| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2017/00115/И |
| Дугаар | 183/ШШ2017/00495 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2017/00495
| 2017 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2017/00495 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренчен хорол би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрхэт оффисын 5 давхар 502 тоотод байрлах “Хөхтэнгэрийн заяа” ХХК /РД:5071925 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 1 дүгээр гудамж, 22 тоотод оршин суух, Хулж овогт Нэмэхжаргалын Наранцэцэг /РД:ХК58040806/-т холбогдох
Гэрээний үүрэгт 740 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хөхтэнгэрийн заяа” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Наранцэцэг нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би ногооны лангуу түрээслэж ажиллуулдаг 750 000 төгрөгийг зээлүүлээч гэсэн хүсэлт гаргаснаар 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 750 000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээлийн үлдэгдэл 740 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Зохигчийн байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Н.Наранцэцэг миний бие 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Хөхтэнгэрийн заяа” ХХК-аас 750 000 төгрөг зээлсэн. Зээлийн хүүгээ төлсөн. “Хөхтэнгэрийн заяа” ХХК нь 740 000 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч нь 36 000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа 36 000 төгрөгөөр багасгаж 704 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөхтэнгэрийн заяа” ХХК нь хариуцагч Н.Наранцэцэгт холбогдуулан 740 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөхтэнгэрийн заяа” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 36 000 төгрөгөөр багасгаж 704 000 төгрөг болгож хариуцагч Н.Наранцэцэг нь 704 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар зохигчид тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Хөхтэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Наранцэцэгт холбогдох 740 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 36 000 төгрөгөөр багасгаж 704 000 төгрөг болгож, хариуцагч Н.Наранцэцэг нь 704 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 11 115 төгрөгийг хариуцагч Н.Наранцэцэгээс, 11 115 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хөхтэнгэрийн заяа” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ