| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0220/Э |
| Дугаар | 216 |
| Огноо | 2020-03-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 216
2020 03 16 2020/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
Улсын яллагч Я.Мөнхзаяа,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх саналтай ирүүлсэн С.М д холбогдох 1909 0129 90214 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номин худалдааны төвд лангуу ажиллуулдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн дугаар хороо, Нисэхийн 7 дугаар байрны тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, А овогт С ийн М /РД:/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч С.М нь 2019 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мийтинг баарны гадна хохирогч Ж.Д үл ялих зүйлээр шалтаглаж буюу маргасан залуучуудтай хамт явж байсан залуу мөн байна хэмээн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд С.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн торгох ялыг санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч С.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй, шударга ёны зарчимд нийцэх бөгөөд түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гомдол, санал байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр хүсэлт гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч С.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт С М ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Мд сануулсугай.
4. С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР