| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2018/0503/З |
| Дугаар | 603 |
| Огноо | 2018-09-28 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 603
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ф” ХХК
Хариуцагч: АМКГТГКХ
Нэхэмжлэлийн шаардлага: “АМКГТГКХ ийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 178 тоот шийдвэрийн “Ф” ХХК-ийн ХV-012141 дугаартай тусгай зөвшөөрлийг, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5 тоот шийдвэрийн “Ф” ХХК-ийн MV-015152 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...““Ф” ХХК нь 2012 онд зургаан зуун мянган тонн үйлдвэрлэлийн хүчин чадалтай нойтон аргаар баяжуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж улмаар 2014 оны 9 сард Монгол Улсад анхны нэг шугам нь өдөрт 64%-иас дээш агууламжтай баяжуулсан төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай, жилд 300,000 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай 45-50%-ийн дундаж агуулгатай 2500 тонн хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг бүтээн байгуулан Монгол Улсын ашигт малтмалын ХУ-012141, МУ-015152 дугаартай тусгай зөвшөөрлүүдэд түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компанийн үйл ажиллагаа нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт орших Байшинтын төмрийн хүдрийн уурхайгаас төмрийн хүдэр олборлон нойтон аргаар баяжуулалт хийж, төмрийн хүдрийн баяжмалаа тээвэрлэн, борлуулах хүртэлх үйлдвэрлэлийн бүрэн гинжин ажиллагаатай болно. Мөн “Ф” ХХК нь “Худаг байшинт” төмрийн ордыг ил уурхай ба далд уурхайн аргаар ашиглах техник үндэслэл”-ийг эрх бүхий байгууллагуудаар (Ашигт малтмал, Газрын тосны газар) батлуулсан бөгөөд ТЭЗҮ нь холбогдох төрийн захиргааны байгууллагад хадгалаатай байдаг.
“Ф” ХХК нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Монгол Улсад нийт 80 сая.ам долларын хөрөнгө оруулалт хийж, цалин хөлс болон нийгмийн даатгал, татвар, хураамжид нийт 4,7 тэрбум төгрөгийг төсөвт төлсөн байна. Түүнчлэн 200 гаруй ажлын байрыг бий болгож, Монгол Улс болон орон нутгийн төсөв бүрдүүлэлт, татвар төлөлтийг цаг хугацаанд төлж, иргэдийг ажлын байраар хангах зэргээр өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулалт татах үйлсэд идэвхийлэн оролцож ирсэн. Тус компани нь Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж байсны зэрэгцээ орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон иргэдтэй нягт уялдаатай хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагын үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлж ирсэн байдаг. Үүнийг нь үнэлэн 2014 онд Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Жилийн дэвшилтэт технологийн уул уурхайн аж ахуйн нэгж”-ээр шалгаруулж байсан. 2015 оноос олон улсын зах зээл дээр төмрийн хүдэр, гангийн зах зээлийн хямрал болсоноос ашигт малтмалын олборлолт баяжуулалт, уул уурхай, ашигт малтмал боловсруулах салбарын ашигтай байдал огцом буурсан. Энэхүү нөхцөл байдлаас улбаалан “Ф” ХХК-ийн тээврийн зардал хэт өндөр болж, ашгийн урьдчилсан тооцоо огцом буурч алдагдалтай орсон байдаг.
Түүнчлэн “Фокус метал Майнинг” ХХК -ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч болох БНХАУлсын Хан Дан хотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “Фокус ресоурси лимитед” компани нь БНХАУ-ын засгийн газраас гаргасан агаарын бохирдлыг бууруулах шийдвэрийн дагуу үйлдвэрлэлийн хүчин чадлаа багасгаж, улмаар 2014 онд тус компанийн 550m3 зуухан үйлдвэрлэлийг битүүмжилж, үйл ажиллагааг БНХАУлсын Засгийн газрын шийдвэрээр түр зогсоосон байдаг.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын бодлогыг буруу тайлбарласнаас Хятадын
дотоодын банк гэнэт дотоод компаниудаас огцом зээл татах ажиллагаа явуулснаар БНХАУ-ын дотоодын компани бүрт хөрөнгийн хомсдол явагдаж, хөрөнгийн гинжин хэлхээ тасарсан нь компанийн үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөн, үйлдвэрлэл зогсох нөхцөл байдалд хүргэсэн билээ.
“Ф” ХХК БНХАУ-д үүссэн нөхцөл байдал болон эдийн
засгийн хямралын үед аргагүй эрхэнд бүх үйл ажиллагаагаа зогсоон, зах зээлийн нөхцлийг сайнаар эргэхийг хүлээж, Монгол улсын харьяат нэг ерөнхий инженерээс
бусад бүх монгол ажилчдаа амрааж, Хятад улсын харьяат удирдлагуудаа Хятад руу буцаан татаж, бүхий л чадлаараа Монгол Улс дахь хөрөнгө оруулалтаа сэргээх нөхцөл байдлыг судлан ажиллаж байсан байна.
“Ф” ХХК -ийн гүйцэтгэх захирал, ТУЗ- ийн гишүүн, ноён Жоу Сю Чен олон жилийн турш бизнесийн ертөнцөд ажилласан, компаний салшгүй хэсэг болсон чадварыг үнэлэн БНХАУлс дахь толгой компанийн дотоодын хэрэг, үйлдвэрлэлийн шинэчлэлтийн ажлыг хариуцан ажиллахаар томилогдон БНХАУ-д ажиллах болсон бөгөөд 2016 оны 5 дугаар сараас үйлдвэрийг шинэчлэх ажлыг хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах байгууламжид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрийг бүхэлд нь бүх талаар сайжруулж, ялангуяа шингэн хог хаягдлыг зайлуулах байгууламжид өөрчлөлт шинэчлэлт хийн, чийг нойтон тоосыг зайлуулах хамгийн дэвшилтэт технологийг 2018 онд амжилттай нэвтрүүлж, БНХАУ-ын Засгийн газрын функциональ хэлтсүүд болон шинжээчдийн бүлгүүдээр шалгуулан хүлээн зөвшөөрөгдсөнөөр үйлдвэрлэлийг сэргээж, үйлдвэрлэлээ дахин эхлэсэн байна.
“Ф” ХХК -ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн, ноён Жоу Сю Чен нь БНХАУ-д ажиллах явцад ажил хөдөлмөр, урт хугацааны бизнес ажил хэргийн ачааллаас болж эрүүл мэндийн байдал нь доройтож, ажил ихтэйн улмаас Монгол улсад тэр бүр ирж үйл ажиллагаандаа оролцож чадаагүй болно. Тухайн үед “Ф” ХХК нь Монгол Улсад инженер Э.Батжаргалыг тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой үйл ажиллагааг хариуцан гүйцэтгүүлэхээр итгэмжлэл олгосон байдаг.
Инженер Э.Батжаргал нь 2016 оны 10 сард нас барсан тул тус компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа алдагдаж ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн (ХV-012141, МV-015152) ээлжит жилийн төлбөрөө төлөхгүй орхигдуулах нөхцөл бүрдсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэрээ мөн БНХАУ-ын санхүүжилттэй аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулахад нь дэмжлэг үзүүлэхийг санал болгосныг анхаарч үзнэ үү.
АМКГТГКХ ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 178 тоот шийдвэрээр цуцалсан “Ф" ХХК-ийн ХV-012141 дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь Захцаг уул нэртэй 3105.76 гектар талбай бүхий ХV-012141 дугаартай тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 340 дүгээр шийдвэрээр (тусгай зөвшөөрөл олгогдсон талбайн булангийн цэгүүд хэвээр) “Ф” ХХК-нд шилжүүлэн өгсөн байна.
Тус тусгай зөвшөөрлийг “Монгол металл майнинг” ХХК-наас шилжүүлэн авахдаа тус компанид ажиллаж тус ордыг нээн илрүүлэх ажилд оролцож байсан болон захиргааны ажил хийж байсан ажилчдыг орон тоогоор нь шилжүүлэн компанийн ажилчдаар томилон ажиллаж байсны нэг туршлагатай инженер Э.Батжаргал болно.
Хариуцагч АМКГТГКХ ийн дарга Д.Дашзэвэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Захцаг уул нэртэй 3139 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-012141 тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1020 дугаар шийдвэрээр “Монлаа” ХХК-д олгосон байна.
Дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 308 дугаар шийдвэрээр “Монлаа” ХХК-иас “Эс жи групп” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.1 дэх заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1524 дүгээр шийдвэрээр “Монгол металл майнинг” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн.
“Монгол металл майнинг” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-012141 тоот тусгай зөвшөөрлийг барьцаалуулах өргөдлийг 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж барьцаалах өргөдлийн бүртгэлийн Р878Х дугаар бүртгүүлсэн. Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 814 дүгээр шийдвэрээр барьцаалуулсныг бүртгэсэн байна.
Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 902 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-012141 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс тооцож 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн болно.
Хадгаламж банкны 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3053 тоотоор “Монгол металл майнинг” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-012141 тоот тусгай зөвшөөрлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангасан тул барьцааны бүртгэлээс чөлөөлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсгийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 300 дугаар шийдвэрээр барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 340 дүгээр шийдвэрээр “Монгол металл майнинг” ХХК-иас “Ф” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.
Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 626 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-012141 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс тооцож 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн болно.
Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 978 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-012141 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс тооцож 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.
2. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Захцаг уул нэртэй 30.93 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-015152 тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 720 дугаар шийдвэрээр “Монголметал майнинг” ХХК-д олгосон байна.
“Монгол металл майнинг” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МВ-015152 тоот тусгай зөвшөөрлийг барьцаалуулах өргөдлийг 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж барьцаалах өргөдлийн бүртгэлийн Р877А дугаар бүртгүүлсэн. Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 815 дугаар шийдвэрээр барьцаалуулсныг бүртгэсэн байна.
Хадгаламж банкны 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3054 тоотоор “Монгол металл майнинг” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МВ-015152 тоот тусгай зөвшөөрлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангасан тул барьцааны бүртгэлээс чөлөөлүүлэхийг хүссэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсгийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 309 дүгээр шийдвэрээр барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 339 дүгээр шийдвэрээр “Монгол металл майнинг” ХХК-иас “Ф” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.
“Ф” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МВ-015152 тоот тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгүүлэхээр 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр барьцаалах өргөдөл гаргаж өргөдлийн бүртгэлийн РЮ01200 дугаарт
бүртгүүлсэн байна. Өргөдлийг хянан үзэж Ашигг малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалтыг үндэслэн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Захцаг уул нэртэй 30.93 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ- 015152 тоот тусгай зөвшөөрлийг уг компаниас “Банк оф чайна” банкинд
барьцаалуулсныг бүртгэсэн байна.
3. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь үйл ажиллагаандаа Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргийг мөрдөж ажиллахыг хуульчилсан байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МВ- 015152 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл байсан байна.
Түүнчлэн ашигт малтмалын хайгуулын ХV-012141 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөр төлөх хугацаа нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацааны дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаанаас хойш 30 хүртэл хоногийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрөө
алдангийн хамт төлөх боломжтой байдаг.
Гэвч нэхэмжлэгч компанийн хувьд дээрх хуулиар олгогдсон зохицуулалтын дагуу төлбөрөө алдангийн хамт төлөх хугацааг мөн хэтрүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй" бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан бөгөөд ийнхүү цуцлахдаа мөн хуулийн 56.2-т заасны дагуу тухайн компанид тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар урьдчилан мэдэгдэл хүргүүлэхээр заасан.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаатай холбоотой мэдэгдлийг шууд хүргүүлэхээр заасан байдаг.
АМКГТГКХ ээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/1398 тоот албан бичгээр нэхэмжлэгч компанийн ХV-012141 дугаартай тусгай зөвшөөрлийг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 7/770 тоот албан бичгээр ашиглалтын МV-015152 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах тус тус бүрдсэн талаарх мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн байна. Ийнхүү хүргүүлэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн систем 0МС5/-д танай компанийн бүртгүүлсэн хуулийн этгээдийн албан ёсны хаягаар хүргүүлсэн байна.
Гомдолд дурдсан “...тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл, түүнийг заасан мэдэгдлийг “Фокус метал майнинг” ХХК-нд зохих ёсоор ирүүлээгүй....", мөн “...эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй...” гэдэг нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 178, 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 5 дугаар шийдвэрүүдээр ашигт малтмалын хайгуулын ХV-012141, ашиглалтын МV- 015152 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх шийдвэрүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7/2299, 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 7/111 тоот албан бичгээр нэхэмжлэгч компанийн хаягаар шуудангаар хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжид гаргах эрхтэй”, мөн хуулийн 51.8-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 51.7-д заасны дагуу шилжүүлэх саналыг уг албанд ирүүлнэ” гэж заасны дагуу “Банк оф чайна” банканд МВ-015152 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг зохих ёсоор хүргүүлээгүй...” гэж дурдсан байна.
Дээрх тайлбар нь үндэслэлгүй юм. Учир нь “Банк оф чайна" банканд “Ф” ХХК-ийн эзэмшлийн МВ-015152 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөгдөөгүйгээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар цуцлах нөхцөл бүрдсэнийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/1681 тоотоор мэдэгдсэн болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч нь “Ф” ХХК нь “АМКГТГКХ ийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 178 тоот шийдвэрийн “Ф” ХХК-ийн ХV-012141 дугаартай тусгай зөвшөөрлийг, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5 тоот шийдвэрийн “Ф” ХХК-ийн MV-015152 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
АМКГТГКХ ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 57 дугаар шийдвэрээр “Ф” ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших “Захцаг уул” нэртэй талбайд байрлах ашигт малтмалын хайгуулын XV-012141 тоот тусгай зөвшөөрлийг, мөн тус хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 5 дугаар шийдвэрээр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших “Захцаг уул” нэртэй талбайд байрлах ашигт малтмалын ашиглалтын МV-012141 тоот тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” 56.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.......гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэхээр, ийнхүү цуцлах үндэслэл бүрдсэнийг мэдсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримт, хүсэлтийг буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа илэрхийлсэн хүсэлт, түүнийг нотлох баримтуудыг захиргааны байгууллагад гаргах эрхтэй байхаар тодорхой хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй болсон үндэслэлээ нотлох баримт, хүсэлтийг захиргааны байгууллагад гаргаж өгөх эрхтэй ба харин захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх нь захиргааны байгууллагын үүрэг, захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэнээ өөрөө нотлох үүрэгтэй байх агуулгаар хуульчилсан байх ба хаяглагдсан этгээд албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр захиргааны актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцохоор тодорхой хуульчилсан байна.
Шүүхийн үзлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар гэх мэт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд “Ф” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах болсон үндэслэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй, мэдээлсэн нь нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч “Ф” ХХК нь тодорхой хөрөнгө гаргаж Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших “Захцаг уул” нэртэй талбайд үл хөдлөх эд хөрөнгүүдийг бодитоор бий болгосон болох нь улсын бүртгэлийн Ү-0403000104, Ү-0403000105, Ү-0403000106, Ү-0403000107 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.
“Ф” ХХК-ийн инженер Э.Батжаргал нь маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг төлөх боломжтой эцсийн хугацаатай ойрхон хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 114/005618 тоот Нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Мөн маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг төлөх боломжтой хуулийн хугацаа дуусах үед “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирал ZHOU XUCHENG Монгол улсад байхгүй байсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн № 2-5а/8780 тоот албан бичиг, түүний хавсралт лавлагаагаар нотлогдож байна.
Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд төлж чадаагүй гэж үзэхээр байна.
Иймд дээр дурдсан хууль зүйн болон үйл баримтын үндэслэлүүдэд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.5, 43.8-д тус тус заасныг баримтлан “Ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж АМКГТГКХ ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” дугаар 178 тоот шийдвэрийн, мөн тус хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” дугаар 5 тоот шийдвэрийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ