| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1242/Э |
| Дугаар | 1253 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 1253
2020 07 07 2020/ШЦТ/1253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч : Ч.Батбаатар
хохирогч : Б.Баярбат
шүүгдэгч: Н.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайртан овогт Намсрайн Мягмаржавт холбогдох эрүүгийн 2003 00000 0209 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.М,1971 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой,хүнд их бууны инженер мэргэжилтэй, Төв аймгийн Жаргалан суманд хувиараа газар тариалан эрхэлдэг, ам бүл 3 , эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын 1 дүгээр баг 14-1-09 оршин суух хаягийн бүртгэлтай, Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Бөхөг гэх газарт түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Н.М нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 14,30 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө 11 дүгээр байрны хойд талын замд Тоёота приус -20 маркийн 64-86 УБГ улмын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх байр эзлэх зогсохдоо аюул, оосол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,10.2-д заасан Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчиж явган зарчигч Б.Баярбатыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 11 дүгээр байранд манай эхнэр бариулахаар ирсэн. Хажууд байсан машин явчихаар нь явган хүний замыг чөлөөлөх санаатай байж байсан. Хөдөлгөөнгүй хаз өгөөд урдаа явж байсан хүнийг мөргөсөн. Тэгээд машинаа зогсоогоод буугаад түргэн дуудаад замын цагдаа руу залгасан. Баярбат ахын хүүг дуудсан гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Баярбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Зүүн 4 замын Номин орчихоод 11 дүгээр байрны хойд талаар явж байсан. Саарал приус явган хүний зам дээр угас угас гээд зогсож байсан. Ухраад гарчих байх гэж бодоод грашаа дагаад явж байхад хаалган дээр очиход наалдаад унасан. Гишгэж болохгүй байсан. Хүүхдээр түшүүлж байгаад харуулахад гэмтэл яв гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага нэлээн удаж байж ирсэн. Өвдөг маань томроод хавдаад гишгэж болохгүй байсан. Дүү нар ирээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд үзүүлэхэд бяцарсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Хүү маань намайг сахиад хэвтсэн. 10 гаран хоног эмнэлэгт хэвтсэн. Хагалгаанд орох гэж 7 хоног хүлээсэн. Хагалгаа хийгээд 20 гаран хоног эмнэлэгт хэвтсэн оёдлоо авахуулсан сэргээн засах физик эмчилгээнд явж байна. Дахин зургаа авахуул гэж хэлсэн. Одоо оочер авчихсан. Маш том хавдартай байсан учраас хүчээр нугалах тойгны хөдөлгөөн хийх боломжгүй гэж хэлсэн. Наадамын амралт таараад тэрний дараа явах байх. Дараа нь шарх аниагүй байгаа учраас сэргээн засах эмчилгээ хийгдэнэ. Эдгэрэлтийн байдлаас шалтгаалаад өвдгөн дотор байрлуулсан төмрийг авахуулна. Энэ нь тодорхой хугацааны дараа болох асуудал. Нийт 2.000.000 төгрөг төлж барагдуулсан. Би цэргийн тэтгэвэрт гарсан хүн. Ахмад насны тэтгэвэрт гарах боломжтой. Бид нар түрээс төлөөд наймаа хийдэг. Эмнэлэгт хэвтээд гэр орондоо туслах боломжгүй болоод хөдөлмөрийн чадвараа 1-2 жилд алдаж байна. Надад найз маань зам засварын ажил хийе гэдэг санал тавьсан. Тэтгэврээс гадна хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. 2 сарын хугацаанд эд материал сэтгэл санааны хохирлыг амслаа. Эрүүл хүн шиг таяггүй явах хугацаа хол байна. Миний хохирол хор уршиг яаж гарахыг мэдэх боломжгүй. Дараагийн шатны эмчилгээ хийлгэхэд баримтаа өгсний дагуу тийм хэмжээний зардал гарах боломжтой. Эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учрах боломжтой байна. Цаашид гарах эмчилгээний зардалд 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай /хх-н 01/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 3-10/,
Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 11/, жолоочийн болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, /хх-н 12-13/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд: Иргэн Б.Энхбаатараас гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хяналтын камерын бичлэгийг 1 ширхэг СД гаргаж өгсөн /хх-н 14/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/, Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/ хх-н 16/, Хохирогч Б.Баярбатаас 27 ширхэг хохиролын баримт / хх-н 17-30/, хохирогч Б.Баярбатын мэдүүлэг /хх-н31-37/, гэрч Н.Лхагважавын мэдүүлэг /хх-н 38/, гэрч Ч.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг /хх-н 38/, иргэний хариуцагч С.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-н 50/, Б.Баярбатын өвчний түүхийн хуулбар баримт /хх-н 57-59/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5754 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 84-86/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт ./ хх-н 91-95/, Н.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 114/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хх-н 112/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 115/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 109/, захиргааны зөрчлийн талаарх баримт /хх-н 58-62/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-н 107/, Н.Мт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 98/, прокурорын тогтоол /хх-н 100-101/, яллагдагч Н.Мын мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 102-103/, Н.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 104-105/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.М нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 14,30 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө 11 дүгээр байрны хойд талын замд Тоёота приус -20 маркийн 64-86 УБГ улмын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,10.2-д заасан Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчиж явган зарчигч Б.Баярбатыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Шүүгдэгч Н.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 11 дүгээр байранд манай эхнэр бариулахаар ирсэн. Хажууд байсан машин явчихаар нь явган хүний замыг чөлөөлөх санаатай байж байсан. Хөдөлгөөнгүй хаз өгөөд урдаа явж байсан хүнийг мөргөсөн гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Баярбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Зүүн 4 замын Номин орчихоод 11 дүгээр байрны хойд талаар явж байсан. Саарал приус явган хүний зам дээр ухас ухас гээд зогсож байсан. Ухраад гарчих байх гэж бодоод грашаа дагаад явж байхад хаалган дээр очиход наалдаад унасан. Гишгэж болохгүй байсан. Хүүхдээр түшүүлж байгаад харуулахад гэмтэл яв гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага нэлээн удаж байж ирсэн гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Мягмаржав ах Улаанбаатар хотод төрсөн. Зэвсэгт хүчний 015 дугаар ангид 1 жил зэвсгийн инженерээр ажилласан.Тэгээд ажлаасаа гараад хувиараа микроны жолоочоор Их засаг их сургууль Чингис СООСЭ сургуулийн хооронд ажиллаж байгаад, Шивээ гов ХХК-д жолоочоор ажилд орсон. Зан аашийн хувьд төлөв даруу хүн, архи огт хэрэглэдэггүй, тамхи татдаг. Эд хөрөнгийн хувьд Төв аймгийн Алтанбулаг суманд тариалангийн газартай, 5 ханатай, 2 гэртэй, осол гарсан приус 20 маркийн машинтай, өөр хөрөнгө байхгүй гэх мэдүүлэг /хх-н 38/,
Гэрч Ч.Түмэндамбэрэлын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Мягмаржав бид хоёр Төв аймгийн Алтан булаг суманд ногоо тарьж борлуулдаг 2 га газарт үйл ажиллагаа явуулдаг. Мягмаржав нь ааш зангийн хувьд үг дуу цөөтэй, их зөөлөн сэтгэлтэй хүн. Архи огт хэрэглэдэггүй, өдөрт 1-2 ширхэг тамхи татдаг. Эд хөрөнгийн хувьд Төв аймгийн Алтанбулаг суманд 2 га тариалангийн газартай, 6 ханатай гэртэй, Тоёота приус 20 маркийн 64-86 УБГ улсын дугаартай автомашинтай хас банкны зээлтэй зээл нь миний нэр дээр бүртгэлтэй гэх мэдүүлэг / хх-н 39/,
Иргэний хариуцагч С.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Би ойлгож мэдлээ. Хохирол мөнгөтэй холбоотой асуудлыг манай байгууллага төлөхгүй. Манай компанид Түмэндэмбэрэл гэдэг эмэгтэй 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр фидукцийн гэрээ хийж машинаа манай компанид шилжүүлээд зээлийн гэрээ хийж авсан. Мягмаржав гэх хүнийг танихгүй гэх мэдүүлэг / хх-н 51-53/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5754 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Баярбатын биед зүүн тойг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хх-н 84-86/, зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Мыг Тоёота приус -20 маркийн 64-86 УБГ улмын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,10.2-д заасан Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчиж явган зарчигч Б.Баярбатыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэжЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Мыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.М нь хохирогч Б.Баярбатад эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн. Хохирогч шүүхэд нэмж нэхэмжлэл гаргаагүй байх тул хохирогч Б.Баярбат нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Мын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Мд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.М-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хохирогдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Хохирогч Б.Баярбат нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН