Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 272

 

 

 

 

 

 

 

 2020        03          30                               2020/ШЦТ/272

 

 

        

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Г.Ганбагана,

            Шүүгдэгч Э.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт Э.Б-д холбогдох эрүүгийн 1906 07438 0364 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                         

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 эхийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 9 дүгээр байрны 28 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарт хороолол 95/4 дугаар байр 57 тоотод түр оршин сууж байгаа, “Бид Энд Бид” ХХК-д тавилга угсрагч ажилтай, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Б овогт Э.Б-д, /РД:000000000/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Э.Б нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соёмбо” зочид буудлын өрөөнд шалтгаангүйгээр Ч.Балжиннямын нүүрэн тус газарт 3-4 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Балжиннямы мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч Б.Цогтбаатарын мэдүүлэг /хх-ийн 28-29/, шинжээчийн 14282 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32/, Э.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-5/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.Б нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соёмбо” зочид буудлын өрөөнд шалтгаангүйгээр Ч.Балжиннямын нүүрэн тус газарт 3-4 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ч.Балжинням мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Э.Б нь  буудлын өрөөнд намайг ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр надад юу ч хэлэхгүйгээр гараараа миний толгой, нүүр, чих, амны хэсэгт цохиж зодсон. Үүнээс болж миний ам, уруулны хэсгээс цус гарсан. Батболд намайг зодосны дараа Цогтоо гаднаас орж ирсэн ба Цогтоо нь Б-г хүүхэд зодлоо гэж уурлаж загнаад байсан...Батболд архи хэтрүүлэн хэрэглэж согтосноос болж намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

Гэрч Б.Цогтбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би найзтайгаа уулзах гээд буудлын коридорт байж байхад Балжинням Б-д ах намайг цохичихлоо гэхээр нь Балжиннямыг дагуулаад өрөө рүү ороод Батболдыг чи яахаараа жаахан хүүхэд зоддог юм бэ гээд түүнийг 1 удаа алгадсан. Тэр 2 дахиад маргалдах гээд байхаар Балжиннямыг ахын дүү одоо гэр лүүгээ харь гээд явуулсан. Б бид 2 буудалд үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №14284 дугаартай дүгнэлтэд “... Ч.Балжиннямын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хэнгэргэн хальсны цоорол, уруулд шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/,

Яллагдагч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр найз Балжинням, Цогтбаатар нарын хамтаар явж байгаад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Соёмбо караоке буудалд архи ууж байгаад үл ялих зүйлээс маргалдаж улмаар Балжиннямын нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон юм. Тэгээд Балжинням явсан маргааш нь цагдаа дээр дуудагдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/ болон болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн мэдүүлэг, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн болохыг дурдаж байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.Балжиннямаас “...Одоо надад санал гомдол байхгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 53 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “Шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж 1000 төгрөг/ 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан”,

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн мэдүүлж буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.

 

3. Бусад асуудлаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл,, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Э.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Х.ИДЭР