Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 532

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: ЗТХЯ

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар-Д******* чиглэлийн замын шинэчлэлтийн ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төслийг хүлээн авахгүй байгаа ЗТХЯ-ны эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төсөл хүлээж авахыг ЗТХЯ анд даалгах, ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төслийн ажлын төлбөр болох 3,096,369,326 (гурван тэрбум ерэн зургаан сая гурван зуун жаран есөн мянга гурван зуун хорин зургаан) төгрөгийг төлөхгүй байгаа ЗТХЯ-ны эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-д олгохыг ЗТХЯ анд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Д.О, гэрч Д.З, Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компани нь ЗТХЯ (ЗТХЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2017 оны 02/17 болон 03/17 дугаар бүхий ажлын даалгаврын дагуу Улаанбаатар-Д******* чиглэлийн 204.6 км замын техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулсан бөгөөд эдгээр нь 2017 оны 36/2017 дугаар бүхий магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан. Энэхүү зураг төсөл, ТЭЗҮ нь англи, монгол хэл дээр боловсруулагдсан 79 боть материалаас бүрдэх бөгөөд ажлын нийт үнэ 3’096’369’326 (гурван тэр бум ерэн зургаан сая гурван зуун жаран есөн мянга гурван зуун хорин зургаан) төгрөг болохыг яамны холбогдох ажилтнууд хянаж баталгаажуулсан. Зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах ажлыг ЗТХЯ-ны санаачилгаар хэрэгжүүлсэн бөгөөд ЗТХЯ-аас Засгийн газрын хуралдаанаар энэхүү замын ажлын асуудлыг хэлэлцүүлсэн. Мөн ЗТХЯ, харьяа байгууллагууд, Замын цагдаагийн газрын төлөөлөл оролцсон хамтарсан ажлын хэсгийг зам барилгын ажлын талбайд ажиллуулж, нөхцөл байдалтай танилцах, зам барилгын ажил эхлүүлж буй тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа сурталчлах, олон улсын хурал зөвлөгөөн дээр хариуцлагатай мэдэгдлүүд хийх зэрэг үйл ажиллагааг явуулж байсан. Мөн 2017 оны 6 сард энэхүү 204,6 км замын барилгын ажлыг эхлүүлэх нээлтийг Д******* хотод зохион байгуулсан. Энэ бүх үйл ажиллагаанд бид танилцуулга бэлтгэх, зураг төслийн шаардлагатай хэсгүүдийг хүлээлгэн өгөх зэргээр яамны холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан бөгөөд энэхүү замын зураг төсөл ТЭЗҮ-ийн шийдлүүдийн талаар ЗТХЯ-ны мэргэжилтнүүд болон салбарын зөвлөх инженерүүдийн оролцоотой зохион байгуулагдсан хэлэлцүүлгүүдэд тооцоо судалгаа, инженерийн шийдлийн үндэслэлүүдээ танилцуулж, тайлбарлаж байсан. Энэхүү зураг төсөл, ТЭЗҮ-ийг хянаж батлуулах экспертизийн багт ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, албаны дарга, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд экспертизийн багаас өгсөн санал, шүүмжүүдийг үндэслэн нэлээд засвар, өөрчлөлтүүд хийгдсэн. Ийнхүү Улаанбаатар-Д******* чиглэлийн 204.6 км замын ТЭЗҮ болон инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил ЗТХЯ-ны санаачилгаар, тэдний захиалга, хяналтын дор хэрэгжсэн болно. ЗТХЯ-ны удирдлагууд Улаанбаатар-Д*******ы замын шинэчлэлтийн барилгын ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэх бөгөөд концесс эзэмшигч шалгарсны дараа бидний ажлын санхүүжилт олгогдоно гэж байсан. Гэтэл яамны санаачилгаар энэхүү замын концесс шалгаруулалтыг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар цуцалсан бөгөөд ЗТХЯ зураг төсөл, ТЭЗҮ-ийг хүлээн авахгүй байгаа болно.

Мөн тус компани нь 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 12/18 тоот албан бичгээр ЗТХЯ-аас  Улаанбаатар-Д******* чиглэлийн 204.6 км замын ТЭЗҮ болон инженерийн нарийвчилсан зураг төслийн санхүүжилтийг ЗТХЯ-аас хүсэхэд, “Улаанбаатар-Д******* чиглэлийн 204.6 км 1В зэрэглэлийн авто замын техник-эдийн засгийн үндэслэл судалгаа, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил нь Монгол Улсын 2017, 2018 оны төсвийн тухай хуулиуд түүний хавсралтаар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт /нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн жилийн санхүүжилтийн дүн бүхий/-д тусгагдаагүй бөгөөд тус яамтай байгуулсан ямар нэгэн гэрээ эрх зүйн баримтгүй тул ….. санхүүжилтийг олгох эрх зүйн үндэслэл байхгүй болохыг мэдэгдье” гэсэн хариуг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/705 тоотоор 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн.

Аливаа ажлын хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн жилийн санхүүжилтийн дүн зэргийг салбарын яам тодорхойлж, төсвийн хуульд тусгуулдаг тул Улаанбаатар-Д******* чиглэлийн 204.6 км 1В зэрэглэлийн авто замын ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг Монгол Улсын 2017, 2018 оны төсвийн тухай хуулиудад тусгуулаагүй нь ЗТХЯ-ны өөрийнх нь ажилтай холбоотой юм.

Мөн дээрх ажлыг хэрэгжүүлэх гэрээ хийгдээгүй тул бидний ажлын санхүүжилтийг олгох боломжгүй гэсэн байна. Гэтэл өөрсдийн санаачилгаар, өөрсдийн хяналтын дор хийлгэсэн ажлыг гэрээ байгуулахгүйгээр концессийн сонгон шалгаруулалтаар тодруулах хөрөнгө оруулагчаас санхүүжилтийг нь олгоно гэсэн, өөрсдийн санаачилгаар эхлүүлсэн концессийн сонгон шалгаруулалтыг өөрсдийн саналаар хүчингүй болгуулсан нь ЗТХЯ-ны өөрийнх нь үйл ажиллагаа мөн болно. ЗТХЯ-ны энэхүү үйл ажиллагааны улмаас Улаанбаатар-Д******* чиглэлийн 204.6 км 1В зэрэглэлийн авто замын ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг хичээнгүйлэн хэрэгжүүлсэн тус компани болон хамтран ажилласан 17 аж ахуйн нэгж үлэмж хэмжээгээр хохирч байна” гэжээ.

Хариуцагч ЗТХЯ ны шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын 1-д “ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2017 оны 02/17 болон 03/17 дугаар бүхий ажлын даалгаварын дагуу ‘Улаанбаатар-Д******* чиглэлийн 240.6 км замын шинэчлэлтийн техник эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төслийг хүлээн авахгүй байгаа ЗТХЯ-ны эс үйлдлийг хууль бус болохыг тоггоох...” гэсэн нь тус компани ЗТХЯ тай эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий баримт бичиг боловсруулах гэрээ байгуулаагүй бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 02/17, 03/17 дугаар ажлын даалгавар нь уг компанид үүрэг болгож хүлээлгэсэн ажил огт биш харин зайлшгүй тендерт шалгарсан гүйцэтгэгч мөрдөх нийтлэг баримт  бичиг бөгөөд Авто замын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Олон улсын, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу хийгдсэн ажил юм.

Мөн Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах” гэж заасны дагуу ЗТХЯ  Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар тогтоолын биелэлтийг хангуулан ажиллаж, хуульд заасны дагуу үүргээ биелүүлэн ажилласан нь хуулийн зүйн үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын 2-д “ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төслийн ажлын төлбөр болох 3.096.369.326 /гурван тэрбум ерэн зургаан сая гурван зуун жаран есөн мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг төлөхгүй байгаа ЗТХЯ ны эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож төлбөрийг олгохыг даалгах” гэсэн шаардлага нь Зам, тээврийн хөгжпийн яам болон “Э” нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэхгүй байгаа тул техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн төлбөрийг нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

 ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Улаанбаатар-Д******* чиглэлийн замын шинэчлэлтийн ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төслийг хүлээн авахгүй байгаа ЗТХЯ-ны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төсөл хүлээж авахыг ЗТХЯ анд даалгах, ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төслийн ажлын төлбөр болох 3,096,350,326 (гурван тэрбум ерэн зургаан сая гурван зуун тавин мянга гурван зуун хорин зургаан) төгрөгийг төлөхгүй байгаа ЗТХЯ ны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-д олгохыг ЗТХЯ анд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан байна.

 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...ажлын төлбөрийг “Э” ХХК-д олгохыг ЗТХЯ анд даалгах нэхэмжлэлийн шаардлагаа  “уг төлбөрийг “Э” ХХК-д төлөх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг ЗТХЯ анд даалгах” гэж  тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчаас буюу ЗТХЯ ны зүгээс Улаанбаатар-Д******* чиглэлийн замын шинэчлэлтийн Техник эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төслийг хийж гүйцэтгэхийг “Э” ХХК-д зөвшөөрч, гүйцэтгүүлсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

  • Гэрчүүдийн мэдүүлэг (тухайн үеийн сайд Д.Г болон Д.З нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг)
  • Монголын Үндэсний олон нийтийн телевизийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн яриа http://www.mnb.mn/i/106818
  • Нэхэмжлэгчийн тайлбар,
  • Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт[1]
  • Улаанбаатар-Д******* чиглэлийн авто замын шинэчлэлтийн Техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажил болон инженерийн нарийвчилсан хайгуул, зураг төслийн ажлын үнийн зардлын товчоо[2]
  • ЗТХЯ наас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн орлогч даргад хүргүүлсэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Зураг төслийн тухай” № 06/2642 тоот албан бичиг[3]
  • ЗТХЯ наас “Э” ХХК-д хүргүүлсэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн № 06/2681 тоот албан бичиг
  • ЗТХЯ наас Үндэсний хөгжлийн газрын даргад хүргүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны № 06/4821 тоот албан бичиг,
  • ЗТХЯ наас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн № 03/2702 тоот албан бичиг гэх мэт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцсоны үндсэн дээр уг техник эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төслийг хийж гүйцэтгэх ёстой, ЗТХЯ  болон нэхэмжлэгч хоёрын хооронд байгуулсан гэрээ байхгүй тул хариуцагч төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах асуудал нь хариуцагчийн буюу захиргааны байгууллагын хариуцах чиг үүрэг, бүрэн эрх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж шүүх үзлээ.

Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд “Э” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Улаанбаатар-Д******* чиглэлийн замын шинэчлэлтийн Техник эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төслийг хүлээн авахгүй байгаа хууль бус үйлдлийг хариуцагч гаргасан болох нь, уг хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тус тус хуульчилсан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчийн үйлдэл нь эрх чөлөөний болон хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Э” ХХК-ийн гүйцэтгэсэн Улаанбаатар-Д******* чиглэлийн замын шинэчлэлтийн Техник эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төслийг хүлээн авахгүй байгаа ЗТХЯ ны үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг Техник эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл хүлээж авахыг ЗТХЯ анд даалгаж, мөн Улаанбаатар-Д******* чиглэлийн замын шинэчлэлтийн Техник эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төслийг хийж гүйцэтгэсний ажлын төлбөр болох 3,096,350,326 (гурван тэрбум ерэн зургаан сая гурван зуун тавин мянга гурван зуун хорин зургаан) төгрөгийг “Э” ХХК-д төлөхгүй байгаа ЗТХЯ ны үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг төлбөрийг төлөх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Зам, тээврийн  хөгжлийн яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАТЗОРИГ


 

[1] Хавтаст хэргийн 152-169 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 104 дүгээр хуудас