Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 2020      03         03                                       2020/ШЦТ/191

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ч.Батбаатар,

Хохирогч Б.Октябрь,

Шүүгдэгч С.П түүний өмгөөлөгч С.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Пид холбогдох 1903 01376 0034 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, Говь-Алтай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Хөгжпийн банканд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 152 дугаар байр, 43 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт С.П, регистрийн дугаар /ДЮ:80062672/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч С.П нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Япон элчингийн зүүн урд замд “Хьюндай Соната-7” маркийн 94-21 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч ... зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Октябрийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Пийн “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 94-21 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 19 цагийн үед захирлыг хүргэж өгчихөөд машинаа ажил дээр тавихаар явж байсан. Ингээд Японы элчингийн урд уулзвараар зүүн гар тийш эргэх үед нэгдүгээр эгнээнд өндөр цагаан өнгөтэй машин байсан. Гэтэл тухайн үед явган зорчигч гэнэт гараад ирэхэд би хурдан тоормос гишгэсэн. Ингээд осол болсон даруйд би эмнэлгийн тусламж дуудсан хэдий ирээгүй...” гэх мэдүүлэг,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ууганбаярын “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү. Учир нь Пүрэвдорж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн байдаг. Мөн хохирогчийн эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлдэг. Түүний хувийн байдлын талаар дурдахад тэрээр бага насны 2 хүүхэдтэй, түүний эхнэр нь жирэмсэн зэрэг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийг хуульд заасан торгуулийн ялын доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Октябрийн “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр автобуснаас буугаад нэгдүгээр эмнэлэг чиглэлийн явган хүний гарц дээр явж байсан. Гэтэл тухай үед шүүгдэгч машинтай хүчтэй ирж мөргөөд би унасан. Тэгээд жолооч нь татаад байхаар нь “битгийн татаад бай би өөрөө аяыг нь олоод босох хэрэгтэй байна” гэж хэлсэн. Босоод машинтай нэгдүгээр эмнэлэгт очсон. Болсон явдлын талаар нөхөртөө хэлэхэд цагдаа болон түргэн тусламж дуудсан боловч түргэн ирээгүй учир Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд аарцаг хугарсан, ахар сүүлнээс 2 яс зөрөөгүй хугарсан онош гарсан. Ингээд гэртээ очоод 12 дугаар сарын 10-ны өдөр Мөнгөнгүүр эмнэлэгт үзүүлэхэд имрайгаар холбоос тасарсан гэх онош гарсан тул 12 дугаар сарын 26-ны өдөр хагалгаанд орж 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо Мөнгөнгүүрт эмчилгээ хийлгэж байгаа. Би цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг,  

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-9/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Октябрийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн үед Натур худалдааны төв орох гээд Япон элчингийн урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явган хүний замаар алхаж байгаад элчингийн зүүн урд талын нарийн замаар зам хөндлөн гарах гээд явган хүний гарцаар зам хөндлөн гарах үед миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байсан машин зам тавьж өгөхөөр нь би замаа гараад замынхаа гол хэсэгт явж байхад миний баруун гар талаас буюу төв замаа зүүн гар тийш эргэж байгаа машин миний биеийн баруун талаас машиныхаа урд хэсгээр мөргөхөд нь би жоохон үсрээд газарт унасан. Тэгээд машин зогсоод жолооч бууж ирэх үед би босоод ирсэн чинь баруун хөл дээрээ зогсож чадахгүй өвдөөд байхад жолооч намайг машиндаа суулгаад хөдлөөд 1 дүгээр эмнэлгийн баруун талын зогсоол дээр очоод зогсохоор нь би нөхөр лүүгээ залгаад хэлсэн чинь манай нөхөр түргэн цагдаад дуудлага өгсөн. Тэгээд тэр газраа машин дотроо сууж байхад манай нөхөр ирсэн араас нь цагдаа нар ирээд хэмжилт хийсэн. Түргэн ирэхгүй болохоор нь хэмжилт хийлгэсэний дараа гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Хэмжилт хийх үед би хамт байж байгаад мөргүүлсэн болон газарт унасан газраа цагдаа нарт зааж өгч хэмжилт хийлгэсэн. Жолоочийн зүгээс эмчилгээний зардалд гарсан 2.000.000 гаруй төгрөгийг төлсөн байгаа, цаашид гарах эмчилгээний зардалыг төлүүлмээр байна. Тэр яг хэдэн төгрөг гарахыг нь мэдэхгүй байна эмнэлэг дээр очиж эмчтэйгээ уулзаж байгаад мэдэгдэх байх тэр үед нь баримтаар гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Пийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний орой 18 цаг 40 минутын үед захирал Батбаатарыг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад Сүхбаатар дүүргийн нутаг 1 дүгээр эмнэлгийн баруун хойно байрлах ажилруугаа явж байхдаа тухайн ослыг гаргасан. Осол гармагц би би машинаа зогсоогоод миний машинд мөргүүлсэн эмэгтэйг босгоод машиндаа суулгахад нөгөө эмэгтэй утсаараа нөхөрлүүгээ залгаж болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд нөхөр нь цагдаа дууд гэж эхнэртээ хэлсэн гэхээр нь би давхар дуудаад яахав гэж бодоод тухайн эмэгтэйн биеийн байдлыг асуугаад байж байтал нөхөр нь ирээд араас нь удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн үед хэр эмэгтэй түргэн дуудсан гэсэн боловч түргэн ирээгүй бөгөөд цагдаагийн алба хаагчид хэмжилт хийж байхад тэр эмэгтэй А болон Б цэгийг өөрөө цагдаа нарт зааж өгсөн. Би тухайн үед зам хөндлөн гарч байгаа хүнийг анзаараагүй, хөдөлгөөн ихтэй байсан мөн тухайн хэсэгт замын гэрэлтүүлэг байсан эсэхийг анзаараагүй. Би хохирогчийн эмчилгээний зардалд 2.800.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хх 101-102/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Б.Хүрэлтулгын өгсөн “...С.П нь манай байгууллагын жолооч байгаа юм. 2014 оны 08 дугаар сард манай байгууллагад ажилд орсон. Осол гарсан өдөр албаны ажлаар хүн гэрт нь хүргэж өгчихөөд буцаад ажилруу явж байгаад осол гаргасан байна лээ. С.П нь урд нь манай гүйцэтгэх захирлын жолооч байсан бөгөөд захирал ажлаасаа чөлөөлөгдөсний дараа үйлчилгээнд явдаг тухайн машиныг барих болсон.                                                                                                                                                                                                                        Манай байгууллагын эзэмшлийн автомашинд ямар нэгэн гэмтэл, эвдрэл учраагүй тул гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, С.П нь өмнө нь ямар нэгэн осол гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/-р тал,   

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14502 дугаартай:

“1.  Б.Октябрийн биед баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,
  2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 69-70/-р тал,

Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 62614 дугаартай: “Х.Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлын хувьд эвдрэл гэмтэлгүй байна, уг автомашинд осол болохоос өмнө эсхүл хойно үүссэн эвдрэл гэмтэл байхгүй, уг автомашинд осолд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 74-77/-р тал,

Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101 дугаартай хэргийн материалаар хийсэн “... Б.Октябрийн биед баруун өвдөгний дотор холбоос дунд чөмөгний бэхлэгдэх хэсгийн ташуу урагдал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлтийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,

Тээврийн Цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Оюун-Эрдэнийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “... Жолооч С.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцоо хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Явган зорчигч Б.Октябрь нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 92/-р тал,

Хохирлын баримтууд /хх-ийн 17-18, 20-23, 127-133/-р тал,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан тухай баримтууд /хх-ийн 111-124/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Яллагдагч С.П нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Япон элчингийн зүүн урд замд “Хьюндай Соната-7” маркийн 94-21 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч ... зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Октябрийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-9/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Октябрийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.Пийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 101-102/-р тал,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14502 дугаартай:

“1.  Б.Октябрийн биед баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,
  2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 69-70/-р тал,

Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 62614 дугаартай: “Х.Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлын хувьд эвдрэл гэмтэлгүй байна, уг автомашинд осол болохоос өмнө эсхүл хойно үүссэн эвдрэл гэмтэл байхгүй, уг автомашинд осолд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 74-77/-р тал,

Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101 дугаартай хэргийн материалаар хийсэн “... Б.Октябрийн биед баруун өвдөгний дотор холбоос дунд чөмөгний бэхлэгдэх хэсгийн ташуу урагдал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлтийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,

Тээврийн Цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Оюун-Эрдэнийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “... Жолооч С.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцоо хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Явган зорчигч Б.Октябрь нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 92/-р тал,

Шүүхийн хэлэлцүүлэгт С.Пийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Пид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч С.Пийг гэм буруутайд тооцов.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь санамсаргүй болгоомжгүйгээр үйлдэгддэг хэдий ч нөгөө талдаа иргэний эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хор хохирол учруулж, цаашлаад иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халддагаараа нийгмийн аюулын шинж чанар нь тодорхойлогддог.

С.Пийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэсний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

С.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Пийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

С.Пид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй байна.

 

Гурав. Бусад асуудлаар.

 

          Шүүгдэгч С.П нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Хохирогч Б.Октябрь нь гэм хорын хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 4.018.346 /Дөрвөн сая арван найман мянга гурван зуун дөчин зураа/-н төгрөгийн, шүүхийн шатанд шинээр 195.100 /Нэг зуун ерэн таван мянга нэг зуу/-н төгрөгийн хохирол бүхий 4 баримт гаргаж нийт 4.213.446 /Дөрвөн сая хоёр зуун арван гурван мянга дөрвөн зуун дөчин зургаа/-н төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч С.Пийн зүгээс хохирол төлбөрт “... 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн “Хаан банк”-ны 5753416642 тоот данснаас 5035544445 тоот дансанд 370.600 /гурван зуун далан мянган зургаан зуу/-н төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөн өөрийн дээрх данснаас 5035544445 тоот дансанд 435.000 /Дөрвөн зуун гучин таван мянга/-н төгрөгийг, мөн өдөр хохирогчийн эмнэлэгт хэвтэсний төлбөр болгож “Мөнгөн гүүр” эмнэлгийн кассаар дамжуулан 1.838.340 /Нэг сая найман зуун гучин найман мянган гурван зуун дөч/-н төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Хаан банк”-ны “Нарантуул” тооцооны төвийн салбараас хохирогч Б.Октябрийн 5035103261 тоот дансанд 776.600 /Долоон зуун далан зургаан мянга зургаан зуу/-н төгрөгийг, нийт 3.420.540 /Гурван сая дөрвөн зуун хорин мянга таван дуун дөч/-н...” төгрөгийг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Түүнчлэн хавтас хэргийн 132 дугаар талд “... Мөнгөн гүүр эмнэлгийн №679764 дугаар баримт авагдсан байх бөгөөд тухайн баримтаар нийт 1.940.150 /Нэг сая есэн зуун дөчин мянга нэг зуун тавь/-н төгрөгийг нэхэмжилсэн байх хэдий ч Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр хохирогч Б.Октябрь нь тухайн төлбөрөөс 1.643.840 /Нэг сая зургаан зуун дөчин гурван мянга найман зуун дөч/-н төгрөгийг төлж, 296.310 /хоёр зуун ерэн зургаан мянга гурван зуун арав/-н төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн болох нь тогтоогдож байна.

          Иймд, хохирогч Б.Октябрьт уг гэмт хэргийн улмаас нийт 4.213.446 /Дөрвөн сая хоёр зуун арван гурван мянга дөрвөн зуун дөчин зургаа/-н төгрөгийн бодит хохирол учирсанд тооцож, үүнээс шүүгдэгч С.Пийн мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 3.420.540 /Гурван сая дөрвөн зуун хорин мянга таван зуун дөч/-н төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт болох 296.310 /Хоёр зуун ерэн зургаан мянга гурван зуун арав/-н төгрөгийг тус тус хасч шүүгдэгч С.Поос үлдэгдэл хохирол болох 496.596 /Дөрвөн зуун ерэн зургаан мянга таван зуун ерэн зургаа/-н төгрөгийг гаргуулж хохирогч Б.Октябрьт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. А овогт С.П-г “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Пид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Пид сануулсугай.

          5. С.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Поос 496.596 /Дөрвөн зуун ерэн зургаан мянган таван зуун ерэн зургаа/-н төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Бадамын Октябрь /РД:ШБ81110763/-т олгосугай.

          7. Хохирогч Б.Октябрь нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Поос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР