Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2017/00017

 

 “Хэрлэн хивс” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

албанд холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганцогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Э.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 138/ШШ2017/00188 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганцогтын давж заалдах гомдлоор “Хэрлэн хивс” ХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 1999 оны 10 сарын 06-ны өдрийн 2957.0 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилсэн актыг цуцалж, үлдсэн эд хөрөнгийг компаний эрх бүхий хүмүүст бүртгэлээр хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг 2017 оны 03 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн хивс ХК нь анх 1988 онд ашиглалтанд орж 1992 онд 10000 гаруй хувьцаа эзэмшигчтэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 1997 онд үйл ажиллагаа зогсож гурваас дээш жил болсон тул 2008 оны 02 сарын 05-ны өдрөөс үнэт цаасны арилжаа зогссон байдаг. 2014 оны 05 сарын 10-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулан холбогдох материал болон арилжаа сэргээлгэх хүсэлтээ 2014 оны 05 сарын 26-ны өдөр тус хороонд явуулахад 2014 оны 06 сарын 25-ны өдрийн 245 тоот тогтоолоор үнэт цаасны арилжааг сэргээж үйл ажиллагаа явуулах болсон. Одоогийн байдлаар 4382 хувьцаа эзэмшигчтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад тайлан баланст аудит оруулж татварт хөрөнгөө албан ёсоор бүртгүүлэх шаардлагатай болсон. Үүний дагуу Аудит болон татварт хандахад Голден Пэйж аудит ХХКомпаний 2015 оны 03 сарын 02-ны Б/30 тоотод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үлдсэн хөрөнгийг буцааж олгоогүй, өмч хөрөнгө тодорхойгүй, санхүүгийн нотлох баримт тайлан тооцоо байхгүй байгаа тул аудит хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн татварын газар адил хариу өгсөн. Энэ байдлаа аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан хураагдсан өмч хөрөнгийг битүүмжлэлээс салгаж, үлдсэн хөрөнгийг актаар хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан. Шийдвэр гүйцэтгэх алба болон Ерөнхий газар манай гаргасан хүсэлтэд Эд хөрөнгийг аж ахуйг хүлээлгэн өгч, хивсний эд хөрөнгийг салгаж үлдээсэн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулж төлбөр төлөгчөөс гомдол гаргаагүй, эд хөрөнгийг ерөнхий нягтлан бодогч Д.Дамдимаа хүлээн авсан болох нь тусгагдаж гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагджээ гэсэн хариу өгдөг. Хэрлэн хивс ХК нь Дээд шүүхийн 1998 оны 06 сарын 18-ны өдрийн 98 тоот магадлалын дагуу Австри Монголын засгийн газар хоорондын зээлийн өр 1.876.898.469 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлөхөөр шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу 1998 оны 10 сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус компаний 2.957.7 сая төгрөгийн хөрөнгийг тоолж битүүмжилж аваад мөн өдрөө хураасан акт үйлдэж гүйцэтгэлийн ажиллагаа явуулж 1999 оны 12 сарын 02-ны өдөр Худалдаа Хөгжлийн банкинд 1.876.898.469 төгрөгийн өрийг акт үйлдэн шилжүүлсэн байдаг. Гэтэл битүүмжилсэн хөрөнгийг цуцалж үлдсэн хөрөнгийг албан ёсоор Хэрлэн хивс ХК-д хүлээлгэн өгсөн акт үйлдээгүй байдаг. Хэдийгээр компаний нягтлан бодогч Дамдимаад хүлээлгэн өгсөн гэх боловч албан ёсны акт баримт байхгүй, танилцсан гэж гарын үсэг зурсан байгаа. Уг өмч хөрөнгийг салгаж үлдээсэн тэмдэглэлд Хэрлэн хивс ХК-д захиргааны барилгын зүүн, баруун жигүүр, хөдөлмөр хамгааллын өрөө, гуанз, зочид буудал, нэхэх, ээрэх үйлдвэрийн конторын барилгыг үлдээв гэсэн. Компаний хувьд санхүүгийн ямар нэгэн баримт байхгүйгээс үйл ажиллагаа явуулах, төсөл хэрэгжүүлэхэд бэрхшээл учраад байгаа талаараа шийдвэр гүйцэтгэх албанд хандахад ганцхан л хариу өгдөг. Иймээс манай компаний цаашид ажиллах боломжоор хангаж, хувьцаа эзэмшигч нарын эрхийг хамгаалах үүднээс тус компани үлдээсэн эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд актаар хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэж шүүхэд хүсч байна. Бидний хувьд манай компанид үлдээсэн эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэл комисс томилоод бид бас комисс томилоод хоёр талаасаа хүлээлцээд өгвөл хувьцаа эзэмшигч нарт хувьцаагаа тооцоход хэрэгтэй байгаа юм. Түүнээс бид компаний хөрөнгийг дур мэдэн эзэмшиж үйл ажиллагаа явуулбал хувьцаа эзэмшигч нарын өмнө асуудалд орох болно. Иймээс тус компаний үлдсэн эд хөрөнгийг нэг бүрчлэн тооцож хэмжээг гаргаж, зам талбай, тоног төхөөрөмжөөр нь хүлээлгэн өгөхийг хүсч байна. Миний хувьд тус компаний төлөөлөн удирдах зөвлөлд 2005 онд орж тэр үеэс эхлэн энэ компаний өмч хөрөнгийн талаар байнга хөөцөлдөж байгаа болно. Хөрөнгийг тодорхой болгож, битүүмжлэлээс гарган эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байгаа бидний хувьд юмаа л авъя гэсэн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Дорждэрэм шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ асуудал 20 гаруй жилийн өмнө болсон юм. Тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд гаргах байсан. Энэ талаар гомдлоо гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах тухай бүрт тус компаний төлөөлөл оролцож үлдсэн эд хөрөнгийг ерөнхий нягтлан бодогч Д.Дамдимаад шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулан хүлээлгэн өгсөн талаар хавтаст хэрэгт авагдсан байна. Тухайн үед энэ талаар төлбөр төлөгчийн зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй, эд хрөнгөө бүрэн авсан талаар тэмдэглэлд дурдсан байна. Хэрэв тухайн үед энэ талаар гомдол гаргасан бол асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн яриад байгаа хавтаст хэрэг алга болсон асуудал байхгүй. Хавтаст хэргийг дугаарлахдаа буруу бичсэн байна. Энэ хэрэг шалгагдаж байх үед хэргийн газарт үзлэг хийгдсний дагуу хүлээлгэж өгсөн акт үйлдэж өгөхийг зөвшөөрч байсан боловч нэхэмжлэгч тал эвлэрлийн гэрээндээ зам талбай, тоног төхөөрөмж гэж нэмж бичсэн учир зөвшөөрөхгүй байна. Иймээс шүүхээс шийдвэр яаж гаргахыг хүлээж байна. Хэрэв шийдвэртээ тодорхой заагаад тийм зүйлийг хүлээлгэж өг гэвэл бид хүлээлгэж өгсөн акт үйлдэж болно гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 138/ШШ2017/00188 дугаар шийдвэрээр:

1994 оны Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгч Хэрлэн хивс хувьцаат компаний нэхэмжлэлтэй Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 1999 оны 10 сарын 06-ны өдрийн 2957.0 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилсэн актыг цуцалж, үлдсэн эд хөрөнгийг компаний эрх бүхий хүмүүст бүртгэлээр хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганцогт давж заалдах гомдолдоо: “Хэрлэн хивс” ХК нь Дээд шүүхийн 1998 оны 06 сарын 18-ны өдрийн 98 тоот шийдвэрээр Австри- Монгол улсын Засгийн газар хоорондын зээлийн өр 1.876.898.469 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлөх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу 1998 оны 10 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2.957.7 сая төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн битүүмжилсэн акт үйлдэж, мөн өдрөө тус хөрөнгийг хураан авч улмаар 1999 оны 12 сарын 02-ны өдөр Худалдаа Хөгжлийн банкинд 1.876.898.4697 төгрөгийн хөрөнгийг актаар шилжүүлж өгсөн. ... анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 138/ШШ2017/00188 дугаар шийдвэрт хөөн хэлэлцэх хугацаа дурджээ. Бид дээр дурдсан компанийн үйл ажиллагаа явуулах ...шаардлагын дагуу өмч хөрөнгөө тодорхой болгож улмаар үйл ажиллагаа явуулах ёстой. Хэрэв өмч хөрөнгө тухайн үед хүлээлгэж өгөөгүй  ШШГА эс үйлдлээс болж 10000 хувьцаа эзэмшигчдийн эрх хохирох болж байна уу. Хэрэв компанийн гүйцэтгэх захирал ШШГА-тай хуйвалдан хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан бол компанийн өмч хөрөнгө хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрийдлээр өвч хөрнгө луйвардаж болох байсан гэж шүүх үзэхгүй байх. Шүүх хурал дээр нэхэмжлэлийн битүүмжлэл цуцлах шаардлагаа өөрчилж, татгалзсаар байтал хөөн хэлэлцэх хугацаагаар шийдсэн, шүүхийн шийдвэрт битүүмжлэлээс цуцлах нэхэмжлэлийг хүчингүй болголоо гэж бичсэн нь процессын алдаа гаргасанд гомдолтой байна. ...Үүнээс гадна санхүүгийн бүх бүртгэл, байшингийн план битүүмжлэлд байгаа одоог хүртэл бид байрандаа орж чадаагүй байна. Биднийг өмч хөрөнгөө санхүүгийн журмаар хүлээн авч компанийн балансаа үнэн зөв гаргаж, цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгч анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 138/ШШ2017/00188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан  баримтуудад үндэслэн талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч “ Хэрлэн хивс “ ХК нь хариуцагч Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 1999 оны 10 сарын 06-ны өдрийн 2957,7 сая төгрөгийн битүүмжилсэн актыг цуцалж, үлдсэн эд хөрөнгийг компанийн эрх бүхий хүмүүст бүртгэлээр гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч “ Хэрлэн хивс “ ХК нь Монгол Улсын Дээд шүүхийн 1998 оны 06 сарын 18-ны өдрийн 98 дугаар магадлалаар Австри Монголын Засгийн газар хоорондын зээлийн өр 1876898469 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлөхөөр шийдвэр гарсан байна. / хх-ийн 1 дүгээр хавтасны 1 дэх тал /

            Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 1999 оны 10 сарын 06-ны өдөр явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар “ Хэрлэн хивс “ ХК-ний 2957,7 сая төгрөгийн эд хөрөнгийг “ эд хөрөнгө битүүмжлэх акт “ үйлдэж битүүмжилжээ. / хх-ийн 8 дахь тал /

            Мөн 1999 оны 10 сарын 06-ны өдөр “ Хэрлэн хивс “ ХК-ний 1876898469 төгрөгийн эд хөрөнгөнд “ эд хөрөнгө хураасан акт “ үйлдэж, уг актыг үндэслэн 1999 оны 10 сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкинд эд хөрөнгийг шилжүүлж / 1999.10.06-ны өдрийн Хивс ХК-иас хураасан эд хөрөнгөнөөс ХХБанкинд олгох эд аж ахуйг хүлээлгэн өгч, хивсний эд хөрөнгийг салгаж үлдээсэн тухай тэмдэглэл / тэмдэглэл үйлдсэн байна. / хх-ийн 12-23 дахь талууд /

            Тэмдэглэлийн сүүлчийн хуудсанд “ ... 12.02- Худалдаа хөгжлийн банкинд жагсаалтаар олгох эд хогшлыг тоолж хүлээлгэн өгөөд үлдэх 91,0 сая төгрөгөнд нэмж эд хөрөнгө хурааж хивснээс гаргуулах төлбөрийг дуусган хүлээлцүүлэв. Төлбөрт авсан эд хогшлын талаар санал хүсэлт, сэтгэлд дундуур зүйлгүй. Үйлдвэрийг ажиллуулахад боломжтой байдлаар төлбөрт хүлээн авлаа гэснээр дуусгав “ гэжээ.

Дээрх тэмдэглэлд тэмдэглэгдсэнээс үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 1999 оны 10 сарын 19-ний өдөр эхэлж, 1999 оны 12 сарын 02-ны өдөр дууссанаар тусгагдсан байх тул  “ Хэрлэн хивс “ ХК-д  хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 1999 оны 12 сарын 02-ны өдөр дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. / хх-ийн 12-23 дахь талууд /

 1996 оны оны Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-д “ Төлбөр төлөгч, төлбөр авагч нь шийдвэр биелүүлэх ажиллагааг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдахыг мэдэгдээгүй бол мэдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ тухай гомдлоо шүүхэд гаргаж болно”, 1994 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 2-д “ Төлбөр төлөгч, төлбөр авагч нь гүйцэтгэлийн ажиллагааг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдахыг мэдэгдээгүй бол мэдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ тухай гомдлоо шүүхэд гаргаж болно”,  2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт ” Энэ хуулийн 34.1-д зааснаас бусад шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргана”, 143 дугаар зүйлийн 143.3-т “ Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно “ гэж тус тус заажээ.

Мөн 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ Зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа гурван жил байна”, одоогийн мөрдөж байгаа Иргэний хуулийн / 2002 оны / 75 дугаар зүйлийн 75.1-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан байна.

Дээр дурдсан хуульд заасны дагуу нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдлыг гаргаж байсан тухай баримт хэрэгт байхгүй байна. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “ Хэрлэн хивс “ ХК-ний төлөөлөгч Д.Ганцогт нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “ анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага болох  битүүмжлэл цуцлах шаардлагаа өөрчилж, татгалзсаар байтал шүүх хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар шийдсэн, шүүх процессын алдаа гаргасан, би үлдэх өмч хөрөнгөө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна ” гэж тайлбарлаж байгаа боловч хэдийд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, хичнээн төгрөгийн эд хөрөнгийг хаанаас гаргуулах тухай нэхэмжилж байгаа, эд хөрөнгийн үнэлгээ болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн зэрэг  баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийг нэхэмжлэгчийн “ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 1999 оны 10 сарын 06-ны өдрийн 2957,0 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилсэн актыг цуцалж, үлдсэн эд хөрөнгийг компаний эрх бүхий хүмүүст бүртгэлээр хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч “ Хэрлэн хивс “ ХК-ний төлөөлөгч Д.Ганцогтын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 138/ШШ2017/00188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ 1994 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1-д ...” гэснийг “ 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн / 2002 оны / 75 дугаар зүйлийн 75.1, 1994 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэ тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 2, 1996 оны Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн / 2002 оны /  143 дугаар зүйлийн 143.1, 143.3 дахь хэсэгт зааснаар ...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                          

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Л.НАРАНБАЯР

              ШҮҮГЧ                                                             Я.АЛТАННАВЧ

                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ

           

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              

 

                     

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

      ШҮҮГЧ                                                                   Я.АЛТАННАВЧ

                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ