Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 1252

 

 

    2020       07         07                             2020/ШЦТ/1252

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: О.Баярсайхан

шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э холбогдох эрүүгийн 2006 00000 1690 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э,1985  оны 8 дугаар сарын 18-ны  өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд  төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш  мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгонд Англи хэлний гүнзгийрүүлсэн ерөнхий боловсролын сургуульд иргэний ёс зүйн боловсролын багш ажилтай,  ам бүл 3 , эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгонд оршин суудаг гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, ,

           Холбогдсон хэргийн талаар:

          Яллагдагч Б.Э нь 2020 оны 5 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ундруул зочид буудалд Х.Батбаатартай маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг,

             Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Батбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-12/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрэвсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6921 дугаар дүгнэлт /хх-н 19-20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Эоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/, хохирлын баримт /хх-н 06-07/, хохирогчийн хүсэлт /хх-н 49/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянан хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 5 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ундруул зочид буудалд Х.Батбаатартай маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

 

          Хохирогч Х.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Энхболд гэх залуу миний биед халдаж учруулсан, би өөрөө тухайн үед согтуу байсан, болсон хэргийн талаар санахгүй байгаа. Хэрэг болсноос хойш 2 хоног гэртээ хэвтээд Пүрэвсүрэн гэх найзынхаа гэрт нь очоод болсон явдлын талаар асуухад Пүрэвсүрэн нь шууд гар утсаа гаргаж ирээд Энхболдтой видео коол хийж ярьсан. Тэгэхэд Энхболдын нэг нүд хөхөрсөн харагдсан. Энхболд тэгээд хэлэхдээ чи өөрөө намайг нүд рүү цохьсон, тэгэхээр нь би чамайг зөрүүлээд цохьсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-н 8-12/,

          Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...  Тухайн үед Пүрэвсүрэнтэй хамт ирсэн залуу нь нилээн халамцуу ирсэн. Тэгээд хамт суугаад архи уухдаа бүр согтоод над руу агсарч хэл амаар доромжилж эхэлсэн. Би урдаас нь гар хүрээгүй тэвчээд сууж байсан. Тэгтэл тэр залуу босч ирээд миний зүүн талын нүд рүү гараараа цохьсон. Нүд тэр дороо хавдсан. Тэгээд нүдэндээ цохиулчихаад тэр залууг зөрүүлээд цохисон. Зүүн шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-н 13-14, 38-39/

Гэрч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Энхболд 1 шил архи аваад Батбаатартай хамт гурвуулаа ууж суусан. Тэгээд юм яриад хэсэг сууж байхад  Батбаатар нь Энхболдтой гэнэт маргалдаж босч ирэнгүүтээ Энхболдын зүүн нүд рүү нь гараараа 1 удаа цохьчихсон. Тэгэхээр нь Энхболд Батбаатарыг зөрүүлээд нүүрэн хэсэгт нь гараараа 1 удаа цохисон... гэх мэдүүлэг  / хх-н 15-16/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6921 дугаар дүгнэлтээр Х.Батбаатарын биед эрүү ясны хугарал, зүүн шанаа, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж тогтоогджээ /хх-н 19-20/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцэв.

   Б.Э нь өөдөөс агсан тавиад нэг удаа нүд орчимд нь цохисоноос зөрүүлээд нэг удаа шанаа орчимд цохисоноос эрүүний яс нь хугарсан хүндэвтэр гэмт учирсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Б.Эод холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохиросн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайш тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Эод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 49 гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Эын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болно.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Б.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э нь  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Э нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          5. Б.Э нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Э нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

  7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ПҮРЭВСҮРЭН