Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 12

 

  Б.Мөнхжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэнг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Мөнхжаргалд холбогдох 1728000000100 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг, Даланзадгад суманд 1977 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг, Их-Уулын 24-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар, мөн  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор 428 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 105 дугаартай шүүгчийн захирамжаар нийтэд тустай ажил хийх ялыг 16 хоног хорих ялаар сольж шийтгүүлж байсан, Хөнхөр овгийн Батаагийн Мөнхжаргал, регистрийн дугаар ЦД77021979,

          Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг, Их-Уулын 19-14 тоотод байрлах “Монгол гэр” тавилгын худалдааны дэлгүүрт нэвтэрч, иргэн Ш.Отгонцэцэгийн цүнхийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мөнхжаргалыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалд 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Мөнхжаргалаас 359200 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Отгонцэцэгт олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар Б.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

          Прокурор С.Мөнхтулга эсэргүүцэлдээ: Б.Мөнхжаргал нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар, Их-Уулын 19-14 тоотод байрлах “Монгол гэр” тавилгын худалдааны дэлгүүрт нэвтэрч, иргэн Ш.Отонцэцэгийн цүнхийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд үйлдсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 428 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

          Б.Мөнхжаргалд оногдуулсан 428 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 105 дугаартай шүүгчийн захирамжаар 16 хоног хорих ялаар сольсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

          Мөн Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Мөнхжаргалд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно" гэх заалтыг зөрчиж эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчид ял завшуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

          Иймд Б.Мөнхжаргалд холбогдох Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бичсэн 5/05 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар /хх-44-46/, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар /хх-47-50/ тус тус шийтгүүлж Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 428 цагийн хугацаагаар тогтоосон байна.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 105 дугаартай захирамжаар прокурор О.Батнасан, шийдвэр гүйцэтгэгч Б.Содбаяр нарын Б.Мөнхжаргалын эдлээгүй үлдсэн 130 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 16 хоногийн хугацаагаар хорих ялаар солих тухай дүгнэлт, саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалын эдлээгүй үлдсэн 130 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 16 хоногийн хорих ялаар сольжээ /хх-51-52/.

           Дээрх шүүгчийн захирамжинд оролцогч нар давж заалдах гомдол гаргаагүй, прокурор эсэргүүцэл бичээгүй хүчин төгөлдөр болсон, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтэндээ эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх саналыг гаргаагүй, хавтаст хэрэгт Б.Мөнхжаргалын эдлээгүй үлдсэн ялын талаарх шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн материал, ялын тооцоотой холбоотой нотлох баримт огт авагдаагүй байна.

           Б.Мөнхжаргалын 16 хоногийн хорих ялын хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан болох үед бүрэн эдэлж дууссан гэж дүгнэхээр байна.

           Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Б.Мөнхжаргалд оногдуулсан 6 сар хорих ял дээр нэмж нэгтгэх ял байхгүй байх тул  прокурорын “өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоогоогүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүссэн” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бичсэн 5/05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

           

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА