Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 201/МА2017/00016

 

Голомт банкны Дорнод салбарын

нэхэмжлэлтэй, Г.Ганзулд холбогдох

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 138/ШШ2017/00142 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Г.Ганзулын давж заалдах гомдлоор Голомт банкны Дорнод салбарын нэхэмжлэлтэй, Г.Ганзулд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 29962394,86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Голомт банкны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ганзул нь 2014 оны 08 сарын 12-ны өдөр ЗГ4705100203 дугаар бүхий бизнесийн зээлийн гэрээ байгуулан манай банкнаас 50000000 /тавин сая/ төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээж зээл авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрт 24740000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 16995418.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 71781.34 төгрөг төлсөн бөгөөд одоогоор дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлийн төлбөрөө төлж барагдуулахгүй, зээлийн эргэн төлөгдөх хугацаа дууссан байгаа. Зээл эргэн төлөгдөхгүй удаашрах нөхцөл байдал үүсээд байгаа тул зээлдэгч Г.Ганзулд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 25260000.00 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 4286805.34 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 415589.52 төгрөг, нийт 29962394.86 төгрөгийг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баториг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Г.Ганзул нь тус банкнаас 2014 оны 08 сарын 12-ны өдөр ЗГ4705100203 тоот зээлийн гэрээ байгуулан 50000000 /тавин сая/ төгрөгийг, сарын 2.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр бизнесийн зээл авсан байдаг. Зээлдэгч Г.Ганзул банкнаас авсан зээлээ эргэн төлөх хуваарийг сар бүрийн 10-ны өдөр хийхээр тохиролцож хугацаа заасан байдаг боловч уг хугацаандаа зээлийн болон хүүгийн төлөлтийг төлөөгүйгээс болж хугацаа хэтрэлт маш их үүссэн байгаа. Ингээд хугацаандаа зээл, түүний хүүг төлж чадахгүй байгаагаа банкинд мэдэгдэж хүсэлт тавьсны дагуу эргэн төлөлтийн хуваарийг 2015 оны 10 сарын 10-ны өдрөөс эхлэн эхний 3 сард зөвхөн хүүгээ төлөх, дараагийн 4 дэх сараас хүү болон үндсэн зээлийг төлүүлэх хуваарийг өөрчилж хийсэн байдаг. Мөн л хүү, үндсэн зээлийг төлөх хуваарь хийсний дагуу сар бүрийн 10-ны дотор төлөх үүргээ биелүүлээгүй болох нь түүний зээл төлөлтийн дансны хуулгаар хугацаа хэтрүүлж төлсөн байдал нь харагдаж байгаа тул түүнээс үндсэн зээлэнд төлсөн 24740000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт төлсөн 16995418.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 71781.34 төгрөгийг нь хасаж тооцоод, төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 25260000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4286805.34 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 415589.52 төгрөг нийт 29962394.86 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь манай банкнаас шүүхэд гаргаж өгсөн баримтаар тодорхой харагдаж байгаа. Ганзул нь гэрээний дагуу төлөх хуваариар зээлээ төлөөд байсан бол хугацаа хэтрэлт үүсэхгүй байх боломжтой. Банкны программ нь эхлээд нэмэгдүүлсэн хүүгээ төлүүлээд, дараа нь зээлийн хүүг, үүний дараа үндсэн зээлээ татаж авч төлүүлдэг юм. Түүнээс биш бид сайн дураараа зээлдэгч Ганзулаас илүү мөнгө тооцож авах гээд байгаа зүйл огт байхгүй гэжээ.

Хариуцагч Г.Ганзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Голомт банкнаас бизнесийн зээлийн гэрээг 2014 оны 08 сарын 12-ны өдөр байгуулж 50000000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Уг зээлийг авснаас хойш зээлийн төлбөрөө боломжийн хэрээр төлж ирсэн. Голомт банкны Дорнод салбарын надаас нэхэмжлээд байгаа зээл, түүний хүүгийн төлбөрийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний тооцоолсноор 50-иад сая төгрөгийг Голомт банкинд төлсөн учир одоо миний төлөх ёстой мөнгө тэдний нэхэмжлээд байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 25260000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 4286805.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 415589.52 төгрөгийг буюу нийт 29962394.86 төгрөгөөс бага байх ёстой гэж үзэж байна. Би өмгөөлөгчтэйгээ тооцоход үндсэн зээлийн төлбөрт 26472000 төгрөг, хүүгийн төлбөрт 16995404 төгрөгийг тус тус төлсөн байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэлд 23528000 төгрөг л төлөх ёстой гэж үзэж байна. Иймд банкнаас нэхэмжилж байгаа зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 138/ШШ2017/00142 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Бодонгууд овгийн Гантөмөрийн Ганзулаас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 25260000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 4286805.34 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 415589.52 төгрөг, нийт 29962394.86 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Дорнод салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307761.97 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганзулаас улсын тэмдэгтийн хураамжид 307761.97 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Дорнод салбарт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Ганзул давж заалдах гомдолдоо: Миний бие Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 138/ШШ2017/00142 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч талаас надад холбогдуулж 2014 оны 08 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нийт 29962394 төгрөг нэхэмжлэн 2016 оны 11 сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тус зээлийг би 24 сарын буюу 2 жилийн хугацаатай зээлж авсан. Зээл авснаас хойш Голомт банкинд нийтдээ 40 гаруй сая төгрөг төлсөн. Үүнээс зарим нь үндсэн зээлийн төлбөрт, зарим нь хүүгийн төлбөрт төлөгдсөн. Хамгийн сүүлд 2016 оны 03 сарын 30-ны өдөр зээлийн дансандаа 6200000 төгрөг хийсэн. Үүнээс өмнө төлөгдөөгүй байсан хүүг суутгаад үлдэгдэл мөнгө нь үндсэн зээлээс хасагдсан. Ингээд зээлийн үлдэгдэл нийт 25260000 төгрөг болсон байсан. 25260000 төгрөгийн зээлийн үлдэгдэлд гэрээ ёсоор сарын 2.2 хувийн хүү буюу сар бүр 555720 төгрөг төлөх ёстой. Зээлийн гэрээ 2016 оны 08 сарын 10-ны өдөр дууссан. 2016 оны 03 сарын 30-наас 2016 оны 08 сарын 10 хүртэл 4 сар 10 хоногийн хугацаа болж байна. Би энэ хугацаанд Голомт банкинд зээлийн хүүнд нийт 2408120 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэтэл Голомт банкны Дорнод салбар нь надаас зээлийн үндсэн хүүнд нийт 4286806 төгрөг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл би нэхэмжлэлийн шаардлагаас 1878686 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, бусад мөнгийг хүлээн зөвшөөрнө. Иймд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 138/ШШ2017/00142 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Голомт банкны Дорнод салбар нь хариуцагч Г.Ганзулаас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 25260000 төгрөг, зээлийн хүү 4286805.34 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 415589.52 төгрөг, нийт 29962394.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 08 сарын 12-ны өдөр ЗГ4705100203 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Г.Ганзул нь нэхэмжлэгч байгууллагаас 50,0 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй авсан, мөн 2015 оны 09 сарын 29-ний өдрийн ЗГ4705100203А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна./ хх-ийн 4-6, 37 дахь талууд /

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Г.Ганзул нь 2014 оны 09 сарын 10-ний өдрөөс 2016 оны 10 сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 24740000 төгрөг, зээлийн хүүд 16995418.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 71781.34 төгрөг, нийт 41807200 төгрөгийг төлсөн, энэ талаар талууд маргаагүй байна. / хх-ийн 10-12, 40-41 дэх талууд /

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2-т “Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-д заасан хувийн хүүг төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг зөрчөөгүй байна.

Хариуцагч Г.Ганзул нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байх тул түүний  “ зээлийн хүүд нэхэмжилсэн 4286805.34 төгрөгөөс 1878686 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй “ гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 138/ШШ2017/00142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганзулын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар  хариуцагч Г.Ганзулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45009 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн

үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

                                 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                      ШҮҮГЧ                                                                   Я.АЛТАННАВЧ

                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ