| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0191/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2020-03-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 188
2020 03 02 2020/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
нарийн бичгийн дарга: Г.Энхжин,
улсын яллагч: Х.Еркебулан,
хохирогч, шүүгдэгч Э.У,
хохирогч, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э У, Б Г нарт холбогдох эрүүгийн 2009 00107 0169 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 85 дугаар гудамжны 1041-А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Э У,
Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 13-296 тоотод оршин суух,
-Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшилсон,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар тэнссэн гэх Б овогт Б Г,
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Э.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ред стар” караоке үйлчилгээний газрын 3 давхарт хохирогч Б.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “зүй бус харьцсан” хэмээн маргалдаж, улмаар архины шилээр толгойн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, хацар, уруул, зовхи, нүдний алим, толгойн хуйханд хаван цус хуралт бүхий хөнгөн хохирол,
-Яллагдагч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн өдөр тус караокед хохирогч Э.У хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу архины шилээр цохьсон хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд 2 шүдний эмтрэл, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж хэлэх зүйл байхгүй...” гэжээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Г-ын мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/, хохирогч Э.У-гийн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/, гэрч Э.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 5 дугаа тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №710 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Хохирогч, шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би 2019 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө өөрийн найз эмэгтэй Б, найз Г, Б, Б, Б, У, О Хятад улсын иргэн Ф Ф нарын хамт Өргөө-2 кино театрын ард байдаг “Ред стар” нэртэй караокед үйлчлүүлсэн. Бид нар 2 шил архи хувааж уусан болохоор нэлээд согтсон байсан. Бид нар сууж байх үедээ үл ойлголцосноос болоод хоорондоо хэрүүл маргаан болох үед Б-той маргалдсан. Тэр үед Б-ийн найз бүсгүй У надруу дайрч ширээн дээр байсан архины шилээр миний толгойруу цохьсон. Би У-д цохиулаад газарт унаад босч ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа би У-г зөрүүлээд цохьсон юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч, шүүгдэгч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай хуурай дүү О-гийн төрсөн өдөр болж 21 цагийн үед найз залуу Б-ийн хамтаар караокед очсон. Биднийг очиход О-гийн найз гээд эхнэр, нөхөр 2 байсан. Тэр 2 өөрсдийгөө Г, Г гэж танилцуулсан. ...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найз О-ийн төрсөн өдөрт тус караокед очсон. Бид нарыг сууж байхад О-н дүү Т ширээний хамгийн цаана сууж байсан залууг “Пизда минь цаашаа суу” гэж хэлснээс үүдэн маргаан болсон. Тэгээд маргаан болоход манай нөхөр Г та нар хүний төрсөн өдөр дээр ирчихээд хэрүүл маргаан хийлээ гэж хэлж байсан. Тэгтэл Б гэдэг залуу манай нөхөрт хандан чи манай эхнэрийг янхан гэж хэллээ гээд заамдаад авсан. Манай нөхөр Б-ийг түлхэхэд түүний эмэгтэй найз У ширээн дээр байсан архины шилийг барьж аваад Г-ын толгойруу цохьсон...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №580 дугаартай “...Б.Г-ын биед тархи доргилт, дух, хацар, уруул, зовхи, нүдний алим, толгойн хуйханд хаван цус хуралт, шалбаралт шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид эрүүл, мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №710 дугаартай “... Э.У-гийн биед 2 шүдний эмтрэл, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч Э.У нь шүүгдэгч хохирогч Б.Г-г зодсон болохыг, шүүгдэгч хохирогч Б.Г нь шүүгдэгч, хохирогч Э.У-г зодсон болохыг, гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нар нь бусдад зодуулсны улмаас гэмтэж, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч, хохирогч Э.У, Б.Г нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Хохирогч, шүүгдэгч Б.Г, Э.У нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх Б.Г, Э.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хэн аль нь нийтээр дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Э.У-д 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгийн, шүүгдэгч Б.Г-д 580 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, Б.Г нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын хэн аль нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш овогт Э У, Б овогт Б Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-г 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянган/-н төгрөгөөр,
-Шүүгдэгч Б.Г-г 580 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580.000 /таван зуун наян мянга/-н төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, Б.Г нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Э.У, Б.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР