраас газар эзэмших гэрээг хүчингүй бопгох үндэслэл бий болсон учраас сонсох ажиллагааг хийсэн, холбогдох баримтуудыг шүүхэд өгсөн.

3.2. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг дүгнэхдээ “Н” ХХК-ийг төлөөлж, эрх бүхий албан тушаалтан очиж байсан болох нь нотлогдож байх тул гэж зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэж байгаа нь үндэслэлгүй.

3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай Б.У мэдүүлэгтээ “Н” ХХК-ийг төлөөлж очиж уулзаж байсан. Очиж уулзахдаа компаниас томилсон итгэмжлэл авч очдог байсан гэж мэдүүлдэг. Гэтэл тухайн Б.У нь “Н” ХХК-ийг төлөөлж газар эзэмших гэрээг дүгнэх эрх бүхий албан тушаалтан байсан эсэх тодорхойгүй, очиж уулзахдаа компанийг төлөөлөх эрх олгосон эсэх тодорхойгүй байхад эрх бүхий албан тушаалтан очиж байсан нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.4. Засаг дарга захирамж гаргахдаа зөвхөн гэрээ дүгнүүлээгүй гэсэн үндэслэлээр шийдвэр гаргаагүй. Шийдвэр гаргах болсон гол үндэслэл нь газар эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшлийн газраа зохих хэмжээнээс хэтрүүлэн тосны ургамал тариалсан зөрчил гаргасан учраас шийдвэр гаргасан.

3.5. “Н” ХХК-д газар эзэмшүүлэх захирамжид тухайн газрыг зөвхөн “үр тарианы зориулалтаар 825 га газар”-ыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Газар эзэмшүүлэх гэрээнд мөн “үр тарианы зориулалтаар 825 га газар эзэмшиж, Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээний үүргийг биөлүүлэхийг газар эзэмшигчид үүрэг болгосон.

3.6. Нэхэмжлэгч тухайн 825 га газар үр тарианы төрөлд хамааррдагүй “ тосны ургамал' тариалсан нь газрыг зориулалтаар нь ашиглаагүй Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1-д тус тус заасныг зөрчсөн. Үр тариа гэдэгт улаан буудай, цагаан арвай, хөх тариа, овъёос, гурвалжин будаа, цагаан будаа, эрдэнэ шиш зэрэг хүн, мал, амьтны хүнс хоол тэжээлд хэрэгцээтэй өвс ургамал хамаардаг. Харин тосны ургамал нь хүн, малд хортой ургамал юм.

3.7. Нэхэмжлэгч 2020 онд 825 га талбайд бүгдэд нь буюу 825 га талбайд, 2021 онд нийт талбайнд 56.2 хувь буюу 464 га талбайд тосны ургамал тариалсан хавтаст хэрэгт байгаа баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч энэ талаар маргадаггүй, Бас Засаг даргаас шийдвэр гаргахаас ч өмнө энэ байдал тогтоогдсон. Хавтаст хэрэгт нэгж талбар бүрээр тариалсан тосны ургамал, үр тариаг зураглалаар жагсаалтаар гаргаж хэрэгт өгсөн. Нэхэмжлэгч ингэж 2020, 2021 онд газрыг зориулалтын бусаар ашиглаж тосны ургамал тариалж Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан. Энэ бол нэхэмжлэгчийн гаргасан гол зөрчил юм.

3.8. Газрын тухай хуулийн 34.8-д зааснаар гэрээгээ дүгнүүлэхийг тариалангийн зөвлөгөөн хийж удаа дараа шаардсан. “Н” ХХК гэрээгээ дүгнүүлээгүй. Энэ бол нэхэмжлэгчийн бас нэг зөрчил юм. Тайлан мэдээгээ өгдөггүй, мэдээгээ өгсөн алга болгосон гэж худал тайлбар гаргасан. Мэдээг тариалангийн талбайн ойр орчны иргэдээс асууж талбайгаар явж байж мэдээнд оруулдаг.

3.9. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийг тайлбарласан, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг “удаа дараа" гэдгийг Газрын тухай хуулийн 40.1.2-40.1.6-д зааснаар бусад нөхцөлөөр Газрын тухай тогтоомж, газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу 2-оос дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

3.10. Нэхэмжлэгч 2020 онд 825 га талбайд, 2021 онд 464 га талбайд тосны ургамал тариалснаас гадна жил бүр гэрээгээ дүгнүүлээгүй удаа дараа Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн учраас түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй. Шүүх бодит нөхцөл байдал, нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй.

3.11. Шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг дүгнэхдээ “Н” ХХК нь 2020-2021 оны газрын төлбөрийг хуульд заасан хугацаандаа төлөөгүй учир дээрх хуулийн заалтаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

3.12. “Н” ХХК нь нэхэмжлэл гаргахдаа гаргаж өгсөн баримт болох 2020 оны газрын төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн, 2021 оны газрын төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

3.13. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан.

3.14. “Н” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар албан тоотоор Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад мэдэгдэл хүргүүлэхдээ газрын төлбөрийг төлөөгүй талаар дурдсан.

3.15. Мөн газрын төлбөрийг 2019 оноос эхлэн газрын нэгдмэл сангийн мэдээлэл шинэчлэгдэж, газар эзэмшиж байгаа иргэн аж ахуй нэгж нь улсын бүртгэлд бүртгүүлж шинэчилсэн гэрчилгээ авдаг болсон. Төв аймгийн Борнуур сумын зүгээс 2019 оноос хойш сумын өөрийн фэйсбүүк хаяг болон Өдрийн сонингоор дамжуулан нийтлэл зарлаж мэдэгдсэн. Гэвч дээрх газрын кадастрын мэдээллийн нэгдмэл санд бүртгэх ажилд “Н” ХХК нь оролцоогүй.

3.16. Газрын нэгдмэл санд бүртгүүлээгүй Э дугаар аваагүй тохиолдолд газрын төлбөрийн нэхэмжлэлийг Төв аймгийн Борнуур сумын зүгээс үүсгэх боломжгүй.

3.17. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг заасан ба “Н” ХХК нь энэ үүргийг хэрэгжүүлээгүй.

3.18. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. “Н” ХХК 12 нэгж талбарын 825.21 га газрын 2014 онд шилжүүлж авахдаа үр тарианы зориулалттай эзэмшүүлсэн.

3.19. Тус компани нь 2020 онд өөрийн эзэмшлийн бүх талбайд тосны ургамал тариалсан байдаг ба энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар албан тоотоор ирсэн лавлагаагаар нотлогддог.

3.20. Харин 2021 оны тариалалт, сумын засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар нийт талбайн 464 га-д тосны ургамал буюу зориулалтын бус таримал тариалсан нь ажлын хэсгийн дүгнэлт, тэмдэглэлээр тогтоогдсон.

3.21. Анхан шатны шүүх нийт 12 нэгж талбарыг тус тусад нь хэдэн га-д тосны ургамал тариалсан гэдгийг тогтоогоогүй, түүнтэй холбоотой баримт байхгүй зөвхөн нэг жилд хамаарах тайлан мэдээг хамааруулж тайлбарлаж байгаа нь хийсвэр дүгнэсэн байна.

3.22. Нэхэмжлэгч 2021 онд газраа үр тарианы зориулалтаар нь ашиглаагүй, тосны ургамал тариалсан учраас “2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэж шийдвэр гаргасан.

3.23. Хариуцагчийн зүгээс 2021 оны тариалалтын нийт 12 нэгж талбарын яг аль талбайд тосны ургамал тариалсан талаарх баримтыг шүүхэд өгсөн ба уг баримтад шүүх дүгнэлт өгөөгүй. Хариуцагчийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сонсох ажиллагааг хийж, “Н” ХХК-ийн төлөөлөгч оролцсон. Тус сонсох ажиллагаагаар “Н” ХХК-ийн холбогдох баримтыг авч ирж өгнө гэсэн боловч холбогдох баримтуудыг ирүүлээгүй байдаг. Тус компани нь шүүхэд нөхөн бүрдүүлж өгсөн агрохимийн шинжилгээ, мэдээ, тайлангууд орон нутагт өгөөгүй байдаг.

3.24. Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг хангаагүй учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2 Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/301 дүгээр захирамжаар газар эзэмших эрх авсан боловч маргаан бүхий актаар газар эзэмших гэрээг шинээр байгуулаагүй, газар эзэмших гэрээгээ заасан хугацаанд дүгнүүлээгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, эзэмшил газартаа зохих хэмжээнээс хэтрүүлж тосны ургамал тариалсан, ургац, бэлтгэсэн уринш, талбай ашиглалтын талаарх мэдээг жил бүр ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл маргаан бүхий актын үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

2.3. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж зааснаас үзвэл газар эзэмшигч нь газрын төлбөрөө төлөөгүй эсхүл бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийг цуцлахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч “Н” ХХК нь хэдий газар эзэмших гэрээг шинээр байгуулаагүй ч газар эзэмших эрх үүссэнээс хойш Газрын тухай хуульд заасан газрын төлбөр төлөх үүргээ биелүүлж, газрын төлбөрт 3.925.585 төгрөг төлсөн, хууль тогтоомжийн дагуу ногдуулсан газрын төлбөрөө төлөхөөр “И дугаар” авахын тулд удаа дараа захиргааны байгууллагад хандаж байсан нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч болоод гэрч Д.Батмөнхийн тайлбар, “Н” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын сарын 04-ний өдрийн 03 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байх тул газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэх үндэслэл нь зөвхөн нэхэмжлэгчээс шалтгаалаагүй бөгөөд үүнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байна гэж үзэхээр байна.

2.4. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.5-д “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах;”, 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана:”, 34.6.6-д “ газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”, Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Газрын нэгдмэл санд бүртгэгдсэн тариалангийн газрыг Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тариалангийн зориулалтаар гэрээ (цаашид “гэрээ” гэх)-ний үндсэн дээр эзэмшүүлж, ашиглуулна” гэж зохицуулсан хэм хэмжээнүүдээс үзвэл тариалангийн зориулалтаар газар эзэмших гэрээг байгуулахдаа талууд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тохиролцох бөгөөд тийнхүү тохиролцож гэрээг байгуулснаар газар эзэмшсэний төлбөр төлөх үүрэг газар эзэмшигчид үүсэхээр байх тул нэгэнт газар эзэмших эрх олгогдсоноос хойш гэрээ байгуулсан боловч гэрээ шинэчлэн байгуулагдаагүй, гэрээг шинэчлэхээр удаа дараа уулзаж байсан нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газрын төлбөрийг 2019 оноос эхлэн газрын нэгдмэл сангийн мэдээлэл шинэчлэгдэж, газар эзэмшиж байгаа иргэн аж ахуй нэгж нь улсын бүртгэлд бүртгүүлж шинэчилсэн гэрчилгээ авдаг болсон. Төв аймгийн Борнуур сумын зүгээс 2019 оноос хойш сумын өөрийн фэйсбүүк хаяг болон Өдрийн сонингоор дамжуулан нийтлэл зарлаж мэдэгдсэн. Гэвч дээрх газрын кадастрын мэдээллийн нэгдмэл санд бүртгэх ажилд “Н” ХХК нь оролцоогүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

2.5. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Н” ХХК-ийн зүгээс газар эзэмших гэрээ байгуулах гэсэн боловч газрын даамал Д.Б ээлжийн амралттай байсан үйл баримт тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгчийн “гэрээ байгуулахаар удаа дараа компанийн ажилтан очиж уулзсан боловч нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлээр гэрээ шинэчилж өгдөггүй байсан” гэсэн үндэслэл нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол гэрээг шинэчлэх боломжгүй, улмаар “Э дугаар” авах боломжгүй, цаашлаад газрын төлбөрийн нэхэмжлэх үүсэх боломжгүй” гэх тайлбараар нотлогдож байна.

2.6. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших, ашиглахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмших, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ гэж заасан бөгөөд хариуцагчаас гэрээг шинэчлэн байгуулаагүй атлаа газрын төлбөрийг төлөх шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй, учир нь газар эзэмшүүлэх гэрээнд талууд бүгд гарын үсэг зурж ёсчилсноор хүчин төгөлдөр болох бөгөөд хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч биелүүлэх үүрэггүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэхгүй.

2.7. Мөн хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч ийнхүү хүчингүй болгохуйц нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага хангалттай шалгаж тогтоогоогүйгээс тухайн захиргааны актыг үндэслэл бүхий гэж үзэх хууль зүйн боломжгүй.

2.8. Тухайлбал, Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх”-ыг шаардана. Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах учиртай.

2.9. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

2.10. Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал эзэмших эрх үүссэнээс хойш тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тухайн газар дээр хээрийн судалгаа хийж нарийвчлан тогтоох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч компанийг “гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж шууд дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн захиргааны актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

2.11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Н” ХХК нь газар эзэмших эрх авснаас хойш тариалалт хийсэн болох нь тогтоогдож байгаа нөхцөлд нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй гэж үзэх, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх үндэслэлгүй.

2.12. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл үүсээгүй байхад хариуцагч захиргааны байгууллагаас үр тарианы зориулалттай газарт тосны ургамал тарьсан, энэ нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 54 дүгээр тогтоолын хавсралтын 1.8-д “Үр тариа тариалсан талбайн 20 хувиас хэтрүүлэхгүй хэмжээнд гарал үүсэл нь баталгаажсан, тарих үрийн стандартын шаардлага хангасан шинжилгээнд хамруулсан үрээр тосны ургамал тариалах” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлан газар эзэмших эрхийг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.13. Тодруулбал, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 54 дүгээр тогтоол гарсантай холбоотой хариуцагчаас уг тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, нэхэмжлэгч компанид тогтоол гарсан талаар мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байхаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасан байхад уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй атлаа “нэхэмжлэгч компани сум, орон нутгийн захиргаатай хамтран ажиллаагүй, тогтоол гарсныг мэдээгүй нь зөвтгөх үндэслэл болохгүй” гэж тайлбарлан нийт талбайн 20 хувиас илүү хэмжээнд тосны ургамал тариалсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан нь хуульд нийцээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ЕРӨНХИЙ     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ